| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2019/03268/и |
| Дугаар | 102/ШШ2020/02979 |
| Огноо | 2020-10-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2020/02979
| 2020 оны 10 сарын 09 өдөр | Дугаар 102/ШШ2020/02979 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Б
Хариуцагч: Д.О
8.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2019 оны 05 дугаар сард хамт ажилладаг хүн маань урьдчилгаа мөнгө өгөөд орон сууцны корпорацийн байранд шууд орох боломжтой тийм хүн байна гээд Д.Оыг танилцуулсан. Манай компаний ажилтан ч тус нөхцөлийн дагуу байранд хамрагдахаар урьдчилгаа мөнгө өгсөн гэж хэлсэн. Ингээд би бичиг баримтаа бүрдүүлэн Д.О гэдэг хүнд өгч уулзан байрны талаар яриа тайлбар авч тохиролцсон. 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Д.Оы дансанд хоёр тасалж 4.000.000 төгрөгөөр нийт 8.000.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлээд 7-14 хоногийн дотор байранд шууд орох боломжтой хэмээн амлазсан. Гэтэл энэ хугацаа өнгөрч Д.Отой уулзахад удаа дараалан олон удаа цаг хугацааг хойшлуулж тайлбар тавьсаар өдийг хүрсэн. Сүүлдээ надтай уулзахаа больсон. Иймд Д.Ооос 8.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Д.Од холбогдох 8.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Б нь хоёр удаагийн шилжүүлгээр орон сууцны урьдчилгаанд 8.000.000 төгрөгийг хариуцагч Д.Оы дансанд шилжүүлсэн болох нь шүүх хуралдаанд тайлбарласан тайлбар, 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Төрийн банкны мөнгөн шилжүүлэг, Гялс банк интернет гүйлгээний мэдээлэл гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч Д.О нь 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хариу тайлбараа шүүхэд ирүүлэх үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй. Тэрээр шүүхэд тогтоосон хугацаанд тайлбараа ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-д заасан нөхцөл үүссэн, нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч эсэргүүцээгүй гэж үзэж хариуцагч Д.Ооос 8.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
Хариуцагчийн төлөөлөгч Д.Ст шүүх хуралдааны товийг шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтаар мэдэгдэж гарын үсэг зуруулсан боловч энэ өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагч Д.Ооос 8.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145.203 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Ооос 145.203 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийн хувийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА