Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 555

 

 

 

 

 

 

    2020            5             5                                          2020/ДШМ/555

 

 

Б.Б.Б, Б.М, М.Н нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Баярхүү,

шүүгдэгч Б.Б.Бий өмгөөлөгч Ж.Энхтуяа,

шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Б.Тэнгис, М.Түмэннаст,

шүүгдэгч М.Нийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/423 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Эрдэнийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр Б.Б.Б, Б.М, М.Н нарт холбогдох эрүүгийн 1802005170285 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. Б.М,
  2. Б.Б
  3. М.Н,

            Шүүгдэгч Б.М, Б.Б.Б, М.Н нар нь санаатай нэгдэн, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, удирдан төлөвлөж, үүрэг оролцоог хувиарласны дагуу М.Н Б.Б.Б нар нь 2018 оны 11 дүгээр сарын 16-наас 17-ны өдрийн хооронд Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, 7 ширхэг зиплок түгжээ бүхий гялгар уутанд тусгайлан савласан, савлагааны хамт 33.8 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, улмаар уг бодисыг 2018 оны 11 дүгээр сарын 18-ны Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн шалган нэвтрүүлэх боомтоор хууль, олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон бараа буюу “Мөс”-г Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1. 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар, Б.Б.Б, М.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Б.Б, М.Н нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д заасан тус тус зүйлчилж ирүүлснийг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Б.Б, М.Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д заасан тус тус хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Боржигон тайж овгийн Баатарын Б.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон, гэмт хэргийг зохион байгуулсан, бусадтай бүлэглэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Алаг адуут овгийн Батхүүгийн Б.Б, Тайж овгийн Мягмаржавын М.Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон, гэмт хэргийг гүйцэтгэсэн, бусадтай бүлэглэн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Б.Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,  Б.Б.Б, М.Н нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д зааснаар тус бүрийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар Б.М, Б.Б.Б, Б.М.Н нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Мын цагдан хоригдсон 137 хоног, шүүгдэгч Б.Б.Б, Б.М.Н нарын цагдан хоригдсон 354 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-д тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 4 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, хэрэгт мөрийн баримтаар хураагдсан 5 давхарын галын гидрантын хайрцагнаас хураан авсан 7 ширхэг зип лок түгжээтэй 33,8 грамм жинтэй “мөс”, цагаан өнгийн гуурс, толгой хэсэг нь хагарсан тарианы шил, судалтай цагаан өнгийн гуурс зэрэг /Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа/ эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт үүрэг болгож, Прокурорын 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн “Тоёота кроун” маркийн 27-12 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, тухайн машиныг хууль ёсны эзэмшигч Б.Мт буцаан олгож, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М, Б.Б.Б, Б.М.Н нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Б.Б.Бий 2009 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Б.Энхрийгийн асрамжийн асуудлыг Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3, 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар асран хамгаалагч томилох, асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.М, Б.Б.Б, Б.М.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж цагдан хорьж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.  

Прокурор Г.Эрдэнэ бичсэн улсын яллагчийн эсэргүүцэлдээ: “...Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тодорхойлсон “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж үйлдсэн” гэж тодорхойлсон гэмт үйлдлийг,

2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг “...улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол..” гэж өөрчилсөн нь гэмт хэргийн үйлдлийн шинжийн хувьд өөрчлөөгүй, зөвхөн түүнд оногдуулах Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн байна.

Шүүхээс шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан “Хууль буцаан хэрэглэх” зарчмыг баримталж хэрэглэх нь зүйн хэрэг ба үүнтэй маргаагүй.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх үед “мансууруулах бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн” гэмт хэргийн үйлдлийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тодорхойлж оруулсан байтал, Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхдээ ямар хууль зүйн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх болсныг шүүх тодорхойлж, шийтгэх тогтоолд дүгнээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг шүүх шийдвэрийн тодорхойлох хэсэгт заавал дүгнэх ёстой атал “мансууруулах бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн” үйлдлийн зүйлчлэлийг хэрхэн хөнгөрүүлэн өөрчилж байгаа талаар ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй бичигдсэн байна” гэсэн шаардлагыг зөрчсөн гэж үзнэ.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/423 дугаартай шийтгэх тогтоолыг зүйлчлэлийг хөнгөрүүлсэн үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийлгэх зорилгоор хүчингүй болгуулах, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу улсын яллагчийн эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Шүүгдэгч Б.Б.Бий өмгөөлөгч Ж.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.  

Шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч М.Түмэннаст тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Шүүгдэгч М.Нийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд нэг зүйлчлэлээр зүйлчилж ял шийтгэл оногдуулсан. Иймд давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд прокурорын эсэргүүцлийг шийдвэрлэх байх. ...” гэв.

Прокурор Б.Баярхүү шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокурорын газраас шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Б.Б, М.Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д заасан тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Б.Б, М.Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д заасан тус тус хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэснийг хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус хуульчилжээ.

Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх гэдэг нь шинээр батлагдсан хуулийг дагаж мөрдөгдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт шинэ болон урьд үйлчилж байсан хуулиудын аль хөнгөнийг хэрэглэх явдал бөгөөд ex post facto буюу шинэ хуулийг түүнээс өмнөх үйл баримтад хэрэглэх гэсэн зарчмыг удирдлага болгодог.

Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэх ойлголтууд хууль зүйн хувьд өөр өөр ойлголт бөгөөд тэдгээрийг шүүхээс зөв тайлбарлан хэрэглэхдээ хууль, шударга ёсны болон гэм буруугийн зарчимуудыг зайлшгүй дагаж мөрдөгдөх ёстой.

Шинэ Эрүүгийн хуулиар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсныг хууль тогтоогчоос өмнөх хуулиар гэм хэрэгт тооцож байсан нийгэмд аюултай гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсгийг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгосон байхыг шаарддаг.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэдэг нь ялын төрөл, хэмжээ хөнгөрсөн, хариуцлага эсхүл шийтгэлээс чөлөөлөх шинэ нөхцөлүүдийг нэмсэн, хөөн хэлэлцэх хугацааг багасгасан зэрэг байдлаар илэрдэг юм.

Харин ял шийтгэлийг хөнгөрүүлсэн хууль гэдэгт тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын дээд доод хугацаа, хэмжээг багасгасан, өмнө үйлчилж байсан хуульд зааснаас хөнгөн төрлийн шийтгэл оногдуулахаар хуульчилсан, хөнгөн шийтгэл сонгож хэрэглэх боломжтой буюу сонгох санкцыг тогтоосон хуулийг ойлгодог.

Шүүгдэгч Б.Б.Б, Б.М, М.Н нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хуульд 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орсон байна.

2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуулийн өөрчлөлтөд тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн /Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх/ гэмт хэргийн шинжээс “...мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж үйлдсэн” гэсэн хүндрүүлэх шинжийг хасаж, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад /мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/ “...улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх шинж болгон өөрчлөлт оруулжээ.

Дээрх байдлаас үзвэл мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисыг Монгол Улсын улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон гэж үзэхгүй.

 Шүүгдэгч Б.Б.Б, Б.М, М.Н нарын үйлдлийг анхан шатны шүүх ямар үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шинжээр зүйлчилсэн, улсын хилээр нэвтрүүлсэн гэх үйлдлийн шинжийг хэрхэн үгүйсгэсэн нь тодорхойгүй байх тул Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, ...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцүүлж, хэргийг хянан шийдвэрлэж байхад анхаарвал зохино. 

Иймд прокурорын улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б.Б, Б.М, М.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/423 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б.Б, Б.М, М.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцэх хүртэл Б.Б.Б, Б.М, М.Н нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

                               

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                          Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

ШҮҮГЧ                                                                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

 

ШҮҮГЧ                                                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