| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Одмаа |
| Хэргийн индекс | 128/2026/0177/З |
| Дугаар | 221/МА2026/0540 |
| Огноо | 2026-07-30 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2026/0540
С ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2026/0495 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З-ын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэгч шүүгч Ц.Одмаа
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: С ХХК
Хариуцагч: Барилгын хөгжлийн төв, Хяналт шалгалтын газар
Гуравдагч этгээд: Г ХХК, Л ХХК
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Б.Ж, Б.С
Гуравдагч этгээдийн төлөөлөгч Л.Б
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Л
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан
Хэргийн индекс: 128/2026/0177/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2026/0495 дугаар шийдвэрээр Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13, 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.1, 37.1.16, 48 дугаар зүйлийн 48.1, 48.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан С ХХК-иас Барилгын хөгжлийн төв, Хяналт шалгалтын газарт тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:
2.1. Барилгын тухай хуулийн 4.1.12-т "барилгын ажил гүйцэтгэгч гэж захиалагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр барилгын ажлыг гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг" гэж заасан ба Г ХХК болон Л ХХК-иуд нь С ХХК-ийн орон сууц, үйлчилгээний зориулалттай барилга /13-15-р давхар/-ын ажлын гүйцэтгэгч юм. “Х” ХХК-ийн боловсруулсан HD-2014-03 шифртэй зургийн дагуу С ХХК-ийн Хан-Уул дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах барилга 12 давхар хүртлээ баригдсан ба энэхүү зураг нь барилгын үндсэн зураг юм. Гэтэл Г ХХК-ийн зүгээс “Э” ХХК-иар зургийн өөрчлөлт хийлгэхдээ Г ХХК болон Л ХХК-ийг С ХХК-ийн барилгын захиалагчаар оруулсныг Барилгын хөгжлийн төв 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр баталгаажуулсан нь хууль бус юм. Учир нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлд "Захиалагчийн чиг үүрэг", мөн хуулийн 40 дүгээр зүйлд "Барилгын ажил гүйцэтгэгчийн чиг үүрэг"-ийг тус тусад нь тодорхойлон зааж хуульчилсан ба "барилгын ажил гүйцэтгэгч" Г ХХК болон Л ХХК- иуд нь Хан-Уул дүүргийн * дугаар хороо, Үйлдвэр \17060\ Энгельс гудамж 8 тоот хаягт ямар нэгэн барилга захиалж бариулаагүй болно.
2.2. Нөгөөтэйгүүр, С ХХК-ийн барилгын үндсэн зураг нь “Х” ХХК-ийн боловсруулсан HD-2014-03 шифртэй зураг тул өөрчлөлтийн зураг нь “Х” ХХК-ийн зургийн өөрчлөлтөөр бүртгэгдэх ёстой бөгөөд “Х” ХХК-ийн боловсруулсан зураг нь С ХХК-ийн захиалгатай барилга болно. Гэтэл Барилгын хөгжлийн төв нь “Х ХХК-ийн боловсруулсан зургийн өөрчлөлтийг магадлах нэрийн доор Г ХХК болон Л ХХК-иудыг С ХХК-ийн барилгын захиалагчаар зургийн өөрчлөлтөд бүртгэсэн нь Барилгын тухай хуулийн 4.1.12, 4.1.13-т заасныг зөрчиж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөд байна. Барилгын хөгжлийн төв нь зургийн өөрчлөлтийг магадлахдаа Барилгын тухай хуулийг мөрдөх үүрэгтэй бөгөөд зөвхөн албан бичгийг үндэслэн барилгын ажлын захиалагч, гүйцэтгэгчийг дур мэдэн өөрчлөх эрхгүй. Улмаар С ХХК-ийн орон сууц, үйлчилгээний зориулалттай барилгыг байнгын ашиглалтад хүлээн авахдаа барилгын ажлын гүйцэтгэгч болох Г ХХК болон Л ХХК-иудыг захиалагчаар оруулан улсын комиссын актыг үйлдсэн байдаг. Тухайлбал, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2025.04.02-ны өдрийн БА-096/2025 дугаартай дүгнэлтийн "2.3 дахь хэсэг болон 4.1 дэх хэсэгт захиалагчаар Г ХХК болон ЛХХК-иудын нэрийг бүртгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
2.3. Учир нь Г ХХК болон Л ХХК-иуд нь С ХХК-тай байгуулсан гэрээний хүрээнд барилгын ажлын гүйцэтгэгч болохоос биш тухайн барилгын ажлыг гүйцэтгүүлэх сонирхол бүхий этгээд биш юм. Өөрөөр хэлбэл, С ХХК-ийн барилгад ямар ч хөрөнгө оруулалт хийгээгүй, барилга болон газрын өмчлөгч, эзэмшигч биш этгээдийг барилгын захиалагч хэмээн байнгын ашиглалтад хүлээн авч нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн юм. Нэхэмжлэгчийн зүгээс барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулахаас өмнө барилгын ажлын захиалагч болохоо нотолсон баримт хүсэлтийг захиргааны байгууллагад удаа дараа хүргүүлж байсан боловч эдгээр баримт, хүсэлтийг үл харгалзан захиалагч байх ямар ч үндэслэлгүй компаниудын нэрийг улсын комиссын актад оруулсан байна. Тухайлбал, газар эзэмших эрхийн гэрчилгээ, барилгын зураг /”Хар дизайн” ХХК-ийн боловсруулсан/, техникийн нөхцөлүүдээр тус барилгын захиалагч нь С ХХК болох нь хангалттай тогтоогдсоор байтал Г ХХК болон ЛХХК-иудыг захиалагч мэтээр улсын комиссын актад оруулсан нь үндэслэлгүй юм.
2.4. Нөгөөтэйгүүр, С ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан барилгын захиалагчаар барилгын ажлын гүйцэтгэгч болох Г ХХК болон Л ХХК-иуд бичигдсэний улмаас Барилгын тухай хуульд заасан гүйцэтгэгчийн хүлээх үүрэг, хариуцлага байхгүй болох үр дагаврыг үүсгээд байна. Өөрөөр хэлбэл, барилгын ажлын гүйцэтгэгч нар нь захиалагч болж хувирсны улмаас С ХХК-ийн орон сууц, үйлчилгээний зориулалттай барилгын чанар, аюулгүй байдлыг хариуцах эзэнгүй болж, зүгшрүүлэх, тохируулах, чанар байдлыг хариуцах буюу засвар үйлчилгээ хийгдэх боломжгүй болох үр дагаврыг үүсгэсэн. Г ХХК болон Л ХХК-иудын нэрийг улсын комиссын актад хууль бусаар захиалагчаар оруулсан болох нь тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүх дээрх үйл баримтад дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна. Дээрх асуудал нь эрүүгийн журмаар шалгагдаж байгаа ба Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хянагдаж байгаа болно. С ХХК болон Г ХХК-иудын хооронд үүссэн маргаан нь зөвхөн хамтран ажиллах гэрээтэй холбоотой маргаан ба энэхүү захиргааны хэрэгт хамааралгүй юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн зүгээс захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаанд холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба хариуцагч захиргааны байгууллага нь зургийн өөрчлөлт болон улсын комиссын актыг үйлдэхдээ хууль зөрчсөн эсэхийг шүүх хянах учиртай. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн шийдвэр, үйл ажиллагааг хянаж дүгнэлт хийгээгүй ба иргэний шүүх энэхүү маргааныг хянан шийдвэрлэсэн мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь нотлох баримтыг үнэлээгүй байна. Дээр дурдсанчлан, хариуцагч нарын зүгээс барилгын ажлын гүйцэтгэгч Г ХХК болон ЛХХК-иудыг барилгын захиалагч буюу өмчлөгч мэтээр зургийн өөрчлөлт, улсын комиссын актад бүртгэсний улмаас нэхэмжлэгчийн өмчлөх эрх ноцтой зөрчигдөөд байгаа ба барилгын ажлын гүйцэтгэгч этгээдүүдийг Барилгын тухай хуульд заасан хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлийг бүрдүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул хэвээр үлдээж, эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, анх нэхэмжлэгч С ХХК-д 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн * дугаар хороо, Үйлдвэр /17060/ Энгельсийн гудамж 8 тоот хаягт байршилтай, 1944 м.кв талбай бүхий үйлчилгээ, оффисын зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 0007104** дугаар гэрчилгээг олгожээ.
2.2. 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гуравдагч этгээд болох Г ХХК болон нэхэмжлэгч С ХХК нар нь GRI-2020-08-21-01 дугаар Хамтран ажиллах гэрээг байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр Хан-Уул дүүргийн * дугаар хороонд байрлах С ХХК-ийн барьж буй конторын барилгын ажлыг одоогийн байгаа байдлаас бүрэн дуусгах хүртэлх барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон байна.
2.3. 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Л ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн 01 дүгээр тогтоолоор Г ХХК болон С ХХК гэсэн хоёр хувьцаа эзэмшигчтэй ЛХХК-ийг үүсгэн байгуулжээ.
2.4. Улмаар нэхэмжлэгч С ХХК гуравдагч этгээд Г ХХК болон Л ХХК нараас 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/02 дугаар албан бичгээр Хотын стандарт, хяналтын газарт хандан “...Хан-Уул дүүргийн * дугаар хороо, Үйлдвэр /17060/ Энгельсийн гудамж 8 тоот хаягт баригдаж буй С ХХК, Г ХХК, Л ХХК-ийн захиалгатай зоорьтой 15 давхар оффис, үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилга нь бүрэн дууссан тул барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс ажиллуулж өгнө үү” гэх хүсэлтийг гаргаснаар маргаан бүхий 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн БА-096/2025 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гарсан байна.
2.5. Нэхэмжлэгч С ХХК-иас Г ХХК-д холбогдуулан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд “С ХХК болон Г ХХК нарын хооронд 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан GRI-2020-08-21 тоот “Хамтран ажиллах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, уг гэрээний дагуу Г ХХК-д шилжүүлсэн 240 м.кв талбайн үнэд 480,000,000 төгрөгийг гаргуулах, С ХХК, Г ХХК, ЛХХК, Ч ХХК нарын хооронд 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан “Хамтран ажиллах гэрээ”-ний 1.2 дахь заалтын Г ХХК-д холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулан 1,432,975,000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/08922 дугаар шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 0* дугаар сарын 11-ний өдрийн 210/МА2026/00537 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримтууд тус тус тогтоогдож байна.
3. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-д “"барилгын ажлын захиалагч" гэж барилга байгууламжийн барилгын ажил гүйцэтгүүлэх сонирхол бүхий иргэн, хуулийн этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг”, 37 дугаар зүйлийн 37.1-д “Барилгын ажлын захиалагч дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ” гээд 37.1.1-д “барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэх”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулан энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулна”, 48.5-д “Захиалагч энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллагад барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар хүсэлт гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана” гэж тус тус заасан.
3.1. Мөн талуудын байгуулсан хамтран ажиллах гэрээнд “... барилгыг талууд хамтран өмчилж захиран зарцуулах эрхтэй болно”, “... талууд барилгын ажлыг гүйцэтгэх, худалдан борлуулах, ашиглалтад хүлээлгэн өгөх, барилгын ашиглалтыг шийдвэрлэх зэрэг ажлыг гүйцэтгэх зориулалтаар 50/50 хувийн эзэмшилтэй хамтарсан компани байгуулна”, “талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болох бөгөөд ийнхүү өөрчлөх болсон тухай зөвшөөрлөө бичгээр гаргасан байх шаардлагатай ...”, “... гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрхгүй ...” гэх зэргээр талуудын эрх үүргийг тодорхойлсон байна.
3.2. Эдгээрээс үзвэл хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын нэр бүхий зураг төслийн баримт, тэдгээрээс гаргасан хүсэлтийг тус тус үндэслэн маргаан бүхий дүгнэлтийг гаргасан байх бөгөөд үүнийг зөвхөн нэхэмжлэгч хуулийн этгээдийн хүсэлтээр өөрчлөх, аль нэг этгээдийн нэрийг хасах хууль зүйн боломжгүй, иймд хариуцагч нарыг давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хууль бус үйл ажиллагаа ажиллагаа явуулсан, эсхүл хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.
3.3. Учир нь Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолын хавсралт болох “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 5.1-д “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:”, 5.1.1-д “барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан барилгын үйл ажиллагааны зарчим хангагдсан эсэхийг дүгнэх”, 5.1.2-т “Барилгын тухай хуулийн 14.1, 14.2 дугаар хэсэгт заасан шаардлага хангагдсан эсэхийг дүгнэх”, 5.1.3-д “барилгын ажлыг зураг төсөл, норм, нормативын баримт бичигт заасан техникийн үзүүлэлт, шаардлагын дагуу гүйцэтгэсэн эсэх;”, 5.1.4-д “Барилгын тухай хуулийн 40.1.11, 40.1.12-т заасан баримт бичиг, лабораторын шинжилгээний дүгнэлт болон захиалагчийн баталгаажуулалтад үндэслэн хянаж дүгнэх;”, 5.1.5-д “барилга байгууламжид суурилагдсан өргөх байгууламж болон тоног төхөөрөмж, технологийн дамжлага, инженерийн шугам сүлжээнд туршилт, тохируулга, зүгшрүүлэлт хийсэн байдлыг шалгаж, ашиглах боломжтой эсэхийг дүгнэх;, 5.1.6-д “барилгын ажлын явцад барилгын улсын техникийн хяналт хэрэгжүүлэх байгууллагаас хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгасан байдлыг дүгнэх;”, 5.1.7-д “энэ дүрмийн 6.1-т заасан техникийн комисс ажилласан тохиолдолд техникийн комиссын дүгнэлт, илэрсэн зөрчил дутагдал арилгасан эсэх, комиссын гишүүдийн үүрэг даалгаврын биелэлтийг хянах” гэж тус тус зааснаар хариуцагч захиргааны байгууллага нь хууль, дүрэмд заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн байх бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох мөн захиргааны байгууллагыг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
3.4. Түүнчлэн Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Барилгын ажлын захиалагч дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:”, 37.1.16-д “барилга байгууламжийн баримт бичгийн үнэн зөвийг хариуцах;” гэж зааснаар барилга байгууламжийн баримт бичгийн үнэн зөвийг хариуцах нь түүний үүрэг бөгөөд зураг төсөл болон комисс ажиллуулах захиалагчийн хүсэлтээр тодорхойлогдсон захиалагчийг өөрчлөх эрх хариуцагч захиргааны байгууллагад олгогдоогүй.
3.5. Нэхэмжлэгчээс уг шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо “...Хамтран ажиллах гэрээ энэхүү захиргааны хэрэгт хамааралгүй, нэхэмжлэгчийн зүгээс захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаанд холбогдуулан нэхэмжлэл гаргасан” гэжээ.
3.6. Гэтэл хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбар зэргээр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс нь холбогдох хууль, дүрэмд нийцүүлэн маргаан бүхий дүгнэлтийг гаргасан болох нь тогтоогдож байх бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” тусгай зарчимд нийцсэн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2026/0495 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З-с гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Ц.ОДМАА