Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/401

 

 

 

 

        

   2023       12        12                                          2023/ШЦТ/401

                                

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Э.Гэрэлтуяа,

Шүүгдэгч С.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ц-т холбогдох эрүүгийн 2338002830445 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С.Ц-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Ц- нь Хөвсгөл аймгийн Галт сумын нутаг дэвсгэрт 2023 оны 07 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Д.Ө-тай маргалдаж, нүүрэн тус газарт гараараа цохиж, биед нь хамар ясанд хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2338002830445 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч С.Ц- нь Хөвсгөл аймгийн Галт сумын нутаг дэвсгэрт 2023 оны 07 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Д.Ө-тай маргалдаж, нүүрэн тус газарт гараараа цохиж, биед нь хамар ясанд хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ц-ийн өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Ө-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны

07 сарын 24-ний орой 20 цагийн үед амрах байрандаа ирээд амарч байсан. ...Тухайн өдрийн 21 цагийн үед Ц- эхнэрийн хамт манай хажуу өрөөнд байх эгчийнд ирсэн. ...Тэр хоёрыг орж ирэх үед манай эгч “цалин орчихлоо та хоёрынх орсон уу?” гэж асууж байсан. Тэгтэл Ц-, Х- бид хоёрыг цалин орсон юм бол пиво авч өг гэсэн. Тэгэхээр нь би “бид хоёрын цалин арай ороогүй байна” гэсэн. Ц- “цалингаа орохоор авч өгөх юм уу” гэж асуухаар нь “ганц нэгийг авч өгье” гэж хэлээд явуулсан юм. 22 цагийн үед “цалин орлоо” гээд Ц-ийг эхнэртэй нь дуудсан. Тэгээд Х- бид хоёр гарч уулзаад дэлгүүр орж 4 ширхэг 2,5 литрийн Сэнгүр пиво авсан. 23 цагийн үед 3 ширхэг пивоо голын эрэг дээр очиж уусан. Нэгийг нь машиндаа уусан. 2023 оны 07 дугаар сарын 25-ны 03 цагийн үед амрах байр руугаа буцаж явах үедээ бид нар маргалдсан. Ц- явж байх үедээ намайг “чи өөр хүнтэй явалддаг биз дээ янхан минь, гичий минь” гэх мэтээр доромжилж хараагаад байхаар нь уур хүрээд нэг цохисон. Намайг янхан минь гэж хэлээд эргэж хараад шууд хамар руу цохиод авахаар нь би эгчийнд явж ороод эгчдээ хэлсэн. ...Тэгээд Ц-ийг манай эгч хөөж гаргаад, хамраас цус гараад тогтохгүй байсан болохоор Галт сумын эмнэлэг рүү явсан. ..Эмч нь үзээд хамар нь хугарсан юм шиг байна. Бид нар энд эмчилж чадахгүй, Мөрөн рүү явсан нь дээр гэсэн. Тухайн өдрийн 14 цагийн үед замын машинд суугаад 17 цагийн үед Мөрөнд ирсэн. 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 09 цагт Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт чих хамар хоолойн тасагт үзүүлж рентген зураг авахуулж, гэмтлийн эмчид үзүүлсэн. Намайг үзсэн эмч 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр рентген зургаа аваад мэдрэлийн эмчид болон нүдний эмчид үзүүлээд хариугаа аваад ороод ир гэсэн. Толгой хавантай, хамар хугарсан байна. 14-21 хоног хэвтрийн дэглэм барь гэсэн. Чих хамар хоолойн эмч дээр очиж хамраа тэгшлүүлэх эсэхээ асууж уулзаарай гэсэн. Чих хамар хоолойн эмч хамрынхаа хавдрыг буулгаад ирж тэгшлүүлээрэй гэсэн. ...21 хоног хэвтрийн дэглэм барьж алдсан хоногийн цалингаа Ц-аас гаргуулж авмаар байна. Мөн миний хамар хугарч бяцарсан, бяцарсан хэсгийг нөхөх хагалгаанд орж янзална гэсэн. Тэр зардлаа мөн гаргуулж авмаар байна. Нийт 6,680,000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17, 19 тал/,

Гэрч Н.Б-гийн өгсөн: “Бид нар ажлаасаа буугаад амрах байрандаа амарч байсан манай ажпын Д.Ө-, Х- нар манай өрөөнд орж ирэхээр нь би “та нар эрт унтаж амар” гэж хэлсэн чинь “за” гэж хэлээд Д.Ө- Х- хоёр өрөөндөө орсон. Тэгээд удалгүй Х- нь өрөөнд орж ирээд “Ц-, Мөнгөнөө хоёр дуудаад байна, бид хоёр хальт гарчихаад ирье” гэж хэлээд гарсан. Тэгээд би унтаж амарч байсан чинь үүрийн 04 цаг болж байсан байхаа манай өрөөний хаалга хүн цохиод байхаар нь би босоод хаалга онгойлгож өгсөн чинь Д.Ө-гийн хамраас цус гарсан байдалтай, Ц- нь намайг зодчихлоо гэж хэлж байсан. Тэгээд би болсон талаар Д.Ө-гаас асуугаад байж байсан чинь араас нь Ц- нь эхнэртэйгээ орж ирэхээр нь би Ц-аас асуусан. “Чи яагаад эмэгтэй хүн цохиж байгаа юм бэ” гэж асуухад намайг хэл амаар доромжлоод байхаар нь би уурандаа эргэж хараад цохисон чинь нүүр рүү нь цохисон гэж хэлж байсан. Тэгээд би юунаас болж яагаад маргалдсан юм бэ гэж асуухад Д.Ө- нь надад бид нар архи уугаад сууж байсан чинь Ц- намайг “чи нөхөртэй байж энд юу хийгээд яваад байгаа юм бэ” гэж хэлэхээр нь би өөдөөс нь “танай эхнэр чинь ч гэсэн нөхөртэй ш дээ” гэж хэлсэн чинь намайг цохисон гэж хэлсэн чинь Ц- хажуугаас нь “хүний эхнэрийг ингэж хэлж байхад хэн ч гэсэн уурлана ш дээ” гэж надад хэлсэн. ...Д.Ө- нь бол арай гайгүй байсан. Ц- нь бол нэлээд уусан харагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29 тал/,

Гэрч Б.М-ийн “...2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр орой 23 цаг өнгөрч байхад намайг Галт суманд нөхөртөйгөө хамт байж байхад Х- над руу чатаар 20,000 төгрөг зээлчих гээд байхаар нь би дансаа гэсэн чинь бэлнээр авна гэхээр нь “”АТМ хаасан байна дэлгүүр ороод юм аваад өгчих” гээд байхаар нь манай нөхөр Ц- бид хоёр машинтайгаа очсон. Бид хоёрыг очиход гэрээс Х-, Д.Ө- хоёр гарч ирээд манай машинд суугаад дэлгүүр орчих гэхээр нь дэлгүүр явсан. Тэгээд дэлгүүрийн гадаа ирэхэд Х-, Д.Ө- хоёр дэлгүүр ороод 5 ширхэг том пиво авсан байсан. Хэн авсан юм бэ гэж асуухад Д.Ө- авсан гэж байсан. Тэгээд манай нөхөр бид хоёртой пивоо уух болоод сумаасаа бага зэрэг гарсан. Тухайн үед Д.Ө-гийн өгсөн пивийг уухгүй гэсэн чинь хүн авч өгж байхад яагаад уухгүй байгаа юм бэ гэж байсан. Тэгээд манай нөхөр бид хоёр явлаа гэсэн чинь Д.Ө- нь машин тэрэгтэй хүмүүс сайхан юм байна гээд маргаан болж эхэлсэн. Манай нөхөр маргаж байхдаа Д.Ө-д “чи нөхрөөсөө өөр хүнтэй явалддаг биз дээ” гэсэн чинь Д.Ө- манай нөхрийн ардаас шууд жийгээд авсан. Үүний дараа манай нөхөр эргэж хараад Д.Ө-гийн хамар хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэгээд Д.Ө-гийн хамраас цус гараад гэрт нь хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Батмөнхийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 413 дугаартай: “...Д.Ө-гийн биед хамар ясанд хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаандаа үүсгэгджээ. Д.Ө-гийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 34 тал/,

Иргэний нэхэмжлэгч Г.Аззаяагийн: “...Д.Ө-гийн эмчилгээ үйлчилгээ авсан эсэхийг шалгахаар эрүүл мэндийн даатгалын сангаас шүүж үзэхэд нийт 120,000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг авсан байсан. Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 120,000 төгрөгийг буруутай хүнээс нь нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/,

Хохирогч Д.Ө-гаас цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 11-12 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 тал/,

Шүүгдэгч С.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2023 оны 07 дугаар сард би Галт сумын төвд сургуулийн барилга дээр эхнэрийн хамт ажилладаг байсан. Тэгээд 07 дугаар сарын 24-ний өдөр ажилчдын цалин буух болоод манай эхнэр болон бид хоёр цалин маань орсон харин Х-, Д.Ө- хоёр цалин нь ороогүй байсан юм. Энэ хоёр тухайн үед надтай хамт ажилладаг байсан хүмүүс байгаа юм. Энэ өдрийн орой 23 цаг өнгөрч байхад Х- манай эхнэр рүү чатаар 20,000 төгрөг байвал зээлээч гэхээр нь дансаа гэсэн чинь дансаар авах боломжгүй байна бэлнээр өгчихөөч гээд байхаар нь манай эхнэр бид хоёр Х-ийн гэрийн гадаа 20,000 төгрөгийг нь өгөх гээд очсон чинь Х-, Д.Ө- хоёр гэрээс гарч ирээд манай машинд суугаад дэлгүүр орчих гэсэн. Тэгэхээр нь дэлгүүрийн гадаа очоод зогссон чинь энэ хоёр дэлгүүр ороод гарч ирэхдээ 5 юм уу 6 том пиво аваад гарч ирээд манай машинд суугаад сумын төвөөс жоохон гарчих юм ууя гэсэн. Тэгээд би хэлснээр нь сумын төвөөс бага зэрэг гараад эд нартай хамт пиво уусан. ...Ууж байгаад Д.Ө- намайг янз бүрээр хэл амаар доромжлоод байхаар нь би урдаас нь чи ч гэсэн “нөхөртэй юм байж хүн амьтантай явалддаг биз дээ” гэсэн чинь шууд миний ардаас хөлөөрөө жийгээд авахаар нь уур хүрээд эргэж хараад Д.Ө-г цохисон чинь хамрыг нь оноод цохисон байсан. Тэгээд тухайн үедээ Д.Ө-гийн хамраас цус гараад байхаар нь гэрт нь хүргэж өгөөд ах, эгч хоёртой нь уулзаад үнэн учраа хэлчихээд манай эхнэр бид хоёр харих гээд яваад өгсөн. ..Уг нь мөнгө өгье гэхээр урдаас 3-4 сая төгрөг нэхээд байгаа. Бас залгахаар утсаа авахгүй байгаа. Эмнэлгээр уг нь цуг явна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Д.Ө-, гэрч Т.Н.Б-, Б.М-, иргэний нэхэмжлэгч Г.Аззаяа нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Батмөнхийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 413 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч С.Ц- нь Хөвсгөл аймгийн Галт сумын нутаг дэвсгэрт 2023 оны 07 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Д.Ө-тай маргалдаж, нүүрэн тус газарт гараараа цохиж, биед нь хамар ясанд хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.

Шүүх шинжилгээний албаны тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Ө-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч С.Ц-ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч С.Ц-ийн идэвхтэй үйлдэл, хохирогч Д.Ө-гийн бие махбод, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч С.Ц-ийн хохирогч Д.Ө-гийн эрүүл мэндэд  халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч С.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч С.Ц-ийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохиролд хохирогч Д.Ө- нь мөрдөн шалгах ажиллагааны үед ажилгүй байсан хугацааны цалин, эмчилгээний зардалд нийт 6.680.000 төгрөгийг нэхэмжилжээ /хх-ийн 16 тал/.

Шүүгдэгч С.Ц- нь хохирогч Д.Ө-тай 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “...Талууд харилцан тохиролцож эвлэрсэн. Эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг 2023.12.05-ны өдөр дансаар хүлээж авсан. 2024.01.30-ны өдрийн дотор 500.000 төгрөгийг С.Ц- нь Д.Ө-д төлөхөөр талууд харилцан тохиролцов” гэх эвлэрлийн гэрээ, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгч байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц-аас 500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ө-д олгох нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 21-22, 25 талд Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн цахим системийн зардлын мэдээлэл, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан тоот, иргэний нэхэмжлэгч Г.Аззаяагийн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлнэ гэж зааснаар шүүгдэгч С.Ц-аас 120.000 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Ц-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Хавтаст хэргийн 44-47 талд авагдсан .. зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч С.Ц- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч С.Ц- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч С.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” санал гаргасныг харгалзан шүүгдэгч С.Ц-ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар

шүүгдэгч С.Ц-т оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаагаар төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.

Эрүүгийн 2338002830445 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч С.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц-ийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц-т оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч С.Ц-т оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц-аас 500.000 (таван зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ө-д олгосугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч С.Ц-аас 120.000 (нэг зуун хорин мянга) төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд оруулсугай.

7. Энэ хэрэгт шүүгдэгч С.Ц- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй, хохирогч Д.Ө- нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.Ц-аас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             М.ЭРДЭНЭ-ОЧИР