Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/85

 

 

 

 

 

 

 

   2024        01          17                                   2024/ШЦТ/85

 

         

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,

Улсын яллагч М.Ариунцэцэг,

Хохирогч Б.Ц,

Шүүгдэгч Т.Д,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Д, Б.Б нарт холбогдох эрүүгийн 2306 03367 2661 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. ***Т.Д,

2. ***Б.Б.

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Т.Д, Б.Б нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч Т.Д, Б.Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

Хохирогч Б.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 06 дугаар сарын 17-ны орой бид хэд айлын найранд орчхоод гарч явсан юм.  Би бага зэргийн согтолттой байсан учраас найрнаас гарахдаа ажлынхаа газрын нэг хүнтэй маргалдаад байрны орцонд Б.Бтай таарсан. Тэгсэн Б.Б ирээд “чи яагаад маргалдаад байгаа юм” гэж хэлээд миний хамар луу нэг удаа цохисон. Тухайн үед миний хамраас цус гоожсон, би хамрынхаа цусыг тогтоочхоод гадаа гарсан. Тэгээд гадаа гараад байрны сааданд ажлынхаа М гэх хүнтэй юм яриад зогсож байсан. Бид хоёр бага зэрэг өндөр дуугаар ярьж байсан. Тэр үед Т.Д ах ирээд намайг яс үндсээр доромжилж над руу дайрч, бид хоёрын дунд маргаан үүссэн. Маргалдах явцдаа миний нүд хэсэг руу цохисон би нүдний ухархай яс хугарсан гэдгийг хэрэг болсноос хойш 4 хоногийн дараа мэдээд яаралтайгаар хагалгаанд орсон...” гэв.

Шүүгдэгч Т.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Үйл баримтын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Цын Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гаргасан гомдол /хх-ийн 4 дэх тал/,

Хохирогч Б.Цын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 9-11 дэх тал/,

Гэрч Б.Мы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-19 дэх тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 8091 дугаартай Дүгнэлт /хх-ийн 24-25 дахь тал/,

Шинжээч эмч Д.Дунгаамаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 53-54 дэх тал/,

Яллагдагч Т.Дын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 63-64 дэх тал/,

Яллагдагч Б.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /72-73 дахь тал/ зэрэг болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Шүүгдэгч Т.Д, Б.Б нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Т.Д нь 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр *** хотхоны гадна хохирогч Б.Цтай хэрүүл маргаан үүсгэж, улмаар нүд рүү нь гараараа цохиж, биед нь халдан эрүүл мэндэд нь ухархайн доод ханын цөмөрсөн хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр *** хотхоны 8 дугаар давхрын орцонд хохирогч Б.Цтай хэрүүл маргаан үүсгэж, улмаар хамар луу нь гараараа цохиж, биед нь халдаж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтууд болон шүүгдэгч нар болон хохирогчоос болсон үйл явдлын талаар тодруулах явцад хохирогчид учирсан хамар болон нүдэнд учирсан гэмтлийг шүүгдэгч Т.Д, Б.Б нар нь тус бүр өөр цаг хугацаанд, өөр газарт, өөр шалтгаанаар учруулсан байх бөгөөд энэ талаараа маргаагүй.

Тодруулбал хохирогч Б.Цт учруулсан хамар ясны хугарлыг Б.Б *** хотхоны 8 дугаар давхрын орцонд учруулсан. Харин ухархайн доод ханын цөмөрсөн хугарал бүхий хөнгөн хохирлыг Т.Д *** хотхоны гадна сааданд сууж байхдаа маргалдаж учруулжээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Доос хохирогчийн биед халдаж байхдаа танаас өмнө Б.Б хохирогчийн хамрыг цохиж гэмтэл учруулсныг мэдсэн эсэх талаар тодруулахад мэдээгүй, сүүлд энэ хэрэг цагдаа дээр шалгагдаж байх үед надаас гадна Б.Б бас цохисон гэдгийг мэдсэн гэж хэлсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ…” гэжээ.

Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийг хоёр болон түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь оролцогч тус бүрийн  гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, хэргийг зөв зүйлчлэх, ялыг ялгамжтай оногдуулахад чухал ач холбогдолтой юм. Энэ хүрээнд гэмт хэрэгт хамтран оролцогчдын хооронд бодит тохироо буюу нэг зорилгод хамтын хүчин чармайлтаар хүч нэгтгэн, үүргээ хуваарилан хүрэх эрмэлзэлтэй байсан эсэх, энэ тухайгаа хоорондоо хэлэлцэн тохиролцсон эсэхийг мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны явцад зайлшгүй нотолбол зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол үйлдэл тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулна…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно…” гэжээ.

Гэтэл шүүгдэгч Т.Д, Б.Ц нарын үйлдэл нь гэмт хэрэгт хамтран оролцсон ямар нэг шинжгүй бөгөөд тус тусдаа гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Энэ талаар шүүхийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж, хэрэв бүлэглэж үйлдсэн гэвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийг журамлах эсэх, үгүй бол тус бүр гэмт хэргийн шинжтэй байх тул хэргийг тусгаарлах талаар зохих шийдвэр гаргах шаардлагатай талаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан боловч улсын яллагчаас эсэргүүцэл бичиж давж заалдах шатны шүүхээс захирамжийг хүчингүй болгосон тул хэргийг яллах дүгнэлтийн хүрээнд эцэслэн шийдвэрлэхээр тогтов.

Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл мөн эсэх:

Улсын яллагчаас “…Шүүгдэгч Т.Д нь хохирогч Б.Цын биед ухархайн доод ханын цөмөрсөн хугарал бүхий гэмтэл учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Мөн шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Цын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий гэмтэл учруулсан нь нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн тухайд шүүгдэгч нар нь хохирогчид 4.361.800 төгрөгийг хохирол учруулсан байна. Уг хохирлоос 2.500.000 төгрөг нөхөн төлсөн байх бөгөөд үлдэгдэл 1.861.800 төгрөгийг Т.Д, Б.Б нараас гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна...” гэх дүгнэлт гаргав.

Харин шүүгдэгч нар нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Т.Дын үйлдлийн улмаас хохирогч Б.Цын биед ухархайн доод ханын цөмөрсөн хугарал бүхий гэмтэл, шүүгдэгч Б.Бы үйлдлийн улмаас хохирогч Б.Цын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий гэмтэл тус тус тогтоогдож, уг гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах тухай Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 8091 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-25 дахь тал/-ээр тогтоосон байна.

Иймд шүүгдэгч Т.Д, Б.Б нарын тус үйлдэл тус бүр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллагдагчаар татсан нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “…эрүүл, аюулгүй орчинд амьдрах…” гэж заасан Монгол Улсын Иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөнд халдсанаас гадна Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “…хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй…” гэж заасан эрхэд тус тус халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай байна.

Шүүгдэгч Т.Д, Б.Б нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.Цын эрүүл мэндэд халдах үедээ хийж буй үйлдлийнхээ үр дагаврыг ойлгож үйлдсэн бөгөөд шүүгдэгч нар нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадваргүй гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд насанд хүрсэн, хэрэг үйлдэх үедээ мансуурсан байдал тогтоогдоогүй, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Б.Цын биед үүссэн гэмтэл нь Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 8091 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “…Б.Цын биед үүссэн зүүн ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд гэмтлийн хөнгөн зэрэг, баруун, зүүн дээд доод зовхи, зүүн нүдний алимны салстын цус хуралт гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэг тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, зүүн хөхлөг сэртэн, баруун бугалга, баруун шуу, зүүн тохойд цус хуралт, зүүн гарын долоовор, дунд хурууны зулгаралт гэмтлүүд нь нийлээд болон тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Д, Б.Б нар нь хохирогч Б.Цын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч нарын гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Улсын яллагчийн зүгээс хохирогчийн баримтаар нэхэмжилсэн хохирол, төлбөрийг хувь тэнцүүлэн гаргуулах саналыг гаргасан боловч шүүхээс гэм буруутай этгээдээс хохирол, төлбөрийг гаргуулахдаа улсын яллагчийн саналын дагуу гаргуулах үндэслэлгүй.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5.4 дэх заалтад “…гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, шүүгдэгч тус бүрээс ямар хэмжээгээр гаргуулах…”-ыг хэлэлцэж шийдвэрлэнэ гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “…Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй…”, мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно…” гэжээ.

