Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2017/ШЦТ/038

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Батдорж,

Улсын яллагч: Д.Эрдэнэсоёл,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Д.Мэндээ нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч Монгол улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, хувьдаа 453 толгой малтай, ******* овогт ******* *******. /******* регистрийн дугаартай /

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Богд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт архидан согтуурсан үедээ иргэн ******* хувийн таарамжгүй байдлаас марган улмаар зодож, биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Баянхонгор аймгийн Богд сумын төвд байдаг н.Амаржаргал гэдэг ах маань мянгат малчин болоод цайллага хийсэн. Би 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өглөө 07 цагийн үед орсон. Тэднийд хоол цай идэж, уугаад архи уусан. 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 08.00 цаг өнгөрч байхад тэднийхээс халамцуу гараад хажуу хашааны ******* ахынд орсон. ******* ах гэртээ ганцаараа согтуу байсан. Би ороод мэнд усаа мэдээд суусан чинь ******* ах “Чи муу гуйлгачин юу хийж яваа юм” гэхээр нь миний уур хүрээд “Та намайг бага байхад миний аавд агсам тавиад зодсон биз дээ” гэхэд ******* “Би танай аавыг зодсон талаар санахгүй юм байна” шүү гээд бид хоёр маргалдсан. Тэр үед ******* ах гэрийнхээ зүүн талын орны өмнө суучихсан байсан. Би баруун талын орны емнө сууж байгаад уурандаа очоод нүүр руү нь нэг удаа өшиглөхөд ******* ахын амнаас нь цус гарч дээд үүдэн шүд нь булгарсан байсан. Би ******* ахаас уучлалт гуйсан. ******* ах миний шүдийг янзлуулж өгөөрэй. Одоо нэг шил архи аваад ир гэхээр нь би нэг шил архи авчирч өгөөд хамт хувааж уусан. Би ******* ахаас уучлалт гуйж, гар барьчихаад хөдөө гэрлүүгээ явлаа шүү гэхэд тэг тэг гэсэн. Тэгээд би шууд хөдөө гэрлүүгээ явсан.

 ...Би уурандаа ******* ахыг цохиж биед нь гэмтэл учруулсан буруугаа ухамсарлаж, ******* ахаас уучлалт гуйж, бид нар эвлэрсэн. Би ******* ахад учирсан хохирлыг бүрэн барагдуулна гэх мэдүүлэг. /хх-ийн 32-33/

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн учир мэдүүлэг аваагүй.

Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Баянхонгор аймгийн Богд сумын 3 дугаар багийн нутагт байх гэрээсээ сумын төврүү 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр орж ирсэн...2017 оны 01 дүгээр сарын 17-ны өглөө 09.00 цагийн орчим гэртээ ганцаараа байж байхад гаднаас ******* халамцуу орж ирсэн...******* та яахаараа манай аавтай маргадаг юм бэ гээд хэрүүл нэхэж эхэлсэн. Тэгэхээр нь юу яриад байгаа юм бэ би танай аавтай маргасан зүйл байхгүй гэсэн. ******* их олон жилийн өмнө болсон асуудал яриад байхаар нь би санахгүй байна тийм бол тэр үед нь хэлж учраа олохгүй яасан юм гэж хэлээд бид хоёр маргалдсан. Тэгээд ******* миний амруу өшиглөсөн би амаа дараад чи яагаад ахыгаа өшиглөж байгаа юм гээд өндийхөд миний үүдэн дээд шүд унасан. Шүдээ үзүүлсэн чинь тоохгүй гараад явсан. Тэгээд маргааш нь хүлээгээд байсан чинь ирээгүй тул би цагдаад гомдол гаргасан. ******* уучлалт гуйсан. Надад гомдол санал байхгүй. Эмчилгээний зардалд 700000 төгрөг авсан тул нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг./хх-ийн 16-18/

Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 73 дугаартай шинжээчийн:

1.*******ийн биед зүүн дээд 1-р шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Иргэн *******ийн биед 2017.01.17-ны өдрөөс өмнө биедээ гэмтэл авсан гэх шинж тэмдэг тогтоогдоогүй.

4.Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэхь заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги 5 хувь нөлөөлнө гэх дүгнэлт /хх-ийн 25-26/

-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол / хх-ийн 1/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 11-14/, хохирогч *******ийн мэдүүлэг /16-18/, гэрч , нарын мэдүүлэг /19-22/, шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 73 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26/, шүүгдэгч *******ы мэдүүлэг /31-37/, шүүгдэгч *******ы иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 38/, Баянхонгор аймгийн Богд сумын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 20 дугаар тодорхойлолт /хх-ийн 39/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 48/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Богд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт архидан согтуурсан үедээ иргэн ******* хувийн таарамжгүй байдлаас марган улмаар зодож, биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-37/, хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-18/, шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 73 дугаартай шинжээчийн ... “*******ийн биед зүүн дээд 1-р шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Иргэн *******ийн биед 2017.01.17-ны өдрөөс өмнө биедээ гэмтэл авсан гэх шинж тэмдэг тогтоогдоогүй. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэхь заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги 5 хувь байна”... гэх дүгнэлт /хх-ийн 25-26/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******д холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт зүйлчилэн яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч ******* нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч ******* нь хохирлоо барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаар бичгээр илэрхийлсэн ба шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3-д заасан учруулсан хохиролоо сайн дураар нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан байх тул хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч *******өд гэмт хэргийн улмаас учирсан зардалд 700 000 / долоон зуун мянган/ төгрөгийг төлж барагдуулж, эвлэрсэн талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд хохирогч ******* нь “...цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” болохоо илэрхийлсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохиролоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт “гомдол саналгүй” тухайгаа бичгээр хүсэлт гаргасан тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******ы эзэмшлийн “хорин тооны эм ямаа” битүүмжилсэн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрхи “хорин тооны эм ямааг” эзэмшигчид нь буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Уг хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 297 дугаар зүйлийн 297.4,298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан шүүгдэгч ******* овогт ******* *******д холбогдуулан эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-д зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы “хорин тооны эм ямааг” битүүмжилсэн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрхи “хорин тооны эм ямааг” эзэмшигч *******д буцаан олгосугай.

5. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д зааснаар шүүгдэгч *******д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3,303 дугаар зүйлийн 303.1,304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулсөн өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.              

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