Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/382

 

 

 

 

        

   2023       11        28                                          2023/ШЦТ/382

                                

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч Ц.Чингүүн,

Хохирогч Б.Б-,

Шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-т холбогдох эрүүгийн 2338000950410 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, Б.Б-,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 25-ны орой 21 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэс” гэх цэнгээний газарт хохирогч Б.Б-, Б.Г- нартай маргалдан, Б.Б-ийн нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа цохиж, биед нь дээд талын үүдэн 2 ширхэг шүдэнд булгаралт, дээд уруулд язралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл, Б.Г-ийн толгойн тус газар шар айргийн шилээр цохиж газар унагаан, нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөж, биен дээр нь хөлөөрөө дэвсэж, биед нь баруун дээд зовхи болон эрүүнд зулгаралт, зүүн завжинд язралт, нурууны зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2338000950410 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 25-ны орой 21 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэс” гэх цэнгээний газарт хохирогч Б.Б-, Б.Г- нартай маргалдан, Б.Б-ийн нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа цохиж, биед нь дээд талын үүдэн 2 ширхэг шүдэнд булгаралт, дээд уруулд язралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл, Б.Г-ийн толгойн тус газар шар айргийн шилээр цохиж газар унагаан, нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөж, биен дээр нь хөлөөрөө дэвсэж, биед нь баруун дээд зовхи болон эрүүнд зулгаралт, зүүн завжинд язралт, нурууны зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-: “...мэдүүлэг өгөхгүй, ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх,

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Б-ийн өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 20 цаг өнгөрч байхад Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Эрдэнэс баар луу нутгийн дүү нар болох Б.Г-, Ө.М-, Х.Д- нарын хамт орсон. Бид нар ороод пиво ууцгааж сууцгаасан. Бид нар нэг нэг пиво ууж байгаад гадаа гарч тамхилаад эргэж орсон. Би нөгөө гурваасаа арай сүүлд ороод захын нэг ширээн дээр суугаад нөгөө гурваа хаана байна гэж нүдээрээ хайгаад харж байтал над дээр Б.Г-, Х.Д- хоёр ирсэн. Бид гурав юм яриад сууж байтал Ө.М- миний нуруу талаас хүмүүстэй цохилцоод хажуугаар ороод ирсэн. Тэгэхээр нь би дундуур нь ороод салгах гэж ноцолдож би Б.Г-ийг аваад бид нар бөөндөө гарсан. Ө.М-тай цохилцож байсан өөр тусдаа явсан танихгүй хүмүүс бол гадаа гарч ирээгүй. Гадаа гараад ямар нэгэн зодоон болоогүй. Гадаа гарч ирээд харахад Б.Г- уруул амнаас нь цус гоожоод цохиулчихсан байсан. Б.Г- “би хүн салгах гэж байгаад цохиулчихлаа гомдолтой байна, орж уулзана” гээд буцаад баар луу орсон. Тэгэхээр нь би араас нь орсон чинь нэг тарган махлаг шар залуу Б.Г-ийг унагаачихсан өшиглөж байсан. Тэгэхээр нь би салгах гээд дундуур нь гүйж орж тэр залууг түлхсэн чинь намайг эхлээд гараараа нэг цохиж хамрын цус гоожуулсан. Тэгээд дахиад нэг цохисон чинь миний үүдэн хоёр шүд уначихсан. Тэгээд байж байтал гаднаас Ө.М-, Х.Д- нар орж ирсэн байсан. Би ч Б.Г-т “цагдаа дууд, би гомдолтой байна, шүд уначихлаа” гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар ирээд намайг цохисон залууг бид дөрөвтэй хамт авч ирсэн. Намайг тэр махлаг шар залуу л хоёроос гурван удаа гараараа цохисон. Өөр хүн бол намайг огт цохиж зодоогүй. ...Гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 26 тал/,

Хохирогч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн үед зүүн шанааны ар хэсэг эрүүний зөөлөн эд няцралттай ам ангайж сар гаран хугацаанд юм идэж чадахгүй байсан. Толгой доргисон, баруун гар бугуй хэсгээрээ тулж 10 гаруй хоног гар хөдөлж болохгүй байсан. Тухайн үед миний танихгүй махлаг шар залуу шилтэй пивоор миний толгойны ар хэсэг, дагз хэсэгт нэг удаа цохисон... Тухайн залуу биеэр надархуу биетэй, махлаг, шар царайтай тийм залуу байсан. Би харвал танина. Бас миний санаж байгаагаар тэр залуучуудын нэг залуу нь баруун гарын долоовор хуруугаа үе хэсгээрээ тайруулсан байсан... Намайг тэр залуучууд зодож байхад Б.Б- салгах гээд голоор ороход намайг пивоны шилээр цохисон гэх залуу шүд рүү нь цохисон гэж Б.Б- надад өөрөө хэлж байсан... би гомдолтой байна. Сар гаран ажлаа хийгээгүй, мөн ойр зуурын эм, Эрдэнэт хот руу 2 удаа очиж бариачид бариулсан гэх зэргээр эрүүл мэнд, сэтгэл санаагаараа бол хохирсон. Гомдлыг маань барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/,

Гэрч Б.Г-ийн өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 25-ны орой 21 цагийн орчимд Эрдэнэс баар луу нутгийн залуучууд болох Ө.М-, Х.Д-, Б.Б- нарын хамт орсон. Эрдэнэс бааранд нэг нэг касс пиво уугаад гарч Аянчин баар луу хальт ороод буцаж Эрдэнэс баар луу орж ирсэн. Тэгээд би нойл орж ирээд ширээнд суув уу үгүй юу л Ө.М- 2-3 залуучуудтай барилцаж аваад цохилцоод эхэлсэн. Тэгэхээр нь би салгах гэж очсон. Тэгээд нэг залуутай үл ойлголцсоноос барилцаж авч цохилцсон. Тэгээд манай нөгөө хоёр Ө.М- бид хоёрыг салгах гэж аваад гадагш гарсан. Гараад би Ө.М- харагдахгүй байхаар нь буцаж орсон. Тэгээд нүүрэндээ шинэ сорвитой, нүд нь хөхрөлттэй, махлаг шар залуу ширээнд сууж байхаар нь би гараад ир гээд нэлээн чанга дуугаар дуудсан. Тэр залуу босож ирж байсан. Тэгээд л миний толгой руу жинтэй юм тусаад цохих шиг болсон. Тэгээд би л манараад санахгүй байна. Нэг мэдэхэд шалан дээр хэвтчихсэн дэвсүүлж байсан... Гадаа гарсан чинь Б.Б- ах шүдээ барьчихсан зогсож байсан бөгөөд цагдаа дууд гэхээр нь би цагдаа дуудсан чинь очиж байна гэсэн... Тэгээд Б.Б- ахын шүдийг цохисон гэх махлаг шар залуутай хамт Б.Б- ах бид хоёрыг цагдаагийн газарт авч ирсэн... Б.Б- ах бол өөрөө тэр махлаг шар залууг цохиж шүд унагаасан гэж тэр үедээ хэлж зааж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 тал/,

Гэрч Х.Д-ийн өгсөн: “...Эрдэнэс бааранд ороод нэг ширээн дээр суугаад нэг нэг касс пиво уусан. Тэгж байтал Ө.М- босоод “таньдаг ах байгаа” юм яриад нэг ширээ рүү босоод явсан. Тэгээд тэр ширээн дээрээ сууж байгаад тэр ширээнд сууж байсан нэг залуутай маргалдаад барилцаж авсан. Тэгээд Б.Г- очоод салгах гэж байгаа бололтой юм ярьсан чинь тал талаас нь 2-3 залуу цохисон. Тэгэнгүүт Б.Б- ахын шүдийг мулт цохисон гээд байгаа махлаг шар залуу Б.Г-ийг унагаагаад эрүү рүү нь халз өшиглөөд дээрээс нь хөлөөрөө дэвсэж байсан. Тэгэхээр нь би очоод ах одоо боль, хүн алах нь уу та гэсэн чинь битгий хуцаад бай гөлөг минь гэж байсан. Тэгээд би Ө.М-г боль барь гэж хэлж авч гараад буцаад бааранд орж ирсэн чинь Б.Б- ах нэг шүдээ барьчихсан, шүд мулт цохичихлоо гээд махлаг шар залууг зааж байсан. Тэгээд нэг шүдээ барьчихсан байж байсан. Ингээд цаашаа зодоон цохион болоогүй. Бааранд тэр махлаг шар залуу би цохиогүй гэж мэлзээд байсан. Гэхдээ цохисон нь бол тэр залуу л цохиж шүдийг нь унагасан нь үнэн юм байна лээ, Б.Б- ах баттай эргэлзээгүй зааж хэлж байсан бөгөөд Б.Г-ийг зодоод байхаар нь салгах гэсэн чинь цохичихсон юм байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 тал/,

Гэрч Ө.М-гийн өгсөн: “...Эрдэнэс бааранд ороод ширээнд суугаад би юм аваад ирье гээд тек рүү явсан. Тек рүү явж байтал хоёр ах намайг дуудсан. Тэгэхээр нь би яасан бэ ах гээд текний тэнд яваад очсон. Тэгсэн чинь ногоон цоохор хувцастай залуу “чи манай найз руу томроод байна уу” гэхээр нь би “үгүй үгүй ах” гэсэн чинь “чадахгүй шүү банди минь” энэ тэр гээд намайг цохиж авсан. Тэгэхээр нь би цохилцох гээд барилцаад авсан чинь гурав дөрвөн залуу намайг дарж сандал дээр суулгаад заамдаж боосон. Тэгээд надтай хамт явсан Б.Г- ирж “та нар яаж байгаа юм” энэ тэр гэж маргалдаад тэдгээр залуучуудад цохиулсан... Тэгээд Х.Д- намайг аваад баарнаас гарсан. Тэгээд Х.Д- бид хоёр буцаад орсон чинь Б.Г- ах, Б.Б- ах хоёр зодуулчихсан байсан бөгөөд Б.Б- ахын шүд уначихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 тал/,

Гэрч Б.Б-ы өгсөн: “...Тухайн өдөр нь миний төрсөн өдөр байсан юм. Бид нар зах дээр миний төрсөн өдрийг тэмдэглэж 1 шил виски хувааж ууцгаасан юм. Тэгээд бид 4 хамт орой Эрдэнэс баар орсон. Бид 4 хамт нэг ширээнд суугаад архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Т.Б- юм захиалах гээд тек рүү нь явтал тэнд хөдөөний бололтой хэдэн залуучууд бужигналдаад унасан. Б.Б- салгах гээд очсон, би бол суудал дээрээ л байж байсан. Хүмүүс бужигналдаад л байсан, Т.Б-ыг лав шалан дээр унагачихсан байсан. Удаа ч үгүй цагдаа нар ороод ирсэн. Цагдаа нар орж ирээд манай ширээнээс ганцхан Б.Б-ыг аваад явсан... Тухайн орой ямар ч байсан тэнд олон хүмүүс бужигналдаад зодоон болоод байсан. Т.Б-ыг унагаачихсан шалан дээр чирч байхаар нь Б.Б- миний хажуунаас босоод тэр үл таних хүмүүс рүү явсан. Б.Б-, Т.Б- хоёр өөрсдөө тэд нараас салаад ирээд ширээн дээр сууж байхад цагдаа нар ороод ирсэн. Б.Б-, Т.Б- нар дундаж өндөртэй, Б.Б- шар царайтай махлаг. Харин Т.Б- бол Б.Б-оос туранхай, бас шар царайтай...” гэх мэдүүлэг /хх-ийн 42 тал/,

Гэрч Т.Б-ын өгсөн: “...Эрдэнэс баар ороод бид нэг ширээн дээр суусан, би бааран дотроос юм захиалах гээд явж байтал нэг үл таних жижигхэн хулгар чихтэй залуу урдуур дайрч орж ирээд маргаан болсон. Тэр залуу намайг учир зүггүй зодож нүдсэн, миний куртикийг толгойн дээр дараад 3 хүн лав намайг зодоод байх шиг байсан. Гар дээр дэвссэн, тухайн үед миний нуруу өвчин болчихсон байсан. Тэгтэл Б.Б- ирээд тэр хүмүүсийг холдуулж салгасан. Тэгээд байж байтал цагдаа нар ирээд Б.Б-ыг нөгөө хүмүүстэй аваад явсан... Б.Б- нь махлаг, шар царайтай, улаан хацартай л залуу байгаа даа...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 тал/,

