Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/53

 

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг,

Улсын яллагч: Ч.Батбаатар,

Хохирогч ***, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг,

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Э.Шинэзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***ад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305031510524 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь 2023 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 14 цаг 15 минутын орчимд Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 10 дугаар хорооллын уулзварт Тоёота Приус-20 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” Мөн дүрмийн 8.9. “Гэрэл дохио нь дараахь утгатай байна” г/Улаан гэрэл дохио хөдөлгөөний хориглоно.” гэснийг зөрчсөний улмаас Тоёота Приус-41 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ***гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч *** шүүх хуралдаанд: “...2023 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 10-р хорооллын уулзвар дээр хойноос урагш эргээд явж байхад юу болсон юм мэдэхгүй тас гээд би өөрөө юу болсон бэ гэдгийг ч мэдэхгүй хэцүү байдалд орсон. Машинаас хүн гарч ирэхгүй байсан. Тэгээд байж байгаад машинаасаа буугаад очсон. Энэ толгой эргээд болсон байсан. Цагдаа дуудахгүй бол болохгүй байна гэж хэлээд түргэн тусламж дуудаад цагдаа ирсэн. Тэгээд эмч намайг гэр рүүгээ яваарай гэсэн. Нөхрийгөө дуудаад цагдаа ирсний дараа буцаад эмнэлэг явж үзүүлсэн, гэмтлийн эмнэлэгт зураг авахуулсан. Хөл, гар хугараагүй ч гэсэн гэрээрээ эмчилгээ хийлгээрэй хөдөлгөөн хорьж байж эдгэнэ гэсэн. Мөнгөн гүүр эмнэлэгт зураг авахуулсан чинь өвчүү хугарсан байна, хэвтэрт хэвтэж хөдөлгөөнөө хорь гэсэн. Би 2-3 сар гэртээ хөдөлгөөнгүй хэвтсэн. Би энэ хүүхдийг маш их харсан, нэг удаа ч ирээгүй, утсаар ярьсан чинь би эмнэлэгт хүн харж байна гэсэн. Тэгээд эгчийнх нь утсыг аваад ярьсан чинь надтай ирж уулзсан. Эгч нь намайг ямар хуу байгаа вэ гэдгийг харах гэж ирсэн юм шиг санагдсан. Тэгээд энэ хүнд яриад хэлээд өг би эмчилгээ хийлгэх хэрэгтэй байна гэж хэлсэн чинь, чи мөнгө нэхдэг, ямар балай авгай вэ, чамд өгнө гэж байхгүй цагдаад нь өгнө гэсэн. Би өгөхгүй юм байна гэж бодоод шүүх эмнэлэгт үзүүлье гэж шийдээд байцаагчид хэлээд шүүх эмнэлэгт үзүүлсэн. Тэгээд гэртээ байж байгаад шүүхийн шинжилгээний дүгнэлт гарсан. Дахиад байцаагч дээр очиж уулзаад хэлэхэд надтай уулзаарай гэж хэлье гэсэн. Хэсэг хугацаа өнгөрөөд 4 сарын дараа мөрдөн байцаагч дуудсан. Та хоёр хоорондоо зохицоод мөнгө өгч болох уу, уулз гэж хэлсэн. Би өөрийнхөө хүүхэд адил хандсан, арай л дэндүү хүүхэд байна гэж бодсон, хүнийг хохироочхоод надаас нэг ч удаа уучлалт гуйгаагүй, нэг удаа утсаар сайн байна уу гэж ярьж үзээгүй, яаж байна гэж асуугаагүй, би хүний хүүхдийг тэгээд яах вэ гэж бодоод за яах вэ, машины хохирлыг өгчих гэсэн. 10.000.000 төгрөг өгчихвөл гарын үсэг зурах юм уу гэхэд нь зураад өгье гэсэн. Байцаагч та сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэх үү гэсэн. Би эрүүл мэнд бүхий л юмаараа хохирсон гэр бүлийн хүмүүс ч хохирсон, такси үйлчилгээ хийдэг машинаараа хохирсон энэ хүн амаараа хохирлын мөнгийг өгье гэж ярьдаг. Надад бэлэн мөнгийг чинь өгнө л гэдэг. Сүүлдээ харахад энэ хүн худлаа залилаад байдаг юм байна. Би юу болж байна гэж ярьдаг. Тэрнээс хойш миний даралт ихэсдэг болсон. Хохирлоо барагдуулна эгч нь шүүхээр явна гэдгээ энэ хүүхдэд хэлсэн. Та надаас сэтгэл санааны хохирол авах гэж байна өөрөө мэд гэсэн. Миний машинд 9.375.000 төгрөгийн хохирол гарсан. Би өнөөдөр ажил эрхлэх амьжиргаа залгуулах боломжгүй болсон цалин хөлсгүй. Би сард 600.000 төгрөгийн орлого олдог байсан тэрийг нотлох “Ubcab”-аас тодорхойлолт авсан байгаа. Цаашдаа 1 жил болж байж эдгэнэ гэж хэлсэн. Би 11 дүгээр сард энэ хүүхдээс гуйж байж зураг авхуулаад өг гэж нурууны зургаа авхуулсан. Надад зөөлөн сэтгэл гаргахгүй байгаа тул нэхэмжлэх мөнгөө нэхэмжилсэн. Миний 6 сарын цалин дунджаар 3.600.000 төгрөг, орлого олохгүй зээлээ төлж чадахгүй болсон тул машины зээлийн төлбөрийн мөнгөө Транс капитал ББСБ-аас зээл авч 3.000.000 төгрөг төлсөн. 3 сарын зээлийн төлбөр 3.000.000 төгрөгийг 2.6 хувийн хүүтэй нь бодоход 4.800.000 төгрөг болно. Одоо дахиж зээл өгөхгүй гэсэн дараагийн сарын зээлээ төлж чадахгүй байна. Сэтгэл санааны хохиролд 7.150.000 төгрөг, машины үнэлгээ хийлгэсэн мөнгө 522.000 төгрөг дээр нэмээд эд ангийн оношилгоо 55.000 төгрөг, нийт 25.759.000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байгаа. Анхбат 484.000 төгрөг төлсөн байна лээ. Гэр бүлдээ ч хэцүү байна, цаашдаа амьдралаа залгуулах машиныг засуулаад өг гэж гуйсан. Араас нь 10.000.000 төгрөг өгчих гарын үсэг зураад өгье гэж хэлсэн. Өөрөө уг нь журамд байсан машинаа гаргаад зараад мөнгө нэмээд өгнө гэж хэлсэн. Ээжтэй нь ярьсан чинь тэтгэврийн зээлээ аваад 10.000.000 төгрөг өгчихнө гэсэн. Намайг чи 10.000.000 төгрөг өгч байхад авахгүй гэж хэлсэн байна лээ гэсэн. Би хүүхэдтэйгээ адилхан хүүхэд байна гэж их харж үзсэн гэв. 

Хохирогч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2023 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 14 цагийн орчим өөрийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод 10-р хорооллын туслах замаар хойноос зүүн тийш өөрийн тал зөвшөөрсөн ногоон гэрлээр эргэх үед төв замаас улаан гэрлээр приус-20 маркийн машин яахын зуургүй миний машины урдуур орж ирээд машины урд хэсгийг ороод харсан нөгөө машины жолооч нь бууж ирэхгүй байхаар нь машинаасаа буугаад яасан юм болдоо гээд машин дээр нь очоод жолооч талын хаалгыг нь онгойлгон хартал нэг хүн байсан би үгүй чи яаж байгаа юм бэ би ногоон гэрлээр явж байхад улаан гэрлээр орж ирээд машин мөргөчихлөө гэхэд “Эгчээ найз дуудаад би яарч яваа юмаа гэж” хэлээр нь би эгчийнх нь толгой өвдөөд байна цагдаа дуудах уу гээд нөгөө машины залуу цагдаад дуудлага өгсөн удалгүй замын цагдаа ирээд хэмжилт хийж түргэн дуудсан байсан бас түргэн ирж нөгөө машины жолооч залуу бид хоёрыг үзчихээд яваад өгсөн. Замын цагдаа хэмжилт хийж дуусахад ачилтын машин ирээд нөгөө машиныг ачаад аваад явсан түргэний жолооч надад эм өгч жаахан суулгаж байгаад ...нөхрөө дуудахад нөхөр ирээд зам дээр үлдсэн машиныхаа унасан зүйлийг машиныхаа ард ачаад нөхөр машин бариад ...явсан. Хохирлоо нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 65/,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би энэ ослын талаар сүүлд нь Б.Анхаа ахын дүүгээс нь дуулж мэдсэн. Би энэ машиныг 2023 оны 6 дугаар сард ***аас урьдчилгаа мөнгө авч зээлтэй нь өөрөө дуусгахаар өгсөн гэхдээ зээлийн гэрээг өөрчлүүлээгүй миний нэр дээр хэвээрээ байгаа. ...Тоёота Приус 20 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирол учирсан гэхдээ миний хувьд эвдрэлтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй. Зээлийн төлөлт хэвийн хийгдэж байгаа учраас миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй. ...Ослыг *** гаргасан учраас өөрөө хариуцана...” гэсэн мэдүүлэг /хх-н 50-51/,

Шинжээчийн 10254 тоот дүгнэлтэд: “...***гийн биед өвчүү ясны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоодлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт  /хх-н 15-16/,

Мөрдөгчийн 1175 тоот магадлагаанд: “...Тоёота Приус-20 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн жолооч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 8.9. Гэрэл дохио нь дараахь утгатай байна. г/улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөн нь уг зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон байна. Тоёота Приус-41 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн байх үндэслэл тогтоогдсонгүй...” гэжээ. /хх-н 128/,

 

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-н 10/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 70/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 81-85/,

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч *** нь 2023 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 14 цаг 15 минутын орчимд Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 10 дугаар хорооллын уулзварт Тоёота Приус-20 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” Мөн дүрмийн 8.9. “Гэрэл дохио нь дараахь утгатай байна” г/Улаан гэрэл дохио хөдөлгөөний хориглоно.” гэснийг зөрчсөний улмаас Тоёота Приус-41 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ***гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***гийн мэдүүлэг, шинжээчийн 10254 тоот дүгнэлт, мөрдөгчийн 1175 дугаар магадлагаа, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч ***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч ***ын үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч *** нь *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хохирогч ***гийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг мөргөж, хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч *** болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч ***гийн эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт ндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгчийн хохирогчийн тээврийн хэрэгслийг мөргөж, хохирогч ***гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Шүүх хуралдаанд хохирогч нь шүүгдэгчээс нийт 25.759.952 төгрөг нэхэмжилсэн ба шүүх хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролд 257.952 төгрөг, машины эвдрэл гэмтэлтэй холбоотой эд зүйлийн үнэлгээгээр гарсан 9.375.000 төгрөг, машины үнэлгээ хийлгэсэн төлбөр 557.000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 7.150.000 төгрөг, хохирогчийн тээврийн хэрэгслээ барьцаалж Транс Капитал банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсанд 3.850.000 төгрөг, нийт 21.189.952 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч ***д олгохоор шийдвэрлэв.

 

Хүний сэтгэцэд учирсан хор уршигийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд заасны дагуу хүндэвтэр хохирол нь гуравдугаар зэрэглэлд хамаарах ба тухайн зэрэглэлийг хохирогч хүлээн зөвшөөрсөн тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7.150.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулсан.

Сэтгэцэд учирсан хор уршгийг хохирогч хүлээн зөвшөөрсөн ба сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал, Шинжилгээний байгууллага, Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д дагуу заавал шинжээч томилох шаардлагагүй болно.

 

Хохирогчийн автомашины барьцаалж Транс Капитал банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан үндсэн зээл 3 сая төгрөг, 2023 оны 8 дугаар сараас 2024 оны 01 дүгээр сарын 20-ны хүртэл 5 сарын хүү, 1 сарын 170.000 төгрөг, 5 сар 850.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол гарснаас хойших төлөх зээлийн хүүг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй.

 

Харин хохирогчийн олох ёстой байсан орлого сарын 600.000 төгрөг, 6 сар ажилгүй байсан 3.600.000 төгрөгийг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй. Ажилгүй байсан хугацааны үеийн цалинтай холбоотой баримт хавтаст хэрэг бүрэн авагдаагүй, хохирогч шүүх хуралдаанд шинээр гаргаж өгөөгүй тул дээрх хохирлын талаархи нотлох баримтаа жич бүрдүүлж иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч “6 сарын хугацаагаар Улаанбаатар хотоос гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэсэн эрүүгийн хариуцлагын дүгнэлт тус тус гаргасан болохыг дурдав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч гомдолтой, хохирогчийн хохирлыг барагдуулаагүй зэргийг харгалзан улсын яллагчийн ялын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Улсын яллагч шүүхэд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулах талаар санал гаргаагүй тул шүүх нэмэгдэл ял хэрэглээгүй болно.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***аас 21.189.952 төгрөг гаргуулж хохирогч ***д олгосугай.
  6. Хохирогч *** нь хохирол хор уршгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР