Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/185

 

 

                                   

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч П.Итгэл,

шүүгдэгч ******** нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** холбогдох эрүүгийн 2303 00749 0004 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 19ий өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******** оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Төв аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөр замын замч мэргэжилтэй, “********” ХХК-д худалдааны менежер ажилтай, ам бүл 7, эхнэр, хүүхэд, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ***** дугаар хороо, ******* дүгээр гудамж **** тоотод оршин суух, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ***********,***********,********

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч *********** нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрийгөө өмгөөлөх” эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр.Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Эрүүгийн 2303 00749 0004 дугаартай хэргээс:

Улсын яллагчаас хохирогч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал), гэрч ********* мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 3798 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дахь тал), Автотээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1000024 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 44-51 дэх тал), жолоочийн эрхийн лавлагаа, автотээврийн хэрэгслийн нэгдсэн сангийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 70, 78 дахь тал), 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээллийн бүртгэл (хавтаст хэргийн 3-4 дэх тал), зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-8 дахь тал), жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дахь тал), Тээврийн цагдаагийн 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1476 дугаартай мөрдөгчийн магадлагаа (хавтаст хэргийн 55 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

 

Шүүгдэгч нь нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ******* гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хоёр. Гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч ****** нь 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 17 цаг 05 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Саппорогийн автобусны буудлын явган хүний гарц орчимд “Тоёота Приус 30 маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч ***** мөргөж биед нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

 

Энэ үйл баримт нь хохирогч ******** “...би тэр өдөр 16 цагийн үед ажлаа тараад гурванжингийн гүүр давж алхаад саппорогийн урд талын автобусны буудал дээр ирээд явган хүн зорчих ногоон гэрэл асахаар нь урдаасаа хойшоо зам хөндлөн гараад хойд зам дээр нь ирээд мөн ногоон гэрэл асаж байхаар зам хөдлөн гарч явахад явган хүний гарцны ертөнцийн зүгээр зүүн талд нэг, хоёрдугаар эгнээнд хоёр машин зогсож байсан тэр хоёр машиныг өнгөрөөд явган хүний гарцаар гарахад нэгдүгээр эгнээнд зогсож байсан машин намайг мөргөсөн. ...Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн сийрэг байсан. Явган хүний гарцаар олон хүн гарч байсан би сүүлд нь гарч байсан ...Машин миний баруун талд зогсож байгаад гэнэт хөдлөхөөр нь би сандрахдаа дороо эргэхэд машин миний зүүн талаас мөргөж зүүн хөлийн шагай хэсгээр зүүн урд дугуйгаараа бүрэн дайрч гараагүй зогсоход нь би биеийнхээ энерцээр урагш унасан. Тэр үед миний зүүн хөлийн шагай хэсгээр гэмтсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* “...манай дүү ***** нь 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нас барсан... Надад зам тээврийн осолд орсон талаараа хэлсэн тухайн үед Саппорогийн явган хүний гарцан дээр урдаасаа хойшоо явж байгаад хөлөө дайруулсан гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

гэрч *******...Би хамт ажилладаг ***** хамт ******* улсын дугаартай машинд суугаад Саппорогийн уулзвар орж ертөнцийн зүгээр баруун тийш эргэж би автобусны буудал дээр буух гэж байсан тэгсэн зам түгжрээтэй байсан тул нэгдүгээр эгнээнд ороод Саппорогийн хойд талын буудлын наана явган хүний гарцан дээр ирэхэд нар гялбаж гэнэт жолоочийн эсрэг талын толь эвхэгдсэн тэгэхээр нь би найздаа машин мөргөчих шиг боллоо гээд хоёулаа буусан чинь миний буусан талд зам дээр хүн хоёр гараараа тулаад зам дээр сууж байсан. Тэнд зам зохицуулж байсан цагдаад хэлээд тэр цагдаа 102, 103 дуудсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 3798 дугаартай “...******** биед зүүн тахилзуур ясны доод булууны ташуу зөрүүгүй (шагайн үений ганда хавчаар) далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дахь тал),

Тээврийн цагдаагийн 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1476 дугаартай “...Тоёота Приус” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ****** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн нь осол хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна. Явган зорчигч нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна...” гэх мөрдөгчийн магадлагаа (хавтаст хэргийн 55 дахь тал)

Автотээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1000024 дугаартай “...тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг техникийн хувьд хангаж байна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 44-51 дэх тал),

жолоочийн эрхийн лавлагаа, автотээврийн хэрэгслийн нэгдсэн сангийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 70, 78 дахь тал), 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээллийн бүртгэл (хавтаст хэргийн 3-4 дэх тал), Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-8 дахь тал), жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дахь тал), шүүгдэгч ******** яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлуулсан дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Зам тээврийн осол нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүнийг хангахаар хуульчилсан.

 

Шүүгдэгч ****** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1476 дугаартай мөрдөгчийн магадлагаагаар (хавтаст хэргийн 55 дахь тал) тогтоогджээ.

 

Дээрх зөрчлийн улмаас зам тээврийн осол гарч, хохирогч ****** эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 13798 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул шүүгдэгч ******** үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэж гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал

Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримт шүүхэд гаргаж ирүүлээгүй байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Аливаа гэмт хэрэг болон ял шийтгэлийг тухайн гэмт хэргийг үйлдэгдэх цаг хугацаанд үйлчилж буй хуулиар тогтооно гэдэг нийтлэг журам үйлчлэх бөгөөд үүнийг зөрчдөг ганц тохиолдол нь хуулийг буцаан хэрэглэх тухай ойлголт юм.

 

Уг гэмт хэрэг нь 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийг өөрчлөн найруулж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн.

 

Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл нь “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан бөгөөд хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг өөрчлөн найруулахдаа эрүүгийн хариуцлагын хэмжээг нэмэгдүүлж, нэмэгдэл ял хэрэглэхээр заасан буюу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэх өөрчлөлт орсон нь эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх зохицуулалтад хамаарахгүй.

 

Иймд гэмт хэрэг гарсан цаг хугацаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийг журамлах нь Эрүүгийн хуулийн зөв хэрэглээ, жишигт нийцнэ

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч ********* “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...”, шүүгдэгчээс “...хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Гэмт хэрэг гарсан цаг хугацаанд үйлчилж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялаас аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан.

 

Шүүхийн оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зохистой харьцаагаар нийцсэн байх учиртай.

 

Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Мөн шүүгдэгч ****** нь зам тээврийн осол гарсан тухайн өдөр эмнэлэгт хамт үзүүлж, шаардлагатай эмчилгээ үйлчилгээний зардлыг төлж, цаашид бэлэн мөнгө, түлээ түлш, хүнсний зүйлээр тусламж үйлчилгээ үзүүлж хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх талаар идэвх санаачилга гаргаж байгаа нь түүний өөрийн гэм буруутай үйлдэлд хандах хандлагын илэрхийлэл гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал (олон хүүхэд, дүү нараа тэжээн тэтгэдэг) зэргийг харгалзан шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                        

                                             ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******,******,******** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** оногдуулсан 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.НАРАНЖАРГАЛ