| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бэхбатын.Наранжаргал |
| Хэргийн индекс | 188/2024/0139/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/157 |
| Огноо | 2024-02-02 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Д.Ганчимэг,
шүүгдэгч ****** нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** холбогдох эрүүгийн 2308 02769 1777 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***** оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймагт төрсөн 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ***** дүүргийн ****** дугаар хороо, ***** **** дугаар гудамж ****** тоотод оршин суух,
урьд Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолоор хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, **********.*********.*********
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ********* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрийгөө өмгөөлөх” эрхийг хангасан болохыг тэмдэглэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн 2308 02769 1777 дугаартай хэргээс:
Улсын яллагчаас хохирогч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 10********.Бат-Эрдэнийн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал), гэрч ********** мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал), гэрч ****** мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал), “Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 790 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 31-32 дахь тал), хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 47-49 дэх тал), шүүгдэгч ******* гэрчээр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал), яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 201 дэх тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 206-213 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ******** гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хоёр. Гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, улсын яллагч түүний гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч ****** нь 2023 оны 08 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тод петролиум” шатахуун түгээх станцын гаднах автомашины зогсоолд байсан иргэн ******* өмчлөлийн Ниссан санни маркийн ****** УНР улсын дугаартай автомашиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч гуравдагч этгээдэд худалдан борлуулж бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ үйл баримт нь хохирогч ******* “...Би Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тод петролиумын шатахууны агуулахын авто зогсоолд 2023 оны 08 дугаар сарын 29-ны өдөр машинаа үлдээчихээд 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр машинаа авахаар ирэхэд миний ******* улсын дугаартай Nissan Sunny маркийн тээврийн хэрэгсэл байхгүй байсан. Тэгэхээр нь би Тод петролиумын ХХК-ийн агуулахын дарга *******утсаар холбогдоод зогсоолд тавьсан миний машин алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-13 дахь тал),
гэрч ***** “...******* гэсэн фейсбүүк хаягтай эрэгтэй 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр түлхүүрээ гээсэн автомашин авах уу? гэж асуухад нь би ямар машин байгаа юм, зургийг нь харъя гэж хэлсэн. Би тухайн үед машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь хаана байгаа вэ гэж асуухад манай ах өөрөө аваад явсан гэсэн ба хаашаа явсан талаар нь хэлээгүй. Ахынхаа утасны дугаарыг өгчих гэхээр манай ахын утасны дугаар нь холбогдохгүй байгаа юм аа хөдөө сүлжээгүй учраас гээд байхаар нь итгэсэн юм. Уг тээврийн хэрэгслийг бүрэн задалсан ба шалдан рам нь үлдсэн байгаа. Бусад эд ангиуд нь уг нь байгаа боловч эргүүлж угсрах боломжгүй болсон. Кузовны дээврийг тайрсан. Моторыг нь 320,000 төгрөгөөр, урд талын гуперыг 50,000 төгрөгөөр, 4 ширхэг обуд дугуйг нь 140,000 төгрөгөөр зарж борлуулсан. Бусад нь бол байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-20 дахь тал),
гэрч ***** “...****** нь 2023 оны 08 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө үүрэг гүйцэтгэж ажилласан. 2023 оны 08 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө үүрэг гүйцэтгэж ажилласан. ****** нь үл таних 3 хүнд алдсан гэх машиныг өгч явуулж байгаа дүрс бичлэг бичигдсэн байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал),
гэрч ***** “...****** найз маань 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр орой 22 цагийн үед надруу утсаар яриад 1000 машины зогсоол орчмоос машин авах гэж байна чи миний машиныг бариад явчихаач гэхээр нь тэгье гээд намайг ******** манай найз охины гэрээс ирж аваад 5 шар руу хөдөлсөн. *******ах, ********* бид 3 Таван толгой түлш ХХК руу ордог зам салаад шороон замаар явж байгаад тулаад машинтай явж болохгүй болохоор явган алхаж Тэс петролиум үйлдвэрийн гадна очсон. ********** машин зарсан залуу уг Nissan sanny маркийн машиныг манай ахын машин гэж хэлээд байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал),
гэрч ****** “...би хамт явсан шалтгаан нь автын инженерээр 7-8 жил өмнө нь ажиллаж байсан болохоор уг машины моторыг сонсож гэмтэлтэй үгүйг сонсохоор явсан. *********өгөө харуулын залуутай үнэ хөлсөө тохироод мөнгөө шилжүүлээд ****** уг машиныг нь унаад хөдөлсөн....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал),
“Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 790 дугаартай “...Nissan sunny ******** дугаартай тээврийн хэрэгсэл нь 2,000,000 төгрөг...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 31-32 дахь тал), хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 47-49 дэх тал), бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 59-61 дэх тал), гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал), шуурхай удирдлагын тасаг, “...дуудлага өгье машин авсан хүн нь байгаа гэх...” дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 5 дахь тал),
шүүгдэгч ******** яллагдагчаар өгсөн “...надаас Ниссан санни маркийн ********** УНР дугаартай машиныг худалдан авсан хүнд энэ манай ахын машин ах маань надад өгсөн юм гэж хэлээд зарсан. Би машиныг зарахдаа хулгайн машин гэж машин авч байгаа хүнд хэлээгүй надаас машин авсан хүн хулгайн машин авч байгаагаа мэдээгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 199-201 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үеэс төгссөнд тооцдог.
Хохирогчид учирсан хохирол нь шүүгдэгч ******* бусдын зогсоолд байрлуулсан автомашиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар гуравдагч этгээдтэй харилцан тохиролцож, худалдан борлуулсан идэвхтэй үйлдлийн улмаас үүссэн шалтгаант холбоо тогтоогдсон, шүүгдэгч нь өөрийн хууль бус үйлдлийн улмаас бусдад хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа үйлдлээрээ зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Хэдийгээр ******** нь цахим сүлжээгээр “түлхүүрээ гээсэн автомашин авах уу, эзэн нь хөдөө явсан, сүлжээгүй газар байдаг, энд ирээд түлхүүрээ алга болгочихсон” гэж ******* холбогдоход, ****** автомашиныг худалдан авахаар тохиролцож, ******,*******,*********** нарын хамт очиж автомашиныг үзэж, асаан авч, явж задаргаанд оруулсан үйлдэлд санаатайгаар гэмт хэрэгт хамтран оролцсон, хулгайлах гэмт хэргийн улмаас авсан автомашин гэдгийг мэдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Мөн шүүгдэгч ******** уг автомашиныг хулгайлах үйлдлийг хийхдээ цонхыг хагалж автомашинд хууль бусаар нэвтэрсэн болон тухайн автомашиныг гэрээний үндсэн дээр итгэмжлэн хариуцаж байсан гэх үйл баримт тогтоогдоогүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзлээ.
Шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч ********* 2,000,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлангаар (хавтаст хэргийн 31 дэх тал) тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсанд тооцох үндэслэлтэй.
Шүүгдэгчийн хохирогч ******** зогсоолд байрлуулсан машиныг нууцаар, хууль бусаар авч, өөртөө ашиг олох сэдлээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул ******* хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал
Хохирогч ******* 2,000,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 790 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар (хавтаст хэргийн 31 дэх тал) тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч ******** Хаан банкны ******** тоот дансанд хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...” санал, дүгнэлтийг гаргав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн хүнд нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялаас аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан.
Шүүхийн оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршиг, түүний хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зохистой харьцаагаар нийцсэн байх учиртай.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 500 (таван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзэв.
Шүүх ялын төрөл, хэмжээг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан тул шүүх шүүгдэгчийн өмнө ял шийтгүүлж байсан нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдал болгон дүгнээгүй болно.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг си-ди-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******,********,********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****** 500 (таван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагийн ажлыг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг си-ди-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ********* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРАНЖАРГАЛ
Д.Г