Иймд хохирогч Б.Цын биед ухархайн доод ханын цөмөрсөн хугарал гэмтлийг шүүгдэгч Т.Д учруулсан бөгөөд тус гэмтлийг эмчлэхэд зориулж 4.361.800 төгрөгийн баримтыг хэрэгт хавсаргаж нэхэмжилсэн байх бөгөөд тус баримтууд нь зөвхөн нүдний ухархайн хана цөмөрсний улмаас мэс засалд орсон болон түүний эмчилгээтэй холбоотой эм тарианы зардлын баримт болох талаар хохирогч тайлбар хэлсэн тул энэхүү мөнгөн дүнг шүүгдэгч Т.Д хариуцан арилгах нь зүйтэй.

Харин хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтлийг шүүгдэгч Б.Б тус тус учруулсан байх бөгөөд хохирогчоос шүүхийн хэлэлцүүлэгт тухайн гэмтлийг эмчлүүлэхэд надад мөнгө байхгүй тул одоогоор эмчлүүлээгүй байна. Мөн ямар зардал гарахыг мэдэхгүй гэж хэлснийг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч нар хохирогчид учруулсан хөнгөн хохирлыг өөр өөр орон зай, цаг хугацаанд учруулсан байх тул тухайн учирсан гэмтлийг тус бүрдээ хариуцах нь зүйтэй байна.

Иймд хохирогч Б.Цын биед ухархайн доод ханын цөмөрсөн хугарал гэмтлийг шүүгдэгч Т.Д, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтлийг шүүгдэгч Б.Б нар тус тус хариуцах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт “…Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй…” гэх шударга ёсны зарчимд нийцнэ.

Хохирогч Б.Цт шүүгдэгч Т.Д нь 1.500.000 төгрөг, шүүгдэгч Б.Б нь 1.000.000 төгрөгийн хохирол төлбөр төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Т.Д нь хохирогч Б.Цт 2.861.800 төгрөгийн төлөх төлбөртэй, шүүгдэгч Б.Б нь баримтаар бусдад төлөх төлбөргүй байна.

Түүнчлэн шүүгдэгч Т.Д, Б.Б нарын хууль бус үйлдлийн улмаас цаашид учирч болох гэм хорын хохирлыг хохирогч Б.Ц нь нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэхийг тэмдэглэж байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Т.Д, Б.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “...Шүүхээс шүүгдэгч Т.Д, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Т.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна...” гэх дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч Т.Д нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналтай холбогдуулж “...Би хоёр нялх хүүхэдтэй. Манай эхнэр ажил хийдэггүй. Миний хувийн байдлыг харгалзаж үзээд хөнгөн шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна...” гэв.

Шүүгдэгч Б.Б нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналтай холбогдуулж “...Манай ар гэрийн байдал муу байгаа. Манай эхнэр хүнд өвчтэй, бага насны 3 хүүхэдтэй. Миний хувийн байдлыг харгалзан үзээд хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хувийн байдалтай холбогдуулж дараах баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас

/хавтаст хэргийн 47, 48 дахь тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа

/хавтаст хэргийн 35, 41 дэх тал/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Т.Д, Б.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан хохирол, төлбөр төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохоор дүгнэлээ.

Харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Т.Д, Б.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ хийж буй түүний дүгнэлт, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилтод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Т.Д нь хохирол төлбөр төлөх үлдэгдэлтэй, шүүгдэгч Б.Б нь хохиролд төлөх төлбөргүй байдлыг харгалзан торгох ялыг биелүүлэх хугацааг ялгамжтай тогтоохоор шийдвэрлэв.

Иймд шүүгдэгч Т.Дт 3 сарын хугацаанд, шүүгдэгч Б.Бд 6 сарын хугацаанд торгох шийтгэлийг биелүүлэх хугацаа тогтоож, биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Т.Д, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Т.Дыг Эрүүгийн хуулийн тусгай

ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  1. Б.Быг Эрүүгийн хуулийн

тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

Т.Д, Б.Б нарыг тус бүр 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Шүүгдэгч Т.Д нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд, шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

          5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б нь баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Доос 2.861.800 /хоёр сая найман зуун жаран нэгэн мянга найман зуу/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.Цт олгосугай.

7. Хохирогч Б.Ц нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдүүдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Д, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ШИНЭХҮҮ