Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/383

 

 

 

 

        

   2023       11        28                                          2023/ШЦТ/383

                                

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Э.Гэрэлтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2338000000471 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн, Б.Б-,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Б- нь 2023 оны 3 дугаар сард Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Ар гялаатын Өндөр цахир гэх газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр 5,7 м3 нойтон шинэс модыг цахилгаан хөрөө ашиглан огтолж, ойн санд 5,850,416 төгрөгийн хохирол учруулан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б- нь 2023 оны 3 дугаар сард Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Ар гялаатын Өндөр цахир гэх газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр 5,7 м3 нойтон шинэс модыг цахилгаан хөрөө ашиглан огтолж, ойн санд 5,850,416 төгрөгийн хохирол учруулан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-17 тал/, хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-22 тал/, шүүгдэгч Б.Б-гийн өмчлөлийн хар халзан алаг үхэр, үхэр тэрэг, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Ар гялаатын Өндөр цахир гэх газарт барьсан малын хашааг битүүмжилсэн прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 24-26 тал/, эд мөрийн баримтаар БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 1 ширхэг улаан өнгийн цахилгаан хөрөөг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-ийн 28 тал/, иргэний нэхэмжлэгч Г.Б-н мэдүүлэг /хх-ийн 35-36 тал/, гэрч Ө.Н-н мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/, гэрч О.Д-н мэдүүлэг /хх-ийн 44-45 тал/, гэрч Д.П-н мэдүүлэг /хх-ийн 47-48 тал/, Хөвсгөл аймгийн “Баяншишгэд” сум дундын ойн ангийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт, бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт /хх-ийн 52-54 тал/, Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтний 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 60 тал/, “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ТХҮ-923/8148 дугаартай дүгнэлт /хх-ийн 65-67 тал/ зэрэг бичгийн нотлох баримаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.Б- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.

Шүүгдэгч Б.Б-гийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 5,850,416 төгрөгийн хохирол учирсан нь Хөвсгөл аймгийн Баяншишгэд сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын  газрын шинжээчийн  дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж 17,551,248 төгрөгийн хохирол, нөхөн төлбөр тооцсон байх бөгөөд уг хохирлыг шүүгдэгч Б.Б- нь нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дугаар хэсгийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч Б.Б-гээс 2024 оны 8 дугаар сард 4,390,000 төгрөг, 2025 оны 1 сард 4,500,000 төгрөг, 2025 оны 6 сард 4,500,000 төгрөг, 2025 оны 11 сард 4,161,248 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:908504/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгох нь зүйтэй байна.

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Б- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд 6 улсын төсөвт шилжүүлнэ” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж тус тус зохицуулсан байна.

Хэрэгт Прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 27 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 5,7м3 хэмжээтэй шинэс төрлийн 5,850,416 төгрөгийн үнэлгээ бүхий модыг хурааж улсын төсөвт шилжүүлэхийг, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналга болох 1,600,000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 тооны хар халзан алаг үхэр, 200,000 төгрөгийн үнэлгээ бүхий үхэр тэрэг 1 ширхэгийг хураан авч хохирол нөхөн төлөхөд зарцуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улаан өнгийн цахилгаан  хөрөөг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв. 

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-гээс 2024 оны 8 дугаар сард 4,390,000 төгрөг, 2025 оны 1 сард 4,500,000 төгрөг, 2025 оны 6 сард 4,500,000 төгрөг, 2025 оны 11 сард 4,161,248 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:908504/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 27 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 5,7м3 хэмжээтэй шинэс төрлийн 5,850,416 төгрөгийн үнэлгээ бүхий /малын хашаа/ модыг хурааж улсын төсөвт шилжүүлэхийг, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналга болох 1,600,000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 тооны хар халзан алаг үхэр, 200,000 төгрөгийн үнэлгээ бүхий үхэр тэрэг 1 ширхэгийг хураан авч хохирол нөхөн төлөхөд зарцуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.   Эрүүгийн 2338000000471 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улаан өнгийн цахилгаан  хөрөө 1 /нэг/ ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7.   Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              М.ЭРДЭНЭ-ОЧИР