| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2020/03108/и |
| Дугаар | 102/ШШ2020/03340 |
| Огноо | 2020-11-06 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2020/03340
2020 оны 11 сарын 06 өдөр Дугаар 102/ШШ2020/03340 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүгч Г.Ариунаа, Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзулыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.Д нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Б холбогдох,
Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Баяраа оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон, түүний өмгөөлөгч О.Баяраа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Иргэн Б.Б нь 0000000 тоотын 3 давхарт амьдардаг. 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хөдөө явсан хойгуур пар нь задарч, улмаар бүх ус нь манай 1 дүгээр давхар руу орж өчнөөн хохирсон. Тэр үед би засвараа хийлгээд 7 дугаар сарын 08-нд дууссан байсан. 35,000,000 төгрөгөөр засвар хийсэн, бүгдийг шинээр авсан, зөвхөн засварын хөлсөнд 8,000,000 төгрөг өгсөн. Үзэж харсан, надад мөнгө байхгүй гээд би өөрөө дахиж хүнээр хагас дутуу янзлуулсан. 4 хаалга цуурж гажсан, бүх хуулга нь хуурч гажаад хаагдахгүй байгаа. Шалаар нил ус гоожсоноос цахилгаан бүгд унтарсан, бүх сантехникээ разетка болон бусад зүйлээ сольсон. Удаа дараа хэлсэн боловч огт тоогоогүй. Иймд би Б.Бээс хаалганы үнэ 1 ширхэг нь 250,000 төгрөг ба, 4 хаалганы бүгд 1,000,000 төгрөг, дээвэр, дүүжин тааз засварын хөлс болох 2,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэгч нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй бөгөөд, өөрөө боломжоороо засаж янзалсан байгаа...гэв.
Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Д хариуцагч Б.Бд холбогдуулан, орон сууцанд ус алдаж, эд хөрөнгөд учруулсан хохиролд 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.Б 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбарыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, улмаар хэргийг хянан шийдвэрлэхээр товлон зарлагдсан 2020 оны 10 дугаар сарын 08, 10 дугаар сарын 20-ны өдрүүдийн шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, 10 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас шинээр гаргасан нотлох баримтыг хариуцагчид танилцуулахаар буюу Б.Бийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь хэсэгт заасан эрхээр хангаж шүүх хуралдааныг дахин хойшлуулсан байна.
Гэвч хариуцагч шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх үүргээ эс биелүүлж, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг мэдсэн боловч мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Бийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх ... буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус хуульчилжээ.
0000000 тоот дахь 78 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, Ү-2205064143 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь нэхэмжлэгч Ц.Дгийн өмчлөлийнх мөн байх бөгөөд, 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр тухайн байрны 3 дугаар давхрын 15 тоот дахь хариуцагч Б.Бийн орон сууцнаас ус алдсаны улмаас нэхэмжлэгчийн орон сууцанд хохирол учирсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан фото зургуудаар тогтоогдсон тул нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учруулсан хохирлыг хариуцагч Б.Б хариуцах үүрэг хүлээхээр байна. /хх 5-13/
Нэхэмжлэгч Ц.Д нь тийнхүү ус алдсаны улмаас учирсан хохирлыг арилгахад зарцуулсан зардалд эвдэрсэн 4 ширхэг хаалгыг сольж, шинээр худалдаж авсны үнэ 1,000,000 төгрөг, хувь хүнээр засвар хийлгэсний зардал 2,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардан, нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Тавангал трейд ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн зарлагын баримт, Ц.Д, Б.Ннарын хооронд хийгдсэн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Гэрээ гэх баримт зэргийг нотлох баримтаар гаргасан.
Шүүх бүрэлдэхүүн зохигчийн тайлбар болон, хэрэгт цугларсан эдгээр нотлох баримтуудыг шинжлэн судлаад, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан байх хуулийн шаардлагад нийцсэн Зарлагын баримтаар тогтоогдсон 4 ширхэг хаалганы үнэ 1,000,000 төгрөгийг хариуцагч Б.Бээс гаргуулан нэхэмжлэгч Ц.Дд олгох нь зүйтэй гэж үзлээ.
Харин тухайн орон сууцанд 2,000,000 төгрөгийн хөлс төлж засвар хийлгэсэн гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдоогүй, ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгч Ц.Д 2,000,000 төгрөгийг иргэн Б.Нд төлсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэн, уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ц.Д нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн зардлаас чөлөөлөгдсөн бөгөөд, шүүх нэхэмжлэлээс 1,000,000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 2,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас 28,550 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Бээс 1,000,000 /нэг сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.6 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Б.Бээс 28,550 төгрөг гаргуулан Улсын төсвийн орлого /Баянгол дүүргийн Татварын хэлтэс/-д оруулсугай.
3.Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА
ШҮҮГЧИД Г.АРИУНАА
Х.ЭНХЗАЯА