Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 556

 

 

 

 

 

 

   2020             5              5                                         2020/ДШМ/556                                               

 

М.Гт холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч М.Г, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/547 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Гын өмгөөлөгч Ж.Батбаярын гаргасан давж заалдах гомдлоор М.Гт холбогдох эрүүгийн 1906007250818 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

М.Г,

 

М.Г нь 2018 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “... Дота тоглоомын хувцас, хэрэгсэл зарна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон ХААН банкны 5926023758 дугаартай дансаар иргэн Н.Төвшинтөрөөс 1.247.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 

2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Натур” худалдааны төвийн гадна иргэн Б.Тэмүүжингээс урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “HP I7” загварын нөүтбүүкийг залилан авч 950.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2019 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт урьдын танил иргэн Б.Тулайгаас “... даргадаа тайлан танилцуулах гээд нөүтбүүк хэрэгтэй байна, түр өгч байгаач...” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон худал хэлж, хуурч мэхлэн иргэн Д.Бат-Эрдэнийн эзэмшлийн Ленова маркийн зөөврийн компьютерийг шилжүүлэн авч 480.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

 

2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт иргэн С.Нямдоржоос “Табао онлайн худалдааны сайтаас автомашины гоёл чимэглэлийн бараа захиалж өгнө” гэж 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 516.400 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр “нэмэгдэл бараа захиалвал бонус нэмэгдэнэ” гэж 650.520 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр “2 хоногийн дараа цалин буухаар буцаагаад өгье” гэж 200.000 төгрөгийг хуурч мэхлэн төөрөгдөлд оруулж, өөрийн дансаар шилжүүлэн авч нийт 1.366.920 төгрөгийн хохирол учруулсан,

 

2019 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн хооронд иргэн О.Мөнх-Оргилд “эмэгтэй хүний бэлэн хувцас Хятад улсаас захиж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 973.000 төгрөгийг О.Мөнх-Оргилын ХААН банкны 5926015759 дугаартай дансаар С.Золбоогийн Голомт банкны 4335105145 дугаартай дансаар тус тус шилжүүлэн авч залилсан,

 

2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан “Вичат” цахим сүлжээнд “мөнгөн шилжүүлэг хийнэ” гэх зохиомол байдал бий болгосон зарыг “Patrick1214” гэх айди хаягнаас байршуулан иргэн А.Уранбилэгт Монгол мөнгөөр 1.875.000 төгрөгийг 5.000 юань болгон “найдвартай, түргэн, шимтгэлгүй шилжүүлнэ” гэж хуурч өөрийн ХААН банкны 5926023758 дугаартай данс руу шилжүүлэн авч 1.875.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

 

2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Wechat” буюу цахим хэрэгсэл ашиглаж, улмаар “Монгол Хятад хооронд юань шилжүүлэг хийнэ” гэж иргэн Ж.Учралбаярыг хуурч, өөрийн ХААН банкны дансаар нийт 375.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

 

Мөн бусдад юань шилжүүлж өгөх боломжгүй атлаа олон нийтийн цахим сүлжээнд “Pasha” гэх хаягийг ашиглан, “БНХАУ-аас Монгол Улс руу, Монгол Улсаас БНХАУ-руу юанийн шилжүүлэг найдвартай хийнэ” гэсэн зар тавин хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Ш.Ариунчимэгт 3.000 юань шилжүүлж өгөхөөр тохирч, түүнээс 1.140.000 төгрөгийг ХААН банкны 5926023758 дугаартай дансаар 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлэн авч залилсан,

 

БНХАУ-д сурч байгаа найз охин Б.Цэрэнчунтын фэйсбүүкийн нууц үгийг ашиглан, түүний фэйсбүүк хаягнаас Б.Цэрэнчунтын үеэл дүү, багын найз, хамаатны хүмүүстэй мессежээр холбогдон, зохиомол байдлыг зориудаар бий болгон удаа дараагийн үйлдлээр буюу 2018 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Б.Цэрэнчунтын багын найз Б.Билгүүнтэй мессежээр холбогдон “Хятадад явж байгаад мөнгөө алдчихлаа, эм авах ёстой мөнгөний хэрэг гарлаа, түр мөнгө зээлээч” хэмээн хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2018 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр 100.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 150.000 төгрөгийг тус тус ХААН банкны 5023165960 дугаартай дансаар шилжүүлж авсан, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 50.000 төгрөгийг ХААН банкны 5022702259 дугаартай дансаар шилжүүлэн авч, нийтдээ 300.000 төгрөг залилсан,

 

2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Б.Цэрэнчунтын үеэл дүү Б.Мөнх-Эрдэнэтэй фэйсбүүкээр харьцаж “... надад мөнгө хэрэгтэй байна...” хэмээн мессэж бичин хуурч мэхлэн 150.000 төгрөгийг бэлнээр авсан, дахин 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 70.000 төгрөгийг ХААН банкны 5023165960 дугаартай дансаар шилжүүлэн авч нийтдээ 220.000 төгрөгийг залилсан,

 

2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Б.Цэрэнчунтын хамаатны ах болох Ц.Намхайнямбуутай мессежээр холбогдон “... ах боломжтой бол надад мөнгө зээлээч...” хэмээн мессэж бичин хуурч мэхлэн 150.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 100.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 150.000 төгрөгийг тус тус ХААН банкны 5022702259 дугаартай дансаар шилжүүлэн авч нийт 400.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хөх тайжууд овгийн Мөнхгэрэлийн М.Гыг “Хуурч, цахим хэрэгсэл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гт 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, М.Гт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, М.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, М.Гыг урьд нь цагдан хоригдсон 61 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч М.Г нь хохирогч Б.Билгүүнд 300.000 төгрөг, хохирогч Б.Мөнх-Эрдэнэд 220.000 төгрөг, хохирогч Ц.Намхайнямбууд 400.000 төгрөг, хохирогч Б.Тэмүүжинд 950.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Чинзоригт 650.000 төгрөг, хохирогч Н.Төвшинтөрд 1.247.000 төгрөг тус тус нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гаас 480.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Бат-Эрдэнэд, 1.366.920 төгрөг гаргуулж хохирогч С.Нямдоржид, 973.000 төгрөг гаргуулж хохирогч О.Мөнх-Оргилд, 1.875.000 төгрөг гаргуулж хохирогч А.Уранбилэгт, 375.000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Учралбаярт, 1.140.000 төгрөг гаргуулж хохирогч Ш.Ариунчимэгт тус тус олгохоор шийдвэрлэжээ.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батбаяр давж заалдах гомдолдоо: “...Миний үйлчлүүлэгч М.Г нь мөрдөн байцаалт, шүүхийн шатанд хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгч ирсэн, гэм буруугийн талаар маргаагүй, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа бөгөөд шүүх хуралдаанд энэ талаараа илэрхийлж мэдүүлж ирсэн болно.

Мөн шүүгдэгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлд заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан бөгөөд шүүх хүлээж аваагүй.

Одоо шүүгдэгч М.Г нь хэргийн хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан, хохирогч нар хохирол төлбөрөө бүрэн хүлээж авсан, гомдол саналгүй талаараа бичгээр илэрхийлсэн байх тул Эрүүгийн хуулийн 6.7-р зүйлд заасан оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлүүлэх боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. ...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэл харагдахгүй байна гэсэн. Өнөөдрийн нөхцөлд бүх хохирол төлбөрөө барагдуулчихсан тул хөнгөрүүлэх нөхцөл байна гэж үзэж байна. Иймд түүнд оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч М.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Энд байх хугацаандаа маш их зүйлийг ойлгож байна. Ар гэрийнхэндээ маш их санаа зовж байна. Өвчтэй эмээгийн маань бие их муу байгаа. ...” гэв.

Прокурор Ч.Түмэн-Өлзий шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Натур” худалдааны төвийн гадна иргэн Б.Тэмүүжингээс урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “HP I7” загварын нөүтбүүкийг залилан авч 950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

хохирогч Б.Тэмүүжингийн “... 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр ажил дээр байхад найз болох М.Гаас “яаралтай нөүтбүүкээ хэрэглүүлээч, надад оройдоо бичих зүйл байна, өглөө өгье” гэж гуйгаад байхаар нь өгөхөөр болж орой 19 цаг 20 минутын орчим Натурын “Намнаач” төвийн гадаа уулзаад би нөүтбүүкээ өгсөн юм. ... Тэрнээс хойш надтай холбоо бариагүй, өглөө нь босоод би гар утас руу нь залгахад гар утсаа аваагүй, тэгэхээр нь би фэйсбүүкээр эгчтэй нь холбогдоод болсон зүйлээ хэлэхэд эгч нь “наад нэг хүнийг чинь дийлэхгүй байна, өмнөөс нь өрийг нь дарж явсаар байгаад залхаж байна, эгч нь Дарханд байдаг, ээж нь бас хайгаад явж байсан” гэж хэлсэн. ...” /1 хх 37-38/,

иргэний нэхэмжлэгч С.Чинзоригийн “... 2019 оны 1 дүгээр сарын 17-нд 13 цагийн орчим 500.000 төгрөгөөр HP I5 нөүтбүүкийг уг регистрийн дугаартай хүн /залуу/ барьцаанд тавьж байсан. Дараа нь 2019 оны 1 дүгээр сарын 23-нд ирээд дахин 135.000 төгрөг нэмж аваад авсан байсан. Тухайн үед анх би уг эд зүйлийг авсан ба дараа нь манай ажилтан байхад нэмүүлээд авсан байсан. ...” /1 хх 44/,

М.Гын яллагдагчаар өгсөн: “...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. ...” /1 хх 82-83/ гэх мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 531-19-137 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх 48-49/, Б.Тэмүүжингийн гаргасан өргөдөл /1 хх 3/, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 1 дугаартай тэмдэглэл /1 хх 4-7/, , “Ач Капитал” ХХК-ийн 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний хуулбар /1 хх 53/ гэх нотлох баримтуудаар,

2018 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “... Дота тоглоомын хувцас, хэрэгсэл зарна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон ХААН банкны 5926023758 дугаартай дансаар иргэн Н.Төвшинтөрөөс 1.247.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

хохирогч Н.Төвшинтөрийн “... миний бие 2018 оны 12 дугаар сарын 8-ны өдөр М.Г гэх фэйсбүүкийн хаягтай хүнээс Дота тоглоом худалдаж авахаар тохиролцоод 592623758 дугаарын данс руу 1.247.000 төгрөгийг хийсэн боловч холбоо барихгүй алга болсон. Тэгээд маргааш нь “найздаа муриулчихлаа” гэж хэлсэн. Тэгээд “олж өгнө” гэж хэлсэн. Тэгээд бас над шиг залилуулсан Давхарбаяр гэх хүний найзынх нь PC-нд байна гэж дуулаад бид 2 цуг очин барьж аваад шөнийн 04 цагийн үед Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр авч ирсэн, тэгээд Өсөхбаяр гэх байцаагчтай уулзуулахад маргааш өглөө 10 цагаас уулзахаар тохироод салсан. Тэр өдрөөс хойш алга болсон. Фэйсбүүкээр холбогдоход Дарханд ирчихсэн байна мөнгө олоод очно гэж хэлсэн. ...” /1 хх 101/ гэх мэдүүлэг, 

Н.Төвшинтөрийн гаргасан өргөдөл /1 хх 92/, мөрдөн шалгах ажиллагаанд ХААН банкны 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 29/7559 дугаартай албан бичиг /1 хх 114/, ХААН банкны 592603758 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх 115/ гэх нотлох баримтуудаар,

2019 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт урьдын танил иргэн Б.Тулайгаас “... даргадаа тайлан танилцуулах гээд нөүтбүүк хэрэгтэй байна, түр өгч байгаач, ...” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон худал хэлж, хуурч мэхлэн иргэн Д.Бат-Эрдэнийн эзэмшлийн “Ленова” маркийн зөөврийн компьютерийг шилжүүлэн авч 480.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

хохирогч Д.Бат-Эрдэнийн “... Би Тулайн төрсөн эцэг байгаа юм. Манай хүү 10 гаруй жилийн өмнөөс Бүгд Найрамдах Хятад Ард улсад суралцаж байгаа юм. Би 2018 оны зун нь наадмын өмнөхөн зөөврийн компьютерийг Бүгд Найрамдах Хятад Ард улсаас 482 ам.доллар буюу Монгол мөнгөөр ойролцоогоор 1.200.000 төгрөгөөр худалдаж аваад хүү Тулайдаа хэрэглүүлж байсан юм. Уг зөөврийн комьпьютерийг гэр бүлийн хэрэгцээнд хэрэглэдэг байсан юм. ... Надтай хамт байх хугацаандаа миний авч өгсөн хар өнгийн “Ленова” брендийн зөөврийн компьютерийг “урд хамт сурч байсан М.Г гэх залууд өгчихсөн, авч чадахгүй байна” гэж хэлж байсан. ...” /1 хх 179-180/,

 гэрч Б.Тулайн “...2019 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр би гэртээ амарч байхад М.Г гэж залуу над руу өдөржингөө утсаар залгаад “даргад тайлан танилцуулна, маргааш орой аваад ирнэ, компьютероо өгчих” гээд байсан. Тэгээд тэр оройноо 23 цагийн орчим М.Г манай гэрт ирж миний нөүтбүүкийг аваад явсан. Маргааш нь надад нөүтбүүкийг өгөөгүй ба би 2019 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл М.Гыг хүлээгээд өгөхгүй болохоор нь түүний 89800078 дугаарын утас руу залгаж нөүтбүүкээ асуухад “дахин өөр дарга нарт нөгөө тайлангаа үзүүлэхээр болсон, удахгүй нөүтбүүкийг чинь өгнө” гээд байхаар нь би түүнд итгэсэн. ...” /1 хх 162/,

М.Гын яллагдагчаар өгсөн: “...би “даргадаа тайлангаа танилцуулах гээд байна, тайлангаа бэлдэх гэсэн юм, 1 хоног хэрэглээд өгнө” гэж хэлээд хар өнгийн “Ленова” маркийн I5 CPU-тэй гуравдугаар үеийн нөүтбүүкийг нь аваад оройны 10 юм уу 11 цагийн орчим гэрээс нь гараад явсан. ... ажлаа хийж дуусгачихаад маргааш орой нь хорооллоос Модны 2 уруудаж байх замын баруун талд байдаг нэрийг нь сайн санахгүй байна ломбардад тавиад хугацаа нь дуусчихсан. ...Тэгээд л авч чадахгүй алдчихсан болохоор “даргынхаа машинд үлдээчихсэн” гэж худлаа ярьж байсаар байгаад ийм нөхцөл байдал хүрчихсэн. ...” /1 хх 190/ гэх мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Б31-19-367 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх 182-183/ гэх нотлох баримтуудаар,

2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт иргэн С.Нямдоржоос “Табао онлайн худалдааны сайтаас автомашины гоёл чимэглэлийн бараа захиалж өгнө” гэж 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 516.400 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр “нэмэгдэл бараа захиалвал бонус нэмэгдэнэ” гэж 650.520 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр “2 хоногийн дараа цалин буухаар буцаагаад өгье” гэж 200.000 төгрөгийг хуурч мэхлэн төөрөгдөлд оруулж, өөрийн дансаар шилжүүлэн авч нийт 1.366.920 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

хохирогч С.Нямдоржийн “...хэд хоногийн дараа М.Г над руу фэйсбүүк чатаар холбогдоод “бараа захиалах уу, зураг байна уу” гэхээр нь би автомашины суудлын бүрээс, үнсний сав, үнэртүүлэгч, никель гангараа, шаврын хаалт зэрэг эд зүйлийн зургийг явуулсан чинь М.Г “хайж үзлээ” гээд мөнгөн дүнг бас зурагтай нь хариу явуулсан. Тэгээд би бараа захиалахаар болоод 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр захиалах барааны мөнгөн дүн болох 516.400 төгрөгийг М.Гын эзэмшлийн ХААН банкны 5926023758 тоот данс руу шилжүүлсэн, М.Г 7 хоногийн дотор бараа Монголд ирнэ гэж хэлсэн. Тэгээд би 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр М.Г над руу холбогдож “дахиад жаахан юм захиалчихаа, бонус мөнгө их орж ирэх гээд байна” гэхээр нь нэмж бараа захиалаад 650.520 төгрөгийг мөн дээрх данс руу шилжүүлсэн. Тэгээд “эхний барааг чинь Эрээн лүү явуулсан гэж байна, энэ бараа чинь араас нь очоод бараг хамт очих байх, Улаанбаатарт бараа очихоор тань руу залгана” гэж хэлсэн... Дараа нь 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр би гадуур явж байтал М.Г над руу фэйсбүүкээр чат бичээд “мөнгө байна уу 200.000 төгрөг шилжүүлчихээч, машин мөргөөд жаахан асуудалд орчихлоо, мөргөсөн машиныхаа жолоочид мөнгө өгөөд салах гэсэн юмаа, 2 хоногийн дараа цалин буухаар буцаагаад өгнө” гэж хэлсэн, тэгэхээр нь 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 200.000 төгрөг М.Гын данс руу шилжүүлчихсэн. Тэгээд дараагийн 2, 3 хоногоос М.Гын утас нь холбогдоод заримдаа холбогдохгүй байсан нэг холбогдсон чинь дахин мөнгө гуйгаад байхаар нь “юу яриад байгаа юм бэ, захиалсан бараа яасан бэ, ирж байна уу” гэсэн чинь М.Г “бараа удахгүй Эрээнд ирнэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “надаас авсан 200.000 төгрөгөө өгөөч” гэхээр “удахгүй өгнө” гээд утас нь холбогдохгүй болсон. Фэйсбүүк чатаар асуухаар “Замын-Үүдэд бараа чинь ирсэн, гэж хэлсэн, дараа нь “бараа чинь хураагдчихсан” болоод явсан. ...” /2 хх 10-11/,

гэрч Н.Пүрэвдуламын: “... тэгсэн дараа нь Дарханд ирсний дараа нөгөө М.Г гэх залуу М.Г гэх фэйсбүүк хаягнаас “автомашины суудлын бүрээс, үнэртүүлэгч, рулийн бүрээс, никель гоёл, шалавч зэргийн зургийг чатаар явуулж хямд үнээр ирэх боломжтой” гэж хэлсэн учраас манай нөхөр бараа захиалахаар болж эхлээд 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 516.400 төгрөгийн бараа захиалж, миний мобайл банкаар М.Гын явуулсан 5926023758 тоот данс руу би шилжүүлсэн. Тэгтэл 2 хоногийн дараа буюу 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр М.Г гэх залуу чат бичээд “захиалсан барааг чинь захиалах гэхээр арай бага байна, нэг мөсөн 1.000.000 гаран төгрөгийн бараа захиалвал урамшуулал ирнэ” гэж хэлсэн учраас дахин нэмж 650.520 төгрөгийн бараа захиалж, мөн л М.Гын эзэмшлийн 5926023758 тоот данс руу мобайл банкаар шилжүүлсэн. Сүүлд М.Г “урагшаа Хятад руу гараад буцах замдаа Замын-Үүд дээр машин мөргөчихлөө, цагдаад мэдэгдэхгүйгээр зохицуулах гэсэн юм, 200.000 төгрөг өгч тус болооч” гэж манай нөхөрт хэлсэн гэхээр нь миний мобайл банкаар 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр М.Гын ХААН банкы 5926023758 тоот данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд нөхөр бид хоёр М.Гын ХААН банкны 5926023758 тоот данс руу 1.366.920 төгрөгийг шилжүүлсэн боловч одоог хүртэл бараагаа авч чадаагүй мөнгөө ч авч чадаагүй. ...” /2 хх 16/ гэх мэдүүлгүүд,

 С.Нямдоржийн өргөдөл /1 хх 239/, хохирогч С.Нямдоржтой фэйсбүүкээр харилцсан тухай мэдээллийн зураг /1 хх 1-6, 240-250/, баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2 хх 30/, ХААН банкны 5926023758 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /2 хх 34/ гэх нотлох баримтуудаар,

2019 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн хооронд иргэн О.Мөнх-Оргилд “эмэгтэй хүний бэлэн хувцас Хятад улсаас захиж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 973.000 төгрөгийг О.Мөнх-Оргилын ХААН банкны 5926015759 дугаартай дансаар С.Золбоогийн Голомт банкны 4335105145 дугаартай дансаар тус тус шилжүүлэн авч залилсан хэргийг үйлдсэн болох нь

гэрч С.Золбоогийн: “... 2019 оны 2 дугаар сарын 17-нд “манай эхнэр Хятадаас бараа захих” гэж байна гээд М.Г гэдэг хүний данс руу өөрийн Голомт банкны данснаас 923.000 төгрөг шилжүүлсэн. Мөн 2019 оны 2 дугаар сарын 22-нд М.Г “захисан бараа чинь ирсэн, тээврийн зардал 20.000 төгрөг шилжүүлчих” гэхээр нь шилжүүлсэн. Ингээд уг бараа нь ирээгүй. Хятад руу эмэгтэй хүний бэлэн хувцас авахаар захисан юм. Ингээд М.Гын утас руу нь залгахаар утсаа авахгүй “бараа яасан бэ” гээд мессэж бичихээр хариу өгдөггүй, одоо болтол мөнгө нь байхгүй, бараа нь ч байхгүй болчихоод байгаа юм. “Ямар нэгэн хариу өгөөч” гэхээр огт хариу өгдөггүй юм. Мөн манай эхнэрээс 30.000 төгрөг авсан гэсэн, М.Г гэдэг залуу нийтдээ 973.000 төгрөг авчихаад алга болчихоод байгаа юм. ...” /2 хх 72/,

Цагдаагийн байгууллагад иргэн О.Мөнх-Оргилын гаргасан өргөдөл /2хх 50/, ХААН банкны 5926015759 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /2 хх 53-54/ гэх нотлох баримтуудаар,

 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан “wechat” цахим сүлжээнд “мөнгөн шилжүүлэг хийнэ” гэх зохиомол байдал бий болгосон зарыг “Patrick1214” гэх айди хаягнаас байршуулан иргэн А.Уранбилэгт Монгол мөнгөөр 1.875.000 төгрөгийг 5.000 юань болгон “найдвартай, түргэн, шимтгэлгүй шилжүүлнэ” хэмээн хуурч өөрийн ХААН банкны 5926023758 дугаартай данс руу шилжүүлэн авч 1.875.000 төгрөгийн хохирол учруулан залилсан хэргийг үйлдсэн болох нь

хохирогч А.Даваабилэгийн: “... миний төрсөн дүү А.Уранбилэг нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Магистрт суралцдаг юм. 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “оюутнуудын группт нислэг захиалга хийнэ, валют солино” гэсэн зарын дагуу М.Г гэх хүнтэй холбогдоод 5.000 юань авахаар тохиролцож 1.875.000 төгрөгийг М.Гын ХААН банкны данс руу шилжүүлээд юань авах гэсэн боловч мөнгийг нь шилжүүлэлгүй алга болгочихсон юм, тэгээд Монгол Улсад ирэхдээ цагдаагийн байгууллагад хандсан юм...” /2 хх 103-104/,

гэрч А.Уранбилэгийн: “... 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотод сургууль дээрээ байж байхад Хятад улсад мөнгө хэрэг болоод өөрийн 5031191809 дугаарын ХААН банкны данснаас мөнгө шилжүүлж авах гээд мөнгө гуйвуулга хийдэг хүмүүсийн Фэйсбүүк хаягаар шүүж үзэхэд Н.М.Г гэсэн хаягтай хүн “юань шилжүүлэг хийнэ” гэсэн байхаар тухайн хүнтэй харилцаж байгаад ХААН банкны 5926023758 дугаарын дансанд 5000 юань авахаар болж Монгол мөнгөөр 1.875.000 төгрөг шилжүүлсэн, тэгээд шилжүүлэг хийсний дараа алга болсон...” /2 хх 105/,

Цагдаагийн байгууллагад иргэн А.Уранбилэгийн гаргасан өргөдөл /2 хх 87/, ХААН банкны 5031191809 дугаартай дансны хуулга /2 хх 88/ гэх нотлох баримтуудаар,

2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Wechat” буюу цахим хэрэгсэл ашиглаж, улмаар “Монгол Хятад хооронд юань шилжүүлэг хийнэ” гэж иргэн Ж.Учралбаярыг хуурч, өөрийн ХААН банкны дансаар нийт 375.000 төгрөг шилжүүлэн авч залилсан хэргийг үйлдсэн болох нь

хохирогч Ж.Учралбаярын: “... 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “wechat”-д “Монгол Хятадын хооронд юань хямдаар шилжүүлэг хийнэ” гэсэн зар байсан. Тэгээд холбогдож “хэдэн төгрөгөөр явуулах юм бэ?” гэж үнийг нь асуугаад 1.000 юань авахаар 375.000 төгрөг ХААН банкны М.Г гэсэн данс руу шилжүүлсэн юм. Мөнгө шилжүүлсний дараа “шалгаад юань шилжүүлье” гэж хэлээд алга болчихсон юм. Анх “wechat” юм уу банкны данс руу шилжүүлнэ, өөр бусдаар бол чадахгүй” гэж хэлж байсан юм. ... М.Г гэх хүний 5926023758 гэсэн данс руу мөнгө шилжүүлсэн...” /2 хх 145-146/,

Цагдаагийн байгууллагад иргэн Ж.Учралбаярын гаргасан өргөдөл /2 хх 134/, Голомт банкны дансны хуулга /2 хх 145/ гэх нотлох баримтуудаар,

Бусдад юань шилжүүлж өгөх боломжгүй атлаа олон нийтийн цахим сүлжээнд “Pasha” гэх хаягийг ашиглан, “БНХАУ-аас Монгол Улс руу, Монгол Улсаас БНХАУ-руу юанийн шилжүүлэг найдвартай хийнэ” гэсэн зар тавин хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Ш.Ариунчимэгт 3.000 юань шилжүүлж өгөхөөр тохирч, түүнээс 1.140.000 төгрөгийг ХААН банкны 5926023758 дугаартай дансаар 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлэн авч залилсан хэргийг үйлдсэн болох нь

хохирогч Ш.Ариунчимэгийн: “... 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гэртээ байж байгаад “wechat”-ын мэдээлэл худалдаа гэсэн нэртэй групп дээр Паша гэж нэртэй хаягнаас Хятадаас-Монгол руу, Монголоос-Хятад руу юанийн шилжүүлэг найдвартай хийнэ гэсэн зар байсан. Үүний дагуу би тухайн хүнтэй “wechat”-аар холбогдож байгаад Монгол 1.140.000 төгрөгийг юанаар солиулах гээд ХААН банкны 5926023758 дугаарын Мөнхгэрэл М.Г нэртэй данс руу шилжүүлсэн...”

Цагдаагийн байгууллагад иргэн Ш.Ариунчимэгийн гаргасан өргөдөл /хх.2.157/, ХААН банкны 5040174972 дугаартай дансны хуулга /2 хх 153/, /2 хх 171-172/, ХААН банкнаас 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр ирүүлсэн 29/11009 дугаартай албан бичиг/хх.2.176/ гэх нотлох баримтуудаар

БНХАУ-д сурч байгаа найз охин Б.Цэрэнчунтын фэйсбүүкийн нууц үгийг ашиглан, түүний фэйсбүүк хаягнаас Б.Цэрэнчунтын үеэл дүү, багын найз, хамаатны хүмүүстэй мессежээр холбогдон, зохиомол байдлыг зориудаар бий болгон удаа дараагийн үйлдлээр буюу 2018 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Б.Цэрэнчунтын багын найз Б.Билгүүнтэй мессежээр холбогдон “Хятадад явж байгаад мөнгөө алдчихлаа, эм авах ёстой, мөнгөний хэрэг гарлаа, түр мөнгө зээлээч” хэмээн хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2018 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр 100.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 150.000 төгрөгийг тус тус ХААН банкны 5023165960 дугаартай дансаар шилжүүлж авсан, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 50.000 төгрөгийг ХААН банкны 5022702259 дугаартай дансаар шилжүүлэн авч, нийтдээ 300.000 төгрөг залилсан, 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Б.Цэрэнчунтын үеэл дүү Б.Мөнх-Эрдэнэтэй фэйсбүүкээр харьцаж “... надад мөнгө хэрэгтэй байна...” хэмээн мессэж бичин хуурч мэхлэн 150.000 төгрөгийг бэлнээр авсан, дахин 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 70.000 төгрөгийг ХААН банкны 5023165960 дугаартай дансаар шилжүүлэн авч нийтдээ 220.000 төгрөг залилсан, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Б.Цэрэнчунтын хамаатны ах болох Ц.Намхайнямбуутай мессежээр холбогдон “... ах боломжтой бол надад мөнгө зээлээч...” хэмээн мессэж бичин хуурч мэхлэн 150.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 100.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 150.000 төгрөгийг тус тус ХААН банкны 5022702259 дугаартай дансаар шилжүүлэн авч нийт 400.000 төгрөгийг залилсан хэргийг үйлдсэн болох нь

 хохирогч Б.Билгүүний: “... 2018 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Цэрэнчунтын фэйсбүүк хаягаас “би урд явж байгаад мөнгөө алдчихлаа, ядаж байхад аавын бие муу байгаа, эндээс эм авах ёстой, 350.000 төгрөг өгөөч” гэхээр нь Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн гудамжинд байхдаа гар утаснаасаа мөнгө шилжүүлсэн. Түүнээс хэд хоногийн дараа дахин 150.000 төгрөг нэхсэн бөгөөд би “50.000 төгрөг байна” гээд Болормаа гэх хүний данс руу шилжүүлсэн...” /3 хх 51/,

хохирогч Б.Мөнх-Эрдэнийн: “... үеэл дүү Цэрэнчунтын фэйсбүүк хаягнаас “та мөнгө байвал өгөөч” гэхээр нь зөвшөөрч 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Зоригтбаатар гэх хүний дүү гэх хүүхдэд 150.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 70.000 төгрөгийг Зоригтбаатар гэх хүний дансаар 70.000 төгрөг шилжүүлсэн. ... 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Цэрэнчунтаас мөнгөө авах зорилгоор залгахад “би хүнээс мөнгө аваагүй” гэж хэлсэн...” /3 хх 77, 80/,

хохирогч Ц.Намхайнямбуугийн: “... 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дүү Цэрэнчунтын фэйсбүүк хаягаас миний хаяг руу “та боломжтой бол 100.000 төгрөг зээлээч” гэхээр нь би зөвшөөрч ХААН банкны 5022702259 дугаарын данс руу 100.000 төгрөг шилжүүлсэн. Мөн үүний дараа 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 150.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 150.000 төгрөгийг дээрх данс руу шилжүүлсэн. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Цэрэнчунтаас мөнгөө авах зорилгоор түүний ээж Дашсүрэнтэй очиж уулзахад “манай охин хүнээс мөнгө зээлээгүй” гэхээр нь залилуулснаа мэдсэн...” /3 хх 8/,

гэрч Цэрэнчунтын: “... би М.Гтай 2012 онд их сургуулийн 1 анги байсан. Тэгээд үерхэж эхэлсэн. 2014 онд Хятад руу хамт явж сурахаар болж, тэндээ 4 жил хамт Хятад улсад суралцсан. Намайг Хятад улсад байх хугацаанд миний аав, ээж над руу залгаж “чи хүнээс мөнгө төгрөг аваагүй биздээ” гэж асуусан, би тухайн үед нь хүнээс мөнгө төгрөг аваагүй талаараа хэлсэн. Тэгсэн аав, ээж чиний фэйсбүүкээр хүмүүс рүү чат бичээд мөнгө төгрөг зээлж авсан байна гэж хэлсэн. “Миний фэйсбүүкийн кодыг ганцхан М.Г мэднэ, би М.Гаас асууя” гэж хэлсэн. Тэгээд би М.Гаас “чи миний facebook-ийн хаягаар хүн рүү чат бичээд мөнгө авсан юм уу” гэсэн чинь “аваагүй, юу яриад байгаа юм” гэж хэлсэн. Би тухайн үед “чи мөнгө аваагүй юм бол би тэр хүмүүсийг цагдаад өргөдлөө өг гэж хэллээ шүү” гэсэн юм. Тэгээд манай хамаатны хүмүүс болон таньдаг хүн маань цагдаад өргөдөл өгсөн байсан. ... миний фэйсбүүк хаягны кодыг М.Г л мэднэ... Энхүйлсийг танина, М.Гын ээжийн дүүгийнх нь хүүхэд байгаа юм. Харин Болормаа бол манай дээд оны эгч, одоо Хятад Улсад сурч байгаа. Зоригтбаатарыг танихгүй. ... цагдаад мэдэгдсэний дараа М.Г надад хүмүүсээс мөнгө авсан талаараа хэлсэн. ...” /3 хх 87-88/,

Хохирогч Б.Мөнх-Эрдэнийн ХААН банкны 5753497270 дугаарын данснаас 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 5023165960 дугаарын данс руу 70.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга баримт /3 хх 89/, ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3 хх 57-60/, ХААН банкны Депозит дансны хуулга /3 хх 13-14/, хохирогч Б.Тэмүүжингийн хүсэлт /1 хх 113/, хохирогч Н.Төвшинтөрийн хүсэлт /1 хх 113/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг буюу залилах хэргийн хохирол, үнийн дүн, үйлдэж буй арга зэрэг нь тухайн гэмт хэргийн нэг шинж болж байдаг онцлогтой.

Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг.

Иргэний эрх зүйн харилцаа тухайлбал гэрээний харилцаагаар халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн гол шинж нь гэрээний нөхцөлүүд анхнаасаа биелэх боломжгүй, эсвэл тэдгээрийг биелүүлэхийг зориудаар хөсөрдүүлсэн байдлаар гэрээгээр шилжүүлэн авсан эд хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулж буцаан өгөхгүй гэсэн субъектив санаатай шууд идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрдэг юм. 

 

Түүнчлэн гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтгаалж бусдын эд хөрөнгө эсхүл түүний өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух, бусдыг төөрөгдөлд оруулах зэрэг тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулсан ойлгодог.

 

Харин гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсч, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргаан буюу гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй.

 

Нэр бүхий хохирогч нар М.Гын хэлсэн худал зүйлд итгэж, өөрийн эд хөрөнгийг шилжүүлэн өгч хохирсон болохыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн тогтоосон байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, хэргийн үйл баримтыг шүүгдэгч М.Г “хуурч, цахим хэрэгсэл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч М.Гын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн агуулсан, анхан шатны шүүх мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

 

Нөгөөтээгүүр М.Г 2018 оны 11 дүгээр сарын 9-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хооронд нийт 12 удаагийн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно.

 

Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах журмыг хэрэглэхгүй.

 

Шүүгдэгч М.Гын өмгөөлөгч Ж.Батбаяраас: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлд зааснаар оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн утга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг.

Харин шүүх Эрүүгийн хуулийн зарим нэг зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд буюу өөрийн үзэмжээр, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог онцлогтой. Ийм зүйл, хэсгүүдийн нэг бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно...” гэж заажээ.

Энэхүү заалтыг шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт юм.

Шүүгдэгч М.Г гэм буруугийн талаар маргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө шийтгэх тогтоолд хохирол гаргуулахаар заасан нэр бүхий хохирогч нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, тэд гомдол саналгүй /4хх 24-42/ гэсэн  хэдий ч анхан шатны шүүхээс түүнд хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх боломжгүй гэж дүгнэв.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж үзнэ.

Үүнээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 6 дугаар зүйлд “Гэмт хэрэг нь хэд хэдэн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяалах шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж хуульчилжээ.

 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч М.Г нийт 12 удаагийн үйлдлүүдээс “...2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан …А.Уранбилэгийг хуурч өөрийн ХААН банкны 5926023758 дугаартай данс руу шилжүүлэн авч 1.875.000 төгрөгийн хохирол учруулан залилсан...” гэж цаг хугацааны хувьд сүүлчийн үйлдэл болохыг дурдсан байх бөгөөд уг гэмт хэрэг хаана үйлдэгдсэн болох нь тодорхойгүй орхигджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Уг хэрэг адил эрх бүхий өөр шүүхэд харьяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ.” заасан тул анхан шатны шүүхийг хэргийн харьяалал зөрчсөн гэж үзэхгүй.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Гын өмгөөлөгч Ж.Батбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/547 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Гын өмгөөлөгч Ж.Батбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14  хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

ШҮҮГЧ                                                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

           

ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