Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2016/0687

 

Д.*******гийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Д.Батбаатар, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Д.*******, түүний өмгөөлөгч С.Батболд нарыг оролцуулан, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 20 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.*******гийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 20 дугаар шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.8, 84 дүгээр зүйлийн 84.10, 84.14, 97 дугаар зүйлийн 97.4, 99 дүгээр зүйлийн 99.3, 99.5, 161 дүгээр зүйлийн 161.1, 161.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан Завхан аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Орон нутгийн хуралд сонгогдсонд тооцогдох нэр дэвшигчдэд түр үнэмлэх олгох тухай” 15 дугаар тогтоолын хавсралтын Л.Тунгалагт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Д.*******г Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсонд тооцож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь дээрх маргааныг хянан шийдвэрлэхдээ Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4 дэх хэсэгт заасны дагуу санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнг санал хураалтын дүн гэж үзэж шийдвэрлэж байгаа нь үндэслэл муутай буруу шийдвэр гэж үзэж захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргаж байна. Учир нь бодит байдлаараа сонгогчид 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр улсын хэмжээнд зохион байгуулагдаж явсан Улсын Их хурлын болон аймаг нийслэлийн сонгуульд нэр дэвшигчдийг өөрийн үзэл бодол, итгэл үнэмшлээрээ саналаа өгсөн бодит 2219 санал байсаар байтал хар хайрцаг буюу санал тоолох төхөөрөмжөөс гарсан саналын дүнг барьж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй буруу байгаа юм. Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын тулгуур хууль болох Үндсэн хуульд заасан иргэдийн сонгох эрхийг хангахын тулд зохион байгуулалтын арга хэмжээг холбогдох хуулиудын дагуу нэн яаралтай авч саналын хуудас дутсан сонгуулийн хороо, хэсгүүдэд саналын хуудсыг хавсралтад заасан тоогоор хувилж сонгогчдын саналыг авах 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Сонгуулийн ерөнхий хорооны 180 дугаар тогтоолыг аймаг, сумын сонгуулийн хороо, хэсэг хэрэгжүүлж ажилласан. Үүнээс өөр ямар ч гаргалгаа, гарц боломж байхгүй. Хэрвээ санал тоолох төхөөрөмжөөр уншигдах саналын хуудас дуусч үүнтэй холбогдуулж Сонгуулийн ерөнхий хорооны 180 дугаар тогтоол гараагүй бол иргэдийн сонгох эрх ноцтойгоор зөрчигдөж Үндсэн хууль зөрчигдсөн сонгууль болох байсан. Энэ бүгдийг богино хугацаанд амжилттай зохион байгуулж иргэдийн саналыг ямар ч байсан бодитойгоор авч чадсан сонгууль болсон. Мөн санал тоолох төхөөрөмж буюу хар хайрцаг нь хэвийн ажилласан эсэх нь эргэлзээтэй байна. Тосонцэнгэл сумын Улаан толгой багийн 33 дугаар хэсгийн хорооны санал хураалтын ажиллагаа 20 цаг 59 минутад хаагдсан баримт нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. 22 цагт санал хураалтын ажиллагаа дуусаад санал тоолох төхөөрөмжөөс гарсан баримтын цаг 20 цаг 59 минут байх нь санал тоолох автомат төхөөрөмж хэвийн ажиллаагүй нь харагдаж байна. Хэвийн ажиллаагүй санал тоолох төхөөрөмжөөр гарсан саналын дүнгээр шийдвэрлэж байгаа нь буруу байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.******* нь  “Завхан аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Орон нутгийн хуралд сонгогдсонд тооцогдох нэр дэвшигчдэд түр үнэмлэх олгох тухай” 15 дугаар тогтоолын хавсралтын Л.Тунгалагт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4-т зааснаар санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгийн хуудас нь тухайн хэсгийн санал хураалтын дүн байх ёстой хуулийн шаардлагыг зөрчиж хуулбарлаж олшруулсан саналын хуудсыг тоолж гаргасан санал хураалтын дүнг үндэслэн  Л.Тунгалагийг нэр дэвшигчээр сонгогдсонд тооцсон нь нэр дэвшигч миний эрх, ашиг сонирхлыг зөрчсөн” гэж тайлбарлажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “сонгуулийн хорооны үйлдэл хууль зөрчөөгүй, Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “Саналын хуудасны тоог тогтоох тухай” 180 дугаар тогтоолыг мөрдөж ажилласан” гэж маргасан.

Маргаан бүхий Завхан аймгийн Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаар тогтоолын Л.Тунгалагт холбогдох хэсэг нь Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн байх ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна. Тодруулбал,

Хуулбарлаж олшруулсан саналын хуудсаар сонгогчдоос авсан 27 саналыг санал хураалтын дүнд оруулан тооцсон дүнгийн нэгтгэлд үндэслэн Л.Тунгалагийг 2219 саналаар Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсонд тооцсон нь Сонгуулийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.10-т “Саналын хуудас нь тусгай нууцлалтай байх бөгөөд аймаг, дүүргийн хэмжээнд нэгдсэн дугаартай байна”, 97 дугаар зүйлийн 97.4-т “Саналыг санал тоолох төхөөрөмжөөр тоолох бөгөөд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгийн хуудас нь тухайн хэсгийн санал хураалтын дүн байна”, 99 дүгээр зүйлийн 99.3-т “Баталсан загвар, шаардлагыг хангаагүй саналын хуудсыг хүчингүйд тооцно”, 99.5-д “Санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудас нь хүчинтэй саналын хуудас байна” гэж  заасныг тус тус зөрчжээ.

Сонгуулийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал /цаашид “орон нутгийн хурал” гэх/-ын сонгууль, үндсэн зарчим, журмыг тодорхойлж, эдгээр сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж зааснаар сонгуультай холбоотой бүхий л харилцаа, тэр дундаа сонгогчдоос санал авах, саналын хуудсыг тоолох, саналын хуудсыг хүчингүйд тооцох, санал хураалтын дүнг нэгтгэх зэрэг харилцаанд энэ хуулийг баримтлах учиртай.

Гэтэл хуулиар нарийвчлан зохицуулсан шаардлагыг зөрчсөн, хууль бус саналын хуудсыг санал хураалтын дүнд оруулан тооцсоныг зөвтгөх боломж байхгүй бөгөөд шүүх гагцхүү хуульд захирагдах зарчимтай тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “сонгуульд нэр дэвшигчдийг өөрийн үзэл бодол, итгэл үнэмшлээрээ саналаа өгсөн бодит 2219 санал байсаар байтал хар хайрцаг буюу санал тоолох төхөөрөмжөөс гарсан саналын дүнг барьж шийдвэрлэсэн нь буруу” гэх гомдлыг хангах үндэслэлгүй болно.

Түүнчлэн, хэрэгт авагдсан Тосонцэнгэл сумын Улаан толгой багийн 33 дугаар хэсгийн хороонд ажиглагчаар оролцсон гэрчүүдийн мэдүүлгээр 22 цагт санал тоолох төхөөрөмжийг хааж дүнг хэвлэж гаргасан нь нотлогдсон, санал тоолох автомат төхөөрөмж хэвийн ажиллаагүй болох нь нотлогдоогүй тул  гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “санал хураалтын ажиллагаа 20 цаг 59 минутад хаагдсан баримтаар санал тоолох автомат төхөөрөмж хэвийн ажиллаагүй нь харагдаж байгаа бөгөөд хэвийн ажиллаагүй санал тоолох төхөөрөмжийн гаргасан дүнгээр хэргийг шийдвэрлэж байгаа нь буруу” гэх гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 14 дүгээр захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Н.Амарзаяаг томилсон шийдвэрийг албажуулж, шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт шүүгч Н.Амарзаяа даргалж оролцсоноор тодорхойлсон атлаа ерөнхий шүүгч Л.Тунгалаг даргалагчаар гарын үсэг зурсан алдаа гаргасныг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 20 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.                                 

                                    ШҮҮГЧ                                                   Д.БААТАРХҮҮ 

                                     ШҮҮГЧ                                                   Д.БАТБААТАР  

                                     ШҮҮГЧ                                                   О.НОМУУЛИН