Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/58

 

 

 

 

        

   2024       02        20                                          2024/ШЦТ/58

                                

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн, 

   Улсын яллагч Э.Гэрэлтуяа,

   Шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Б-өд холбогдох эрүүгийн 2438000000058 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Б-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б- нь 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн ... тоотод байрлах гэртээ эхнэр Б.Б-тэй маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж нүүр болон цээж, нуруун тус газарт нь цохиж, хөлөөрөө өшиглөн биед нь зүүн дээд, доод зовхинд цус хуралт, няцралт, цээжний зөөлөн эдэд зөөлөн эдийн гэмтэл, баруун, зүүн тавхайд хөлдөлт бүхий гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б- нь 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн ... тоотод байрлах гэртээ эхнэр Б.Б-тэй маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж нүүр болон цээж, нуруун тус газарт нь цохиж, хөлөөрөө өшиглөн биед нь зүүн дээд, доод зовхинд цус хуралт, няцралт, цээжний зөөлөн эдэд зөөлөн эдийн гэмтэл, баруун, зүүн тавхайд хөлдөлт бүхий гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч Б.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 13, 15 тал/, иргэний нэхэмжлэгч Г.А-н мэдүүлэг /хх-ийн 21 тал/, гэрч Г.Ц-н мэдүүлэг /хх-ийн 25 тал/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 84 дугаартай дүгнэлт /хх-ийн 28 тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 38 тал/, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 41-43 тал/, Хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-ийн 45-46 тал, Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 47-51 тал/, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 52-55 тал/, Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, ярилцлагын тэмдэглэлүүд /хх-ийн 56-64 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 тал/ зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.Б- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.

Хохирогч Б.Б-, шүүгдэгч Б.Б- нар 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр “...талууд харилцан тохиролцож эвлэрсэн. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 94 тал/ байгуулсан, эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд шүүгдэгч Б.Б-өөс 60.500 төгрөгийг шилжүүлсэн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 93 тал/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн 2438000000058 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-өд оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Б-өд оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн 2438000000058 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           М.ЭРДЭНЭ-ОЧИР