Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2020/03208

 

2020 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2020/03208

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т.Б

Хариуцагч: П.Э

Гэрээний үүрэгт 45.900.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: П.Э нь 27.000.000 төгрөгийн зээлийн гэрээг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр байгуулж 7 хоногийн хугацаатай, 20 хувийн хүүтэй зээлдсэн. Зээлээ төлөхгүй элдэв шалтаг хэлж, биднээс зугтан утсаа авахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. П.Э нь ганцхан надаас мөнгө зээлээд зогсоогүй өөр олон хүнээс мөнгө авсан, бусдын автомашиныг ломбардад тавиулж мөнгийг нь авч хүмүүсээс зугтаж алга болсон. П.Эрэнэхуяг нь зээлсэн мөнгөө өгнө, алданги нэмж төлнө гэж бичгээр хүсэлт бичиж өгсөн. Иймд хариуцагч П.Эаас үндсэн зээл 27.000.000 төгрөг, сарын хүү 5.400.000 төгрөг, алданги 13.500.000 төгрөг нийт 45.900.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч П.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Т.Б надаас нэхэмжилсэн үнийн дүн нь хуулийн дагуу зөв бурууг тогтоож өгнө үү. Би шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрийг төлнө. Нэхэмжлэлийн үнийн дүн бодит эсэхийг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч П.Эт холбогдох гэрээний үүргийн биелэлтэд 45.900.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч П.Э нь нэхэмжлэгч Т.Боос 27.000.000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай, 20 хувийн хүүтэй зээлдэж авсан болох нь 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцоно гэж заажээ.

Хариуцагч П.Эийн шүүхэд гаргасан хариу тайлбараар гэрээний дагуу мөнгийг шилжүүлж авсан болох нь тогтоогдож байгаа тул гэрээ, хуульд зааснаар мөнгийг эргүүлэн төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч гэрээний хүүнд 5.400.000 төгрөг шаардсан боловч зохигчид зээлийн гэрээг 7 хоногийн хугацаатай байгуулж, гэрээг сунгаагүй тул 7 хоногийн хүүнд 1.260.000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

Талууд зээлийн гэрээний 5.1-т зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн нөхцөл зөрчсөн бол гэрээний үүргийг зөрчсөнд тооцож зээлдүүлэгч гэрээг цуцалж, алданги торгууль, төлөгдөөгүй үлдсэн зээлийг төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож алдангийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Иймд хариуцагч П.Эаас үндсэн зээл 27.000.000 төгрөг, 7 хоногийн хүү 1.260.000 төгрөг, алданги 13.500.000 төгрөг нийт 41.760.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Бид олгож, үлдэх 4.140.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Хариуцагч П.Эт энэ өдрийн шүүх хуралдааныг шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийнэ 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч П.Эаас 41.760.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Бид олгож, үлдэх 4.140.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 387.450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч П.Эаас 366.750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Бид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, нэхэмжлэгч, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА