| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Одмаа |
| Хэргийн индекс | 128/2025/0458/З |
| Дугаар | 221/МА2026/0576 |
| Огноо | 2026-08-06 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2026/0576
О.Б, Ц.А нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2026/0420 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэгч шүүгч Ц.Одмаа
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч:О.Б, Ц.А
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Гуравдагч этгээд: Т.Т
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Ц.А
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 128/2025/0458/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2026/0420 дугаар шийдвэрээр “...Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай 5 дугаар зүйлийн 5.1.5, 21 дүгээр зүйлийн 21.1, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.Б, Ц.А нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 957 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч О.Б, Ц.А нарт Нийслэлийн Засаг дарга газрын эрхийн захирамж гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож” шийдвэрлэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:
2.1. Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу үнэлж, хэргийн бодит нөхцөл байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн тухайд: Анхан шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг дутуу үнэлж, Захиргааны ерөнхий хууль болон Газрын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч нар шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тухай: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана гэж заасан. Нэхэмжлэгч нар маргаан бүхий асуудлаар нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 05-02/435 тоот албан бичгээр тус гомдлын хариуг хүргүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч нар тус хариуг авснаас хойш хуулийн хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлж, 03 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль ёсны үүрэгтэй байтал хугацаа хэтэрсэн нэхэмжлэлд эрх зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчимд нийцэхгүй байна.
Захиргааны байгууллага хууль бус эс үйлдэхүй гаргасан эсэх: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т "Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно" гэж заасан бөгөөд иргэн Ц.А, О.Б нар нь газар эзэмших хүсэлтээ гаргаж байгаагүй тул эс үйлдэхүй гэж үзэх үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Ц.А-д 2003 онд олгогдсон "цагаан гэрчилгээ"-ний хугацаа 2005 онд дуусгавар болсон бөгөөд үүнээс хойш нэхэмжлэгч нарын зүгээс Газрын тухай хуулийн 37 дугаар зүйл 37.1-т "Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ гаргах...", гэж заасны дагуу газар эзэмших эрхээ үргэлжлүүлэн сунгуулах, эсхүл шинээр захирамж гаргуулах тухай албан ёсны хүсэлт, өргөдлийг дүүргийн холбогдох байгууллагад гаргаж байгаагүй үйл баримт тогтоогдсон.
Иргэн хуульд заасан журмын дагуу өөрөө хүсэлтээ гаргаагүй байхад захиргааны байгууллагаас дур мэдэн шийдвэр гаргах боломжгүй юм. Анхан шатны шүүх иргэний зүгээс хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай үйлдлийг анхааралгүй, захиргааны байгууллагыг "үндэслэлгүйгээр эс үйлдэхүй гаргасан" гэж дүгнэсэн нь Газрын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа боллоо.
Итгэл хамгаалах зарчим үйлчлэхгүй: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-т "Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг баримтална" гэж заасан. Хууль ёсны итгэл хамгаалах зарчим нь зөвхөн хууль ёсны дагуу үүссэн эрхэд үйлчилдэг. Нэхэмжлэгч Ц.Аын газар эзэмших эрх (2 жилийн хугацаатай цагаан гэрчилгээ)-ний хугацаа нь 2005 онд дуусгавар болсон. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т "Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ гаргах...", мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-т "газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй" бол газар эзэмших эрх дуусгавар болохоор тус тус хуульчилсан.
Нэхэмжлэгч Ц.А нь хуулийн хугацаанд сунгуулах хүсэлт гаргаагүй тул түүний газар эзэмших эрх 2005 онд дуусгавар болсон бөгөөд түүнд хамгаалагдах "хууль ёсны итгэл", эрх зүйн үр дагавар үүсээгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн газар эзэмших эрх дуусгавар болсон үйл баримтыг дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болсон байна. Тэрээр захиргааны байгууллагын эс үйлдэхүйтэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм.
