| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2024/0020/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/36 |
| Огноо | 2024-01-26 |
| Зүйл хэсэг | 17.12.2.2., |
| Улсын яллагч | Э.Уламбаяр |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Урангоо,
Улсын яллагч Э.Уламбаяр,
Хохирогч С.Н-,
Шүүгдэгч Ц.Г-, түүний өмгөөлөгч Ч.Будхүү,
Шүүгдэгч Г.И- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Г-, Г.И- нарт холбогдох эрүүгийн 2338000000486 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ц.Г-,
Монгол Улсын иргэн, Г.И-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.И-, Ц.Г- нар нь бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Б.Б-ийн адуунд байсан С.Н-гийн өмчлөлийн 1 тооны халиун морийг шунахайн сэдэлтээр авч бусдад 1.500.000 төгрөгийн хохирол учруулан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2338000000486 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Г.И-, Ц.Г- нар нь бүлэглэн шунахайн сэдэлтээр 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Б.Б-ийн адуунд байсан С.Н-гийн өмчлөлийн 1 тооны халиун морийг авч 1.500.000 төгрөгийн хохирол учруулж, “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Н-гийн өгсөн: “...Энэ хоёр хүн хоёулаа хөтөлж аваачаад зараад мөнгийг нь хувааж авсан. ...хохирлоо бэлэн мөнгөөр барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.И-ын: “...2023 оны 10 дугаар сарын эхээр С.Н- гэж хүний морийг авсан. Өөр хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Г-ийн: “...Би С.Н- гэдэг хүний морийг 10 дугаар сард авсан...” гэх мэдүүлэг,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 30-31 тал/,
Хохирогч С.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ” “...2023 оны 10 сард хэдний өдрийг нь мэдэхгүй байна, Алаг-Эрдэнэ сумын 4-р багийн Засаг дарга Б.Б- гэх хүний адуунд миний халиун зүсмийн таван хошуу тамгатай миний өөрийн унаган 1 тооны адуу алга болсон. Дараа нь сураг сонсоод байхад Алаг-Эрдэнэ сумын 4-р багийн иргэн Идэрээ, Б- нар Б.Б-ийн адуунаас барьж аваад явсан байсан. Энэ талаар 4-р багийн дарга Б.Б- нь сайн мэдэж байгаа. Надад морь чинь алга болсон байна гэж Б.Б- анх хэлсэн. Тэгээд байж байтал манай утас руу Идэрээ гэх хүн залгаад би танай морийг авсан, би төлж өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи өөрөө ирж надтай уулз гэсэн чинь ирээгүй. Идэрээ гэдэг нь одоо Алаг-Эрдэнэ сумын 4-р багт байдаг Б- гэдэг нь тус сумын 1-р багийн иргэн одоо байгаа байх би уулзаагүй байгаа. Би Б.Б- гэх хүнд урд өмнө халиун морийг бага үрээ морь байхад нь зараад тэгээд буцааж Б.Б- гэх хүнээс худалдаж авсан. Намайг зарсан хугацаанд тэдний адуунд байсан болохоор ижилссэн байсан. Хавар хазаараа мултлаад Б.Б- гэх хүний адуунд очиж нийлсэн байсан тэрнээс хойш би тэдний адуунд байж байг гээд барьж аваагүй тэнд нь үлдээсэн... Хөтлөөд явж байхыг нь харсан хүн байдаг. Тэрийг Б.Б- дарга сайн мэдэж байгаа тэдний бас нэг морийг нь миний морьтой хамт авч явсан байсан. Б.Б- араас нь хөөцөлдөж яваад морио олоод авсан байх сайн мэдэхгүй морийг нь ачиж авчирч өгсөн сураг байсан. Манай өөрийн гурван нүдэн чандмань тамгатай миний алдсан морь дээр Б.Б- гэх хүний тамга давхар дарсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 тал/,
Гэрч Б.Б-ийн өгсөн: “...С.Н- надаас Халиун зүсмийн адуугаа буцааж худалдаж авсан. Тэр халиун зүсмийн морь нь алга болохоосоо өмнө манай байсан манай адуутай ижилсэн байсан учир С.Н-гийн адуунаас салаад гүйж ирээд манай адуунд нийлдэг. С.Н- гэх хүний манай адуунд байсан 1 тооны халиун зүсмийн таван хошуу тамгатай морь манай адуунд байхгүй. 2023 оны 10 сарын эхээр адуун дотроос алга болсон эрэл сурал болоод явсан чинь манай нутгийн залуу манай адуутай хамт адуу нь байдаг. Г.И- 1-р багийн залуу Ц.Г- нар барьж аваад хөтөлж Мөрөн оруулж ирээд зарсан байсан. Энэ тухай халиун морины эзэн С.Н-д мэдэгдсэн. Тэгээд С.Н-, Г.И- нар учраа олно гэж байсан. Тухайн үед Г.И-ын унаж явсан хээр зүсмийн морь миний манай морь. Г.И-ын цөөн тооны адуу манай адуутай хамт байдаг Г.И- хардаг болохоор би Г.И-т өөрийн морьдыг унаж байхыг зөвшөөрдөг. Тэр манай хээр морийг унаж яваад буцаагаад аваачиж өгсөн. Тэр морийг хулгайн сэдлээр аваагүй, халиун зүсмийн морийг хулгайн сэдлээр авч яваад зарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/,
