Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/157

 

 

 

    2024          02         14                                    2024/ШЦТ/157     

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2024/0070/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,

улсын яллагч Б.Өнөбат,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2409000000074 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, эрэгтэй, 26 настай, эрэгтэй, О*** ХХК-ийн туслан гүйцэтгэгч “М” ХХК-д оосорлогч, дохиочин ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ***тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн Б.Б /РД:/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт хохирогч Л.Б-тай бусадтай маргаан үүсгэсэн гэх шалтгааны улмаас маргалдаж архины шилээр толгой хэсэгт, гараараа шанаа, нүд хэсэгт цохих үйлдлээр зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд зүүн шанаанд шарх, баруун зовхи, зүүн шанаа, баруун мөрөнд зулгаралт, зүүн тохойд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт хохирогч Л.Б-тэй бусадтай маргаан үүсгэсэн гэх шалтгааны улмаас маргалдаж архины шилээр толгой хэсэгт, гараараа шанаа, нүд хэсэгт цохих үйлдлээр зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд зүүн шанаанд шарх, баруун зовхи, зүүн шанаа, баруун мөрөнд зулгаралт, зүүн тохойд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Б.Б-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 дахь тал/, хохирогч Л.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 21-ний шөнө 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Оргилуун төвд би найз Б.Б, Б нарын хамт пиво ууж байгаад хоорондоо муудалцаж байтал гэнэт Б.Б архины шилээр миний толгойн арын дагз хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгээд Б.Б, Б хоёр хоорондоо зодолдоод удалгүй Б.Б гарч зугтсан тул цагдаагийн байгууллагад хандаж байна. Тэгээд би араас нь гартал 6 буудлын Чингэлтэй дүүрэг талын ТҮЦ-д ортол Б.Б Б бид 3 хоорондоо дахин зодолдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дэх тал/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 690 дугаартай “...Хэсэг газрын үзлэгт: Баруун дээд зовхинд 1,0*1,1см 1,2*1,0см, 0,8*0,7см, доод зовхинд 1,0*0,9см хүрэн ягаан өнгийн зулгаралттай, зүүн шанаанд 0,6*0,1см 3 ширхэг хүрэн ягаан өнгийн зураасан зулгаралттай, 1,3*0,2см ирмэг тэгш бус мэс заслын цэгцлэлт хийгдсэн шархтай, баруун мөрөнд 1,0*0,2 см, 1,3*0,2см, 1,2*0,1см хүрэн ягаан өнгийн зулгаралттай, зүүн тохойд 6,0*5,0см хүрэн ягаан өнгийн цус хуралттай, орчны зөөлөн эд бага зэрэг хавдаж овойсон, тэмтрэхэд бага зэрэг эмзэглэлтэй. ...Л.Б-н биед зүүн шанаанд шарх, баруун зовхи, зүүн шанаа, баруун мөрөнд зулгаралт, зүүн тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 21-22 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25 дахь тал/, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/159 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 28-32 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан  журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Л.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Л.Б нь “Б.Б-с нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй.” /хх-45/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч Б.Б нь хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Л.Б нь шүүгдэгч Б.Б-н үйлдсэн гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.БОЛДБААТАР