| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Одмаа |
| Хэргийн индекс | 112/2025/0009/З |
| Дугаар | 221/МА2026/0572 |
| Огноо | 2026-08-06 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2026/0572
С.А гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 112/ШШ2026/0029 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А-н давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэгч шүүгч Ц.Одмаа
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: С.А
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс
Гуравдагч этгээд: “Х” ХК, Н.Х, С.А
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч С.А
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э
Гуравдагч этгээд Н.Х-ын өмгөөлөгч Ж.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 112/2025/0009/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 112/ШШ2026/0029 дүгээр шийдвэрээр Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 13 дугаар зүйлийн 13.5.1, 13.6, 14 дүгээр зүйлийн 14.2, 15 дугаар зүйлийн 15.2, 18 дугаар зүйлийн 18.1, Нотариатын тухай хууль /1997 он/-ийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 9, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан С.А гаас Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2005 оны 11 дүгээр сарын 16, 2012 оны 01 дүгээр сарын 27, 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн өмчлөгч өөрчлөгдсөн бүртгэлийн С.А д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн бүртгэлийн Н.Х-ын өмчлөлөөс С.А гийн өмчлөх эрхтэй 25 хувийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, С.А г тус байрны 25 хувийн өмчлөгчөөр нэмж бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:
2.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, 2004 оны Бүртгэл хөтлөх журам зөрчигдсөн үйл баримтыг буруу үнэлж, өмчлөх эрхийн Монгол улсын үндсэн хуулийн баталгааг алдагдуулсан. Хариуцагч байгууллага 2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өв залгамжлалын бүртгэл хийхдээ тухайн үед мөрдөгдөж байсан "Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам"-ыг ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл Засгийн газрын 2004 оны 48 дугаар тогтоолын хавсралт Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчийн ажиллах журмын 8 дугаар зүйл “Улсын бүртгэгч дараахь үйл ажиллагаа эрхэлнэ” 8.1-д “иргэн, хуулийн этгээдийн эд хөрөнгө өмчлөх эрх үүсэх тухай нотлох баримтуудыг эрх зүйн үүднээс хянан дүгнэлт өгч, өмчлөх эрхийг төрөөс баталгаажуулан”, 8.4-д зааснаар эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг (цаашид "мэдүүлэг" гэх)-ийг хүлээн авч, эрх зүйн дүгнэлт өгөн, мэдүүлэг болон түүнд хавсаргасан нотлох баримтын хуудас бүрд хүлээн авсан тэмдэг дарж, хуудсыг дугаарлан, хүлээж авсан огноо, цаг, минутыг бичсэний дараа цахим санд мэдээллийг оруулна” гэсэн журмыг судлан, улсын бүртгэгч аливаа гэрээ хэлцлийг дүгнэлт хийсний дараа бүртгэлд өөрчлөлт оруулах ёстой байсан эсэхэд анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж С.А гийн өмчлөх эрхийг хамгаалсангүй. Тус журамд зааснаар улсын бүртгэгч нь "...мэдүүлэг, түүнд хавсаргасан нотлох баримт нь хуульд заасан шаардлага хангасан эсэх, иргэдийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн эсэх тухайд эрх зүйн дүгнэлт өгөх" зөрчилтэй буюу хамтран өмчлөгчийн татгалзал байхгүй бол бүртгэхээс татгалзах үүрэгтэй байсан.
2.2. Улсын бүртгэгч журамд заасан энэхүү "эрх зүйн дүгнэлт хийх" үүргээ хэрэгжүүлээгүй, хамтран өмчлөгч С.А гийн бичгээр гаргасан хамтран эзэмшигчээс хасагдах хэлцэл хийгдсэн эсэх, уг хэлцэлд өмчлөх эрхийн гэрчилгээ хавсаргагдсан эсэхэд дүгнэлт хийлгүй, талийгаач эцгийнхээ оногдох хэсгийг ээждээ шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн 2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн баримт бүртгэлийн байгууллагад эх хувиараа ирээгүй байхад бүртгэл хийснийг зөвтгөсөн байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт юм. Хамтран өмчлөгчийн өмчлөх эрх нь зөвхөн "өвлүүлэгч" нас барснаар шууд устаж үгүй болдоггүй бөгөөд Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т заасан өмчлөх эрхийн халдашгүй байдлыг анхан шатны шүүх үгүйсгэж, улмаар С.А гийн өмч хөрөнгийн оногдох хэсгийг захиргааны байгууллага эрх хэмжээний хүрээнд өөрчлөлт оруулж, өмчгүй болгох эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
2.3. Хөрөнгө өвлөгдөх ойлголт, эд хөрөнгийн бүртгэл хийх зохицуулалтуудыг анхан шатны шүүх буруугаар тайлбарлаж, хариуцагч улсын бүртгэлийн байгууллагын шүүхэд өгсөн хариу тайлбарууд болох “Өв залгамжлалын гэрчилгээг үндэслэн” бүртгэл өөрчилсөн гэх, мөн гэрчийн шүүхэд мэдүүлэг өгсөн улсын бүртгэгч Ш.Г-ийн "Өв залгамжлалын гэрчилгээг үндэслэн" бүртгэл өөрчилсөн гэх хууль зүйн бүрэн ойлголтгүй хариуцагч нарын тайлбарыг шүүх зөвтгөх нь захиргааны байгууллагын үндсэн чиг үүргийг бүдгэрүүлж өмч хөрөнгөтэй байх эсэх нь бүртгэгчийн хүсэл зоригт нийцдэг мэтээр тайлбарласан нь шууд агуулгаараа цаашид өмчлөх эрх гэдэг ойлголт үгүйсгэгдэх үндэслэлийг захиргааны шүүхээр баталгаажлаа. Улсын бүртгэлийн байгууллага “Өв залгамжлалын гэрчилгээг үндэслэн" бүртгэлд өөрчлөлт оруулж, С.А г хамтран өмчлөгчөөс хассан нь буруу гэж шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, улмаар шүүхэд энэ үндэслэлээ тайлбарлаад байхад, нотариатын үйлдлээр маргаад байгаа мэтээр өөрөөр тайлбарлаж, захиргааны шүүхэд хамааралгүй нотариатын үйлдлээр дүгнэлт хийж, нэхэмжлэлийг үгүйсгэснийг зөвшөөрөхгүй.
2.4. Ерөнхий зарчмаар хариуцагч татгалзлаа нотлох үүрэгтэй. Улсын бүртгэгч нь эрх зүйч мэргэжилтэй байх шаардлагыг хангасан эсэхийг хариуцагч шүүхэд нотлоогүй бөгөөд эрх зүйч биш хүний эсхүл малын эмч мэргэжилтэй бүртгэгч С.А г өв залгамжлалаас эсхүл өмчлөх эрхээсээ татгалзсан гэж ойлгож бүртгэсэн нь С.А г өмч хөрөнгөгүй хохироож үлдээх үндэслэл мөн эсэх нь маргаан дагуулна. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага өөрийнхөө мөрдөж буй дотоод журам, зааврыг зөрчиж, иргэний үндсэн эрхийг хөндсөн бүртгэл хийсэн бол тухайн акт нь анхнаасаа эрх зүйн үр дагавар үүсгэхгүй илт хууль бус шинжтэй байна гэж үзэж байгаа бөгөөд хамтран өмчлөгч нарын хэн нэгний зөвшөөрөлгүйгээр хийгдсэн бүртгэл анхнаасаа эрх зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдах үндэслэлтэй гэж харж байна.
2.5. С.А нь шүүхэд үнэн зөв мэдүүлэг үүрэгтэй бөгөөд С.А гийн аав С нас барж, төрсөн ах С.Б нь хүч хэрэглэж байсан тул Баянгол дүүргийн * дугаар хороо, ** дугаар байр, 2 дугаар орц, 3 давхарт байрлах 34 тоотод орон сууцны 3-р давхраас 2005 оны 05 дугаар сарын 14-ний өдөр үсэрч хөлийн 2 өсгий бяцарч 2007 он хүртэл хэвтрийн дэглэмд байсан тул нотариатаар ороогүй, ямар нэгэн хэлцэл хийгээгүй байна. Шүүхэд энэ талаар тайлбараа С.А өөрөө мэдүүлсэн бөгөөд 2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод нотариатаар ороогүй, Улсын бүртгэл нотариатаар орчихсон гэдэг агуулгаар үнэн худал нь тодорхойгүй эх баримт ирээгүй байхад өмчлөгчөөс хассан нь зөв эсэхэд давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, өмчлөх эрхийг нь хамгаалж өгнө үү. Учир нь 2003 оны Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 12.5-д “Улсын бүртгэгч дараахь үүрэгтэй”, 12.5.1-д “эрхийн улсын бүртгэлийг үнэн зөв хийх” зарчим нь тус бүртгэгч эрх зүйч мэргэжилтэй байхыг шаардаж буйтай шууд хамааралтай. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нотлох баримт цуглуулахаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Шүүх дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд,
3.1. Эрхийн улсын бүртгэлийн Y-051880001** дугаартай Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ** дүгээр баг, Баянхайрханы **-р байрны 3-16 тоот дахь 26,04 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц нь анх 1998 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэн Б.С /ДЭ490824**/, Л.Н /ДЭ560106**/, С.Б /ДЭ771129**/, С.Б /ДЭ8203101**/, С.А (С.А ) /ДЭ851102**/, С.А /ДЮ930809**/ нарын 6 иргэний хамтын өмчлөлд бүртгэгдсэн байна.
3.2. 2002 оны 05 дугаар сарын 02-ны өдөр өмчлөгч Б.С, Л.Н, С.А (С.А ), С.А нараас орон сууцны үнийг зах зээлийн үнэд нийцүүлэн 6,000,000.00 төгрөгийн үнэтэй болгон бүртгэлд өөрчлөлт оруулах хүсэлт гаргаснаар 00139** дугаартай “Монгол Улсын иргэн Батхүүгийн Сүхбаатар, 4 хүний өмч” гэсэн бичвэр бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 2002 оны 05 дугаар сарын 02-ны өдөр олгосон байна.
3.3. Өмчлөгч Б.С 2004 оны 05 дугаар сарын 06-ны өдөр нас барж, “Өвлөх эрхийн гэрчилгээ”-г түүний эхнэр Л.Н-д олгосноор 19 дүгээр тойргийн нотариатчаас олгосон 16 дугаартай өв залгамжлах эрхийн гэрчилгээ, 2005 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өмчлөгч Л.Н, С.А нарын гаргасан өмчлөгч өөрчлөх мэдүүлгээр бүртгэл хийгдэж уг эд хөрөнгө Л.Н, С.А нарын өмчлөлд бүртгэгдэж, 0001214** дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ 2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр олгогджээ.
4. Гэтэл нэхэмжлэгч С.А гийн хувьд тэрээр 2005 онд Говь-Алтай аймгийн Үл хөдлөх эд хөрөнгийн албанд хандан “Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багт байрлах ** дугаар байрны 2 дугаар орц, 16 тоот, улсын бүртгэлийн 06180001**дугаартай 26,4 м.кв байрыг ээж Лха овогтой Н-д шилжүүлэхэд татгалзах зүйлгүй ...” гэж өөрийн хүсэл зоригоо илэрхийлсэн байна.
4.1. Дээрх хүсэл зоригийн илэрхийллийг нотариатчаар гэрчлүүлсэн байх бөгөөд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно”, 41 дүгээр зүйлийн 41.1-д “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч С.А гийн хүсэл зоригийн илэрхийлэл нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн эх Л.Н-д шилжүүлэхийг зөвшөөрсөн, уг орон сууцтай холбоотой эрхээ шилжүүлэх агуулгатай гэж үзэхээр байна.
5. Захиргааны хэргийн шүүх нь зөвхөн улсын бүртгэлийн байгууллагын бүртгэлийн үйл ажиллагааг хууль бус болон холбогдох журмын дагуу явагдсан эсэхийг процедурын хувьд хянах бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар захиргааны үйл ажиллагаа хуульд нийцсэн болох нь тогтоогдож байна.
5.1. Тодруулбал бүртгэлийн байгууллага нь хууль болон холбогдох журамд заасан шаардлага, бүрдүүлбэрийг хангасан хүсэлтийг үндэслэн бүртгэл хийсэн нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 13 дугаар зүйлийн 13.5-д “Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана”, 13.5.1-д “тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг”, 14 дүгээр зүйлийн 14.2-т “Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно”, 15 дугаар зүйлийн 15.2-т “Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь энэ хуулийн 13 дугаар зүйлийн шаардлагыг хангасан бөгөөд 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол улсын бүртгэгч нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, мэдүүлэг хүлээн авсан өдрөөр эрхийн улсын бүртгэлийн дугаар өгч, хувийн хэрэг нээн бичилт хийж, гарын үсэг зуран, хувийн дугаар бүхий тэмдэгээ дарна”, 18 дугаар зүйлийн 18.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг энэ хуульд заасны дагуу бүртгэсэн бол мэдүүлэг гаргасан иргэн, хуулийн этгээд нь түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид "бүртгэлийн гэрчилгээ" гэх/ олгож, хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана” гэж тус тус заасанд нийцжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо “... улсын бүртгэгч Ш.Г нь эрх зүйч эсэх, 2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн С.А гийн хүсэлт гэх баримт үйлдэгдэх үед тэрээр хүнд өвчтэй, хэвтэрт байсан талаарх нотлох баримтыг цуглуулах байсан ч “шүүх нотлох” үүргээ хэрэгжүүлээгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
6.1. Гэтэл дээрх нөхцөл байдлыг тогтоох зорилгоор нотлох баримт цуглуулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хамааралгүй гэж үзэхээр байх бөгөөд анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулсан мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
7. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 112/ШШ2026/0029 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А-с гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Ц.ОДМАА