| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2020/03019/И |
| Дугаар | 102/ШШ2020/02916 |
| Огноо | 2020-10-06 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2020/02916
| 2020 оны 10 сарын 06 өдөр | Дугаар 102/ШШ2020/02916 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, Рапид харш, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух, З овогт Ц-ийн О /РД: 00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Гаалийн 1 дүгээр байр, 8 тоот хаягт оршин суух, Харчин овогт Бат-Эрдэнийн Баясгалан /РД: УЗ89032615/-д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, цэцэрлэгийн төлбөрт 3,674,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон хуралдаанд гаргасан тайлбарт: Ц.О миний бие нь Б.Б-тай 2015 онд танилцан үерхэж байгаад 2016 онд жирэмсэн болсон. Жирэмсэн болсны дараа 2016 оны 9 дүгээр сараас Баянгол дүүрэг, Гаалийн 1 дүгээр байрны 8 тоот орон сууцанд нөхөр Б.Б, хадаж ээж С.Н-ийн хамт амьдарсан. Бидний дундаас 2016 оны 10 дугаар сарын 19-ны өдөр охин Б.И төрсөн. Хамтран амьдрах хугацаанд зан харилцааны хувьд таарч тохирдоггүй, Б.Б нь тогтмол гэртээ байдаггүй, 7 хоногт 1 удаа гэртээ хонодоггүй, хүүхэддээ анхаарал халамж тавьдаггүй байсан. Энэ байдал удаан үргэлжилсэн тул 2019 оны 4 дүгээр сараас эхлэн Ц.О миний бие нь охиноо аван тусдаа амьдарч байна. Иймд хариуцагчаас хуульд заасан хугацаа, хэмжээгээр хүүхдийн тэтгэлэгийг гаргуулж өгнө үү. Мөн охин Б.И нь Ивээлийн найзууд гэх цэцэрлэгт хүмүүждэг, цэцэрлэгийн төлбөр нь жилийн 7,500,000 төгрөг, үүнээс 7,338,000 төгрөг Ц.О төлсөн тул төлбөрийн 50 хувь буюу 3,674,000 төгрөгийг хариуцагчаас буюу эцэг Б.Бгаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Б-гийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Б.Б миний бие нь Ц.О-тай 2015 онд танилцан үерхэж байгаад 2016 оны 9 дүгээр сараас Баянгол дүүрэг, Гаалийн 1 дүгээр байрны 8 тоот орон сууцанд нөхөр Б.Б, ээж С.Н-ийн хамт амьдарсан. Бидний дундаас 2016 оны 10 дугаар сарын 19-ны өдөр охин Б.И төрсөн. Хамтран амьдрах хугацаанд зан харилцааны хувьд таарч тохирдоггүй байсан, 2019 оны 4 дүгээр сараас эхлэн Ц.О нь охиноо аван тусдаа амьдарч байна. Охиндоо хуульд заасан хугацаа, хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг төлөх, цэцэрлэгийн төлбөрийн 50 хувь буюу 3,674,000 төгрөгийг төлөхийг бүрэн хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч Б.Б-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хүүхдийн цэцэрлэгийн төлбөрт 3,674,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ц.О, хариуцагч Б.Б нар 2015 онд танилцан, 2016 оны 9 дүгээр сараас хамтран амьдарсан ба гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй, тэдний дундаас 2016 оны 10 дугаар сарын 19-нд охин Б.И-г төрүүлсэн, тэд зан харилцааны таарамжгүй харьцааны улмаас 2019 оны 4 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаануудаар тогтоогдож байна.
Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүүхдийн тэтгэлэгийг эцэг Б.Б-гаас гаргуулах нь зүйтэй. Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийн 50 хувь буюу 3,674,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. Учир нь охин Б.И нь Ивээлийн найзууд цэцэрлэгт хүмүүждэг, сургалтын төлбөрт 7,348,000 төгрөгтөг нэхэмжлэгч төлсөн болох нь Ивээлийн найзууд цэцэрлэгийн захиргаа, сурагчийн эцэг, эхтэй хийх төлбөртэй сургалтын гэрээ, Голомт банкны 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 7,348,000 төгрөг төлсөн тухай төлбөрийн баримтаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр төрсөн охин Б.И-д 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээний 50 хувиар, 11-ээс 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Б.Б-гаас гаргуулан олгосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан цэцэрлэгийн сургалтын төлбөрт 3,674,000 төгрөгийг хариуцагч Б.Бгаас гаргуулж, нэхэмжлэгч Ц.О-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107,230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 107,230 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР