Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2020/02984

 



 

2020 оны 10 сарын 09 өдөр

       Дугаар 102/ШШ2020/02984

           Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Б.Мийн нэхэмжлэлтэй

           

          Хариуцагч: З.Х-т холбогдох хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад

           

         Шүүх хуралдаан нэхэмжлэгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч Б.М нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           Миний бие З.Хтай 2016 онд танилцаад, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүү М.Оэ төрсөн.

           Бидний үзэл бодол зан ааш таарч тохирохгүйн улмаас салж, 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүү М.Оийн овгийг ээж болох Б.М миний нэр дээр шилжүүлсэн.

          Хүүхэд төрсөн цагаасаа надтай хамт амьдарч, цаашид эцэгтэй нь холбоо барих шаардлагагүй тул миний асрамжид үлдээж өгнө үү, гэжээ.

 

           Хариуцагч З.Х шүүхэд гаргасан тайлбартаа:

           Миний бие Б.Мийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа.

           Бидний дундаас хүү М.Оэ 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төрсөн. Хүүг төрсөнөөс хойш бид хамтран амьдарч байгаагүй.

           Би 2017 оны 12 дугаар сараас тусдаа амьдралтай болж хоёр хүүхэдтэй болсон.

           Мөн Б.М албан ёсоор гэр бүл болсон тухай ярьсан тул нэхэмжлэлийг зөвшөөрч байна. Шүүх хуралдааныг миний эзгүйд хийж өгнө үү, гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Б.М, хариуцагч З.Хт холбогдуулан асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрч, маргаагүй болно.

         Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.

 

         Зохигчид 2016 онд танилцаад, албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй ба тэдний дундаас 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүү М.Оэ төрсөн болох нь Сүхбаатар дүүргийн төрсний бүртгэлд 1119570010 дугаарт бүртгэгдэж, 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Төрсөний гэрчилгээ олгогдсоноор тогтоогдож байна.

 

        Зохигчид 2017 оноос хойш гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарсан, цаашид хамт амьдарч эвлэрэх боломжгүй тул хоорондоо ярилцаад, хүүг эхийн асрамжид өгөхөд хариуцагч зөвшөөрч, хүүгийн орчин нөхцөл, амьдралынхан хэмнэл, эх, эцгийнхээ хэнд нь их ээнэгшин дассан зэрэг байдлуудыг харгалзан үзэж, “Гэр бүлийн тухай” хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” гэж зааснаар хуульд харшлахгүй байх тул хүү М.Оийг эхийнхэн асрамжид үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

           115.2.2,116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

           1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү М.Оийг эх Б.Мийн асрамжид үлдээсүгэй.

 

           2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

           3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.  

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.АРИУНАА