Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2020/02885

 


 

 2020 оны 10 сарын 02 өдөр

                102/ШШ2020/02885

                    Улаанбаатар хот       

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар 

            Нэхэмжлэгч З.П-ийн нэхэмжлэлтэй

 

         Хариуцагч С.Х-д холбогдох гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч З.П, хариуцагч С.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З.П нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие С.Хтэй 1999 онд танилцаад, 2002 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулж, 2003 оны 3 дугаар сарын 10-ний өдөр хүү Х.Лтөрсөн.

       Бид гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж хойшид хамтран амьдрах боломжгүй байна. Учир нь:

       Өмнө би 2 удаа шүүхэд хандаад, хамтын амьдрал, хүүгээ бодоод нэхэмжлэлээ татан аваад, С.Хийг уучилсан.

       Гэтэл намайг хорт хавдартай гэж 5 жилийн өмнө оношлогдоход, гэр бүлээс гадуур яваад, охинтой болж, одоо охин 3 нас хүрсэн.

       Ингээд би дахин төрөх боломжгүй болсон тул хүүхэд өргөж авъя эсвэл төрсөн охиныг чинь өргөж авъя гэхэд зөвшөөргүй. Мөн бүхий л баяр ёслол болон бусад үед ч гэртээ ирдэггүй, хонодоггүй. Олон удаа хүү бид хоёр хүлээсэн. Одоо ч ирээгүй байна.

       Иймээс эд хөрөнгийн маргаангүй, надаас хүүхэд гарахгүй тул охин дээрээ очиж амьдарсан нь дээр гэж бодож байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү, гэжээ.

       

       Хариуцагч С.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

       З.Пын ярьж байгаа бүхэн үнэн. Бид хоёр дахин хүүхэд олохгүй болохоор нь надад байгаа юм болов уу? гэж бодоод өөр хүнээс хүүхэд маань гараад 3 нас хүрч байна. Гэхдээ би хамт амьдардаггүй. Надад алдсан зүйл бий. Нэг удаа уучлаад, 20 жилийн амьдралаа бодоод эвлэрье гэж гуйж байна.

       Хүүгийн тухайд заавал шүүх асуух шаардлагагүй гэж үзэж байна. Ээжтэйгээ хамт амьдраад, 17 нас хүрч байна. Эд хөрөнгийн маргаангүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

       

       Нэхэмжлэгч З.П, хариуцагч С.Хд холбогдуулан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

       Зохигчид 1999 онд танилцаад, 2003 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн “Есөнбулаг” сумын Иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлж, 2003 оны 3 дугаар сарын 10-ний өдөр хүү Х.Лыг төрүүлсэн болох нь талуудын тайлбар, Х.Лы цахим үнэлэх, 56 дугаартай “Гэрлэлт бүртгэлийн лавлагаа”, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын “Тодорхойлолт” зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

        Талууд 2020 оноос хойш тусдаа амьдарсан, гэрлэлтээ цуцлуулахыг хариуцагч зөвшөөрөхгүй байгаа хэдий ч өөр амьдрал зохиож, 3 настай охинтой болсон талаараа зөвшөөрсөн тайлбараа шүүх хуралдааны явцад гаргаж, цаашид хамтран амьдрахад эвлэрэх боломжгүй, эвлэрүүлэх арга хэмжээ авсан ч үр дүнд хүрээгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт зааснаар эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.  

          

        Шүүхийн хэлэлцүүлэгийн явцад зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн тайлбар гаргасныг дурдах нь зүйтэй байна.

         

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

           

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

        115.2.1,116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

        1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан З.П, С.Х нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

        2.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

 

        3.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага Говь-Алтай аймгийн “Есөнбулаг” сумын Бүртгэлийн хэлтэст шийдвэрийг хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Солонгод даалгасугай.

 

        4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

         5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.  

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.АРИУНАА