Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/158

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч ***********, түүний өмгөөлөгч Б.Намнансүрэн нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2303 00456 0374 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 12ы өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ****** оны *** дугаар сарын ******-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “*******” ХХК-д гэрээт ажилтнаар ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ***** дугаар хороо, ******** тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ********,********,*********

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ********* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Эрүүгийн 2303 00456 0374 дугаартай хэргээс:

Улсын яллагчаас хохирогч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал), иргэний нэхэмжлэгч, хариуцагч ****** мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21, 23-24 дэх тал), иргэний нэхэмжлэгч ******** мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 3015 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 47-48 дахь тал), “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 23-29 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 54-58 дахь тал), “Хас үнэлгээ” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 68-73 дахь тал), 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 819 дугаартай мөрдөгчийн магадлагаа (хавтаст хэргийн 85 дахь тал), “Филипс гэрэлтүүлэг” ХХК-ийн хохирол барагдуулсан тухай албан тоот (хавтаст хэргийн 60 дахь тал), Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал (хавтаст хэргийн 07-10 дахь тал), жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 11 дэх тал),

            шүүгдэгчийн өмгөөлөгчөөс эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 143 дахь тал), шинээр гаргаж өгсөн баримт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

 

Шүүгдэгч нь нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ******** гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хоёр. Гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 13 цаг 40 минутын орчим Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “...жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” гэсэн заалтыг зөрчиж Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Сод Монгол шатахуун түгээх станцын урд замд Toyota crown маркийн ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явган зорчигч ******** мөргөж биед нь хүндэвтэр хохирол учруулж, цааш явж гэрлийн шон мөргөж зогссоны дараа хэргийн газрыг орхиж явсан үйл баримт тогтоогдлоо.

 

Энэ үйл баримт нь хохирогч ****** ...2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 13 цагийн орчим би Сонгинохайрхан дүүргийн нутаг Цэнхэр дэлгүүр рүү эргэдэг уулзварын хажууд байдаг Сод Монгол шатахуун түгээх станцын хажуугаар буюу явган хүний замаар хойноосоо урагшаагаа явж байтал гэнэт цагаан өнгийн машин маш хурдтайгаар явган хүний зам дээр гарч ирээд намайг мөргөөд газарт унагаагаад, цаашаагаа яваад замын хажуугийн гэрлийн шон мөргөөд зогссон. Тэгээд дараа нь түргэн ирээд намайг үзээд үзлэг хийгээд толгойнд боолт хийгээд явсан, дараа нь цагдаа нар ирж хэмжилт хийгээд явсан харин би гэмтлийн эмнэлэг дээр очиж анхны тусламж авсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 3015 дугаартай ****** 29/эр гэж хаягласан С06196048 гэсэн дугаартай хуруу шилтэй цус нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн "******* 29/эр" гэж хаягласан цусанд 1,0 промилли спирт илрэв. Цусан дахь 1,0 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна... гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 47-48 дахь тал),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 8426 дугаартай ...****** биед баруун шууны богтос ясны хугарал, зүүн чамархай, чихэнд шарх, баруун мөр, нуруу, өвдөг, шилбэнд зулгаралт, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 43-44 дэх тал),

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 819 дугаартай “...******* ***** Тоyota crown 210” маркийн автотээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч ****** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмий 3.7 жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Явган зорчигч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна...” гэсэн магадалгаа (хавтаст хэргийн 85 дахь тал),

гэрч ***** “...2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр намайг гэртээ буюу осол гарсан газрын хажуугийн түрээсийн байранд төрсөн эгч ****** хамт байж байхад гаднаас 9 настай дүү орж ирээд **** ах байрны хажуугийн зам дээр юм мөргөчихлөө гэж хэлсэн. Араас нь ******* ах удаагүй царай нь цонхийчихсон орж ирээд би юм мөргөчихлөө цагдаад дуудлага өгөх гэсэн чинь утас байдаггүй гэж хэлсэн. Тэгээд эгч *******бид хоёр гэрээс гараад хартал замын хажуугийн шон мөргөсөн байсан. Тэнд байсан цагдаа нарт ******** ахыг гэртээ байгаа гэж хэлээд гэр рүүгээ дагуулж ороод драгер үлээлгэсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 127 дахь тал),

гэрч ******* “...гэрээсээ гарахдаа эрүүл гарсан. Тэгээд 4 цаг орчмын дараа айсан байдалтай би шон мөргөчихлөө гэж хэлээд ирсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 124 дэх тал),

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн №23-29 дугаартай “...гэрэлтүүлгийн шон 970,000 төгрөг...” гэж үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 54-58 дахь тал), “Хас үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 102 дугаартай “...******** Тоyota сrown 210” маркийн автомашины эвдрэл, хохирлын үнэлгээ 28,840,000 төгрөгөөр үнэлсэн техникийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 68-73 дахь тал),

“...******** дугаартай автомашин хүн мөргөсөн, жолооч нь машинаа орхиод явсан...” гэх дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 4 дэх тал), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 5-6 дахь тал), Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал (хавтаст хэргийн 07-10 дахь тал), жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 11 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлуулсан дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Зам тээврийн осол нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүнийг хангахаар хуульчилсан.

