Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2026/0537

 

 

 

Р ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2026/0504 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О-с гаргасан давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэгч шүүгч Ц.Одмаа

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Р ГХОХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.П, О.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан

Хэргийн индекс: 128/2025/1036/З                                          

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2026/0504 дүгээр шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 4.2.8, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Р ГХОХХК -ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 525 дугаар шийдвэрийн Р ГХОХХК -д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

2.1. Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг Хүдрийн биет-12 нэртэй газарт орших 73.76 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МВ-102** тоот тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн Кадастрын газар /хуучин нэрээр/-ын даргын 2005 оны 513 тоот шийдвэрээр "С" ХХК-д олгож, Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 522 дугаар шийдвэрээр Р ГХОХХК -д шилжүүлснийг бүртгэж, тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгээ хийсэн байна. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д “"тусгай зөвшөөрлийн төлбөр" гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг", 34.2-т "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө" гэж хуульд заасан хугацаанд "Р" ГХОХХК нь 2025 оны ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй үндэслэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн "Тусгай зөвшөөрөл цуцлах тухай" 525 дүгээр шийдвэрээр тус компанийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын МВ-0102** дугаар бүхий тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т "Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана" гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 10/3990 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн албан ёсны бүртгэлтэй Баянзүрх дүүрэг ** дүгээр хороо, 33 Г дугаар байрны 1 тоот хаягаар хүргүүлсэн боловч шуудангийн буцалтаар ирсэн байна. Р ГХОХХК нь төрийн захиргааны байгууллагад албан ёсны бүртгэлтэй хаягаа Баянзүрх дүүрэг ** дүгээр хороо, 33 Г дугаар байрны 1 тоот, эрх бүхий хүн гүйцэтгэх захирлаар Лү И Кан утас: 955288**, 990542**, 772030** гэж бүртгүүлсэн байна. Харин цуцалсан тухай мэдэгдлийг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 10/4594 дугаартай "Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгээр хүргүүлэхэд шуудангийн буцалтаар ирсэн бөгөөд орлогч захирал С.Т (888817**) 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр биечлэн ирж гардаж авсан байна.

2.2. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-д "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсын дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ", Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д "Захиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно" гэж тус тус заасан байна. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-д "Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна" гэж заасны дагуу ашигт малтмалын ашиглалтын МВ-0102** дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай Ашигт малтмал, газрын тосны газрын mrpam.gov.mn сайтад 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 182 дугаарт, цуцалсан тухай мэдэгдлийг мөн сайтын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1 дугаарт тус тус нийтэлж, нэхэмжлэгчийн бүртгэлтэй хаягаар хүргүүлж мэдэгдсэн зэргээр захиргааны байгууллага нь хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлсний үндсэн дээр тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

2.3. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т "Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ",  56.4-т "Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ" гэж тус тус зааснаар заавал мэдэгдлийг хүлээн авснаар төлбөр төлөх үүргээ биелүүлэх үндэслэл үүсэхгүй, харин төлбөрөө хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6, 34.7-д заасны дагуу төлсөн талаар нотлох, захиргааны байгууллага уг баримтыг хянаж, мэдэгдлийг хүчингүй болгох, эсхүл тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг гаргахаар байна гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Нэхэмжлэгч компани дээрх тусгай зөвшөөрлийг 2011 оноос эхлэн эзэмшиж байсан бөгөөд тухайн цаг мөчөөс жил бүр тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2024 он хүртэл тасралтгүй 14 жилийн турш төлсөөр ирсэн ба энэ нь тухайн компанийн хувьд мэдэх боломжгүй цоо шинэ зүйл биш бөгөөд 21 дэх жилийн төлбөрөө төлөх нь тухайн компанийн хувьд хуулиар хүлээсэн үүрэг юм.

2.4. Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө", 34.2-т "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө" гэж заасан хугацаанд буюу 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс өмнө ээлжит 21 дахь жилийн төлбөрөө төлөөгүй, 34.6-д "хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилийн төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги ногдуулна", 34.7-д заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл буюу алдангийн хамт төлөх боломжит хугацаа 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлөөгүй байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалахын тулд мөн хуулийн 31.1-д "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32,33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална" гэж заасан ба Р ГХОХХК нь 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн дотор тусгай зөвшөөрлийн ээлжит 21 дахь жилийн төлбөрөө төлөх үүрэгтэй байсан байна.

2.5. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээнээс хамаарч тухайн тусгай зөвшөөрлийг цуцлах эсэх асуудлыг ялгамжтай байдлаар зохицуулаагүй өөрөөр хэлбэл төлөх төлбөрийн хэмжээ их бол цуцална бага бол цуцлахгүй гэсэн зохицуулалт байхгүй бөгөөд төлбөрийн хэмжээнээс үл хамааран хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т "тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд бүрэн төлөөгүй тохиолдолд цуцална" гэж тодорхой заасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх боловч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүргээс чөлөөлөх, хугацаа хойшлуулах үндэслэл болохгүй. Учир нь дээр дурдсан хуулийн заалтаар тусгай зөвшөөрлийн эзэмших эрхийг хадгалахын тулд тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүрэг нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т "Тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох бөгөөд холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцно" гэж зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаантай байлаа ч жилийн 365 хоногийн аль ч хугацаанд урьдчилан хуульд заасан хугацаандаа төлж, баримтаа ирүүлэх бүрэн боломжтой байхад анхан шатны шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

2.6. Анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т "шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх", 106.4-т "шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна" гэх шаардлагыг тус тус хангахгүй байх бөгөөд хууль хэрэглээний алдаа гаргасан. Иймд хүчингүй болгож хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

2. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж зааснаар төлбөр үүрэгтэй, уг төлбөрийг төлөөгүй бол мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”, 56 дугаар зүйлийн 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж тус тус заасны дагуу төрийн захиргааны байгууллага ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан.