Нийслэлийн Засаг даргын А/957 дугаар захирамж нь шүүхийн шийдвэрийг биелүүлсэн, Үндсэн хуулийн өмчлөх эрхийг хамгаалсан хууль ёсны акт мөн: Нийслэлийн Засаг дарга шинэ акт гаргахдаа Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 0486 дугаар шийдвэрийг удирдлага болгосон. Шүүхийн шийдвэрээр гуравдагч этгээд Ж.Аын өмчлөх эрхийг бүхэлд нь хүчингүй болгоогүй, харин "нөхцөл байдлыг судалж шинэ акт гаргах"-ыг даалгаж, актыг түдгэлзүүлсэн байдаг. Захиргааны байгууллага шүүхийн шийдвэрийн агуулгад нийцүүлэн, бодит нөхцөл байдлыг судлах ажиллагааг хийсэн. Ингэхдээ Ж.Аын хууль ёсны өмчлөлийн 700 м.кв газраас нэхэмжлэгч нарын байшингийн суурь бүхий бодит давхцалтай 81 м.кв талбайг хасаж, үлдэх 619 м.кв талбайгаар зөвтгөн өөрчилж А/957 дугаар захирамжийг гаргасан. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний хууль ёсны "өмчлөх эрх"-ийг хамгаалсан хууль зүйн бүрэн үндэслэлтэй шийдвэр. Иймд, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2026/0420 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой үнэлээгүй, өмнө хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийн агуулгыг буруу тайлбарлаж, хэрэглэсний улмаас ямар нэгэн буруугүй гуравдагч этгээд Ж.Аын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Түүнчлэн анхан шатны шүүх нь төрийн байгууллагын үйл ажиллагаа, эс үйлдэхүйн үр дагаврыг гуравдагч этгээдэд үүрүүлсэн нь захиргааны эрх зүйн суурь зарчим болох хууль ёсны итгэлийг хамгаалах, эрх зүйн тодорхой байдлыг хангах, эрх ашиг сонирхлыг тэнцвэржүүлэх зарчмуудад нийцээгүй байна.
Хүчин төгөлдөр болсон 2018 оны Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр хариуцагч Нийслэлийн Засаг даргад нэхэмжлэгч нарт газар заавал өмчлүүлэх, эзэмшүүлэх талаар шууд үүрэг хүлээлгээгүй болно. Харин тухайн үеийн бодит нөхцөл байдлыг дахин нягталж, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тэнцвэржүүлэн шинэ захиргааны акт гаргахыг даалгасан байдаг. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан шүүх захиргааны байгууллагад шинэ акт гаргахыг даалгаж болох боловч захиргааны байгууллагын хуулиар олгогдсон эрхийг орлон хэрэгжүүлэхгүй байх эрх зүйн агуулгатай бүрэн нийцэж байна. Гэтэл анхан шатны шүүх дээрх шийдвэрийг нэхэмжлэгч нарт, газар эзэмших хүсэлт гаргаагүй этгээдэд газрыг заавал олгох ёстой байсан мэтээр тайлбарлаж, өмнөх хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийн агуулгыг өргөтгөн тайлбарласан нь хууль хэрэглээний алдаа гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, 2018 оны шүүхийн шийдвэрээр гуравдагч этгээд Ж.Аын өмчлөх эрхийг хүчингүй болгоогүй, мөн өмчлөх эрхийг нь дуусгавар болгох талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байхад анхан шатны шүүх энэхүү шийдвэрийг өөр агуулгаар тайлбарлаж, шүүхийн шийдвэрийн хүчин чадлын хүрээнээс давсан эрх зүйн дүгнэлт хийсэн байна. Ийнхүү өмнөх хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийн агуулгыг буруу тайлбарласнаар захиргааны байгууллагын хуульд заасан эрхэд шүүх үндэслэлгүйгээр халдсан бөгөөд энэ нь эрх мэдэл хуваарилах үндсэн зарчимтай нийцэхгүй юм.
2018 оны шийдвэрээр хариуцагч Нийслэлийн Засаг даргад 3 сарын дотор шинэ акт гаргахыг даалгасан боловч хариуцагч хуулийн хугацаанд үүргээ биелүүлээгүй нь дан ганц захиргааны байгууллагын өөрийнх нь буруутай үйлдэл, эс үйлдэхүй мөн чанартай холбоотой билээ. Төрийн байгууллага ажлаа хугацаанд нь хийгээгүй, хариуцлага алдсаны төлөө хууль ёсоор 20 гаруй жил газраа өмчилж, захиргааны актын хүчин төгөлдөр байдалд итгэж ирсэн гуравдагч этгээд Ж.А өмчилсөн газраа алдаж, эрх зүйн байдал нь дордож хохирох ёсгүй. Захиргааны алдаатай, хойрго, хариуцлагагүй үйл ажиллагааны эрсдэлийг хувийн эрх зүйн субъект иргэнд үүрүүлдэггүй байх нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан "хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим"-ын цөм бөгөөд Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэний өмчлөх эрхийн баталгаа мөн. Хариуцагч Нийслэлийн Засаг даргаас хожимдуулж хугацаа хэтрүүлсэн ч гэсэн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр А/957 дугаар захирамж гаргаж, Ж.Аын өмчлөлийн газраас нэхэмжлэгч нарын байшингийн суурьтай давхацсан 65 м.кв талбайд хасалт хийж зөвтгөсөн байдаг. Энэхүү захиргааны акт нь нэгдүгээрт, 2018 оны шүүхийн шийдвэрийн даалгаврыг бодит нөхцөл байдалд нийцүүлэн гүйцэтгэж, давхцалыг арилгасан шүүхийн шийдвэр биелүүлсэн акт мөн. Хоёрдугаарт, Ж.Аын хувьд үлдсэн хууль ёсны газрыг нь баталгаажуулж өгсөн Захиргааны ерөнхий хуулийн маргаангүй "Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт" юм. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд зааснаар иргэнд ашигтай, эрх зүйн эерэг үр дагавар бий болгосон хууль ёсны захиргааны актыг хүчингүй болгох нь гуравдагч этгээдийн эрхийг дордуулсан үйлдэл боллоо.
Анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийг биелүүлж гарсан, иргэний хууль ёсны эрхийг хамгаалсан тус А/957 тоот захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь захиргааны эрх зүйн үндэслэлтэй байх болон эрх ашиг сонирхлыг тэнцвэржүүлэх зарчмуудыг бүдүүлгээр зөрчсөн байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Тогтоогдсон үйл баримтын тухайд:
3. Анх маргаан бүхий газарт 1995 онд Б.Ц-д 400 м.кв, О.Бд 400 м.кв газрыг тус тус, 1996 онд Д.Т-т 300 м.кв газрыг амины хашааны зориулалтаар эзэмшүүлэхээр Амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн үнэмлэх тус тус олгогдсон, үүний дараа Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Иргэдийн газар эзэмших эрхийг баталгаажуулж, гэрчилгээжүүлэх тухай 62 дугаар захирамжийг үндэслэн 400 м.кв газрыг /70 а тоотын гэх/ эзэмших эрхийг Ц.Аын /н.Ц-ийн хүүхэд/ нэр дээр 2003 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 0104070** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр баталгаажуулсан,
- Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжаар 700 м.кв газрыг /70 а тоотын гэх/ Ж.Ат /Д.Т-ын эхнэр/ өмчлүүлсэн, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/335 дугаар захирамжаар О.Бд 287 м.кв /70 тоотын гэх/ газрыг эзэмшүүлж, эрхийн гэрчилгээ олгосон, нэгж талбарын 186453198114** дугаар бүхий 700 м.кв /70 а тоот/ газар болон хэн нэгэнд эзэмших эрх үүсээгүй нэгж талбарын 186453198184** дугаар бүхий 264 м.кв /70 б тоотын/ газруудыг Ж.Аын нэр дээр, нэгж талбарын 186453197944** дугаар бүхий 278.1 м.кв /70 тоот/ газрыг О.Бы нэр дээр тус тус газрын мэдээллийн санд бүртгэсэн,
- Ж.А нь өөрийн нөхөр Д.Т-ын /1997 онд нас барсан/ 1996 оны 96642 дугаар Амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн үнэмлэх-ийг өөрийн нэр дээр шилжүүлэх хүсэлтийг 2003 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албанд, 70 а тоотын 40х17.5 м харьцаатай 700 м.кв газрыг өмчлөн авах хүсэлт-ийг 2003 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр мөн дүүргийн Засаг даргад, 70 а тоотын газрын илүү 256 м.кв хэсэг газрыг хамтран амьдрагч Г.Д-д шилжүүлэх хүсэлт-ийг мөн дүүргийн Газрын албанд 2003 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр тус тус гаргасан,
- нийслэлийн Засаг даргын 2003 оны 413 дугаар захирамжаар Ж.Ат 70 а-ийн 700 м.кв, Г.Д-д 70 б-ийн 256 м.кв газрыг тус тус өмчлүүлсэн, Г.Д-ийн 256 м.кв газар өмчлөх эрхийг 2 газар өмчилсөн гэх үндэслэлээр нийслэлийн Засаг даргын 2005 оны 330 дугаар захирамжаар хүчингүй болгож, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Д.Т-ын охин Т.Б гуравдагч этгээд Т.Т нарын байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу тус газар Т.Т-ын өмчлөлд шилжсэн болох үйл баримтууд тус тус тогтоогдсон,
4. Нэхэмжлэгч О.Б, Ц.А нараас “нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжийн Ж.А, Г.Д нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2018/0486 дугаар шүүхийн шийдвэрээр хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэж, маргаан бүхий захирамжийн Ж.Ат холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
4.1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2018/0542 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулсан бол Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 480 дугаар тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр байна.
4.2. Улмаар нийслэлийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх, иргэний өмчилсөн газарт өөрчлөлт оруулах тухай” А/957 дугаар захирамжаар дээрх шүүхийн шийдвэрүүдийг зааж, Сүхбаатар дүүргийн 18-р хороо, бэлхийн 37 дугаар гудамжны 70а тоотод өмчлөх эрх олгосон нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжаар Ж.Ат өмчлүүлсэн газрын хэмжээг 619 м.кв болгон өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.
4.3. Ийнхүү нэхэмжлэгч нараас “нийслэлийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/957 дугаар захирамжийн Ж.Ат холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, О.Б, Ц.А нарт газрын эрхийн захирамж гаргахгүй байгаа нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
4.4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нараас маргаан бүхий газрын асуудлаар захиргааны байгууллагад удаа дараа хандсаар байхад татгалзсан хариуг өгч ирсэн, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдийг 5 жил 7 сарын дараа нэр төдий биелүүлж маргаан бүхий захирамжийг гаргасан нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай болон Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн, улмаар нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн талаар үндэслэлтэй зөв дүгнэсэн хэдий ч хэргийн шийдэл буруу байна.
4.5. Тодруулбал, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхын тулд биелэгдэх боломжтой, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдийн хувьд эрх нь сэргэж болохуйц байх ёстой. Гэтэл анхан шатны шүүх нийслэлийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/957 дугаар захирамжийн Ж.Ат холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, мөн зөвхөн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоосноор нэхэмжлэгч нарын зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол бодитойгоор сэргэх боломжгүй нөхцөл байдалд хүрэх, цаашлаад гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх үр дагавартай байна.
4.6. Учир нь 1995 онд Б.Ц-д 400 м.кв, О.Бд 400 м.кв газрыг, 1996 онд Д.Т-т 300 м.кв газрыг тус тус эзэмшүүлэхээр Амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн үнэмлэх олгосон, энэ хүрээнд нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын хэн аль нь тус тусын гэрчилгээнд заасан газрыг эзэмших эрхтэй бөгөөд энэ талаар Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 480 дугаар тогтоолд тодорхой дүгнэсэн байхад анхан шатны шүүх нийслэлийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/957 дугаар захирамжийн Ж.Ат холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчимд нийцээгүй байна.
Энэ талаарх гуравдагч этгээдийн “... 2018 оны шүүхийн шийдвэрээр гуравдагч этгээд Ж.Аын өмчлөх эрхийг хүчингүй болгоогүй, өмчлөх эрхийг нь дуусгавар болгох талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй, төрийн байгууллага ажлаа хугацаанд хийгээгүй, хариуцлагагүй байсны төлөө хууль ёсоор 20 гаруй жил газраа өмчилж, захиргааны актын хүчин төгөлдөр байдалд итгэж ирсэн гуравдагч этгээд Ж.А өмчилсөн газраа алдах, эрх зүйн байдал нь дордож хохирох ёсгүй ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй.
4.7. Нөгөөтэйгүүр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хариуцагч захиргааны байгууллагын шинжлэн судалж тогтоох нөхцөл байдлыг тодорхой зааж, тухайн ажиллагааг хийж, нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоосны эцэст дахин шинэ акт гаргах замаар маргааныг нэг мөр шийдвэрлэх үүргийг хариуцагчид хүлээлгэсэн байхад хариуцагч энэхүү үүргээ гүйцэт биелүүлээгүйн улмаас маргааныг даамжруулсан гэж үзэхээр байна.
4.8. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн гүйцэд тодруулалгүйгээр тийнхүү шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч нарын зөрчигдсөн эрхийг сэргээсэн гэж үзэхээргүй байх бөгөөд нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс үзэхэд, тэдгээрийн туйлын хүсэл нь анх эзэмшиж байсан газрын эрхийг баталгаажуулж зохих шийдвэрийг гаргуулах, тухайн газраа бодитойгоор эзэмшиж, ашиглах агуулгаар маргаж, үүнийгээ ч давж заалдах гомдлыг хэлэлцэх шүүх хуралдааны явцад илэрхийлсэн.
4.9. Иймээс давж заалдах шатны шүүх нийслэлийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/957 дугаар захирамжийн Ж.Ат холбогдох хэсгийг хүчингүй болгосон хэсгээс түүнд анх эзэмшүүлсэн 300 м.кв хэсгийг хасч, үлдэх 319 м.кв-д холбогдох хэсгийг хүчингүй болгон, нэхэмжлэгч О.Б, Ц.А нарт газар өмчлүүлэх захирамж гаргахгүй байгаа нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч О.Б, Ц.А, гуравдагч этгээд Т.Т нарт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн хүрээнд талуудын хэн алины эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөлгүйгээр Газрын тухай хуульд заасан журмын дагуу шаардагдах захиргааны акт гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгах нь зүйтэй байна.
4.10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2026/0420 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай 5 дугаар зүйлийн 5.1.5, 21 дүгээр зүйлийн 21.1, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.Б, Ц.А нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, О.Б, Ц.А нарт газар өмчлүүлэх захирамж гаргахгүй байгаа нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нийслэлийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/957 дугаар захирамжийн Ж.Ат өмчлүүлсэн 619 м.кв газраас түүнд анх эзэмшүүлсэн 300 м.кв хэсгийг хасч, үлдэх 319 м.кв-д холбогдох хэсгийг хүчингүй болгон, нэхэмжлэгч нар болон гуравдагч этгээдэд холбогдуулан шаардагдах захиргааны акт гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээн, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Ц.ОДМАА