Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2017/ШЦТ/042

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа

Хохирогч: *******,

Шүүгдэгч:Н.*******, түүний өмгөөлөгч Д.Мэндээ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох ******* тоот эрүүгийн хэргийг 2016 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,  хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* *******. /******* регистрийн дугаартай/

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Н.******* нь Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж 4 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах хугацаандаа буюу ялтай байхдаа согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Мөнгөн-Овоо” гэх газар ******* эзэмшлийн 09-29 БНЗ улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-ийн А-д заасан “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахгүйгээр өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн мөн дүрмийн 2.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна” гэх заалтын А-д заасан “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх биедээ авч явна”, 2.3-д заасан “Жолооч нь дор дурдсан үүргийг хүлээнэ гэх заалтын В-д заасан “Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдох хэлбэрээр зам тээврийн осол гаргаж, зорчигч этгээд буюу араараа сундалж явсан ******* амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Шүүгдэгч Н.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн өглөө 10 цагийн үед гэрээсээ гарч тамхи авах зорилготой дэлгүүр орсон би энэ өдөр хөдөө гэрлүүгээ явах байсан. Ингээд дэлгүүрээс тамхи аваад гараад ирэхэд талийгаач ******* тааралдаж, хөдөө хамт явахаар болсон.

...******* нь 8000 төгрөг гаргаж ирээд нэг шил архи аваад ир гэж надад өгсөн. Би дэлгүүрээс 0,5 литрийн багтаамжтай нэг шил “Ерөөл” архи аваад гараад ирэхэд талийгаач ******* нь миний араар суучих хоёулаа гараад уучихъя гэж хэлсэн. ******* мотоцикль жолоодож, би араар нь сундлаад Баянхонгор аймгийн Бууцагаан сумын хойд талын гурван толгойн орой дээр гараад, хувааж ууж, дуусгаад сум ороод ахиад нэг шил 0,5 литрийн багтаамжтай “Ерөөл” архи аваад нөгөө газраа уусан. Бид архи ууж байхад талийгаач ******* би өглөө малаа бэлчээрт гаргаагүй ирсэн хоёулаа архиа ууж дуусгаад манай хонийг бэлчээрт гаргаад ирье гэсэн. Тэгээд архиа ууж дуусгаад талийгаач ******* эхлээд мотоцикль жолоодоод явахад архи уусан газраасаа 200 метр газар зөөлөн явж байгаад унасан. Тэгэхэд хэн нэг нь ямар нэгэн байдлаар бэртэж гэмтээгүй. Ингээд “би чамаас арай дээр явах юм байна” гэж хэлээд би мотоциклийг нь жолоодсон. Талийгаач миний араар сундлаад явсан. Тэгээд бид хоёр гурван км орчим газар явж байхад талийгаач ямар нэгэн байдлаар хөдлөхгүй зүгээр сууж явж байгаад гэнэтхэн араас хоёр өвдгөөрөө хавчиж намайг дээш нь өргөөд баруун гараараа намайг хойш нь татахад нь би нэг гараа тавьж, жолоог алдаад мотоцикль шарваж унасан. Тэгээд би босоод ирэхэд талийгаач ******* өндийгөөд суучихсан хамраас нь цус гарсан байдалтай байхаар нь чи зүгээр үү гэхэд талийгаач зүгээр гээд хоёулаа замаас гараад жаахан унтаад явъя. Би босч чадахгүй толгой эргээд байна гэсэн...Талийгаач ******* намайг “чи араас жоохон дэм өгөөдөх” би сууя гэхээр нь би араас нь өргөж, суулгаад өөрөө араар нь сууж, мотоциклийг би жолоодоод явахад талийгаач энд зогс гэхэд нь зогссон. Барагцаагаар 50 орчим метр газар явсан. Тэгээд уг газраа талийгаачийг мотоцикль дээрээс буулгахад талийгаач ******* хоёулаа жоохон унтъя гээд газар хэвтээд өгсөн. Би хажууд нь нэг тамхи татаад миний бие өвдөөд байхаар нь хэвтсэн чинь би бас унтсан байсан. Ингээд би гэнэт даараад сэрэхэд миний утасны цагаар 15 цаг болж байсан. Тэгээд би талийгаач *******ыг сэрээх гэхэд сэрэхгүй хамар, чихнээс нь цус гараад хатчихсан байсан учир талийгаач ******* утсыг аваад түргэн дуудсан. ******* архи ууж сууж байхдаа би өглөө хоол идээгүй би согтоод байна гэж хэлж байсан бөгөөд их согтсон учир мотоцикль жолоодож чадахгүй 200 метр зөөлхөн явж байгаад мотоциклио зүгээр хажуудуулж унагаад босгосон. Тэрнээс өөрсдөө газар унаагүй ямар нэгэн байдлаар бэртэж, гэмтэж ямар нэгэн байдлаар цус гарсан зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 112-113/

