Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2020/03037

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Д.Ц-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч  ТӨХК-д холбогдох ажиллагсдын цалингийн зөрүү 214.718.590 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад

        

         Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н, хариуцагчийн өмгөөлөгч С.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Нэхэмжлэгч Д.Ц-ын дэргэдэх ҮЭХ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

        Манай байгууллага компанийн захиргаатайгаа 2017-2018 оны хооронд “Хамтын гэрээ”-г 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай байгуулж, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу Дүүргийн засаг даргад бүртгүүлснээр мөрдөж эхэлсэн бөгөөд компанийн захиргааны санаачлагаар 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр уг гэрээнд нэмэлт өөрчлөлтүүд оруулсан.

            Энэхүү “Хамтын гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “компанийн ажилтнуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зэрэглэл 2, үйл ажиллагааны чиглэлээрээ ашиглалт, засвар гэж ангилаад ашиглалт хэвийн 2,2, хэвийн бус 2,4-өөр тооцож, засварыг хэвийн 1,9, хэвийн бус 2,2-оор үржүүлэн бодно гэж тусгасан байдаг.

            Ингээд хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 талт үндэсний хорооноос тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс сарын 320.000 төгрөг буюу нэг цагийн 1904 төгрөг 79 мөнгө болж шинэчлэгдсэн.

           Дээрх өөрчлөлтэй холбогдуулан компанийн ажилчдын цагийн тарифт цалинг нэмэгдүүлэх шаардлагыг удаа дараа гаргасан боловч компанийн захиргаа хамтын гэрээгээ зөрчиж олгоогүй тул Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт хандсанаар 2019 онц 6 дугаар сарын 07-ны өдрийн 01-06-092/61 дугаартай Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч 203.718.160 төгрөгийн акт тавьсан боловч хариуцагч актыг “хүлээн зөвшөөрөхгүй” гээд компанийн удирдлага гарын үсэг зураагүй.

Улмаар уг асуудлаар Нийслэлийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах хороонд гомдол гаргаснаар тус хорооноос Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8 дахьхэсэгт заасны дагуу шүүхэд хандаж хянан шийдвэрлүүлэх маргаан гэж үзээд, 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 05 дугаартай албан бичгээр хариу өгсөн.

Иймд Д.Ц ТӨХК-д Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 18 дугаар зүйлийн 18.1.1, 49 дүгээр зүйлийн 49.1, “Хамтын гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт заасан заалтууд хэрэгжихгүй зөрчигдөж, ажиллагсдын үндсэн цалинг дутуу олгосон учраас Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 01-06-092/61 дугаартай 213 ажиллагсдын үндсэн цалингийн зөрүү 203.718.160, алданги 11.000.430 төгрөг нийт 214.718.590 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Нэхэмжлэгч тус компанийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хороо Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 01-06-092/61 дугаартай актаар 213 ажилтанд, 203.718.160 төгрөгийн цалингийн зөрүү олгуулах нэхэмжлэлтэй танилцсан.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нэмэгдүүлэх болсонтой холбогдуулан Эрчим хүчний сайд 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/3446 дугаартай “Салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх тухай" албан бичгээр Эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд хандсан.

Уг албан бичигт өнөөдөр Монгол улсын эдийн засаг тогтвортой бус хүндрэлтэй байгаа энэ үед Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт үндэсний хорооноос баталсан тогтоолын дагуу Эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шууд шинэчлэн батлах нь учир дутагдалтай байна.

Харин Эрчим хүчний салбарын 2017-2018 оны тарифын хэлэлцээрийн биелэлтийг хамтарсан хурлаар хэлэлцэн холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх саналыг боловсруулж, салбарын ажиллагсдын цалинг инфляцийн түвшинтэй холбогдуулан нэмэх шийдвэрийг шинээр батлагдах 2019-2020 оны тарифын хэлэлцээрт тусгах нь зүйтэй.

Иймд салбарын үйлдвэр компаниудын 2018 оны Бизнес төлөвлөгөөний хэрэгжилт, биелэлтийг 2018 оны 12 дугаар сард компаниуд тайлагнах тул төлөвлөгөөнүүдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх нэмэлт өөрчлөлт оруулах нь одоогоор боломжгүй тухайгаа илэрхийлсэн.

Үүний хүрээнд компанийн 2019 оны Бизнес төлөвлөгөөнд тусгасан цалин нэмэгдүүлэх саналыг Эрчим хүчний яамны зорилтот түвшин батлах Ажлын хэсгээс хасах шийдвэр гаргаж, Эрчим хүчний сайдын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 14 дугаартай Тушаалаар зорилтот түвшинг баталж ирүүлсэн.

     Түүнчлэн тус байгууллага Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2, Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтжждыг мөрдлөг болгон компанийн үйл ажиллагааны үндсэн үзүүлэлт, зорилтот түвшингийн үзүүлэлт бүрээр биелүүлж ажиллах үүрэгтэй бөгөөд тус компанийн 2019 оны Бизнес төлөвлөгөөнд тусгагдаагүй эх үүсвэргүй цалинг нөхөн олгох боломж тухайн үед байгаагүй.

Гэхдээ манай байгууллага дангаар энэ асуудлыг шийдвэрлэдэггүй. Бид яам руу уламжилж байж шийдүүлдэг. Нэхэмжлэгч талд удаа дараа нөхцөл байдлаа хэлж, эвлэрэх санал тавьсан боловч ирж уулзахгүй, ярилцахгүй байсан учраас эвлэрэх талаар албан тоот хүртэл хүргүүлээд хариу ирүүлээгүй.

      Дэээр дурдсан Эрчим хүч, геологи, уул уурхайн яам..........3 байгууллага уулзаад, ажиллагсадын цалингийн зөрүү мөнгийг 2020 оны 12 сар хүртэл 3 хувааж төлье гэсэн санал тавьсан ч ҮЭХ-оо хүлээн аваагүй.

      Мэдээж цалин нэмнэ гэхээр дургүйцэх нэг ч хүн байхгүй, цалингаа нэмбэл дагаад цахилгааны үнэ нэмэгдэж, иргэд ачаалал үүсэх учраас судлаж, судалгаатай танилцаад шийдье гэж тухайн үед яамны сайд байсан н.Даваасүрэн гуай хэлсэн болохоор бид шийдэж чадахгүй байсан.

     Иймд цалингийн зөрүү төлөхөд татгалзахгүй харин биднээс үл шалтгаалах шалтгаантай тул алданги төлөхийг зөвшөөрөхгүй, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч “Д.Ц 2”-ын дэргэдэх ҮЭХ, хариуцагч Д.Ц ТӨХК-д холбогдуулан ажиллагсдын цалингийн зөрүү 214.718.590 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч 203.718.160 төгрөг төлөхийг зөвшөөрч, алданги 11.000.430 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

        Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.

       

        Нэхэмжлэгч хавтас хэргийн 5 дугаар хуудсанд авагдсан 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр олгогдсон Улсын бүртгэлийн гэрчилгээнд үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлийнхээ дагуу гишүүдийнхээ хөдөлмөрлөх, хууль ёсны эрх ашгийг хамгаалах үүрэгтэй учраас нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

          Зохигчид 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 2017-2018 оны хооронд 2 жилийн хугацаатай, “Хамтын гэрээ”-г байгуулсан болох нь тогтоогдож байна.

 

          Тодруулбал, дээрх гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “захиргаа нь ажиллагсадын албан тушаалын ба тарифт цалинг үйлдвэрлэлийн үр ашиг, хөдөлмөрийн бүтээмж, өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлт зэргийг харгалзан ЭХ-ийн үнэ, тарифын өсөлттэй уялдуулан, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 10-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх ба дараахь чиглэлийг баримтлана”,

 

          3 дугаар зйүлийн 3.1.2 дахь хэсэгт “компанийн ажилтнуудын хөдөлмөрийн доод хэмжээг Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 талт үндэсний хорооноос тогтоосон ХХДХ-ийг 1.6 дахин өсгөх дараахь итгэлцүүрээр үржүүлж бодно” гэж заасан заалтуудыг хариуцагч зөрчин, үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт гомдол гаргасныг 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 01-06-092-/61 дугаартай Монгол улсын Мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагч шийдвэрлэж акт үйлдэхдээ “2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сар хүртэл “Хамтын гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт тусгагдсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин олгосон нь Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсгийн заалтыг зөрчсөн тул 213 ажилчдын 1-5 дугаар сарын цалингийн зөрүү 203.718.160 төгрөг олгохыг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь актаар нотлогдож байна.

 

        Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагч актаар тогтоосон 203.718.160 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хэдий ч алданги 11.000.430 төгрөгийг төлөхөөс татгалзсан тайлбарыг гаргаж мэтгэлцэж байна.

 

       Шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан гэрээнүүдээс үзэхэд, Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4 дэх хэсэгт “ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан нь нотлогдсон тохиолдолд хожимдуулсан хоног тутамд 0.3 хувийн алданги ажил олгогчид шүүх ногдуулж, ажилтанд олгоно” гэж хуульчилсан байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “аж ахуйн нэгж, байгууллагыг өөрчлөн байгуулах, өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд хамтын гэрээг хэвээр мөрдөх, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл хамтын гэрээг шинэчлэн байгуулах асуудлыг ажил олгогч буюу ажилтны төлөөлөгчид хэлэлцээ хийж шийдвэрлэнэ”,

   

    7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт “талууд хамтран ба дангаар хамтын гэрээ, хэлэлцээрийн биелэлт, түүний явцыг хагас жил тутам буюу хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хугацаанд дүгнэж, нийт ажилтанд мэдээлнэ” гэж зааснаар тухайн акт гарах явцад зохигчдын хооронд байгуулсан “Хамтын гэрээ”-ний үйлчлэх хугацаа тухайн үед дууссан талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбараа гаргаж мөн “Хамтын гэрээ”-ний талууд гэрээг харилцан тохиролцож сунгаагүй, нэмэлт өөрчлөлт оруулаагүй, гэрээг дүгнэж хэлэлцээгүй, актаар цалингийн зөрүү 203.718.160 төгрөгийг олгохоор тогтоогдсон байх тул алдангид нэхэмжилсэн 11.000.430 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 

      Маргаан бүхий актын талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны “Магадлал”-д нэхэмжлэгч гомдол гаргасныг Монгол улсын Дээд шүүхийн Шүүгчийн захирамжаар гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүд мөн хариуцагч ажиллагсдын цалингийн зөрүү 203.718.160 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байх тул 203.718.160 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.367.500 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 1.176.540 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн    

        115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         

       1.Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Ц ТӨХК-иас ажиллагсдын цалингийн зөрүү 203.718.160 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид “Д.Ц-2”-ын дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хороонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 11.000.430 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.     

        

        2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.367.500 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 1.176.540 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

       3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА