| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 136/2017/0040/э |
| Дугаар | 42 |
| Огноо | 2017-03-22 |
| Зүйл хэсэг | 215.2., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг н
арыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Нт холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2017 оны 03 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Д.Н
Шүүгдэгч Д.Н нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сайншанд сумын 4 дүгээр багийн нутагт өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а, 9 дүгээр бүлгийн 9.2-д заасан заалтуудыг зөрчиж буюу тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас уг автомашинд зорчиж явсан Д.Б, З.Э нарын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Нын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Чойр орохдоо архи дарс уугаагүй байсан. Урьд өдөр нь манай найз О эхнэртэйгээ хамт ирээд бид нар уулзаад архи уусан. Өглөө нь эхнэрээ би Зүүнбаянд хүргэж өгчихөөд буцаж ирээд, Эийг аваад Чойр явсан. Тэр өдөр архи уугаагүй. 2 цаг өнгөрч байхад осол болсон байх. Б, Э 2-ыг сэргэхгүй болохоор нь би айсан. О утсаа өгчих эмнэлэг дуудая гэж байсан. Тэр хооронд би айж сандраад машинд байсан архи уусан гэсэн” гэсэн мэдүүлэг.
Хохирогч Д.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Н гээд миний найз Зүүнбаян багаас би Чойр руу ээж дээрээ очно гээд Этэй хоёулаа хамт манай гэрт ирсэн. Тэгээд манай гэрт 1 шил 0,75 хэмжээтэй Тэргүүн гэдэг нэртэй архи Э бид 2 задалж тэр архинаас жоохон уусан. ...Тэгээд бид 3 гарах гээд байж байтал О манай гэрт хүрч ирээд бид 3 архинаасаа уучихаад Чойр руу Нын машинтай хөдлөөд явсан явах замдаа Сайншанд гэсэн цагаан хаалган дээр зогсоод О, Э, Б миний бие архи өргөчихөөд нэг нэг татсан. ...Зүүнбаянгаас Сайншандад ирэхээс урд шөнө нь Н архи уусан гэж байсан. ...би уучихсан байсан болохоор санахгүй байна дараа нь сонсоход мал урдуур орсон гээд Н ярьж байсан гэнэт л машин онхолдсон би эмнэлэг дээр сэрсэн сайн санахгүй байна. ...Миний бие одоо гайгүй болж байгаа ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...Анх Сайншандаас Чойр руу гарахдаа Эээр машинаа бариулья гэж тохиролцоод хөдөлсөн ба цагаан хаалганы наана машиных нь цонх нь доошоо буучихаар нь Э зогстол Н өөрөө жолоон дээрээ суугаад цааш яваад удаа ч үгүй осол болсон юм. ...одоо миний бие зүгээр болсон найзаасаа ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй” гэсэн мэдүүлэг,
Хохирогч З.Эийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өглөө 09 цагийн орчим найз Д.Нтай уулзсан юм тэр үед Н Сайншанд ороод цаашаа Говьсүмбэр явъя ээж дээрээ очиж ирмээр байна намайг хамт явъя гэж хэлсэн юм. Тэгээд би хамт явахаар болоод 10 цаг өнгөрөөд бид 2 Сайншанд руу Нын өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай машинтай нь хоёулаа гарсан юм. ...Бийн гэрт очсон ба тэр үед Б, О хоёр 0,75 савалгаатай Тэргүүн архи 1 шилийг авчихсан байсан. ...Сайншандаас Зүүнбаянд ирлээ гэж хэлсэн тэр үед Наас архи үнэртэж байсан. Бид дөрөв тохиролцоод надаар бариулаад Чойр орно гэж ярилцаж тохиролцсон боловч тэр үед Н би зүгээрээ яахав яахав гээд машинаа бариад явсан юм. ...Цагаан хаалганаас цааш 10 гаруй километр орчим явсан байх би жолоочийн эсрэг талын хойд талын суудал дээр явж байсан О, Б бид 3 юм ярилцаад явж байтал гэнэт машин далбилзаад явахад яг юу болсон талаар мэдэхгүй байна нэг сэрэхэд эмнэлэг дээр ирчихсэн байсан. ...Миний зүүн талын 6 ширхэг хавирга хугарсан ба өөр ямар нэгэн гэмтэл учраагүй. ...Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ц.Огийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 11 дүгээр сарын 30- ны өдөр эмнэлгээр явж байгаад гэртээ ирчихсэн байхад манай найз Н найз Эийн хамт би Зүүнбаянгаас ирчихлээ Чойр руу ээжийгээ эргэнэ гээд Б надтай ярихдаа “Н халамцуу машин бариад яваад байна аа, чи хүрээд ир” гэж хэлсэн тэгээд би гэрээсээ гараад Сиднеи дэлгүүр дээр уулзаад би машиных нь түлхүүрийг нь авсан чинь машин тэргээ эвдэлж хаячих гээд байхаар нь би түлхүүрийг нь өгчихсөн юм. ...тэгээд Эээр машинаа бариулж явахаар болоод цагаан хаалга хүртэл Эээр бариулаад явсан. Нын машины жолоочийн цонх нь онгойчоод бид нар зогссон чинь Н өөрийнхөө машины жолоон дээр суусан. ...баруун гар тал руугаа дараад л машин онхолдсон. ...Н Зүүнбаянгаас ирэхдээ л согтолттой байсан. ...Ерөнхийдөө халамцуу байсан яахаа алдсан согтуу байгаагүй" гэсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн ... дугаартай“...Д.Бийн биед зүүн 2-5 дугаар хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн ..дугаартай “...З.Эийн биед зүүн 3- 6-р хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ... дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн Д.Нын гэх цусанд 2,6 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусан дахь 2,6 промилли нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-8/,
Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 9-10/
Шинжилгээ хийж шинжээч томилох тогтоол /35,37,48,60,72, 74, 76, 79,80,/
Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36,38,49,61,71,73,75,77,79/
Дорноговь аймгийн автотээврийн төвийн шинжээчдийн дүгнэлт /хх-ийн 91/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Н нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сайншанд сумын 4 дүгээр багийн нутагт өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а-д “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, ... хэрэглэсэн… үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 9 дүгээр бүлгийн 9.2-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж уг автомашинд зорчиж явсан Д.Б, З.Э нарын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь зам тээврийн осол дээр тогтоосон акт, хохирогч З.Э, Д.Б, гэрч Ц.О нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн ... дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн баримт байх тул үнэн зөв баримт гэж үзэв.
Шүүгдэгч Д.Н нь осол авар гарах үед эрүүл байсан, ослын дараа айж сандарсандаа машинд байсан архийг уусан гэж мэдүүлж байх боловч шүүгдэгч Н нь ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөнөөс бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь Гэрч Ц.Огийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр эмнэлгээр явж байгаад гэртээ ирчихсэн байхад манай найз Н найз Эийн хамт би Зүүнбаянгаас ирчихлээ Чойр руу ээжийгээ эргэнэ гээд Б надтай ярихдаа “Н халамцуу машин бариад яваад байна аа, чи хүрээд ир” гэж хэлсэн тэгээд би гэрээсээ гараад Сиднеи дэлгүүр дээр уулзаад би машиных нь түлхүүрийг нь авсан чинь машин тэргээ эвдэлж хаячих гээд байхаар нь би түлхүүрийг нь өгчихсөн юм...”гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн ... тоот дүгнэлтэнд Нын гэх цусанд 2,6 промилли спиртийн агууламж илэрсэн” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.
Иймд аймгийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Ныг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчиж бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Д.Б, З.Э нар нь нэхэмжлэх зүйлгүй болохоо мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.Ныг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Н нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөхөөр хүсэлт гаргасан байна.
Шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Н нь 2002 онд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял, 2008 онд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялыг тэнсэж 1 жил 6 сараар хянан харгалзах хугацаа тогтоож байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар ялгүйд тооцогдсон байна. Иймд шүүхээс шүүгдэгч Д.Нт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
Т О Г Т О О Х нь:
1.Шүүгдэгч Д.Ныг согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 1 жил 6 сар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгч Д.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5.Шүүгдэгч Д.Нт оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах хугацааг 2 жилээр тогтоож, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар түүнд хяналт тавихыг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт хариуцуулсугай.
6.Эрүүгийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нт оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
7.Хэрэгт хавсаргагдан ирсэн 961965 дугаартай жолоочийн үнэмлэхийг Дорноговь аймгийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хүргүүлсүгэй.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Нт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН