Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2026/0570

 

 

 

Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод

аудитын газрын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 126/ШШ2026/0028 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Зоригтбаатар

Илтгэгч шүүгч Ц.Одмаа

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар

Хариуцагч: Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Г.И

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Д

Хариуцагч Г.И

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр

 

Хэргийн индекс: 126/2026/0017/З                                           

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 126/ШШ2026/0028 дугаар шийдвэрээр “Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 4.2.7, 8 дугаар зүйлийн 8.1, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газраас Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Г.И-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №176/А2270469/ХӨА-2026/169/НА-СТА-ТШЗ дугаар бүхий Төлбөр барагдуулах тухай актаар тогтоосон 3 293 600 /гурван сая хоёр зуун ерэн гурван мянга зургаан зуу/ төгрөгийн төлбөрийн актын дүнг 1 202 050 /нэг сая хоёр зуун хоёр мянга тавь/ төгрөг болгож, 2 091 550 /хоёр сая ерэн нэгэн мянга таван зуун тавь/ төгрөгөөр багасгаж” шийдвэрлэжээ.

2. Хариуцагч Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Г.И шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

2.1. “... Төсөв захирагч нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.13-т зааснаар төсвийн үр ашигтай удирдлагыг хэрэгжүүлж, сургалтад оролцогчдын тоонд үндэслэж төсөв зарцуулах, төсвийг хэмнэх талаар нэг ч үйлдэл хийлгүй, батлагдсан төсвийг ямар нэгэн байдлаар бүрэн зарцуулж дуусгая гэсэн хандлага гаргаж төсөв зарцуулсан нь Төсвийн тухай хууль болон Төрийн хэмнэлтийн тухай хуульд нийцэхгүй байгаад анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй байна. Энэ нь төсөв захирагчаас тодорхой зохицуулалтгүй гэрээнүүдийг гүйцэтгэгчидтэй байгуулсан, сургалтад оролцогч байгууллагуудтай холбогдож сургалтад ирэх албан хаагчдын тоог бодитоор гаргаагүй, хоол, цайны захиалга өгөхдөө сургалтад оролцогчдын бодит тоогоор захиалга өгөөгүй зэрэг нь эс үйлдэхүйгээр илэрч байгаа бөгөөд анхан шатны шүүх нь шийдвэрийнхээ 10, 11, 12 дугаар хуудас үндэслэл хэсгийн 30, 35, 40, 41 дэх хэсгүүдэд энэ талаар тодорхой дүгнэлт өгсөн боловч шийдвэр гаргахдаа харгалзаж үзээгүй байна.

2.2. Мөн нотлох баримтыг буруу үнэлсэн. Учир нь бүртгэлд 60 сургалтад оролцогч гарын үсэг зурсан ба үүнээс 1 нь жолооч, 1 нь эхлээд жолооч гэж бүртгэснээ дотоод аудитор гэж зассан байсан иймд зассан бүртгэлийг аудитын хүрээнд жолоочоор тооцсон.

2.3. Түүнчлэн маргаан бүхий актыг Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор А.Э, аудитор Г.И нар гарын үсэг зурж баталгаажуулан шалгагдагч байгууллагад гардуулан өгсөн. Гэвч хариуцагчаар зөвхөн аудитор Г.И миний биеийг татан оролцуулж, Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газар нь албан ёсны хуулийн мэргэжилтнээ шүүх хуралдаанд оролцуулах боломжийг хязгаарласан.

2.4. Шүүх маргааны гол асуудлыг буруу ойлгож, Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын төсөв захирагч нь төсвийг хэмнэлттэй зарцуулах үүргээ биелүүлээгүй, бодит тоо хэмжээнд үндэслэхгүйгээр төсвийг хэтрүүлэн зарцуулсан үйлдэлд төлбөрийн акт тогтоосон захиргааны эрх зүйн харилцааг Иргэний хуулийг үндэслэн шийдвэрлэсэн, хэрэг шийдвэрлэхдээ тодорхой тогтсон ойлголтгүй байсан байна. Нэхэмжлэгчийн зүгээс ч төлбөрийн актыг хүчингүй болгуулах хүсэлт гаргасан болохоос төлбөр төлсөн нь хуульд нийцсэн эсэхийг тогтоолгох хүсэлт гаргаагүй. Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар нь иргэний эрх зүйн харилцааны оролцогч этгээд биш бөгөөд зөвхөн төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд хууль тогтоомжийн хүрээнд оролцож, холбогдох чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага юм.

2.5. Төсөв захирагчийн хувьд бодитоор оролцоогүй хүмүүсийн зардлыг төсвөөс санхүүжүүлэх, улмаар төсвийн хөрөнгийг илүү зарцуулах нөхцөл байдал үүссэн эсэх асуудалд шүүх голлон анхаарч, төсвийн сахилга бат, төсвийн хөрөнгийн үр ашигтай зарцуулалтын зарчмын хүрээнд эрх зүйн үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэх нь зүйтэй байсан гэж үзэж байна. Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шийдвэрийг хүчингүй болгож, төлбөрийн актыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

   ХЯНАВАЛ:

            1. Анхан шатны шүүх нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

            2. Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газраас Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газар, аудитор Г.И-д холбогдуулан “... 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 176/А2270469/ХӨА-2026/169/НА-СТА-ТШЗ дугаар бүхий “Төлбөр барагдуулах тухай” актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

   3. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан үндэслэл байгаа эсэхийг шалгаж тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д ““нэхэмжлэл” гэж ... хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгохоор тус тус зохицуулсан бөгөөд мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна”, 52.5.4-д “захиргааны байгууллагаас гаргах нэхэмжлэлийн хувьд ямар хууль зөрчигдсөн, эсхүл нийтийн эрх зүйн ямар чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн” гэж заасан.

4.1. Тодруулбал, захиргааны хэргийн шүүхийн үндсэн зорилго нь захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэх бөгөөд зөвхөн хуульд заасан тохиолдолд захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу хэргийг хянан шийдвэрлэнэ.

5. Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын үйл ажиллагаа нь Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолын хавсралт болох Дотоод аудитын дүрэм зэргээр зохицуулагдахаар байх бөгөөд уг байгууллага нь хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төрийн болон орон нутгийн өмч, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, үнэлэлт дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан захиргааны байгууллагад хамаарна.

5.1. Иймд тус захиргааны байгууллагын хувьд нэхэмжлэл гаргах эрх хуулиар тусгайлан олгогдсон байх шаардлага тавигдах бөгөөд нэхэмжлэгчийн субьектив эрх хөндөгдсөн байх бус харин нэхэмжлэл гаргах эрхийг хуульд тухайлан заасан, эсхүл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан шаардлага тавигдана. Гэтэл дээр дурдсан хуулиар нэхэмжлэгч захиргааны байгууллагын нэхэмжлэл гаргах эрхийг тусгайлан заасан зохицуулалтгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна.

5.2. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллагаас захиргааны хэргийн шүүхэд хуульд тусгайлан заасан тохиолдолд нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд маргаан бүхий энэ тохиолдолд Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газраас хуульд тусгайлан заасан асуудлаар нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэхээр нэхэмжлэл гаргасан гэж үзэхээргүй байна.

5.3. Нөгөөтэйгүүр, маргаан бүхий актын 2 дахь заалтаар актын биелэлтийг Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын дарга А.Д, нягтлан бодогч Х.А нарт тус тус хариуцуулсан байгаа энэ тохиолдолд уг актыг нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газарт шууд чиглэсэн гэж үзэхээргүй байна.

5.4. Дээрх нөхцөл байдал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан үндэслэлд хамаарч байх тул шүүх бүрэлдэхүүн мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

6. Нэгэнт давж заалдах шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан учир анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт өгөхгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 126/ШШ2026/0028 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газраас Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газар, аудитор Г.И-д холбогдуулан гаргасан “... 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 176/А2270469/ХӨА-2026/169/НА-СТА-ТШЗ дугаар бүхий “Төлбөр барагдуулах тухай” актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг түүнд буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                           ШҮҮГЧ                                    Г.МӨНХТУЛГА

 

                           ШҮҮГЧ                                    Э.ЗОРИГТБААТАР

 

                           ШҮҮГЧ                                    Ц.ОДМАА