Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2020/02750

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 24 өдөр                       Дугаар 102/ШШ2020/02750                        Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         

       Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

       Нэхэмжлэгч Г.Хын нэхэмжлэлтэй

 

       Хариуцагч НШШГт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад

 

       Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ххариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

      Нэхэмжлэгч Г.Х, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хнар нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 102/Ш32019/02226 дугаартай захирамжаар Г.Хыг 727.388.531 төгрөгийг “Худалдаа хөгжлийн” банкинд төлөхөөр эвлэрснийг баталгаажуулан захирамж гарсан байдаг.

Дээрх захирамжийн дагуу НШШГ шийдвэрээс гүйцэтгэх ажиллагаа явуулан, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205039164 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн тойруу 75 дугаар гудамжны 2-11 тоотод байрлах 720 метр квадрат талбайтай Үйлдвэрлэл, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө мөн тус хаягт байрлах нэгж талбарын 1681610012 дугаартай, Э-2205000086 дугаарт бүртгэлтэй 999 метр квадрат талбайтай зоорийн зориулалттай эзэмшлийн газрын хамт битүүмжилсэн бөгөөд төлбөрийн 727.388.531 төгрөгийг 1 сарын дотор төлөх боломжгүй байхад, миний үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар эд хөрөнгийг маань хураан авсан.

     Тэрээр НШШГ өмчлөлийн үйлдвэрлэлийн зориулалттай агуулах газрыг 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулсан албадан дуудлага худалдаагаар ердөө 556.811.500 төгрөгөөр зах зээлийн үнээс маш хямд үнээр бусдад худалдсан болохыг 4-141/23246 дугаартай “Мэдэгдэл”-ээр би 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч мэдсэн.

   

   Иймээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулах ёстой байтал шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч М.З, төлбөр авагч “Худалдаа хөгжлийн” банкнаас үнийн санал аваагүй,“Шинжээч томилох” тогтоолыг өмчлөгчид танилцуулалгүй шинжээч томилсон, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудыг хөрөнгийн үнийн саналын талаар харилцан тохиролцуулах ажиллагаа явуулалгүй тогтоосон үнэлгээг хууль зөрчсөн гэж үзэж байна.

   Хариуцагч үл хөдлөх хөрөнгүүдийг 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр явуулсан 2 дахь албадан дуудлага худалдаанд 554.811.500 төгрөгөөр доод үнийг тогтоон оруулаад, 2.000.000 төгрөгөөр өсгөж бусдад худалдсан нь албадан дуудлага худалдаа хуйвалдааны аргаар бусдад давуу байдал олгон, хөрөнгийг маань хэт үнэгүйдүүлсэн нь тодорхой байна.

  Нэхэмжлэгч шүүхийн шийдвэрээр “Худалдаа хөгжлийн” банкинд 727.388.531 төгрөг төлөх төлбөрөөс албадан дуудлага худалдаагаар бусдад зарагдсан 556.811.500 төгрөгийг хасаж тооцоход “Худалдаа хөгжлийн” банкинд 170.577.031 төгрөгийг нэмж төлөхөөр байгаа нь эрх зөрчигдөж байна.

 Иймд үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү, гэжээ.

 

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

                             Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2019/02226 дугаартай Шүүгчийн захирамжаар төлбөр төлөгч Г.Х болон “Дэлгэр хаан арвижих” ХХК-иас 727.388.531 төгрөгийг гаргуулж, “Худалдаа хөгжлийн” банкинд олгохоор шийдвэрлэсэн.

                            Дээрх шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчид шүүхийн шийдвэртэй өр төлбөрийг төлж барагдуулахыг мэдэгдсэн боловч төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205039164 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн тойруу, 75 дугаар гудамжны 2-11 тоотод байрлах 720 метр квадрат талбайтай Үйлдвэрлэл, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө мөн тус хаягт байрлах нэгж талбарын 1681610012 дугаартай 999 метр квадрат талбайтай зоорийн зориулалттай эзэмших эрхтэй газрын хамт битүүмжилж хураасан.

                          Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу Г.Хаас үнийн санал авахад 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр үл хөдлөх хөрөнгө болон газрыг нийт 3.000.000.000 төгрөгөөр үнэлсэн саналаа ирүүлсэн.

                          Тус үнэлгээг төлбөр авагч “Худалдаа хөгжлийн” банкинд танилцуулахад хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоолгох хүсэлт гаргасан.

                          Талууд хөрөнгийн үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул “ВиннэрВэй” ХХК-ийг шинжээчээр томилж, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоолгон хуулийн хугацаанд мэдэгдэж, хуульд зааснаар гомдол гаргах болон бие даан худалдан борлуулж болохыг анхааруулж тайлбарлан өгсөн.

                          Тус газарт хандан Г.Х хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрч өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах нэг сарын хугацааг олгох хүсэлт гаргасныг шийдвэрлэж хугацаа олгосон бөгөөд төлбөр төлөгч хуульд заасан хугацаанд хөрөнгийг худалдан борлуулаагүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнэлгээчний тогтоосон үнэ 1.109.623.000 төгрөгийн 70 хувь болох 776.736.100 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдаанд 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр оруулахад худалдан борлогдоогүй.

                          Мөн хуульд зааснаар үнэлгээчний тогтоосон үнийн 50 хувь болох 554.811.500 төгрөгөөр тооцож, 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахад 556.811.500 төгрөгөөр худалдан борлогдсоныг төлбөр төлөгчид 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 4-141/23246 дугаар Албан бичгээр мэдэгдсэн.

                            Иймээс шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

        Нэхэмжлэгч Г.Х, хариуцагч НШШГт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

       

      Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад,

    

      Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2019/02226 дугаартай Шүүгчийн захирамжаар, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, хариуцагч Г.Хаас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 727.388.531 төгрөг 39 мөнгийг гаргуулж, нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн” банк ХХК-д олгон, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж, төлбөрөө төлөөгүй тохиолдолд “Дэлгэр хаан арвижих” ХХК-ийн эд хөрөнгөөс үлдэх хэсгийг хангуулахаар шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр хэвээр байна.

        

Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар битүүмжлэгдсэн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Г.Х болох нь Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205039164 дугаарт бүртгэгдсэн, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн 000675647 дугаартай, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр мөн 000006766 дугаартай, Иргэний газар эзэмших эрхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр олгогдсон Үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхийн гэрчилгээгүүдээр нотлогдож байна.

       

        Түүнчлэн нэхэмжлэгч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу төлбөрөө сайн дураараа төлөөгүй талаар маргаагүй бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангуулах үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар маргаж, хариуцагч дараахь ажиллагааг явуулсан нь тогтоогдож байна. Үүнд:

 

        Шүүх хариуцагч НШШГт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШЗ2019/13201 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” Шүүгчийн захирамж мөн өдрийн 1210 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудсын хамт хүргүүлэн, тус байгууллага 141 дугаартай тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.Отгонбаярт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг зөвшөөрч, Шийдвэр гүйцэтгэлийн 203700656 дугаартай хувийн хэргийг нээж, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай” Тогтоол гарчээ.

 

       Дээрх шийдвэрийн дагуу хариуцагч, нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 12 дугаар сарын сарын 10-ны өдрийн 19251338/04 дугаартай Тогтоолоор битүүмжилж,

         

      2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 19251338/05 дугаартай Тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийг хураажээ. 

         

     Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хшүүх хуралдаанд “нэхэмжлэгчид үнийн санал ирүүлэх болон албадан дуудлага худалдаа болохыг мэдэгдээгүй” гэж тайлбарлан мэтгэлцэж байгаа боловч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч, нэхэмжлэгчид 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 19251338/02 дугаартай “Шүүхийн шийдвэр биелүүлэх болон Зарлан дуудах мэдэгдэл”-ийг явуулан,

 

      Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу  нэхэмжлэгч Г.Х үл хөдлөх хөрөнгөө 3 тэрбум төгрөгөөр үнэлсэн саналаа ирүүлэн, өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах хүсэлт гаргасныг зөвшөөрч, 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл нэг сарын хугацаа олгосон нь 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 4/9869 дугаартай “Мэдэгдэл”-ээр тогтоогдож байна.

 

       Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгтэй хариуцагчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа  явуулсан нь нийцэж, үнийн санал дээрээ талууд харилцан тохиролцоогүй, эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд төлбөр төлөгч үл хөдлөх хөрөнгөө худалдан борлуулж чадаагүй үр дүнд хүрсэний улмаас НШШГ 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 123 дугаартай “Шинжээч томилох тухай” Тогтоолоор хөрөнгө үнэлгээний “Виннэрвэй” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчид эрх үүрэг тайлбарлан, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн байна.

 

       Тэрээр Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэгт  зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу томилогдсон шинжээч 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Ш-03/03 дугаартай Хөрөнгө үнэлгээний тайлангаа ирүүлэн, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн тойруу, 75 дугаар гудамжны 2-11 тоот, 720 метр квадрат талбайтай, үйлдвэрлэл агуулахын зориулалттай, үл хөдлөх хөрөнгө мөн Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрлэлийн баруун бүсэд-1/16100 байрлах, 1681610012 нэгж талбарын дугаартай, 999 метр квадрат талбайтай, зоорийн зориулалттай, 000006766 дугаартай, 15 жилийн хугацаатай, Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг нийт 1.109.623.000 төгрөгөөр үнэлсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйл 8.1, 8.2, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж шүүх дүгнээд, уг үнэлгээг хууль зөрчиж хийсэн үнэлгээ гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн маргаж байгаа тайлбар үндэслэлгүй, тогтоогдохгүй  байна гэж үзлээ.

 

        Мөн хариуцагч дээрх үнэлгээний талаар төлбөр төлөгчид 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 4/7621 дугаартай “Мэдэгдэл”-ээр хүргүүлсэн нь баримтаар нотлогдож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгө шинжээчийн тогтоосон үнээс илүү 3 тэрбум төгрөгийн үнэлгээтэй,  энэ үнээр зарагдах байсан мөн зах зээлийн үнээс маш хямд үнээр бусдад худалдсан гэх тайлбарыг баталсан баримт хэрэгт авагдаагүй, нотлож чадаагүй учраас хариуцагч, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.

       

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн     

        115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

     1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Хын нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГт холбогдох үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

     2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

  

     3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

    4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.АРИУНАА