Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2020/03065

 

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2020/03065

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: З.С

Хариуцагч: ХТ ХХК.

Хариуцагч: Ж.Д

58.293.127 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Д, хариуцагч бөгөөд ХТ ХХК-ийн захирал Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ЗС шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ЗС нь банк санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид батлан даалт гаргах замаар санхүүжилт авах боломжийг нь нэмэгдүүлэх зорилго бүхий Засгийн газрын оролцоотойгоор үүсгэн байгуулагдсан ашгийн төлөө бус хуулийн этгээд юм. Тус сан нь ЗСгийн тухай хуулийг хэрэгжүүлж, дээрх зорилгын хүрээнд ХТ ХХК-ийн Капитал банкнаас авсан 370.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийн 54 хувьд 2014 оны 12 дугаар сарын 30-нд батлан даалт гаргасан. Зээлдэгчийн шахмал түлшний үйлдвэр байгуулах төсөл амжилтгүй болсноос уг зээл эрсдэлд орсон. Улмаар Капитал банк ХХК-ийн нэхэмжлэлээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 00000000 шийдвэрээр ЗСгаас 58.239.127 төгрөг гаргуулан Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэснийг давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шийдвэрээр хэвээр үлдээсэн тул уг мөнгийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төлсөн. ХТ ХХК нь ЗСтай авлага барагдуулах гэрээ байгуулахаас татгалзаж, Батлан даалтын гэрээний 3.5.4-т заасан үүргээ биелүүлэхгүй байгаа тул ХТ ХХК-наас 58.293.127 төгрөг гаргуулж өгнө үү. Хариуцагч Ж.Дөөс татгалзана гэв.

Хариуцагч ХТ ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон захирал Ж.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ХТ ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Капитал банктай гэрээ байгуулж 370.000.000 төгрөгийг зээлэн авч Сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх жижиг үйлдвэр байгуулж ажлын байр бий болгон ажиллаж эхэлсэн. Зээлийн санхүүжилтэнд ЗС нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 54 хувьд батлан даахаар үүрэг хүлээсэн. ХТ ХХК нь миний дүү Ж.Бийн зохиогчийн эрхтэй утааны хор, хордлогыг 50 хувь бууруулах чанар стандартыг хангасан сайжруулсан шахмал түлшийг лабораториудад шалгуулж, туршилтанд оруулж улмаар оюуны өмч, зохиогчийн эрхээр бүртгүүлж Засгийн газар болон Нийслэлийн удирдлагуудад танилцуулж, хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэвч Засгийн газрын байгууллагууд хэлсэндээ хүрсэнгүй, ямар ч арга хэмжээ авч чадсангүй тул сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэгч цөөхөн компаниуд зээлийн өрөнд орж дампуурч эхэлсэн. Шүүхийн шийдвэрээр Капитал банкнаас авсан зээлээ төлөх шийдвэр гарч барьцаа хөрөнгө, газраа хураалгасан. Тус шүүхийн шийдвэрт ЗСгаас үлдсэн зөрүү хохиролыг төлүүлэх тухай огт дурьдагдаагүй. 2019 онд Капитал банк Зээлийн батлан санд хандаж зөрүү нөхөн төлбөрийг авах болсноо надад хэлсэнг би зөвшөөрөөгүй. ЗС Капитал банкинд 58.293.127 төгрөгийн төлбөр төлөх болж энэ төлбөрөө надаас нэхэмжилсэнг төлөх боломжгүй. Капитал банк зээлийн барьцаагаар төлбөрийг барагдуулан дуусгавар болгосон тул 58.239.127 төгрөгийг төлөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ЗС хариуцагч ХТ ХХК, Ж.Д нарт холбогдох гэрээний үүргийн биелэлтэд 58.293.127 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд хариуцагч Ж.Дөөс татгалзсан байна.

Капитал банк ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ХТ ХХК, ЗС нь Батлан даалтын гэрээ байгуулж, гэрээгээр 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ-000 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ зээлдэгч Хар туг ХХК биелүүлээгүй тохиолдолд батлан даагч ЗС нь түүний өмнөөс зээл төлөх үүрэг гүйцэтгэх, батлан даагч дээрх үүргийг гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгэсэн хэмжээний төлбөрийг зээлдэгч Хар туг ХХК төлж барагдуулахаар тохиролцож гэрээ байгуулсан болох нь зохигчийн тайлбар, Батлан даалтын гэрээ гэсэн баримтаар тогтоогдож байна.

Батлан даалтын гэрээний 1.4-т Батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 54 хувь байна, 3.4.1-т зээлдэгч зээлийн гэрээний зээл төлөх үүргээ зөрчсөн бол зээлдэгчийн төлөөгүй зээлийг гэрээний 1.4-т заасан хувиар өөрийн мөнгөн хөрөнгөөс Зээлдүүлэгчид төлөх үүргийг ЗС гэрээгээр хүлээсэн бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Дугаар 00000000 шийдвэрээр Батлан даалтын гэрээнд зааснаар ЗСгийн хүлээх үүрэг 54 хувь буюу 58.293.127 төгрөг болохыг тогтоож, хариуцагч ЗСгаас 58.293.127 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь эрх хүлээн авагчид олгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Нэхэмжлэгч ЗС Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.4-т зааснаар Батлан даалтын гэрээгээр хүлээсэн үүрэг болох үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 54 хувь буюу 58.293.127 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Төрийн банкан дахь 100900198707 тоот дансанд шилжүүлж төлсөн болох нь Зээлийн батлан даалтын хорооны 07 дугаартай тогтоол, Сангийн гүйцэтгэх захиралын А/17 дугаартай Батлан даалтын гэрээгээр хүлээсэн үүрэг гүйцэтгэх тухай албан бичиг, төлбөрийн даалгавар гэсэн баримтуудаар тогтоогджээ.

Шүүх хуралдаанд хариуцагч нь ЗС нь Капитал банкинд 58.293.127 төгрөгийн төлбөр төлөх болж энэ төлбөрөө надаас нэхэмжилсэнг төлөх боломжгүй хэмээн тайлбарласан боловч талуудын хооронд байгуулагдсан Батлан даалтын гэрээний 3.5.4-т зааснаар Батлан даагч энэхүү гэрээний 3.4.1-д заасан үүргээ биелүүлсэн тохиолдолд уг мөнгөн дүнг Батлан даагчид бүрэн төлж барагдуулахаар үүрэг хүлээсэн тул түүний тайлбар үндэслэлгүй.

Иймд хариуцагч ХТ ХХК-наас 58.293.127 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЗСд олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь хариуцагч Ж.Дөөс татгалзсанг, хариуцагчаас хариу тайлбарын хамт ирүүлсэн 41 хуудас баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй тул дүгнэлт өгөх шаардлагагүй болохыг тус тус дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 465 дугаар зүйлийн 465.1-д зааснаар хариуцагч ХТ ХХК-наас 58.293.127 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЗСд олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөриийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ХТ ХХК-наас 449.416 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЗСд олгосугай.

3.Нэхэмжлэгч нь хариуцагч Ж.Дөөс татгалзсанг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, төлөөлөгч нь шийдвэрийн хувийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА