Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2022/01180

 

 

                                      “М” ХК-ийн нэхэмжлэлтэй

                                      иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/03426 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар магадлалтай,

“М” ХК-ийн нэхэмжлэлтэй,

“Ш г” ХХК-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт нийт 158,557,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Чадраабалын  гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Намсрай оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М” ХК нь хариуцагч “Ш г” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт нийт 158,557,500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/03426 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Ш г” ХХК-аас 158,557,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М” ХК-д олгохоор, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “М” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 689,000 төгрөгөөс илүү төлсөн 2525 төгрөгийг, 425,000 төгрөгөөс илүү төлсөн 2788 төгрөгийг тус тус улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч “М” ХК-д олгож үлдэх хэсэг болох 686,475 төгрөг болон 422,212 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/03426 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 950,737.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Чадраабал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс “М” ХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. “М” ХК-тай хийгдсэн гэрээний дагуу бартерт тооцох орон сууц нь ашиглалтад ороогүй удсан нь үнэн. Монгол Улсад үүссэн эдийн засгийн хямрал, дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөгөөр 2021 оныг хүртэл ашиглалтад ороогүй. 2 тал захиалгын гэрээ хийж баталгаажуулсны дагуу тус компани бартерын байрыг цааш нь зарж борлуулах бүрэн эрх нь нээлттэй байсан боловч бэлэн мөнгийг нэхэмжилж шүүхэд хандсан. Бид бартерыг тооцсон үлдэгдэл дүн дээр маргахгүй бөгөөд хямралтай байгаа аргагүй байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн дүнгээс алдангийг хасаж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

6. Нэхэмжлэгч “М” ХК-аас хариуцагч “Ш г” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт нийт 158,557,500 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн.

7. Нэхэмжлэгчээс “... Манай компани нь “Ш г” ХХК-тай 2017.05.11-ний өдөр Б17/27 дугаартай бетон зуурмаг худалдах-худалдан авах гэрээ байгуулан, 292,295,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг “Ш г” ХХК-д нийлүүлсэн. Гэрээний 2.1.4, 4.1-д заасны дагуу төлбөрийн 20 хувийг бэлнээр, үлдсэн 80 хувьд нь орон сууц, автомашин тус тус тооцож авахаар харилцан тохиролцсон. 2017.12.25-ны өдөр талууд тооцоо нийлсэн акт үйлдэж, хариуцагчийн төлбөрийн үлдэгдэл 105,705,000 төгрөг гэж баталгаажуулсан. Уг үлдэгдэл төлбөрийг гэрээний тусгай нөхцөлийн 4 дэх хэсгийн бартерын зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2 орон сууцны үнэлгээг үндэслэн тогтоосон. Үүнд: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Шинэ гүрэн цогцолбор хороолол, А байр, 8 давхар, 36.5 м.кв талбай бүхий орон сууцыг 49,275,000 төгрөгийн төлбөрт, мөн А байр, 8 давхар, 41.8 м.кв талбай бүхий орон сууцыг 56,430,000 төгрөгийн төлбөрт тус тус тооцон шилжүүлж авахаар тохирсон. Хариуцагч  нь 2017 оны 11 дүгээр сард орон сууцыг ашиглалтад оруулж нэхэмжлэгчид шилжүүлж өгөх үүргийг хүлээсэн боловч одоог хүртэл биелүүлээгүй, манай компанийг хохироож байна. Гэрээний тусгай нөхцөл дэх 2 орон сууцыг үнэлж байсан үнээр нэхэмжлэлийн шаардлагаа тооцсон. Гэрээнд зааснаар 2017.12.01-ний өдрөөс үүрэг гүйцэтгээгүй өдөр буюу 2019.04.14-ний өдөр хүртэл алданги тооцоход нийт төлбөрийн 50 хувь нь  52,852,500 төгрөг болсон. Иймд хариуцагчаас гэрээний үүрэгт 105,705,000 төгрөг, алданги 52,852,500 төгрөг, нийт 158,557,500 төгрөгийг гаргуулж өгнө үү ...” гэсэнд хариуцагч тайлбар өгөөгүй байна.

8. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй тул шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

9. Тодруулбал, зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу нэхэмжлэгч үүргээ хэрэгжүүлсэн боловч хариуцагч худалдан авсан бүтээгдэхүүнийхээ үнийг төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй, иймд нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй. Гэрээний үлдэгдэл төлбөр 105,705,000 төгрөг болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.4-т захиалагч төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд өгөх ёстой төлбөрийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасны дагуу алданги төлөх үүрэгтэй. Иймд хариуцагчаас гэрээний үлдэгдэл төлбөр 105,705,000 төгрөг, алдангид төлбөл зохих төлбөрийн 50 хувь болох 52,852,500 төгрөг, нийт 158,557,500 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

10. Иймд, “... Монгол Улсад үүссэн эдийн засгийн хямрал, дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөгөөр 2021 оныг хүртэл ашиглалтад ороогүй. 2 тал захиалгын гэрээ хийж баталгаажуулсны дагуу тус компани бартерын байрыг цааш нь зарж борлуулах бүрэн эрх нь нээлттэй байсан боловч бэлэн мөнгийг нэхэмжилж шүүхэд хандсан. Бид бартерыг тооцсон үлдэгдэл дүн дээр маргахгүй бөгөөд хямралтай байгаа аргагүй байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн дүнгээс алдангийг хасаж өгөхийг хүсье...” гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна. Гэрээнд зааснаар хариуцагчаас бартерын 2 орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх хугацаа нь 2017 оны 11 дүгээр сард байгаа нь цар тахлын цаг хугацаатай хамааралгүй байна.

11. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/03426 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 950,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                               Г.БАНЗРАГЧ

                                                             П.ЗОЛЗАЯА

                                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                             Д.ЦОЛМОН