 

Шүүгдэгч ******** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмий 3.7.а/ ...жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 11 дэх тал), 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 819 дугаартай мөрдөгчийн магадлагаа (хавтаст хэргийн 85 дахь тал) баримтуудаар тогтоогджээ.

 

Дээрх зөрчлийн улмаас зам тээврийн осол гарч, хохирогч ******** эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 8426 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул шүүгдэгч *********** үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь зам тээврийн ослын улмаас эрүүл мэндийн хохирол учирсан хохирогчид цаг алдахгүйгээр эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж гэмт хэргийн улмаас бусдын амь нас, эрүүл мэндэд учирч болох хохирол, хор аюулыг багасгах, эрүүл мэндийн хохирол, зөрчигдсөн эрх нөхөн сэргээгдэх хугацааг богиносгох ач холбогдлыг харгалзан хууль тогтоогчоос зам тээврийн осол гаргасан жолоочийг үүрэгжүүлж, хариуцлагажуулсан, түүнд хамааралтай зохицуулалт юм.

Харин шүүгдэгч ********** нь Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэний дараа хэргийн газрыг орхиж гэртээ орж, гэр бүлийн гишүүддээ мэдэгдсэн боловч дахин хэргийн газар өөрийн биеэр ирээгүй, цагдаа нар гэрт нь очиж согтуурлын зэрэг тодорхойлсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив талын шинжийг хангасан гэж үзнэ.

 

Осол гаргасан жолооч хэргийн газрыг орхиж явсны дараа гэртээ харьж гэр бүлийн гишүүддээ мэдэгдсэн нь уг гэмт хэргийн шинжийг үгүйсгэхгүйгээс гадна өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн атлаа зориуд хэргийн газрыг орхиж явсан нь гэм буруугийн санаатай хэлбэрт хамаарна.

Иймд шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал

Хохирогч ******** нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримт шүүхэд ирүүлээгүй боловч шүүгдэгч 7,500,000 төгрөгийг хохирогчид төлсөн (хавтаст хэргийн 135 дахь тал), иргэний нэхэмжлэгч “Филипс гэрэлтүүлэг” ХХК-д учруулсан 970,000 төгрөгийг хохирлыг мөн төлж барагдуулсан (хавтаст хэргийн 60 дахь тал), иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Цэгц хөрөнгө ББСБ” ХХК-иас баримтаар хохирол нэхэмжлээгүй, зээлийн төлөлт хэвийн байгаа талаарх тодорхойлолт ирүүлсэн, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 1,544,000 төгрөгийг 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр шүүгдэгч нь төлж барагдуулсан байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Аливаа гэмт хэрэг болон ял шийтгэлийг тухайн гэмт хэргийг үйлдэгдэх цаг хугацаанд үйлчилж буй хуулиар тогтооно гэдэг нийтлэг журам үйлчлэх бөгөөд үүнийг зөрчдөг ганц тохиолдол нь хуулийг буцаан хэрэглэх тухай ойлголт юм.

 

Уг гэмт хэрэг нь 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр үйлдэгдсэн бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийг өөрчлөн найруулж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн.

 

Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл нь “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан бөгөөд хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийг өөрчлөн найруулахдаа ял шийтгэлийн хэмжээг нэмэгдүүлж, нэмэгдэл ял хэрэглэхээр заасан буюу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэх өөрчлөлт орсон нь эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх зохицуулалтад хамаарахгүй.

Иймд гэмт хэрэг гарсан цаг хугацаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийг журамлах нь Эрүүгийн хуулийн зөв хэрэглээ, жишигт нийцнэ

 

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч ******** “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 600,000 төгрөгөөр торгох ял, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх...” санал, дүгнэлтийг тус тус гаргав.

Гэмт хэрэг гарсан цаг хугацаанд үйлчилж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээс 3 жил хүртэл хугацаагаар хасаж, 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хорих ялаас аль нэгийг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялаас аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан.

 

Шүүхийн оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зохистой харьцаагаар нийцсэн байх учиртай.

 

Шүүгдэгч ********* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгчийн анх удаа болгоомжгүй гэмт хэрэгт үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг бүрэн төлж барагдуулан хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан түүнд хуульд заасан хамгийн бага ялыг сонгон оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 7 (долоо) сар 10 (арав) хоногийн хугацаагаар тогтоож, энэ хугацаанд түүний оршин сууж буй Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлахаар шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                        

                                             ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******,*********,*********** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ********* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 7 (долоо) сар 10 (арав) хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Шүүгдэгч ******** дээрх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлахаар тогтоож, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ********* мэдэгдсүгэй.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

7. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.НАРАНЖАРГАЛ