Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2020/03345

 

2020 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2020/03345

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо Сүхбаатарын талбай 5 хаягт байрлах Голомт банк ХХК

Хариуцагч: Баянгол дүүрэг 7 дугаар хороо Тансаг Алтай ХХК

Гэрээний үүрэгт 415.020.783.33 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангах нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Оджаргал, хариуцагч Тансаг Алтай ХХК-ийн захирал Г.Уранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Оюунтулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Голомт банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оджаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тансаг Алтай ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Голомт банктай зээлийн гэрээ шугамын гэрээ, батлан даалтын гэрээ, ипотекийн гэрээ, барьцааны гэрээ байгуулж 300.000.000 төгрөгийг жилийн 22.8, 21.8 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож Баянгол дүүрэг 11 дүгээр хороо 77/1 дүгээр байр 47 тоот 98,1 мкв талбайтай 3 өрөө орон сууц, Баянгол дүүрэг 14 дүгээр хороо 3 дугаар хороолол 12 дугаар байр 26 тоот 29 мкв 2 өрөө орон сууц, Баянгол дүүрэг 7 дугаар хороо 4 дүгээр хороолол 30 дугаар байр 67 тоот 29 мкв 2 өрөө орон сууц, бараа материал, гэрэээний орлого шаардах эрх, 2000 онд үйлдвэрлэгдсэн 1954 УБХ дугаартай автомашин, 2001 онд үйлдвэрлэгдсэн 8247 УНЦ дугаартай автомашин тус тус барьцаалсан. Зээлээ төлөхийг банкны зүгээс удаа дараа шаардсан. Тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй зүйл ярьж байгаа тул хүлээн авах боломжгүй. Гэрээ хуулийн дагуу байгуулагдсан. Хүү төлөх дарааллыг зөвшөөрсөн тул хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагч хоёр зээлийн гэрээний дагуу мөнгийг шилжүүлж аваад гурав дахь удаагаа зээл хүссэн хүсэлт гаргасанг судлаад банкны зүгээс дахин зээл олгох боломжгүй гэж шийдсэн. Албан тушаалтан нартай холбоотой гомдол гаргаж байгаа бол нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, харъяалагдах байгууллагад нь хандаж тогтоолгох эрх нь нээлттэй. Иймд хариуцагч Тансаг Алтай ХХК-наас ЗГ1905119435 гэрээний үүргийн гүйцэтгэл зээлийн үндсэн төлбөр 100.000.000 төгрөг, хүү 43.038.904.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7.845.698.63 төгрөг нийт 150.884.602.74 төгрөг, ЗГ1905119440 гэрээний үүргийн гүйцэтгэл зээлийн үндсэн төлбөр 1.80.648.790.06 төгрөг, хүү 73.633.851.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9.853.539.51 төгрөг нийт 264.136.180.59 төгрөг нийт нэхэмжлэлийн шаардлага 415.020.783.33 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг дээрх хөрөнгүүдээр хангах шийдвэр гаргаж өгнө үү гэв.

Хариуцагч Тансаг Алтай ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон захирал Г.Уранчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тансаг Алтай ХХК 2017 оны 11 дүгээр сарын 27-нд хүсэлт гаргаж Голомт банкнаас нийт 310.000.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай 1.8 хувийн хүүтэй зээл авах хүсэлт гаргаж үүнээс 200.000.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай 6 сарын зээлийг эргэн төлөлтөөс чөлөөлөөд үлдсэн сарыг тэнцүү хувааж төлөх, 110.000.000 төгрөгийг зээлийн шугамаар 24 сарын хугацаатай сүүлийн 4 сард төлөх нөхцөлтэй хүсэлт байгаа. Гэтэл анх зээл олгохдоо миний хүссэн зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу биш зээл бүтсэн гарын үсэг зурна уу гэсэн. Гарын үсэг зурах гэтэл зээлийн гэрээний 200.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай 6 сар төлөх гэрээний нөхцөл өөрчлөгдөж 24 сарын хугацаатай

эхний 2 сар хүү төлөөд шууд зээлээ тэнцүү хувааж төлөхөөр болсон байсан. Бидний бизнес өөрөө багадаа 3 сар шаарддаг өндөр хэмжээний үнийн дүнгээр эргэлт хийдэг бизнесийн онцлогоо тайлбарлан хөөцөлдсөний үндсэн дээр тохиролцсон боловч өөр нөхцөлөөр гэрээ байгуулж шахалтанд оруулсан тул аргагүйн эрхэнд гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн. Банкны зүгээс зээлээ аваад хэрэглээд явж бай он гараад энэ асуудлын талаар дахин хүсэлт гаргаад шийдвэрлүүлж болно. Нэмэлт гэрээ байгуулаад шийдээд өгнө гэсэн боловч зээлийн хороо хуралдаад таны хүсэлт орсон боловч хэн нь юу хэлснийг мэдэхгүй ойлгомжгүй зүйл болоод өнгөрсөн гэсэн хариу өгсөн. Би авсан 200.000.000 төгрөгийн зээлийн төлөлтийг хийгээд үлдэгдэл 180.648.790 төгрөг үлдсэн. 100.000.000 төгрөгийн зээлийн шугаман гэрээтэй нийлээд 300.000.000 төгрөгний зээл авснаас 280.648.790.06 төгрөгний үлдэгдэлтэй байна. Энэ зээлээ төлнө гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь хариуцагч Тансаг Алтай ХХК-нд холбогдох гэрээний үүргийн биелэлтэд 415.020.783.33 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргажээ.

Зохигчийн хооронд 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 200.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай 21,6 хувийн хүүтэй зээлийн гэрээ, 100.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай жилийн 22,8 хувийн хүүтэй зээлийн шугамын гэрээ байгуулагдаж, зээлийн барьцаанд Г.Уранчимэгийн өмчлөлийн Баянгол дүүрэг 14 дүгээр хороо 3 дугаар хороолол 12 дугаар байр 26 тоот 29 мкв 2 өрөө орон сууц, Баянгол дүүрэг 11 дүгээр хороо 77/1 дүгээр байр 47 тоот 98.1 мкв 3 өрөө орон сууц, Г.Уранчимэг, Г.Баярмаа нарын өмчлөлийн Баянгол дүүрэг 7 дугаар хороо 4 дүгээр хороолол 30 дугаар байр 67 тоот 29 мкв 2 өрөө орон сууц, бараа материал, гэрээний орлого шаардах эрх, kia bongofrontier маркийн 1954 УБХ улсын дугаартай, Toyota hilux маркийн 8247 УНЦ улсын дугаартай автомашин тус тус барьцаалсан болох нь зээл болон ипотек, батлан даалт, барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн график, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Тансаг Алтай ХХК-ийн харилцагчийн авлага гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Зээл болон ипотек, батлан даалт, барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэх, хариуцагч Тансаг Алтай ХХК гэрээнд зааснаар мөнгө болон хүүг буцаан төлөх үүрэг хүлээжээ.

Нэхэмжлэгчээс зээлийн гэрээний дагуу зээлийг шилжүүлсэн боловч хариуцагч Тансаг Алтай ХХК нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж зээлийг хугацаанд нь төлөхгүй хугацаа хэтрүүлж, Зээлийн болон зээлийн шугаман гэрээний 3.1.1-д зээл, зээлийн хүүний төлбөрийг хавсралт №1-д заасан графикийн дагуу төлөх, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх гэж заасан үүргийг зөрчсөн буруутай байна.

Хариуцагч Тансаг Алтай ХХК нь гэрээний үүрэгт төлсөн 71.410.341 төгрөгийг үндсэн зээлээс хасч үлдэх зээл 280.648.790.06 төгрөгийг төлнө, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж тайлбарласан боловч тэрээр гэрээгээр хүлээсэн үүрэг болох зээлийн хүүний төлбөрийг төлөх графикийг зөрчсөн, гэрээний 3.1.2, 3.1.3-д зааснаар зээлдэгч хүлээсэн үүргээ гүйцэтгэхдээ эхний ээлжинд нэмэгдүүлсэн хүү, түүний дараа зээлийн хүү, эцэст нь зээлийн үндсэн төлбөрийг төлөх дарааллыг баримтлах үүрэгтэй, зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд графикт хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн зээлийн хүүний 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэг хүлээсэн тул тайлбар нь үндэслэлгүй байна.

Мөн талууд гэрээний 3.1.9, 3.4.3, 3.4.5, 4.1-т зааснаар барьцааны гэрээгээр тодорхойлон заасан буюу энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар банкны шаардах эрхийн дагуу зээлдэгч гүйцэтгэвэл зохих үүргийг хүлээх, гэрээний хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн ипотекийн гэрээ, барьцааны гэрээ, батлан даалтын гэрээнд заасан хөрөнгийг Банк хууль тогтоомжийн дагуу холбогдох журмыг баримтлан худалдаж зээлийн төлбөрийг төлүүлэх, гэрээний хавсралт №2, барьцааны гэрээгээр тодорхойлон заасан буюу гэрээний үүргийн гүйцэтгэлийг банк шаардах эрх эдэлхээр тохиролцож гэрээ байгуулсан тул барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Иймд хариуцагч Тансаг Алтай ХХК-наас ЗГ1905119435 гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 100.000.000 төгрөг, хүү 43.038.904.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7.845.698.63 төгрөг нийт 150.884.602.74 төгрөг, ЗГ1905119440 гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 1.80.648.790.06 төгрөг, хүү 73.633.851.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9.853.539.51 төгрөг нийт 264.136.180.59 төгрөг буюу нийт нэхэмжлэлийн шаардлага 415.020.783.33 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХХК-нд олгож, үүргийн гүйцэтгэлийг Г.Уранчимэгийн өмчлөлийн Баянгол дүүрэг 14 дүгээр хороо 3 дугаар хороолол 12 дугаар байр 26 тоот 29 мкв 2 өрөө орон сууц, Баянгол дүүрэг 11 дүгээр хороо 77/1 дүгээр байр 47 тоот 98.1 мкв 3 өрөө орон сууц, Г.Уранчимэг, Г.Баярмаа нарын өмчлөлийн Баянгол дүүрэг 7 дугаар хороо 4 дүгээр хороолол 30 дугаар байр 67 тоот 29 мкв 2 өрөө орон сууц, бараа материал, гэрээний орлого шаардах эрх, kia bongofrontier маркийн 1954 УБХ улсын дугаартай, Toyota hilux маркийн 8247 УНЦ улсын дугаартай автомашинаар тус тус хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангасан үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Хариуцагч нь хэрэгт О.Мөнхсайханд холбогдох шийтгэх тогтоол, давж заалдах шатны магадлалыг баримтаар гаргасан боловч эдгээр баримт нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй тул дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Тансаг Алтай ХХК-наас 415.020.783.33 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХХК-нд олгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Г.Уранчимэгийн өмчлөлийн Баянгол дүүрэг 14 дүгээр хороо 3 дугаар хороолол 12 дугаар байр 26 тоот 29 мкв 2 өрөө орон сууц, Баянгол дүүрэг 11 дүгээр хороо 77/1 дүгээр байр 47 тоот 98.1 мкв 3 өрөө орон сууц, Г.Уранчимэг, Г.Баярмаа нарын өмчлөлийн Баянгол дүүрэг 7 дугаар хороо 4 дүгээр хороолол 30 дугаар байр 67 тоот 29 мкв 2 өрөө орон сууц, бараа материал, гэрээний орлого шаардах эрх, kia bongofrontier маркийн 1954 УБХ улсын дугаартай, Toyota hilux маркийн 8247 УНЦ улсын дугаартай автомашинаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.233.053.91 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Тансаг Алтай ХХК-наас 2.233.053.91 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХХК-нд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч шийдвэрийн хувийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА