| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2024/0036/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/39 |
| Огноо | 2024-01-30 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Чингүүн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,
Улсын яллагч Ц.Чингүүн,
Хохирогч Н.Ц-,
Хохирогчийн өмгөөлөгч Э.Ууганбаяр,
Шүүгдэгч В.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.Б-д холбогдох эрүүгийн 2338000000488 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, В.Б-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч В.Б- нь 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт ... ХӨВ улсын дугаартай Киа Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 10.14 дэх хэсэгт заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас тухайн тээврийн хэрэгслийн ард байсан хохирогч Н.Ц-ийг тээврийн хэрэгслийн арын аравч төмрөөр цохиж, эрүүл мэндэд нь зүүн зулай, чамархай ясанд цууралт, тархины чамархайн дэлбэнд няцралт, баруун ташаа, мөрөнд цус хуралт, зүүн чамархайн хуйханд шарх бүхий хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Б-ы гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2338000000488 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэт, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтын талаар:
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт шүүгдэгч В.Б- нь 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ... ХӨВ улсын дугаартай Киа Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 10.14 дэх хэсэгт заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас тухайн тээврийн хэрэгслийн ард байсан хохирогч Н.Ц-ийг тээврийн хэрэгслийн арын аравч төмрөөр цохиж, эрүүл мэндэд нь “зүүн зулай, чамархай ясанд цууралт, тархины чамархайн дэлбэнд няцралт, баруун ташаа, мөрөнд цус хуралт, зүүн чамархайн хуйханд шарх” бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Б-ы: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Ц-ийн өгсөн: “...Би тухайн хэргээс болоод Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан. Шүүгдэгч нь надад эрүүл мэндэд учирсан хохиролд 1.720.000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 500.000 төгрөгийг төлсөн. Үлдсэн 3.500.000 төгрөгөөс 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 1.500.000 төгрөгийг, 2024 оны 2 дугаар сарын 29-ний дотор 2.000.000 төгрөгийг өгөхөөр болж бид эвлэрсэн. Одоо надад ямар нэгэн гомдол болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны үед хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн: “...Үзлэг хийгдэх газар нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр, Эрчим 5 дугаар багийн гудамжны урд талын хойшоо харсан баруун талаасаа 1 дэх хаалганы хажуу талын хашааны грашийн үүдэнд болсон хэргийн талаар тодруулж тээврийн хэрэгслийн осол болох үед ямар байдалтай байсныг гэрч нараар заалгуулж тээврийн хэрэгслийг байршуулан үзлэгийг эхлэв. Тухайн газрын хөрсний байдал нь шороон хэсэгтэй байв. Бонго-3 маркийн ... ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч В.Б-аар тээврийн хэрэгслийг жолоодуулан граш хэсэг рүү ухрааж хэрэг болсон гэх газрыг өөрөөр нь заалгуулахад тээврийн хэрэгслийн арын аравч гэх төмөр хэсэг ухрах үед хохирогч Н.Ц-ийн толгой хэсэгт цохиж гэмтэл учруулсан болохыг жолооч В.Б-аар заалгаж гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-14 тал/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...Үзлэг хийж буй тээврийн хэрэгсэл нь ... ХӨВ улсын дугаартай Киа Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл байх ба уг тээврийн хэрэгсэл нь шар ногоон өнгийн ардаа ачаатай байх ба ачааны хэсэгт нэмэлтээр аравч төмөр байрлуулсан байв. Хохирогч Н.Ц- нь уг тээврийн хэрэгслийн арын аравч төмөрт цохиулсан гэх ба уг хэсгийг үзэхэд аравч төмөр нь зүүн гар талын хэсэгт төмөр түгжээтэй байх ба уг түгжээг мулталж онгойлгоход наашаагаа онгойдог байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-17 тал/,
Хохирогч Н.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Мөрөн сумын 13 дугаар хороонд байдаг мах авдаг газар мах тушаах гэж бэр Ц-, төрсөн хүүхэд Н.Д- нарын хамт өдрийн 15-16 цагийн алдад очсон. Тэгээд махаа тушаагаад явах гэж байсан чинь нэг ... гэсэн дугаартай Портер маркийн машинтай хүн надад “хойшоогоо ухрах гэж байгаа юм аа, ар талын аравч бариад өг” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би хэлснээр нь тэр хүнд туслах гээд машины ар хэсэгт очоод аравчийг нь бариад зогсож байсан чинь эхлээд уг нь аяархан ухарч байсан, тэгж байснаа гэнэт л хүчтэй ухраад тэр машин намайг хүчтэй мөргөөд газар унагаасан. Би тухайн үедээ ухаан алдаад унасан байсан. Босоод ирэхэд толгой тархи өвдсөн толгойны ар хэсгээс цус гарсан байсан. Орой нь толгойгоо бариулсан чинь зүгээр болохгүй байхаар нь маргааш эмнэлэг дээр очоод үзүүлэхэд толгой бэртсэн байна гэсэн хариу гарч байсан. Надад хохирол нийт 1,700,000 төгрөг өгсөн байгаа. Одоо миний бие өвдөөд л байна. Байнгын өвчин намдаах эм ууж байгаа. Одоо Улаанбаатар хот руу явж эмнэлэгт үзүүлнэ. Тухайн тээврийн хэрэгсэл нь мах буулгадаг газар руу ухарч орох гэж байсан юм. ...Миний бие сайн дээрдэж өгөхгүй байгаа. Улаанбаатар хот руу эмчилгээнд явах санаатай байна. В.Б- нь надад дахин хохирол төлбөр төлсөн зүйл байхгүй, нэг удаа 1,700,000 төгрөг өгөөд дахиж мөнгө өгөөгүй байгаа, уулзаа ч үгүй байгаа. Гомдолтой байна, эмчилгээний зардалд гарах мөнгөө нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21, 23 тал/,
Иргэний нэхэмжлэгч Г.А-гийн: “...Би Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн чанар төлбөрийн хяналтын мэргэжилтэн ажилтай юм. 2338000000488 дугаартай хэргийн хохирогч Н.Ц- нь эрүүл мэндийн даатгалын сангаас 1,419,000 төгрөгийн тусламж үйлчилгээний зардал гаргуулан авсан байна. Уг мөнгөн дүнг буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/,
Гэрч И.Э-гийн өгсөн: “...Тэгээд үдээс хойш 14 цагийн үед шиг санагдаж байна нэг эгч нэг банди дагуулаад тэр М- гэдэг ченжэд 2-3 ширхэг ямааны мах тушаагаад явах гэж байсан чинь М- нь тэр эгчтэй хамт явж байсан залууг мах буулгаад өгөөч гэж гуйгаад тэр залуугаар мах буулгахаар болсон. Харин нөгөө залууг хамт явж байсан эгч нь хүлээж байхаар нь манай нөхөр машины ар талын аравч бариад өгөөч хойш ухарч гарааш руу орох гэж байгаа юм гэж хэлээд гуйгаад тэр эгчээр машиныхаа аравчийг бариулсан. Уг нь манай нөхөр бид хоёр машинаа ухраахгүй махаа буулгаж байхад М- жаахан ухраад өгөөч гээд байхаар нь л ухрах болсон юм. Ингээд тэр хүнээр машины ар талын аравчийг бариулаад манай нөхөр машиндаа суугаад ухарч байсан... Тэгээд В.Б- ухарч дуусаад байж байхад М-гийн авгай нөгөө эгч чинь газар сууж байна гэхээр нь гараашнаас гараад харсан чинь тэр эгч сууж байсан. Тэгэхээр нь тэр эгч дээр очоод та юу болов оо гэж асуусан чинь толгой руу цохичихлоо гэж хэлсэн. Толгойг нь үзсэн чинь жаахан цус болоод шалбарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 тал/,
Гэрч Н.Д-ын өгсөн: “...Тэгээд эхний портер машин махыг буулгаад дараагийн мах ачсан портер машин ухарч орохдоо машины жолооч нь манай ээжийг машины арын аравч төмрийг бариад өгөөч гэж хэлж байсан. Тэгээд ээж тэр машины ар талын аравчийг барих гээд очиж байхад нь тэр машин гэнэт хойшоогоо хүчтэй ухрахад нь аравч төмөр нь хойшоогоо саваад манай ээжийн толгойг очоод цохисон юм. Тухайн үедээ манай ээжийн толгойноос цус их гарч байсан. Ингээд би ээжийгээ аваад бариач дээр очиж толгойг нь бариулж байсан. Энэ өдрийн оройноос эхэлж манай ээжийн бие өвдөж эхэлсэн. Маргааш өдрөөс нь эхэлж ээжийг хувийн эмнэлэгт хэвтүүлсэн. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байх, эрүүл байх шиг байсан... Тухайн үед тэр мөргөсөн ах зүгээр зүгээр бариач дээр очоод бариулчих гээд байхаар нь гайгүй байх гэж бодоод өнгөрсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 тал/,
Гэрч Л.М-ын өгсөн: “...Ингээд махаа тушаагаад явах гэхээр нь тэр эмэгтэй хүнтэй явж байсан залууг нь хамт мах буулгаад өгөөч гэж хэлээд 20,000 төгрөг өгөөд хамт мах буулгах гээд махтай машиныг гарааш руу оруулж зогсоохоор болсон. Тэгээд В.Б- машиндаа суугаад ухраад гарааш руу орж байхад гэнэт л гараашийн хаалга дуугараад машин зогсохоор нь би хаалга мөргөчихлөө гэж бодоод очсон чинь нөгөө залуутай хамт явж байсан эмгэнийг В.Б- нь машины ар талын аравч төмрөөрөө цохисон юм байна лээ. Тэгээд л манай эхнэр бид хоёр тэр эмгэний гар бил үү толгойноос нь цус гарсан байхаар нь тэрийг нь арчиж өгөөд явуулсан. Маргааш нь би хүн чанар гаргаад тэр эмгэнийг эмнэлэг дээр байхад нь очоод 100,000 төгрөг өгч байсан. В.Б- нь тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан... Ямар ч байсан В.Б- нь машиндаа суугаад ухарч байхад нь гэнэт л гараашийн хаалга дуугарахаар нь хаалга мөргөчихлөө гэж бодоод харсан чинь тэр эмгэн газар суусан байж байсан. Миний бодлоор В.Б-ыг ухарч байхад нь аравч төмөр нь гараашийн хаалгыг цохиж саваад тэр эмгэнийг цохисон байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 тал/,
Шинжээч М.Батмөнхийн өгсөн: “...Тухайн үедээ гэдэг нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацааг хэлж байгаа юм. Энэ үг нь утгын хувьд ямар нэгэн гэмтлийн зэргийг өөрчлөх нөхцөл болохгүй. Уг хэрэг нь намайг Н.Ц-ийн биед үзлэг хийхээс 6 хоногийн өмнө болсон тул тухайн үед гэдэг нь уг хэрэг болсон гэх цаг хугацаанаас хойш удаан хугацаа гэдгийг нь тооцоолж үзнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 тал/,
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч М.Батмөнхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 534 дугаартай: “Н.Ц-ийн биед зүүн зулай, чамархай ясанд цууралт, тархины чамархайн дэлбэнд няцралт, баруун ташаа, мөрөнд цус хуралт, зүүн чамархайн хуйханд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаандаа үүсгэгджээ. Н.Ц-ийн биед учирсан гэмтэл нь тухайн үедээ Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 45 тал/,
Мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн: “...Жолооч В.Б- нь дараах Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байна. Үүнд: Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх заалт,... мөн дүрмийн 10.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэх заалт,... мөн дүрмийн 10.14 дэх хэсэгт заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэх заалтуудыг зөрчсөн байна” гэх магадлагаа /хх-ийн 48 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13 тал/,
Шүүгдэгч В.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ... 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Мөрөн сумын 13-р хороонд би М- гэдэг ченжийн гараашт мах буулгахаар өөрийнхөө ... ХӨВ улсын дугаартай Бонго-3 маркийн машинтай очоод махаа буулгаж байхад өдрийн 15 цагийн үед Н.Ц- гэдэг нь хоёр хүүхэдтэйгээ хамт ирээд 3-4 ямааны мах өгч байсан. Тэгээд тэр Н.Ц- махааа өгчихөөд явах гэж байхад нь М- хамт явж байсан нэг хүүхдийг нь мах зөөгөөд өгөөч 20,000 төгрөг өгье гэж хэлсэн. Ингээд эд нар тэнд жоохон удахаар нь би тэр Н.Ц-ид хандаж машины ар талын аравчыг барьж байгаач би ухраад гарааш луу орох гэсэн юм аа гэж хэлээд машиндаа суугаад ухрах араандаа хийгээд хөдөлсөн. Уг нь тухайн үед би огцом хөдлөөгүй зөөлхөн аяархан ухарсан. Тухайн үед тэр Н.Ц- гэдэг хүний толгойг машины ар талын аравч машин ухрах үед саваад цохисон юм шиг байсан. Ухарж дуусаад машинааса буугаад ирсэн чинь Н.Ц- эгч доошоо газар суусан байж байхаар нь очоод яав юу болов гэсэн чинь толгойноос нь цус гарсан байхаар нь яах уу эгч гэж хэлсэн чинь тэр эгч өөрөө зүгээр юм шиг байна аа та нар ажлаа хий гэж хэлж байсан. Тэгээд л бид нар бодсон юм байхгүй ажлаа хийж байгаад тараад явсан. Ингээд маргааш өглөө нь тэр эгчийн хүүхдүүд нь залгаад эмнэлэгээр явахгүй бол болохгүй байна гээд унахаар нь би тэр эгчтэй бас хүүхдүүдтэй нь хамт эмнэлэгээр явсан. Тухайн үед амралтын өдөр байсан болохоор өрхийн эмнэлэгт үзүүлсэн. Тухайн үедээ бид нар уг нь тохироод би тэр эгчид 1,200,000 төгрөг өгөөд салж байсан. Гэвч маргааш нь дахиад тэр эгчийн хүүхдүүд нь залгаад эмнэлэгт хэвтүүлэхгүй бол болохгүй байна гээд байхаар нь дахиж уулзаад тэр эгчийг нэгдсэн эмнэлэгийн зүүн талд Далай ван сургуулийн ард байдаг хувийн эмнэлэгт 520,000 төгрөгөөр хэвтүүлэхээр болоод мөнгийг нь би төлсөн. ...Миний машины аравчыг хаалтыг бүтэн онгойлгохоор толинд багтаж харагдаггүй юм. Тухайн үед Н.Ц-ийг би осолтой газар зогсож байсан гэдгийг нь харсан бол зогсох байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 54 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Н.Ц-ийн хохирол, хор уршгийн талаар өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Г.А-, гэрч И.Э-, Н.Д-, Л.М- нарын мэдүүлэг, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 534 дугаартай дүгнэлт, мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн магадлагаа, гэмт хэргийн талаарх, гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шүүгдэгч В.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн өгсөн мэдүүлэг зэргээр шүүгдэгч В.Б- нь 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ... ХӨВ улсын дугаартай Киа Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 10.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 10.14 дэх хэсэгт заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас тухайн тээврийн хэрэгслийн ард байсан хохирогч Н.Ц-ийг тээврийн хэрэгслийн арын аравч төмрөөр цохиж, эрүүл мэндэд нь “зүүн зулай, чамархай ясанд цууралт, тархины чамархайн дэлбэнд няцралт, баруун ташаа, мөрөнд цус хуралт, зүүн чамархайн хуйханд шарх” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Н.Ц-ийн биед тогтоогдсон “...зүүн зулай, чамархай ясанд цууралт, тархины чамархайн дэлбэнд няцралт, баруун ташаа, мөрөнд цус хуралт, зүүн чамархайн хуйханд шарх бүхий” гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд өөрөөр хэлбэл зам тээврийн ослын улмаас авсан гэмтэл болох нь эргэлзээгүй нотлогдсон байх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч В.Б-ы Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч В.Б- жолоодож ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч В.Б- нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрх хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангаж байх тул хэргийн зүйчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч В.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч В.Б-ы гэм буруутай үйлдлийн улмаас Н.Ц-ийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан болох нь Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 534 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол болон гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.
Хохирогч Н.Ц-, шүүгдэгч В.Б- нар нь 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “хохирогч Н.Ц- нь эрүүл мэндэд учирсан хохиролд 1.720.000 төгрөг, сэтгэцэд учирсан хохиролд 4.000.000 төгрөгийг В.Б-аас гаргуулахаар тохиролцсон. Уг мөнгөнөөс эрүүл мэндэд учирсан хохиролд 1.720.000 төгрөг, сэтгэцэд учирсан хохиролд 500.000 төгрөгийг тус тус төлсөн. В.Б- нь үлдсэн 3.500.000 төгрөгөөс 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1.500.000 төгрөгийг, 2024 оны 02 дугаар сарын 29-ний дотор 2.000.000 төгрөгийг тус тус хохирогч Н.Ц-ид өгөхөөр харилцан тохиролцов. Хохирогч Н.Ц- нь ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болно” гэх эвлэрлийн гэрээг байгуулсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б-аас 3.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Ц-ид олгох нь зүйтэй байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр Г.А-г тогтоосон, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн цахим системийн зардлын мэдээлэл, иргэний нэхэмжлэгч Г.А-гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.
Иргэний нэхэмжлэгч Г.А- нь мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 1.419.000 төгрөгийг нэхэмжилсэн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч В.Б-аас 1.419.000 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд олгох нь зүйтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч В.Б-ы гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч В.Б-ы 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт ... ХӨВ улсын дугаартай Киа Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Н.Ц-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хууль дагаж мөрдөгдөж эхэлсэн 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн байх тул эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасныг баримтлан тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” хуулиар тодорхойлж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч В.Б-ы хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч В.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа ...бусад туслалцаа үзүүлсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 57-61, 64-68, 70, 72 талд авагдсан ... зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч В.Б- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч В.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” санал, дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч Э.Ууганбаярын: “...Шүүгдэгч нь гэм буруу дээрээ маргаагүй, хохирогчийн хохирлыг тодорхой хэмжээгээр төлсөн зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү” гэх санал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б-д оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.
Эрүүгийн 2338000000488 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч В.Б- нь хохирогч Н.Ц-ид 2.220.000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б-ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б-д оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч В.Б-д оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б-аас 3.500.000 (гурван сая таван зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Н.Ц-д олгосугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч В.Б-аас 1.419.000 (нэг сая дөрвөн зуун арван есөн мянга) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд олгосугай.
7. Эрүүгийн 2338002200351 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Н.Ц-ид 2.220.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР