Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 576

 

 

 

 

 

 

     2020           5             12                                       2020/ДШМ/576

 

 

                                           М.Эад холбогдох эрүүгийн

                                                хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Дүүрэнбилэг,

хохирогч П.Одбаярын өмгөөлөгч Ш.Маам,

хохирогч Б.Отгонжаргалын өмгөөлөгч Д.Очирваань,

шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч Б.Гэрэл-Очир,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/289 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч Б.Гэрэл-Очир нарын гаргасан давж заалдах гомдлоор М.Эад холбогдох эрүүгийн 1705009100087 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

М.Э,

М.Э нь үргэлжилсэн үйлдлээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч мэхлэн, бодит байдлыг нуун 2017 оны 6 дугаар сарын 26-ны орой Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТБД Андууд” төвийн орчим хохирогч Б.Отгонжаргалаас хуурч 10.000.000 төгрөг,

2016 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн орчим иргэн У.Маанийвадараас “Америкийн Нэгдсэн Улсын виз гаргаж өгнө” хэмээн хуурч нийт 3.850.150 төгрөг,

2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Отгонбаярт Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас “Хово шланз маркийн автомашиныг оруулж ирнэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан нийт 11.875.000 төгрөг,

2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Нандинчимэгт Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас “Хово, шланз маркийн машин оруулж ирнэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан 10.000.000 төгрөг,

2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Энх-Отгонд Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас “Хово шланз маркийн машин оруулж ирнэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан 10.000.000 сая төгрөг,

2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Энх-Одод Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас “Хово шланз маркийн машин оруулж ирнэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан 10.000.000 төгрөг,

2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Одбаярт Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас “Хово шланз маркийн машин оруулж ирнэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан нийт 24.000.000 төгрөг,

  1. оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Отгонбаатарт Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас “Хово шланз маркийн машин оруулж ирнэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан нийт 20.000.000 сая төгрөгийг залилан авч, бусдад нийт 99.725.150 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: М.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овгийн Маш-Эрдэнийн М.Эыг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч М.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, М.Эад оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч М.Эаас хохирогч Б.Энх-Отгон өмгөөллийн хөлсөнд 2.000.000 төгрөг, хохирогч П.Одбаярын өмгөөлөгч Ш.Маам гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт 5.588.122 төгрөг нэхэмжилснийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эаас нийт 58.725.150 төгрөгийг гаргуулж хохирогч У.Маанийвадарт 3.850.150 төгрөг, хохирогч Б.Энх-Одод 5.000.000 төгрөг, Б.Энх-Отгонд 5.000.000 төгрөг, Н.Нандинчимэгт 5.000.000 төгрөг, С.Отгонбаярт 6.875.000 төгрөг, П.Одбаярт 16.000.000 төгрөг, Ж.Отгонбаатарт 7.000.000, Б.Отгонжаргалд 10.000.000 төгрөг тус тус олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Эын цагдан хоригдсон 273 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, М.Эын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити 3/24 дүгээр байрны 2-4 тоот, Ү-2206027354 үл хөдлөх гэрчилгээний дугаартай орон сууцны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан мөрдөгчийн шийдвэрийг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг дурдаж, М.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн цагдан хорихоор шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч М.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие бодит байдлыг буруу үнэлэн бусдад их хэмжээний хохирол учруулсандаа харамсаж байна. ...Мөн би хохирогч болон тэдгээрийн ар гэрээс чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна. 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр өндгөвчний хагалгаанд орсон. Шээс хаагдаж, гуурстай бие засаж байгаа. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон болон хохирол төлбөрөө бүрэн барагдуулж, гэм буруугаа хүлээж байгаа, мөн биеийн байдлыг харгалзан хорихоос өөр бусад ямар ч ял шийтгэл байсан хүлээж авахад бэлэн байна.

Мөн өсвөр насны ганц охинтой. Охиндоо сайн ээж байх, зөв шударга амьдрах боломжийг миний амьдралд ганцхан удаа олгож, итгэл үзүүлээч гэж хичээнгүйлэн гуйж байна. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Э нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан. ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, ...зэргийг харгалзан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү. Учир нь, М.Э нь анхан шатны шүүх хуралдаан дээр хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж, Төрийн банкны Нарантуул салбараас 77.000.000 төгрөгийн зээл авах шийдвэр гарчихаад байхад шүүх хуралдаан дээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад үл хөдлөх орон сууцыг нь мөрдөгчийн тогтоолоор захиран зарцуулах эрхийг нь хязгаарлаж, улмаар хохирол төлбөр төлөх боломжийг нь хязгаарласан. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Э нь өөрийн боломжит хэмжээгээр хохирол төлбөрийг төлж барагдуулж байсан. Мөн М.Э нь 2020 оны 3 дугаар сард өндгөвчний хагалгаанд орсон. Шингэнээ гадагшлуулахдаа гуурсаар гадагшлуулдаг. Ийм нөхцөл байдалтай цагдан хоригдсон. Иймд М.Эын эрүүл мэндийн байдал болон хохирол төлбөрөө төлсөн байдал, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Б.Отгонжаргалын өмгөөлөгч Д.Очирваань тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирлоо бүрэн хүлээж авсан учраас хохирогч Б.Отгонжаргалын зүгээс “нэгэнт хохирол барагдсан учраас М.Эаас цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх саналыг нь дэмжиж байна” гэсэн. Иймд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх зүйл дээр татгалзах зүйлгүй. ...” гэв.

Хохирогч П.Одбаярын өмгөөлөгч Ш.Маам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогч П.Одгэрэл хохирол төлбөрөө хүлээж авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн учраас эрүүгийн хариуцлагын талаах гаргах ямар санал хүсэлт байхгүй. ...” гэв.

Прокурор А.Дүүрэнбилэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор М.Эад оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 дугаар зүйлд заасан зарчмуудад нийцэж байна. Иймд ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэлгүй байна . ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

М.Э нь үргэлжилсэн үйлдлээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч мэхлэн, бодит байдлыг нуун 2017 оны 6 дугаар сарын 26-ны орой Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТБД Андууд” төвийн орчим хохирогч Б.Отгонжаргалаас хуурч 10.000.000 төгрөг залилан авсан болох нь

хохирогч Б.Отгонжаргалын “...Тэр эмэгтэй надад хэлэхдээ 5.000.000 төгрөгийн хэрэг байна, танд удахгүй мөнгө буцааж өгье, ажилчдын цалин тавих хэрэгтэй байна, мөн өөрийгөө нүүрс тээвэрлэж зөөдөг компанитай гэж надад ойлгогдохоор зүйл ярьсан. Мөнгийг маань уг нь 10 хоногийн дараа өгөхөөр болсон. Тэр үедээ Эрдэнэбаяр дагуулж ирсэн болохоор итгээд 2-3 хоногийн дараа өгөхөөр болсон. ...Ингээд нийт 10.000.000 төгрөгийг М.Эад Гашуун сухайтын ХААН банкны салбараас өгсөн. ...” /4 хх 133-134/,

гэрч Х.Цэрэнгомбын “...мөнгө өгөлцөж авалцах үеэр дэргэд нь байгаагүй. Манай эхнэр ярихдаа намайг хотод байх хойгуур Эрдэнэбаяр гэж манайхаар байнга үйлчлүүлдэг залуу эхнэр дээр М.Эыг дагуулаад очихдоо манай эгч гэж танилцуулаад 3.000.000 төгрөг зээлээч гэж ярьсан боловч сүүлдээ 10.000.000 төгрөг шаардлагатай болсон гээд уулзсан. ...Эрдэнэбаяр нь М.Эын өмнөөс нэг ч төгрөг өгөөгүй...” /4хх-ийн 136-137/,

гэрч М.Эрдэнэбаярын “...Тухайн үед М.Э босч ирээд Гомбоо ахтай ярилцаж гэрээ маягийн юм байгуулж, 5.000.000 төгрөгийг 5.500.000 төгрөг болгож өгөхөөр болж өөрсдөө гараар гэрээ байгуулж бичиг баримтаа канондож өгсөн байгаа. ...Мөнгөө Гашуун сухайтын ХААН банкан дээрээс М.Э руу 3.000.000 төгрөг дансаар шилжүүлсэн, 2.000.000 төгрөг бэлнээр өгсөн. ...Тэгтэл 7 дугаар сарын 7, 8-ны үед над руу Гомбоо ахын эхнэр Отгоо эгч залгаад танай эгч чинь 10.000.000 төгрөг аваад явсан, мөнгөө өгөхгүй байна гэхээр нь би юун 10.000.000 төгрөг вэ, 5.000.000 төгрөг зээлээ биз дээ гэхэд Отгоо эгч нэмж 5.000.000 төгрөг авсан, хугацаандаа мөнгөө өгөхгүй байна гэж хэлсэн...” /2 хх 234-235/,

Б.Отгонжаргалын ХААН банкны 5006608085 тоот дипозит дансны хуулга /4 хх 120-121/ гэх нотлох баримтуудаар,

2016 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн орчим иргэн У.Маанийвадараас “Америкийн Нэгдсэн Улсын виз гаргаж өгнө” хэмээн хуурч нийт 3.850.150 төгрөг залилан авсан болох нь

хохирогч У.Маанийвадарын “...2016 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 61 дүгээр байрны орчимд М.Эад машин дотор 750 ам.доллар өгсөн. 2016 оны 10 дугаар сарын үед М.Эын данс руу 1.715.150 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Дараа нь 275.000 төгрөгийг дансаар өгсөн. Би М.Эад өгсөн нийт 3.850.150 төгрөгийг авмаар байна. ...” /2 хх 203/,

У.Маанийвадарын гаргасан өргөдөл /2 хх 199/ гэх нотлох баримтуудаар,   

2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Отгонбаярт Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас “Хово шланз маркийн автомашиныг оруулж ирнэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан нийт 11.875.000 төгрөг залилсан болох нь

Хохирогч С.Отгонбаярын “...9 дүгээр сарын 4-ний орой манай нөхөр Ууганбаяр, М.Эын оффист буюу 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын урд талд байрлах Алтан жинлүүрийн 304 тоот өрөөнд Эрхэмбаяр, М.Э нартай уулзаад Эрхэмбаярт 3 сая төгрөг, М.Эын Хаан банкны 5015250823 данс руу Ууганбаярын хаан банкны 5029804312 данснаас мөнгө мобайл банкаар шилжүүлсэн. Дараа нь Замын-Үүд рүү явах замдаа мөнгө хэрэг боллоо гэхээр нь мөнгө шилжүүлээд байсан, мөн очоод гаалийн мөнгө хэрэгтэй байна гэхээр нь бас мөнгө өгсөн, Эрээн гараад сэлбэг авах мөнгө дутчихлаа гэхээр нь бас л мөнгө шилжүүлсэн. Ингээд нийтдээ 41.875.000 төгрөгийг зөвхөн Ууганбаярын дансаар М.Эын данс руу шилжүүлсэн. ...” /1 хх 23/,

С.Отгонбаярын өргөдөл /1 хх 4-6/, Зээлийн гэрээ /1 хх 47/, техник худалдах, худалдан авах гэрээ /1 хх 48/ гэх нотлох баримтуудаар,

2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Нандинчимэгт Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас “Хово, шланз маркийн машин оруулж ирнэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан 10.000.000 төгрөг залилсан болох нь

хохирогч Н.Нандинчимэгийн “...эхний машин захиалсан Ууганбаяр тэр өдрөө М.Этай Замын-Үүд рүү явсан байдаг ба явсан учир нь машинаа Замын-Үүдээс авч ирэх гэж явсан байсан. Ууганбаяр очоод машинаа үзчихсэн, машинаа сонгоод авчихлаа гээд маргааш нь яриад бүүр сэлбэгээ худалдаж аваад машиндаа аччихлаа гэхээр нь үнэн юм байна гэж ойлгоод Ууганбаяр руу Энх-Од бид хоёр 20.000.000 төгрөгөө шилжүүлсэн байгаа. ...   Итгэх болсон шалтгаан нь Ууганбаяр очиж үзээд машинаа сонгоод авчихсан, маргааш Бичигтийн боомт руу гарлаа гэхээр нь бид хоёр итгэчихсэн юм...” /2 хх 115 хуудас/ гэх мэдүүлгээр,

2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Энх-Отгонд Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас “Хово шланз маркийн машин оруулж ирнэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан 10.000.000 сая төгрөг залилсан болох нь

хохирогч Б.Энх-Отгоны “...Би М.Эын өөрийн санал болгосноор Хово маркийн нүүрс зөөдөг шланз машиныг худалдаж авах зорилгоор урьдчилгаанд нь 10.000.000 төгрөгийг манай нөхрийн дүүгийн нөхөр болох Жаргалсайханы Ууганбаярын ХААН банкан дахь данс руу миний өмнөөс манай нөхрийн дүү болох Самданжамцын Отгонбаяр 2017 оны 8 дугаар сард шилжүүлж Ууганбаяр цааш нь М.Эад миний өмнөөс шилжүүлсэн. Би тэгэхээр Отгонбаярт 10.000.000 төгрөгийн өртэй гэсэн үг. Сүүлдээ М.Э нь машин ч байхгүй, утсаа ч авахгүй алга болоод Нандинчимэг, Энх-Од, Отгонбаяр бид дөрөв нийлж М.Эын оффист нь барьж аваад уулзаад хүчээр нийт дүнгээрээ буюу 41.875.000 төгрөгийг зээлсэн байдлаар зээлийн гэрээ хийж нотариатаар батлуулсан...” /1 хх 136/  гэх мэдүүлгээр,

2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Энх-Одод Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас “Хово шланз маркийн машин оруулж ирнэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан 10.000.000 төгрөг залилсан болох нь

хохирогч Б.Энх-Одын “...2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр санагдаж байна, 10.000.000 төгрөг шланз машин худалдаж авахаар урьдчилгаанд өгсөн байгаа. Өгөхдөө бэлнээр Нандинчимэгт өгч Нандинчимэг цааш нь өөрийнхөө урьдчилгаа 10.000.000 төгрөгийг миний мөнгөтэй нийлүүлж 20.000.000 төгрөг М.Э бид хоёр Ууганбаярын данс руу хийсэн байгаа. Эргүүлж мөнгө одоог хүртэл байхгүй байна. Ууганбаяр очиж машинаа үзчихээд Замын-Үүдэд мөнгөө М.Э руу шилжүүлсэн байгаа...” /2 хх 113/,

гэрч Ж.Ууганбаярын “...Замын-Үүдэд очсоны дараа би Энх-Отгон эгчийн машины урьдчилгаа гэж 9 сая төгрөгийг мобайл банкаар М.Эын данс руу шилжүүлсэн. Тэгээд үдээс хойш болж байхад машинууд гаалиар орж ирэхээр нь би улаан өнгөтэй, цэнхэр чиргүүлтэй шланз хово маркийн машиныг авахаар сонгоод тухайн өдөртөө багтаад Энх-Од, Нандинчимэг нарын машины урьдчилгаа 20 сая төгрөгийг мөн мобайл банкаар М.Эын данс руу шилжүүлж нийт 40 сая төгрөг өгсөн. Намайг Замын-Үүд рүү явж машинуудыг үзсэн болохоор Энх-Од, Нандинчимэг, Энх-Отгон эгч нар миний данс руу мөнгөө шилжүүлж М.Эад өгсөн ...” /1 хх 111/,

гэрч Г.Бэрцэцэгийн “... Нэг машиныг нь Ууганаа гэх залуу үзсэн. Тэгээд машинаа үзчихээд Мөнхцэцэг хилээр гарах гэтэл гадаад паспортгүй учир М.Э Онон бид гурав хилээр гарч Эрээнд очиж 5 машиндаа дамкрат, дорцов, дугуй тайлдаг юм, тэгээд хэд хэдэн том машины сэлбэгнүүд аваад хилээр буцаж орсон. М.Э Ононг 5 жолоочтой нь үлдээгээд машинд дугаар авах гээд удах гээд байна гэж хэлээд Мөнхцэцэг, М.Э Далай жолоочтой хамт Ууганаа гэх ахыг дагуулаад хотод ирцгээсэн. ...Би М.Эад чи хүний мөнгөөр ажлаа амжуулчихаад машиныг нь өгсөн дээр байлгүй дээ гэхэд М.Э юу ч хэлээгүй. ...” /1 хх 149-151/,

гэрч Б.Ононгийн “...М.Э нь нөгөө хүнтэй тусдаа машинтай хамт явсан. Тэгээд Замын-Үүд дээр өглөө очиход 85 машинаас 2 машин түрүүлж орж ирсэн байсан. Дахиад 2 машин нь орж ирээд хамгийн сүүлд нэг ногоон өнгийн Хова машин орж ирсэн. ...яагаад машин авч явах аа больсон талаар мэдэхгүй, буцаад бид нар Улаанбаатар явсан. ..над руу сүүлд Одбаяр бас нэг эгч залгаад М.Этай холбоо барих арга байна уу гэж асуудаг байсан...” /1 хх 154-155/ гэх мэдүүлгүүдээр,

2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Одбаярт Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас “Хово шланз маркийн машин оруулж ирнэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан нийт 24.000.000 төгрөг залилсан болох нь

Хохирогч П.Одбаярын “...Би М.Эад 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 24.000.000 төгрөг М.Эын ХААН банкны данс руу шилжүүлж өгсөн байгаа. Уг өгсөн мөнгө нь 43.000.000 төгрөгөөр шланз маркийн автомашин худалдаж авахаар гэрээ байгуулж гэрээний дагуу урьдчилгаа мөнгийг өгсөн юм. Энэ мөнгөнөөсөө 2.000.000 төгрөг 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр дансаар авсан байгаа. Одоо 22.000.000 төгрөг...” /2 хх 114/,

Зээлийн гэрээ /1 хх 52/, техник худалдан авах гэрээ /1 хх 53-56/, ХААН банкны орллгын баримт /1 хх 61/ гэх нотлох баримтуудар,

2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Отгонбаатарт Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас “Хово шланз маркийн машин оруулж ирнэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан нийт 20.000.000 сая төгрөгийг залилан авсан болох нь  

хохирогч Ж.Отгонбаатарын “...тэр үед М.Э 2 машинаа зарж урьдчилгааг нь аваад бусад машиныхаа биржийн бүрдүүлэлт, таван толгой, ганц мод руу явах зардлаа гарган авч байгаа юм” гэж ярьж байсан. Тэгээд надад боломжийн санагдаад ярилцаж байгаад урьдчилгаа 20.000.000 төгрөг өгч 45.000.000 төгрөгийн үнэтэй 2008 оны Хово шланз маркийн машин авахаар болсон. Тэгээд би 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 20.000.000 төгрөг олж 100 айлын ХААН банкнаас 5.000.000 төгрөг, мөн гэрээсээ интернет банкаар 15.000.000 төгрөг, нийт 20.000.000 төгрөгийг М.Эын ХААН банкны 5015250823 тоот данс руу шилжүүлсэн...” /1 хх 30/,

гэрч Б.Шинэбаярын “...М.Э гэх эмэгтэй Замын-Үүдэд өөрийн биеэр ирээд надтай уулзаж “5 ширхэг хүнд даацын машин /Хово 3 ш, Саншин 2 ш/ БНХАУ-аас оруулж ирж өгнө үү. Би Тавантолгойд тээврийн байгууллагын автомашинууд хариуцсан менежер ажилтай, хувийн тээврийн компанитай гэж хэлээд захиалга өгч захиалах үедээ ямар нэгэн гэрээ хийгээгүй, төлбөр мөнгө өгөөгүй тохирч явж байсан. ...М.Э нь өөрийн биеэр /цаг хугацааг нь сайн санахгүй байна/ Замын-Үүдэд ирээд тус маминуудыг авах мөнгө байхгүй байна, банкны зээл хөөцөлдөж байна гэсэн ба би өөрөөсөө 200.000.000 сая төгрөг гаргаж автомашинуудыг оруулж ирсэн болохоор М.Эад өгөөгүй ба М.Эаас мөнгө нэхэх үед банкны зээлээ хөөцөлдөж байна гэж хэлээд 1 сар хүлээлгэсэн. ...Ингээд алга болж байгаад М.Э 2018 оны 1 сард санаж байна 2 ширхэг хүнд даацын автомашин урьдчилгаагүй надаас авна гэж хэлэхээр нь би өгөөгүй. М.Эад нэг ч автомашин өгч байгаагүй ... Би 15 сая төгрөг авсан. Энэ мөнгийг би 5 ширхэг автомашинууд оруулж ирэхэд гаалийн бүрдүүлэлт, гаалийн татвар, зогсоол, засвар үйлчилгээ, жолоочийн мөнгө гэх мэт зүйлсэд зарцуулагдсан байгаа. ...20 сая төгрөг бол аваагүй ... /1 хх 157, 2 хх 116/,

шүүгдэгч М.Эын яллагдагчаар “... 10 дугаар сарын 27-ны өдөр зээл бүтнэ гэсэн. Тийм болохоор хохирол барагдуулахыг хүлээж өгнө үү, надад Энх-Отгон, Отгонбаяр, Энх-Од, Нандинчимэг нараас, өөр хүнээс машин оруулж ирнэ гэж мөнгө авсан хүн байгаа. Би мөнгийг нь дансаар авсан. 9 дүгээр сарын 27-ны өдөр Лхамаа гэдэг хүнээс 20.000.000 төгрөг, тухайн өдөр Одбаяр гэдэг МТ колонкод ажилладаг залуугаас 20.000.000 төгрөгийг машины урьдчилгаа гэж авсан. ...” /1 хх 40-43/ гэх мэдүүлгүүд,

Шүүх сэтгэц эмгэг судлалын ... М.Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. М.Э нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. М.Э нь бодит байдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна ... гэх дүгнэлт /2 хх 9/, хохиролын тооцоо /2 хх 237/, хохирогч нарын цагдаагийн байгуулагад хамтран гаргасан өргөдөл /1 хх 104-105/, Ж.Ууганбаярын ХААН банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх 113-114/, М.Эын ХААН банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх 237-244, 3 хх 124-149/, П.Одбаярын Голомт банкны зээлийн дансны хуулга /3 хх 84-123/, давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирол төлсөн талаарх шинээр гаргаж өгсөн 18 хуудас баримт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг буюу залилах хэргийн хохирол, үнийн дүн, үйлдэж буй арга зэрэг нь тухайн гэмт хэргийн нэг шинж болж байдаг онцлогтой.

Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг.

Нэр бүхий хохирогч нар М.Эийн хэлсэн худал зүйлд итгэж, өөрийн эд хөрөнгийг шилжүүлэн өгч хохирсон болохыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн тогтоосон байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлаж хэргийн үйл баримтыг шүүгдэгч М.Э бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулсан хэмээн дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч М.Эын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, анхан шатны шүүх мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй байна.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэжээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасантай нийцсэн гэж үзнэ.

Шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч Б.Гэрэл-Очир нарын “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн утга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

Учир нь, нотлох баримтыг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлэх нь сэтгэхүйн ажиллагаа төдийгүй тодорхой шийдвэр гаргах ажиллагаа болдог.

 

Чухам иймээс шүүх нь хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйл баримтыг өөрийн дотоод итгэлээрээ үнэлдэг учиртай.

Дээрх байдлуудад тулгуурлаж, хэргийг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйл 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь ...шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэсэн зорилт, зарчимд нийцдэг.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “...арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч М.Э 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд нийт 8 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад 99.725.150 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан байх тул давж заалдах шатны шүүхээс түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулсан тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хэргийн хохирол, хор уршигт зэргээс гадна шударга ёсны зарчимд тохирохгүй.

Үүнээс гадна Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг.

Харин шүүх Эрүүгийн хуулийн зарим нэг зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд буюу өөрийн үзэмжээр, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог онцлогтой. Ийм зүйл, хэсгүүдийн нэг бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно...” гэж заажээ.

Уг заалт нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгосон хуулийн зохицуулалт биш бөгөөд шүүгдэгч М.Э давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэдий ч түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг хэрэглэх боломжгүй гэж үзсэнийг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч М.Э гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө бүрэн төлж барагдуулсан, нэр бүхий хохирогч нар гомдол, саналгүй гэсэн хүсэлтийг тус шүүхэд ирүүлсэн зэргийг харгалзаж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хоёр жилийн хорих болгон хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Түүнчлэн анхан шатны шүүх прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв гэж дүгнэсэн атлаа шүүгдэгч М.Эыг гэм буруутайд тооцохдоо хохирогч Б.Отгонжаргалын үйлдэлд яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтэд дурьдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “..урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж...” гэсэн шинжийг орхигдуулсан нь буруу болсон байх тул шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй.

Шийтгэх тогтоолд дээрх зохих өөрчлөлтийг оруулж зөвтгөж шийдвэрлэснээр шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохгүй, түүний хуулиар хамгаалагдсан эрх зөрчигдөхгүй, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/289 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтыг “Боржигон овгийн Маш-Эрдэнийн М.Эыг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

2 дахь заалтыг  “Шүүгдэгч М.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,   

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.Эад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.   

2. Шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч Б.Гэрэл-Очир нарын гаргасан “... хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү...” гэх тус тус гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч М.Э нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

           

                                                                                                                                    

                                 ШҮҮГЧ                                                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