Шүүгдэгч Н.******* шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн учир мэдүүлэг аваагүй.

Хохирогч Д.Болд-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 12-р сарын 23-ны өдрийн өглөө 09-10 цагийн хооронд талийгаач ******* өөрийнхөө мотоцикльтой манай ээжийн гэрт ирсэн... Мотоциклийнхоо эд ангийг гагнуулна гэж хэлээд надаас 10.000 төгрөг аваад явсан. Гарч яваад удаагүй буцаж, ирээд мотоциклийнхоо гэрлийг авчихлаа нөгөө гагнуурын хүн байхгүй байна би одоо явлаа гэж хэлээд мотоциклио унаад явсан. Тэгэхээр нь би араас нь гарч харахад манай хөдөө байх өвөлжөөрүү явах зам дагуу байх “Дөрөлж”-өөр давж байгааг нь би харсан. Би хэсэг хугацааны дараагаар талийгаачийн гар утас руу залгахад холбогдохгүй байсан. Тэгээд 13 цагийн үед байх дахин талийгаачийн гар утас руу залгахад түүний гар утас нь дуудаж байсан тэгээд 14 цаг өнгөрөөгөөд манай хоёр хүүхэд сургуулиас гэртээ ирсэн. Тэгээд би том хүүхэддээ талийгаачийн дүүгийнх нь мотоциклийг гуйж авч өгөөд хүүхдээ “Хөх дэрс” гэх газарт байх өвөлжөөрүүгээ талийгаачийн араас 16 цагийн үед явуулсан. Манай том хүүхэд надад утсаар залгаад дүү бид хоёр хөдөө ирсэн байна энд аав байхгүй байна хонь гэрийн гадаа ирсэн байна гэж хэлсэн.Тухайн үед 16 цаг 30 минутын үе болж байсан байх. Тэгээд надад манай ахын эхнэр н.Сэргэлэн 17 цагийн үед утсаар танай хүн мотоциклиос унаад ухаангүй байна гэж хэлсэн. Тэгээд... талийгаачийн мотоциклиос унасан газарт очсон. Тэнд очиход талийгаач ******* ухаангүй байсан. Тэгээд эмнэлэгт хүргэж ирсэн. Эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад 2016 оны 12-р сарын 24-ний өдрийн 12 цагт манай нөхөр өнгөрсөн...Тухайн онхолдсон гэх газраас талийгаач *******ыг хөдөлгөсөн, мөн удаан хугацааны дараагаар дуудлага өгсөн байсан.

...Талийгаач ******* ажил явдлаар гарсан зардлыг нэхэмжилж байна...Талийгаачийн ажил явдалд нийт 4000000 гаруй төгрөг зарцуулагдсан боловч надад байгаа баримтаар 2,613,350 төгрөгийн зардал гарсан нь тогтоогдож байна. Гэхдээ баримтгүй зардал гарсан учир би буруутай этгээдээс 4000 000 төгрөг нэхэмжилнэ. Талийгаачийн эгч, дүү нарын зүгээс надтай адилхан санал хүсэлтэй байгаа...Уг цагаан өнгийн мотоцикль нь талийгаачийн нэр дээр байдаг ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй уг мотоциклийн гэрчилгээ байхгүй алга болсон...Уг цагаан өнгийн мотоциклийн 09-29 БНЗ дугаар нь уг өөрийн мотоциклийн дугаар биш талийгаач нэг өдөр зүүчихсэн ирсэн. Манай мотоцикльд улсын дугаар бичиг баримт байхгүй, уг дугаарыг олсон гэж байсан хаанаас яаж олсон талаар би мэдэхгүй талийгаач тодорхой яриагүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн 51-53, 62/

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Учирсан хохирлыг барагдуулах байх. Цаг хугацаа алдаж, эмнэлгийн тусламж дуудсанд гомдолтой байна. Талийгаачийг мотоциклиос унасан байхад чирж явсан байсан. Н.******* зохих ялаа авах байх. Би 4-6 насны хоёр охинтой, хүүхдүүддээ тэтгэмж тогтоолгосон. Амьдралын түвшин гайгүй хэдэн малтай. Талийгаачийн унаж явсан мотоцикль бүрэн бүтэн байгаа. Шүүгдэгч Н.*******оос Баянхонгор аймгийн Бууцагаан сумаас аймгийн төвд ирсэн болон явсан хоёр удаагийн унааны зардал болон 4000000 төгрөг нэхэмжилж байна. 2613350 төгрөгийн хохирол нотлох баримттай байгаа гэв.

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...2016 оны 12 дугаар сарын 23-ны өглөө 10 цагийн үед манай хүүхдийн шинэ жил болох гээд яараад дэлгүүрээ хаах гээд байж байхад Н.******* гаднаас орж ирээд надаас 0.5 литрийн багтаамжтай нэг шил “Ерөөл” архи худалдан авсан. Тэгээд манай хүүхдийн сургуулийн шинэ жил болоод тэнд нь оролцсон учир дэлгүүрээ түр хаагаад, буцаагаад 15 цагийн үед нээсэн. Тэгээд Н.******* 17 цагийн үед ирээд дахин 0.5 литрийн багтаамжтай нэг шил Ерөөл архи худалдан авсан. Тус өдөр Н.******* хоёр удаа ирж, 0.5 литрийн хоёр шил Ерөөл архи худалдан авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 64 хуудас/

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би тус өдөр 10 цаг өнгөрч байхад малаа хайж яваад Баянхонгор аймгийн Хүрээмарал сум явдаг төв зам дээр мотоцикль байхаар яваад очсон. Тэнд ******* өөрийн цагаан өнгийн мотоцикльтой, хажууд нь нэг залуу байсан. Тэр залуугийн нэрийг нь би мэдэхгүй, тэр залуу суудлын хэсгээр бүтээлэгтэй мотоцикль хажуудаа тавьсан “Гурван Толгойн” цаад талын төв зам гарах хэсэгт сууж байсан. Намайг очиход тэр хоёр дундаа 0.5 литрийн Ерөөл архи тавьсан байсан. Тэр архины дээрээс нь гурван хурууны хэмжээтэй уусан байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 66 хуудас/

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 15 цаг 55 минутын орчим манай байгууллагад 88722949 дугаараар утаснаас Н.******* нь ******* гэдэг хүн бид хоёр мотоциклиор явж байгаад мотоциклиос унасан. Цуг явсан ******* чихнээс нь цус гарч, хурхирч унтаж байна гэсэн дуудлага өгсөн. Энэ талаар би сувилагч В.Эрдэнэчимэгээс сонсоод буцаад тус дуудлага өгсөн Тус дугаарлуу залгаад тэр хоёрын байгаа байрлал, мөн тухайн хүний биеийн байдал ямархуу байна гэж асуухад ерөнхийдөө хурхирч унтаад сэрэхгүй байна гэхдээ амьсгаатай байна гэж хэлсэн. Тэгээд дуудлагын бүрэлдэхүүн 16 цагийн үед сумын төвөөс гараад тус газарт очсон. Анх очиход тус газарт хоёр хүн байсан. Дуудлага өгсөн Н.*******, нөгөө хүн нь газарт хэвтэж байсан. Тэгээд би газарт хэвтэж байсан хүний биеийн байдлыг үзэхэд маш хүнд, ухаангүй, орчиндоо харьцаагүй байрлал идэвхигүй, зүүн талын чихнээс их хэмжээний цус гарсан тухайн хүн болохоор малгайтай цамц өмссөн ба тус өмссөн цамцны малгайн хэсэгт хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирдсон байсан. Зүүн талын чихнээс бага багаар цус гарч байсан. Хамрын хэсгийг нь харахад цус болж, тэр нь хатаж тогтсон байдалтай байсан. Зулай хэсгээр нь цус болж, тэр нь мөн хатсан байдалтай байсан. Мөн хүүхэн хараа нь хоёр талдаа өргөссөн, гэрлийн урвалгүй, сормуус болон эвэрлэгийн рефлекс байхгүй, доод уруулын баруун хэсгийн дотор тал нь язарсан шархтай байсан. Зүрхний авиаг чагнаж үзэхэд маш бүдэг, хэм жигд бус, артерийн даралт зүүн талдаа 80/50, баруун талдаа 80/60-тай байсан. Пүльс 1 минутанд 32 удаа, сатурас 1 хувьтай, уушиг хоёр талдаа цулцангийн сул амьсгалтай, амьсгалын тоо 1 минутанд 15, 81 хувьтай байсан. Хэл нь цагаан өнгөтэй, хэвлийн хэлбэр зөв, зөөлөн булчингийн чангаралгүй байсан. Түүний биед нь ил харагдах шарх сорвигүй байсан. Анх очиход Н.******* намайг мотоцикль жолоодож явахад мотоциклийн жолоодлогыг ******* булаах гэж миний гарнаас ******* татахад бид хоёр газар унасан. Тэгээд тухайн унасан газраас хөдлөөд явж байхад ******* нь толгой өвдөөд байна гэхээр нь тэр хоёр зогсож, нэг газарт 15 цагаас 16 цагийн хооронд унтсан. Тэгээд Н.******* сэрээд нөгөө цуг явсан *******ыг сэрээхэд тэр сэрээгүй учир дуудлага өгсөн гэж хэлсэн. Гүрээний хэсгийн судсыг нь цохилж байгаа эсэхийг үзээрэй гэсэн. Тархины суурь яс нь хугарсан, гавлын дотоод даралт нь ихэссэн байдалтай байсан. Ихэвчлэн тархины суурь ясны хугарлын үед чихнээс цус гардаг. Мөн тэр үүссэн гэмтэл нь мотоциклиос газар унахад үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг. /хх-ийн 68-69 хуудас/

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 12-р сарын 23-ны өдрийн 15 цаг 55 минутын орчимд манай байгууллагад 88722949 дугаар утаснаас Н.******* нь ******* гэдэг хүн бид хоёр мотоциклиор явж байгаад газар унасан. Цуг явсан хүний чихнээс нь цус гарч, мөн тэр хурхирч унтаж байна гэсэн дуудлага өгсөн байсан. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын эрүүл мэндийн төв болохоор ихэвчлэн хүнд хэлбэрийн дуудлаганд сувилагч их эмчийн хамт явах ёстой байдаг учир эмчлэгч их эмч хамт явсан. Тэгээд дуудлагын бүрэлдэхүүн 16 цагийн үед сумын төвөөс гараад тус газарт ирсэн. Анх ирэхэд тус газарт хоёр хүн байсан. ******* гэгч нь ухаангүй газарт хэвтэж байсан Н.******* нь хажууд нь зогсож байсан. Тэгээд эмч Д.Сармандах, бид хоёр газарт хэвтэж байсан ******* гэдэг хүний биед үзлэг хийж, шаардлагатай эмчилгээг хийсэн. Тус хүний биеийн байдал маш хүнд, ухаангүй, орчиндоо харьцаагүй байрлал идэвхгүй, зүүн талын чихнээс их хэмжээний цус гарсан. ******* малгайтай цамц өмссөн байсан ба хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирдсон байсан. Тэр хүний зүүн талын чихнээс бага багаар цус гарч байсан. Хамрын хэсгийг харахад цус гарч хатаж, тогтсон байдалтай байсан. Зулай хэсгээр нь цус болж тэр нь хатсан байдалтай байсан. Мөн хүүхэн хараа нь хоёр талдаа өргөссөн. Гэрлийн урвалгүй, сормуус болон эвэрлэгийн рефлекс байхгүй, доод уруулын баруун хэсгийн дотор тал нь язарсан шархтай байсан. Зүрхний авиаг чагнахад маш бүдэг, хэм жигд бус, артерийн даралт нь зүүн талдаа 80/50, баруун талдаа 80/60-тай байсан. Пүльс 1 минутанд 32 удаа, сатурас 81 хувьтай, уушиг хоёр талдаа цулцангийн сул амьсгалтай, амьсгалын тоо 1 минутанд 15 удаа байсан. Хэл нь цагаан өнгөтэй, хэвлийн хэлбэр зөв, зөөлөн булчингийн чангаралгүй байсан. Түүний биед нь ил харагдах шарх сорви байхгүй байсан. Анх очиход Н.******* намайг мотоциклийг жолоодож явахад мотоциклийн жолоодлогыг ******* булаах гэж миний гарнаас ******* татахад бид хоёр газар унасан. Тэгээд тухайн унасан газраас хөдлөөд явж байхад ******* толгой нь өвдөөд байна гэхээр нь 15 цагаас 16 цагийн хооронд унтсан. Тэгээд Н.******* сэрээд нөгөө цуг явсан *******ыг сэрээх гэхэд сэрээгүй учир дуудлага өгсөн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 хуудас/

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 сарын 04-ний өдрийн №02 дугаар шинжээчийн дүгнэлтэнд:

1.Талийгаачид суурь яс, зүүн чамархай ясны хугарал, тархины хатуу хальсан дээрх цусан хураа, духанд зулгаралт, хоёр шүдний уналт, нэг шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.Эдгээр гэмтэл нь талийгаачийг нас барах үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Талийгаач нь бусадтай амь өрсөлдөн тэмцэлдсэн гэхээр гэмтэл тогтоогдсонгүй.

5.Талийгаач ******* нь суурь яс, зүүн чамархай ясны хугарал, тархины хатуу хальсан дээрхи цусан хурааны улмаас нас баржээ...” гэх дүгнэлт /хх- ийн 78-80 хуудас/

Баянхонгор аймаг дахь 3амын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар шинжээчийн дүгнэлтэнд:

1.Тухайн зам тээврийн осол гарахад “Мустанг-5” маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч Н.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.А-Д заасан “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалт зөрчин хөдөлгөөнд оролцож, явсаны улмаас уг зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн байх үндэслэлтэй байна. Мөн дүрмийн 2.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна” А/Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх биедээ авч явна”, 2.3-д заасан “Жолооч нь дор дурдсан үүргийг хүлээнэ. В/Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 3 дугаар багийн нутаг “Мөнгөн-Овоо” гэх газарт 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэн Н.******* нь “Мустанг-5” маркийн улсын дугааргүй мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцон зам тээврийн осол хээр гарахад тухайн замын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна.

3. Хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн газрын үзлэг зэргээс улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоциклийн хурдыг тогтоох боломжгүй байна.

4. “Мустанг-5” маркийн улсын дугааргүй мотоцикль жолоодож явсан жолооч Н.******* нь мотоцикль жолоодох А ангилалын эрхийн үнэмлэхгүй, ******* нь мотоцикль жолоодох А ангилалын эрхийн үнэмлэхийн хугацаа хүчинтэй байна гэх дүгнэлт /хх-ийн 84-85 хуудас/

-Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол/ хх-ийн 1/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 4-11/, Баянхонгор аймгийн Замын Цагдаагийн тасгийн ослын акт /хх-ийн 12-14/, хураан авах тогтоол /хх-ийн 15/, , тэмдэглэл тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-18/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хураан авсан мотоциклийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 19-21/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22-23/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл / 24-25/, цогцосны задлан шинжилгээний үед хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-32/, гэрч А.Түвшин, гэрч А.Отгонцэцэг нарын тайлбар, мэдүүлэг /хх-ийн 33-36, 63-64/, хохирогч Д.Болд-Эрдэнийн тайлбар, мэдүүлэг /хх-ийн 37-38, 50-54/, гэрч мэдүүлэг /хх-ийн 39-40, 65-66/, гэрч мэдүүлэг /хх-ийн 41-42, 70-72/, гэрч мэдүүлэг /хх-ийн 43-44,67-69/, хохирлын баримтууд /хх-ийн 56-57/, гэрч Э.Ууганбаярын мэдүүлэг /хх-ийн 61-62/, гэрч Э.Баярцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 73-74/, Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 78-80/, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар шинжээчийн дүгнэлт / хх-ийн 84-85/, Замын цагдаагийн газрын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал / хх-ийн 134-137/, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйл үнэлгээний орон тооны бус комиссын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлт / хх-ийн 93-94/, Баянхонгор аймгийн Авто тээврийн төвийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн тээврийн хэрэгслийн техникийн 06 дугаар дүгнэлт /хх-ийн 98-99/, сэжигтэн Н.*******ийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 111-113/, яллагдагч Н.*******ийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 116-118/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 120-122/, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 4-р багийн Засаг даргын 2016.12.24-ний өдрийн 147 тоот тодорхойлолт /хх-ийн124/, шүүгдэгч Н.*******ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 127/, урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 128, 153/, Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 120 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 132-137/, Баянхонгор аймгийн Цагдаагийн байгууллагын нэгдсэн санд Н.*******ийн захиргааны зөрчилд холбогдсон талаарх лавлагаа / хх-ийн 150-152/, зөрчил гаргасан этгээдийг захиргааны журмаар албадан саатуулсан тухай бүртгэл, тэмдэглэл /147-148/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч Н.******* нь согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 3 дугаар багийн нутаг “Мөнгөн-Овоо” гэх газар ******* эзэмшлийн 09-29 БНЗ улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-ийн А-д заасан “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахгүйгээр өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн мөн дүрмийн 2.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна” гэх заалтын А-д заасан “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх биедээ авч явна”, 2.3-д заасан “Жолооч нь дор дурдсан үүргийг хүлээнэ гэх заалтын В-д заасан “Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдох хэлбэрээр зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч этгээд буюу араараа сундалж явсан ******* амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь

-Шүүгдэгч Н.*******ийн ... Тэгээд архиа ууж дуусгаад талийгаач эхлээд мотоциклио унаад явахад архи уусан газраасаа 200 метр газар зөөлөн явж байгаад унасан. Тэгэхэд хэн нэг нь ямар нэгэн байдлаар бэртэж гэмтээгүй. Ингээд “би чамаас арай дээр явах юм байна” гэж хэлээд мотоциклийг нь жолоодсон. Талийгаач миний араар сундлаад явсан. Тэгээд бид хоёр уг 3 клометр орчим газар явж байхад талийгаач ямар нэгэн байдлаар хөдлөхгүй зүгээр сууж явж байгаад гэнэтхэн араас хоёр өвдгөөрөө хавчиж, намайг дээш нь өргөөд баруун гараараа намайг хойш нь татахад нь би нэг гараа тавьж, жолоог алдаад мотоцикль шарваж унасан...Талийгаач ******* өндийгөөд суучихсан хамраас нь цус гарсан байдалтай байсан....Тэгээд би талийгаачийг сэрээх гэхэд сэрэхгүй хамар, чихнээс цус гараад хатсан байсан учир талийгаачийн утсыг аваад түргэн дуудсан... гэх мэдүүлэг./хх-ийн 112-113 /,

-Гэрч ... дуудлагын бүрэлдэхүүн 16 цагийн үед сумын төвөөс гараад тус газарт очсон. Анх очиход тус газарт хоёр хүн байсан. Дуудлага өгсөн Н.*******, нөгөө хүн нь газарт хэвтэж байсан. Тэгээд би газарт хэвтэж байсан хүний биеийн байдлыг үзэхэд маш хүнд, ухаангүй, орчиндоо харьцаагүй байрлал идэвхигүй, зүүн талын чихнээс их хэмжээний цус гарсан тухайн хүн болохоор малгайтай цамц өмссөн байсан ба тус өмссөн малгайн хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирдсон байсан.Зүүн талын чихнээс бага багаар цус гарч байсан. Хамрын хэсгийг нь харахад цус болж, тэр нь хатаж тогтсон байдалтай байсан. Зулай хэсгээр нь цус болж, тэр нь мөн хатсан байдалтай байсан. Мөн хүүхэн хараа нь хоёр талдаа өргөссөн, гэрлийн урвалгүй, сормуус болон эвэрлэгийн рефлекс байхгүй, доод уруулын баруун хэсгийн дотор тал нь хэгзэрсэн шархтай байсан. Зүрхний авиаг чагнаж үзэхэд маш бүдэг, хэм жигд бус, артерийн даралт зүүн талдаа 80/50, баруун талдаа 80/60-тай байсан. Пүльс 1 минутанд 32 удаа, сатурас 1 хувьтай, уушиг хоёр талдаа цулцангийн сул амьсгалтай, амьсгалын тоо 1 минутанд 15, 81 хувьтай байсан. Хэл нь цагаан өнгөтэй, хэвлийн хэлбэр зөв, зөөлөн булчингийн чангаралгүй байсан. Түүний биед нь ил харагдах шарх сорви байхгүй байсан...гэх мэдүүлэг. / хх-ийн 68-69/,

-Гэрч “...2016 оны 12 дугаар сарын 23-ны өглөө 10 цагийн үед манай хүүхдийн шинэ жил болох гээд яараад дэлгүүрээ хаах гээд байж байхад Н.******* орж ирээд надаас 0.5 литрийн багтаамжтай нэг шил “Ерөөл” архи худалдан авсан. Тэгээд манай хүүхдийн сургуулийн шинэ жил болоод тэнд нь оролцсон учир дэлгүүрээ түр хаагаад, буцаагаад 15 цагийн үед нээсэн. Тэгээд Н.******* 17 цагийн үед ирээд дахиж нэг шил 0.5 литрийн “Ерөөл” архи худалдан авсан. Тус өдөр Н.******* хоёр удаа ирж, 0.5 литрийн хоёр шил “Ерөөл” архи худалдан авсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 64 /,

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 сарын 04-ний өдрийн №02 дугаар шинжээчийн “Талийгаачид суурь яс, зүүн чамархай ясны хугарал, тархины хатуу хальсан дээрх цусан хураа, духанд зулгаралт, хоёр шүдний уналт, нэг шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.Эдгээр гэмтэл нь талийгаачийг нас барах үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн “хүнд” зэрэгт хамаарна.Талийгаач нь бусадтай амь өрсөлдөн тэмцэлдсэн гэхээр гэмтэл тогтоогдсонгүй. “Талийгаач ******* нь суурь яс, зүүн чамархай ясны хугарал, тархины хатуу хальсан дээрх цусан хурааны улмаас нас баржээ”... гэх дүгнэлт /хх- ийн 78-80/,

Баянхонгор аймаг дахь 3амын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар шинжээчийн ..”Тухайн зам тээврийн осол гарахад “Мустанг-5” маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч Н.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.А-Д заасан “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалт зөрчин хөдөлгөөнд оролцож, явсны улмаас уг зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн байх үндэслэлтэй байна. Мөн дүрмийн 2.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна” А/Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх биедээ авч явна”, 2.3-д заасан “Жолооч нь дор дурдсан үүргийг хүлээнэ. В/Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна гэх / хх-ийн 84-85/ дүгнэлт болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч ******* Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-ийн А-д заасан “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахгүйгээр өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн мөн дүрмийн 2.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна” гэх заалтын А-д заасан “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх биедээ авч явна”, 2.3-д заасан “Жолооч нь дор дурдсан үүргийг хүлээнэ гэх заалтын В-д заасан “Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.******* нь Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 120 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар нэг жил зургаан сарын хугацаагаар, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, хоёр жил таван сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, түүний биечлэн эдлэх ялыг хоёр жил таван сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д тус тус заанаар хоёр жил таван сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, дөрвөн жилийн хугацаагаар хянан харгалзсан байх тул шүүгдэгч Н.*******ийг ялыг тэнсэж, хянан харгалзах хугацаанд буюу ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялын заримыг нэмж ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан 4000000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн боловч хэрэгт цугларсан нотлох баримтаар 2613350 төгрөгийн хохирол тогтоогдож, 1386650 төгрөгийн хохирлын талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй мөн 2613350 төгрөгийн хохирлын баримтаас хавтаст хэргийн 56 дугаар хуудсанд байгаа 461000 төгрөг нэхэмжилсэн баримт нь сар, өдөр бичигдээгүй нотлох баримтын шаардлага хангахгүй тул хэрэгсэхгүй болгож, 2152350 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Н.*******оос гаргуулж, хохирогч *******д олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.*******ийг “согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг” эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10,”шүүхийн шийтгэх тогтоол хойшлуулсан буюу ялыг тэнсэж, хянан харгалзсан хугацаанд,эсхүл ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэнийг” эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.12-д зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон бөгөөд харин түүнд ял шийтгэл оногдуулахдаа “үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн” зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэв. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.

Уг хэрэгт шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Н.*******ийн эзэмшлийн гурван толгой хонь, арван хоёр толгой ямаа зэргийг битүүмжилсэн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хохирол төлөгдөөгүй байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

1. ******* овогт ******* *******ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгиийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар шүүгдэгч Н.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, гурван жил хоёр сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар гурван жил хоёр сарын хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 120 дугаар дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар нэг жил зургаан сарын хугацаагаар, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, хоёр жил таван сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар түүний биечлэн эдлэх ялыг хоёр жил таван сарын хугацаагаар тогтоосон урьд шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн хоёр жил таван сарын хорих ялын заримыг болох таван сарын ялыг нэмж нэгтгэж, шүүгдэгч Н.*******ийн биечлэн эдлэх ялыг гурван жил долоон сарын хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан гурван жил долоон сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох нэг жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар шүүгдэгч Н.*******ийн эзэмшлийн гурван толгой хонь, арван хоёр толгой ямааг битүүмжилсэн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,508 дугаар зүйлийн 508.1,508.2, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч Н.*******оос 2152350 / хоёр сая нэг зуун тавин хоёр мянга гурван зуун тавин /төгрөгийг гаргуулж, хохирогч *******д олгосугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.3-д зааснаар хохирогч ******* нь цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар шүүхээр хянан шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч ******* урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэж, түүний эдлэх ялыг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ******* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