Гэрч Б.М-гийн өгсөн: “...Би бол хамт баар ороогүй. Тухайн орой Эрдэнэс баарны нэг ажилтан над руу утсаар залгаад “танай найз бааран дотор тасраад уначихсан байна, ирж аваач ээ” гэхээр нь би машинтайгаа очиход бааран дотор зодоон болсон гээд эргүүлийн цагдаа нар найз Б.Б-ыг үл таних залуучуудын хамт цагдаагийн газар луу аваад явж байсан. Би дотогшоогоо яваад ороход Б.Б- ширээн дээр тасраад унтаж байсан. Би Б.Б-ыг аваад гэр лүү нь хүргэж өгсөн. Тэгээд цагдаагийн газрын гадаа ирээд машинтайгаа зогсож байхад Б.Б- болчихлоо гээд гараад ирсэн, тэгэхээр нь би түүнийг бас гэрт нь хүргэж өгсөн... Би Б.Б-ыг тухайн шөнө гэрт нь хүргэж өгөх гээд явж байх үедээ юу болсон талаар асуухад Т.Б-ыг баахан залуус зодоод эхлэхэд нь Б.Б- дундуур нь салгасан юм шиг байсан. Тэр үед бас Б.Б- зодуулсан юм шиг байсан. Б.Б-ын царай зүс хавдсан харагдаж байсан, би ч түүнд хандаж “аан за за битгий зодоон цохион хийгээд байгаач" гэж хэлчихээд салсан... Б.Б- нь 171 см орчим өндөртэй, махлаг, бор царайтай л залуу байгаа даа...” гэх мэдүүлэг /хх-ийн 48 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Батмөнхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 62 дугаартай: “Б.Г-ийн биед баруун дээд зовхи болон эрүүнд зулгаралт, зүүн завжинд язралт, нурууны зөөлөн эдийн гэмтэл тогтоогдпоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. Б.Г-ийн биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 51 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Батмөнхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 63 дугаартай: “Б.Б-ийн биед дээд талын үүдэн 2 ширхэг шүдэнд булгаралт, дээд уруулд язралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. Б.Б-ийн биед учирсан дээд уруулын язралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн, 2 ширхэг шүдний булгаралт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг бага хэмжээтэй тогтонги байдлаар алдагдуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын 5% тогтонги байдпаар алдагдана.” гэх дүгнэлт /хх-ийн 63 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.   

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

   Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

  Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Б-, Б.Г-, гэрч Х.Д-, Ө.М-, Б.Б-, Т.Б-, Б.М- нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Батмөнхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 62 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Батмөнхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 63 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Б.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 25-ны орой 21 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэс” гэх цэнгээний газарт хохирогч Б.Б-, Б.Г- нартай маргалдан, Б.Б-ийн нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа цохиж, биед нь дээд талын үүдэн 2 ширхэг шүдэнд булгаралт, дээд уруулд язралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл, Б.Г-ийн толгойн тус газар шар айргийн шилээр цохиж газар унагаан, нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөж, биен дээр нь хөлөөрөө дэвсэж, биед нь баруун дээд зовхи болон эрүүнд зулгаралт, зүүн завжинд язралт, нурууны зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн нь нотлогдож байна.

Шүүхийн шинжилгээний тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Б-, Б.Г- нарын эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Б.Б-ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна. 

Шүүгдэгч Б.Б-ын үйлдэл идэвхтэй, хохирогч Б.Б-, Б.Г- нарын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Шүүгдэгч Б.Б-ын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б-, Б.Г- нарын биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.Б- нь хавтаст хэргийн материалтай танилцаад “...60.000 төгрөг нэхэмжилнэ” /хх-ийн 82 тал/ гэснийг шүүгдэгч нь нөхөн төлөхөө илэрхийлж байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-оос 60.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-өд олгож, хохирогч Б.Г- нь өөрийн эрүүл мэнд, бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Б-оос нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч  Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б-ын хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэргийн 61, 63-65, 67-73 дугаар талд авагдсан ... зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Б- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанд улсын яллагчийн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” саналыг харгалзан шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.

Шүүгдэгч Б.Б- нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 480 (дөрвөн зуун ная) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 (найм)-аас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Б-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-оос 60.000 (жаран мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-д олгосугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй, хохирогч Б.Б-, Б.Г- нар нь өөрсдийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Б-оос нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              М.ЭРДЭНЭ-ОЧИР