3. Нэхэмжлэгч Р ГХОХХК нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө хуульд заасан хугацаанд буюу 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс өмнө урьдчилан төлөөгүй, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.

4. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж заасны дагуу хариуцагч төрийн захиргааны байгууллагаас 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр тусгай зөвшөөрлийн ээлжит 21 дэх жилийн төлбөр төлсөн болох баримтаа ирүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдсэн тухай 10/3990 дугаар албан бичгийг захиргааны байгууллагад бүртгүүлсэн тусгай зөвшөөрөл эзэмшигч Р ГХОХХК -ийн Баянзүрх дүүрэг, ** дүгээр хороо, 33Г байр, 1 тоот хаягаар хүргүүлж, мөн өөрийн цахим хуудсанд энэ талаар нийтэлсэн байх бөгөөд “хаягтаа байхгүй” шалтгаанаар буцаалт хийгдсэн байх тул хариуцагчийг хуульд заасан “мэдэгдэх үүргээ биелүүлээгүй” гэж буруутгах үндэслэлгүй байна.

5. Түүнчлэн нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй болох шалтгаанаа Р ГХОХХК-ийн гүйцэтгэх захирал Chien **** нь өвчний улмаас 2025 онд БНХАУ-д эмчилгээ хийлгэж байсан гэх үндэслэлээр тайлбарласан байх хэдий ч энэ нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахааргүй байна.

6. Өөрөөр хэлбэл, дээрх үндэслэл нь нэхэмжлэгчийн гаргасан “...сонсох ажиллагаа хийсэн бол хүндэтгэн үзэх шалтгаантай байсан ч мэдэгдлийн дагуу тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх боломжтой байсан...” гэх тайлбараар нь үгүйсгэгдэхийн зэрэгцээ тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх нь түүний хуулиар хүлээсэн үүрэг атал мэдэгдсэн бол төлөх байсан гэж тайлбарлаж байгаа нь уг үүргээ биелүүлээгүй байдлыг зөвтгөх үндэслэл болохгүй.

7. Түүнчлэн, хэрэгт авагдсан нэхэмжлэгч хуулийн этгээдэд ажиллаж буй даатгуулагчдын 2025 оны нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын хүснэгтээс харвал тус компанид гүйцэтгэх захирлаас гадна 6 ажилтан ажиллаж байх бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно”, 7.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх бүх хугацаанд энэ хуулийн 7.1-д заасан нөхцөлийг хангасан байна” гэж зааснаар нэхэмжлэгч Р ГХОХХК  буюу хуулийн этгээд тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан энэ тохиолдолд хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага өвчтэй байсан нь хуулийн этгээд тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүргээ биелүүлэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэл болохооргүй байна.

7.1. Тодруулбал, хуульд хувь хүн, хуулийн этгээдийг ялгаж, зөвхөн хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгодог нь тусгай зөвшөөрлийг эзэмших, түүний дагуу үйл ажиллагаа явуулах, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хадгалахад шаардагдах хүний нөөц, төсөв санхүү, зохион байгуулалт зэргийг хариуцах чадвартайг харгалзсан хэрэг бөгөөд тусгай зөвшөөрлийн хүчинтэй байдлыг хангахад шаардагдах үүрэг, хариуцлагыг хуваарилах, цаг тухайд нь биелүүлж ажиллах нь тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн үүрэг байна. Иймд зөвхөн нэг албан тушаалтан өвчтэй байсан гэх үндэслэл нь хуулийн этгээдийг тухайн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

8. Мөн дээр дурдсан хуулийн зохицуулалтуудаас үзвэл, тухайн компанийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ болон төлөх ёстой байсан тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээ зэргийг харьцуулан үзэх, оруулсан хөрөнгийн хэмжээ их, төлбөл зохих төлбөрийн хэмжээ бага байвал төлбөр төлөх үүргээс чөлөөлөх эсхүл хугацааг хойшлуулах үүргийг хариуцагчид хүлээлгээгүй тул анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл муутай, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна.

9. Эдгээрээс нэгтгэн дүгнэвэл, анхан шатны шүүх нотлох баримтуудыг буруу үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй, улмаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

10. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь  зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2026/0504 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Р ГХОХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 525 дугаар шийдвэрийн Р ГХОХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О-ын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

             

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

 

ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА

 

ШҮҮГЧ                                                           Ц.ОДМАА