Гэрч Ч.Н-ийн өгсөн: “...Би Түнэл сумын нутагт байрлах Үертийн ам гэх газарт үхэр малладаг юм. Би үхрээ саалгахаар эрт босоод үхрээ бөөгнүүлж өгчихөөд 2 адуу харахаар Олны өтгийн урд явж байтал манай ухрийн хашааны араар 2 хээр морь унасан, халиун морь хөтөлсөн хоёр хүн Олны өтөг талаасаа явж байхаар нь би адуу асуухаар явж очиход огт танихгүй 20 гаруй, 30 гаруй насны хоёр залуу явж байсан. Тэр хоёр хүн нь нэг нь нуруугаар өндөр, нөгөө нь намхан биетэй хүн байсан. Хоёулаа хээр зүсмийн морь унасан, нэг нь халиун зүсмийн морь хөтөлсөн явж байсан. Би энэ хоёр хүн дээр очоод мэнд мэдээд, хаанаас хаа хүрэхээр явж байгаа юм бэ гэж асуухад Халуун ус гэх газраас аймгийн төв орохоор явж байна гэж байсан. Тэр хоёр хүний унаж явсан хоёр хээр морь болон хөтөлж явсан халиун морь нь их хөлөрсөн байдалтай харагдсан. Тэр хоёр хүний унаж явсан нэг хээр морь, хөтөлж явсан халиун морь нь зөв талын гуяндаа манай адууны тамгатай адилхан таван хошуу тамгатай байхаар нь би ийм тамгатай адуу хаана байдаг юм бэ гэж асуутал манай тамга байгаа юм, энүүхэнд Халуун ус гэх газарт байдаг гэж хэлэхээр нь би ойр хавьд харагддаггүй л тамга байгаа юм даа, тэгтэл байдаг л юм байна л даа гэж хэлээд би цаашаа явсан. Тэр хоёр хүн аймгийн төв рүү чиглээд явсан. Нэрээ хэлээгүй, тэр үед гэгээ дөнгөж орж байсан болохоор би дээлийн өнгийг нь анзаараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,
Гэрч Б.Ө-ын өгсөн: “...манай сумын 1 дүгээр багийн залуу гоймон Б- гэгч нь манай хээр зүсмийн нас нийлсэн морийг унасан хажууд нь бас нэг хээр морь унасан танихгүй нэг залуутай хамт явж байсан. Би тухайн үед зогсож уулзаагүй тэр чигээрээ хажуугаар нь гарч яваад Мөрөн сумын хойно далан даваад байдаг Ч.Н- гэх айлын морины хашаанд нь авчирсан морьдоо буулгаад тэгээд гоймон Б- гэх залуугийн Мөрөнд байдаг гэрийг нь хаана байдаг талаар хүнээс сураад Мөрөн сумын 10 дугаар багт байдаг гэрийг нь олж очсон. Тэгээд гоймон Б- гэгчтэй уулзсан. Тэр үед гоймон Б- архи согтууруулах ундаа хэрэглэсэн согтуу байхаар нь их юм яриагүй өөрийн хээр зүсмийн морио хашаа дотроос нь ачиж авсан. Тэгээд буцаад хойшоо Ч.Н- гэх айлд буцаад очоод морио буулгаж өвсөлж орхиод айлд хоол цай идээд буцаад орой Ч.Н- ахынд очсон. Тэгсэн Ч.Н- ах Мөрөнгийн төвийн гэрээсээ хойшоо мориныхоо хашаан дээр ирсэн. Тэгээд миний гоймон Б-ас авсан хээр морийг таниад надад хэлэхдээ энэ хээр морийг өглөө үүрээр 5-аас 6-н цагийн үед 2 хээр морь унасан хоёр залуу нэг халиун морь хөтөлсөн орж ирж байсан ярьж байсан тухайн үед зургийг нь авах гээд авч чадаагүй гэж байсан. Тэгээд би аав Б.Б- руу яриад С.Н- гэх хүний халиун морь адуунд байна уу гэж асуусан чинь аав халиун морь байхгүй байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/,
Гэрч Ж.М-гийн өгсөн: “...Би өдрийг нь сайн мэдэхгүй байна сумын төвөөс намайг аваад хөдөө 4 дүгээр багийн Цагаан бургасын ам гэх газар очсон тэгэхэд Ц.Г- манай тэнд ирсэн адуу хашсан хээр зүсмийн морьтой явж байсан. Г.И- бид хоёр гэртээ харьсан. Тэгээд манай хүү Г.И- нь тугалаа хашаад адуу хашсан байсан газар луу мориор явсан. Тэгээд тэр орой гэртээ ирээгүй хоёр хоногийн дараа гэртээ ирсэн. Хэний адуу хашиж ямар морь барьж аваад явсныг нь би мэдэхгүй манай хүү Г.И-ын цөөн тооны адуу багийн дарга Б.Б- гэх хүний адуутай хамт байдаг. Тухайн үед би өөрийн гүү адууг авч явсан байх гэж бодсон. Тэгсэн дараа нь сонсоход Б.Б-ийн адуунд байсан С.Н- гэх хүний морийг аваад явсныг нь мэдсэн өөр надад мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/,
Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 923/8260 дугаартай: “нас нийлсэн бүдүүн морь 1.500.000 төгрөг” гэх үнэлгээ /хх-ийн 44-46 тал/,
Шүүгдэгч Г.И-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2023 оны 10 дугаар сарын эхээр шиг санагдаж байна би Алаг-Эрдэнэ сумын 4 дүгээр багт оройн 16-17 цагийн үед явж байгаад Г- гэдэг нутгийн залуутай таарсан. Тэгээд бид хоёр уулзаж байгаад шинээр айл болсон Эрдэнэмөнх гэдэг айлын гэрт очихоор болоод тэдний гэрт очсон. Эрдэнэмөнхийн гэрт цай унд, архи дарс ууж байгаад оройн 00 цаг хүрсэн байх гэж бодож байна, Г- бид хоёр гэрээс нь гараад харих гээд явсан. Харьж байх замд буюу Алаг-Эрдэнэ сумын 4-р баг Хавчгийн бэл гэх газарт Б.Б- ахын адуу таарсан. Тухайн үед Г- надад морь байна уу авъя гэхээр нь бид хоёр Б.Б- ахын адууг манай гэрийн гадаа аваачиж тууж хашсан. Тэгээд би С.Н-гийн халиун морийг бугуйлдаж өгөх гээд 2- 3 удаа оролдсон боловч чадахгүй байхаар нь уургаа Г-т өгсөн чинь Г- өөрөө тэр халиун морийг бугуйлдаж авсан. Ингээд л бид хоёр шууд тэр халиун морийг аваад Мөрөн сум руу явсан. Тухайн үед Г- өөрийнхөө хээр зүсмийн морьтой, би өөрөө Б.Б- ахын хээр морьтой явсан. Тэгээд аймагт өглөө нар мандсан байж байхад орж ирсэн. Тухайн үед Г- аймаг орж ирээд шууд гэр лүүгээ яваад өгсөн. Харин би тэр халиун морийг авч яваад захын урд нэг танихгүй хүнд 750,000 төгрөгөөр зарсан. Морио зараад Мөрөн сумын Хөх толгойд байдаг таньдаг айлындаа очоод нөгөө морь зарсан мөнгөөрөө архи авч уусан. Ингэж байхдаа би Г-ийг дуудаад ирэхээр нь хамт архи ууж 150,000 төгрөг өгсөн. Г- бид хоёр аймагт бараг 2-3 өдөр хамт архи уусан. ...Тиймээ мэдэж байсан. Бид хоёр тухайн үед С.Н-гийн адууг авна гэж ярилцаж байгаад авсан. Г- бол энийг сайн мэдэж байгаа. ...Энэ асуудал цагдаад мэдэгдэхээс өмнө нь би Г-т хандаж хэрвээ цагдаа мэдэх юм бол чи мэдэхгүй гээд яваарай гэж хэлж байсан. Тэгээд Г- мэдэхгүй гэж мэдүүлэг өгсөн байх. Уг нь бид хоёр тухайн үед адууны мөнгийг нь хуваагаад өгчье гэж ярилцаж байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 59 тал/,
Шүүгдэгч Ц.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Г.И- ах өвөлжөөнийхөө урдаас сүрэг адуу туугаад өөрийнхөө гэрийн гадаа аваачаад хашаад гэртээ ороод хазаар, мяндас хоёр авч гарч ирээд бугуйлаа аваад халиун зүсмийн морь барьж авах гээд бугуйлаа шидсэн боловч онохгүй байсан. Ингэж байгаад Г.И- ах надад чи бугуйл шид гэхээр нь би 2-3 удаа бугуйл шидэж байгаад тэр халиун зүсмийн морийг нь барьсан. ....өглөө 11 цагийн үед Г.И- ах над руу залгаад 10 дугаар хороонд айлд байна чи хүрээд ирэх үү гэхээр нь би байгаа газарт нь явж очиход ах нь морио 750.000 төгрөгөөр зарлаа, ахын дүү мөнгө хэрэгтэй байна уу гэхээр нь хэрэгтэй байна гэж хэлээд 150.000 төгрөг Г.И- ахаас авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 57 тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судласнаар нотлогдож тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд уг нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.И- нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Ц.Г- мал хулгайлах гэмт хэргийг үйлдэж байгааг мэдээгүй...” гэж мэдүүлж байх боловч хавтаст хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч С.Н-, гэрч Б.Б-, Ч.Н-, Б.Ө-, Ж.М- нарын мэдүүлэг, хөрөнгө үнэлсэн тайлан, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шүүгдэгч Ц.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан нотлох баримтын эх сурвалжийг хэргийн үйл баримттай харьцуулан шалгаж, үнэлэхэд шүүгдэгч Г.И-, Ц.Г- нар нь бүлэглэн шунахайн сэдэлтээр 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Б.Б-ийн адуунд байсан С.Н-гийн өмчлөлийн 1 тооны халиун морийг авч 1.500.000 төгрөгийн хохирол учруулж, “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байна.
Хэрэг үйлдсэн цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн талаар шүүгдэгч Г.И-, Ц.Г- нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан шууд болон шууд бус нотлох баримт нь тэдний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.
Шүүгдэгч Г.И-, Ц.Г- нар нь бусдын өмчлөх эрхэд халдаж буй өөрсдийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний хууль бус үйлдэл, бусдын өмчлөх эрхэд учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
“Хулгайлах” гэмт хэрэгт бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд мал хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйл нь таван хошуу мал байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагдана.
Хуульд тайлбарласнаар “мал” гэдэгт хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ хамаарах бөгөөд “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар Г.И-, Ц.Г- нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.И-, Ц.Г- нарыг шунахайн сэдэлтээр бүлэглэн хохирогчийн 1 тооны морийг хулгайлан авч “Мал хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Г.И-, Ц.Г- нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Н-гийн 1 тооны морь хулгайд алдагдаж, 1.500.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч Г.И-, Ц.Г- нар нь гэм буруугийн асуудлыг хэлэлцэх үед хохирол нөхөн төлөх хүсэлт гаргаж, хохирогч С.Н-д хохиролд 1.500.000 төгрөгийг бэлнээр нөхөн төлсөн, энэ талаарх хохирогч С.Н-гийн гар бичвэр хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.И-, Ц.Г- нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.И-, Ц.Г- нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй бөгөөд тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа ...учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хавтаст хэргийн 62-66, 68-71, 80-81, 83 талд авагдсан ... зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Г- нь ... зэрэг түүний хувийн байдал,
Хавтаст хэргийн 74-78, 82 талд авагдсан ... зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.И- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.И-, Ц.Г- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, учруулсан хохирол, гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог зэргийг тус тус харгалзан “Мал хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.И-т 1 жил 2 сарын хугацаагаар, шүүгдэгч Ц.Г-т 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Г.И-, Ц.Г- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Г- нь урьд гэмт хэрэг үйлдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Шүүхээс Ц.Г- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанд улсын яллагчийн: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.И-т 1 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч Ц.Г-т 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” санал,
Шүүгдэгч Ц.Г-ийн өмгөөлөгч Ч.Будхүүгийн: “...миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэх санал зэргийг харгалзан үзсэн болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.И-, Ц.Г- нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.И-, Ц.Г- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Мал хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.И-ыг 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар, шүүгдэгч Ц.Г-ийг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.И-т оногдуулсан 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.Г-т оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.И-, Ц.Г- нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч шүүгдэгч Г.И-, Ц.Г- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР