Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/52

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг,

Улсын яллагч: Н.Ундрах,

Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308017771740 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, ***  тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь үргэлжилсэн үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн 01 дүгээр хорооны нутагт хохирогч ***ыг 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 6.972.000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 7.400.000 төгрөгийг тус тус Хаан банкны өөрийн эзэмшлийн *** дугаартай дансаар “Амеркийн нэгдсэн улсын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийвэл мөнгийг чинь 10 хувь өсгөж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогчийн эзэмшлийн дансанд байсан мөнгийг нь шилжүүлэн авч 14.372.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

- Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кёкшүю Товер”-н 2 давхарт ганцаараа, үргэлжилсэн үйлдлээр хохирогч ***ыг “Крипто арилжаа эрхэлдэг, хөрөнгө оруулах юм бол 30 орчим хувийн ашиг олох боломжтой” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Хаан банкны *** дансаар 5.498.200 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр мөн дансаар 1.748.000 төгрөг нийт 7.246.200 төгрөг шилжүүлэн авч залилсан,

- Баянгол дүүргийн 4 дүгээр хороо “Төгс ялгуун” гоо сайхны газарт ажилладаг ***т “спорт валют арилжаа хийж мөнгийг чинь өсгөж өгнө, хөрөнгө оруулалтын мөнгө хэрэгтэй байна” гэж итгэл төрүүлэн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, гэрээгээр халхавчлан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2023 оны 02 дугаар сарын 06, 08-ны өдрүүдэд өөрийн Хаан банкны *** дугаарын дансаар 15.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилж нийт бусдад 36.618.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Би ***тай танилцаад 2 жил болж байгаа нэг хэсэг хамт амьдардаг байсан. ***ын хувьд өмнө нь би 50, 60 сая төгрөг өгсөн байсан. Өөрөө гарч ирээд намайг зодоод байна гэж хэлсэн. ***, *** гэдэг хүн рүү ярьсан, гэр бүлийн хувийн харилцааны юм явж байгаа. Хаваржингаа намайг ажил хийлгээгүй, би 8 сард ажил хийх боломжтой болсон. Байраа зараад *** мөнгийг нь өөрөө авч байсан. ***, *** нарын хувьд угаасаа үнэн. Хохирол төлбөрийг одоог хүртэл барагдуулахгүй байгаа шалтгаан нь ажилд ороод удаагүй байгаа цалингийн зээл аваад хохирлыг барагдуулна” гэв.

Хохирогч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сард өөрийнхөө утсыг үзэж байсан чинь миний Telegram-н дээр мэдээлэл солилцох групп чатан дээр *** гэсэн дугаараас Америкийн нэгдсэн Улсын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулж мөнгийг чинь өсгөж өгнө гэсэн зарыг байрлуулсан байхаар нь би зар дээр байсан *** гэсэн дугаар руу холбогдсон чинь *** гэх залуугийн *** гэсэн дугаарыг өгсөн. Тэгээд би *** гэх залуутай утсаар холбогдож байгаад өөрийн найз ***ы хамт очиж 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр болох Кёкүшюзан таурын 2 давхрын ресторанд уулзсан чинь өөрийгөө Амеркийн нэгдсэн Улсын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулж мөнгийг чинь найдвартай өсгөж өгнө, Амеркийн нэгдсэн Улсад энэ чиглэлээр манай хэсэг залуус ажиллаж байгаа талаар хэлсэн. Таныг жишээ нь 10.000.000 төгрөг өгөх юм бол 1 сар 30 хувий нашиаг буюу 3.000.000 төгрөгийг өгөх болно. Та надад хөрөнгө оруулагч олж өгөх юм бол оруулсан мөнгөний 10 хувийг тус тус өгнө гэж хэлэхээр нь би итгээд тухайн өдөржингөө бодож байгаад Сонгинохайрхан дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт танил эгчийндээ очиж явж байгаад гэрийнх нь машиндаа сууж байгаад ***тэй утсаар ярьж байгаад ***ий өгсөн өөрийнх нь эзэмшлийн *** дугаарын дансанд 6.972.000 төгрөгийг, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 7.400.000 төгрөгийг тус тсу шилжүүлсэн өгсөн. Ингээд 1 сарын дараа буюу өөрийнхөө ***д өгсөн нийт 14.372.000 төгрөгийн хүүг ***ээс нэхсэн чинь арилцаанд нь алдаа гарсан түр хүлээж бай удахгүй мөнгийг чинь ашгийн хамт өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэвчээртэй 3 сар гаруй хүлээсэн чинь миний мөнгийг өсгөж өгөөгүй мөн хүүг нь нэхсэн чинь түр хүлээж бай гэхээр нь би яадаж чамд өгсөн 14.372.000 төгрөгөө буцааж авъя гэсэн чинь удахгүй болно хүлээж бай гэсээр байгаад одоог хүрсэн. Тэгэхээр нь би цагдаагийн газарт хандаж байна” гэсэн мэдүүлэг /хх-н 13/,

Хохирогч Д.***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би ***тэй 2022 оны 4 дүгээр сард танилцсан. *** анх надтай зүгээр найзалж байгаад сүүлдээ надаас салахгүй байнга ирж уулздаг болсон. Удалгүй надаас мөнгө төгрөг гуйж намайг залилсан. *** өөрөө л надад валью арилжаа хийдэг гэж ярьж байсан. Хөрөнгө оруулалтын гэрээ гэж нэг гэрээ үзүүлээд хоёулаа гэрээ байгуулъя би мөнгийг чинь өсгөж өгнө гэж намайг ятгаад байсан. Би итгээд мөнгө зээлсэн. Спорт арилжаа буюу валют арилжаа хийж байгаа, надад мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд надаас 15.000.000 төгрөг авсан. 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өөрийн Хаан банкны *** дугаартай данснаас ***ий Хаан банкны *** дугаартай данс руу 10.000.000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 5.000.000 төгрөгийг мөн шилжүүлж өгсөн. Би өөрөө 25 дугаар эмийн сангийн буудал орчимд хувиараа гоо сайханы салон ажиллуулдаг. Би гомдолтой байна, мөнгөө олж авмаар байан...” гэсэн мэдүүлэг /хх-н 88-93/,

Хохирогч Ү.***ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний бие 2023 оын 01 дүгээр сард цахим орчинд “Крипто арилжаа болон цахим арилжаа ашиг олж байна” гэсэн мэдээлэл цахим сүлжээгээр харж байгаад Баянзрагч овогтой *** гэх хүний *** дугаарыг олж авсан. Тэгээд тухайн үед манай найз болох *** ярьж /Крипто арилжаа байна, хөрөнгө оруулах уу, яах уу” гэж ярьж байгаад тухайн дугаараар холбогдож “Кёкшүю тауэр”-н 2 давхарт *** гэх хүнтэй уулзсан. Тэгсэн *** “Крипто арилжаа эрхэлдэг, хөрөнөг оруулах юм бол 30 орчим хувийн ашиг олох боломжтой” гэж тайлбарлаж өгсөн. Тэгээд 3 сарын дараа 30 хувийн ашиг өгөхөөр тохиролцоод найз ***ын хамт өөр өөртөө байгаа мөнгөнүүдээ “Хөрөнгө оруулж үзье” гэж шийдсэн. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн Хас банкны *** тоот данснаас Хаан банкны *** тоот ***ий данс руу 5.498.200 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. ...2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 1.748.000 төгрөгийг крипто арилжаанд хөрөнгө оруулах зорилгоор нийт 7.246.200 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд тэрнээс хойш ***ий *** дугаарын утсаар холбогдох гэхэд хугацаандаа буцааж өгөхөөс татгалзаж зугтаасан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Миний бие *** гэх хүнийг танихгүй. Крипто арилжаанд хөрөнгө оруулахаар уулзаж байсан. Миний бие хохирол болох 7.246.200 төгрөгийг буцаан авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 170/,

 

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 7/, хохирогчийн өргөдөл /хх-н 8, 84, 102, 110/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 24-25, 136-137/, дансны дэлгэрэнгүй хуулганууд /хх-н 28-46, 101, 124-135/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 59, 61-71, 119-121/, эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-н 162-163/ зэрэг болно

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч *** нь үргэлжилсэн үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн 01 дүгээр хорооны нутагт хохирогч ***ыг 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 6.972.000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 7.400.000 төгрөгийг тус тус Хаан банкны өөрийн эзэмшлийн *** дугаартай дансаар “Амеркийн нэгдсэн улсын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийвэл мөнгийг чинь 10 хувь өсгөж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогчийн эзэмшлийн дансанд байсан мөнгийг нь шилжүүлэн авч 14.372.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

- Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кёкшүю Товер”-н 2 давхарт ганцаараа, үргэлжилсэн үйлдлээр хохирогч ***ыг “Крипто арилжаа эрхэлдэг, хөрөнгө оруулах юм бол 30 орчим хувийн ашиг олох боломжтой” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Хаан банкны *** дансаар 5.498.200 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр мөн дансаар 1.748.000 төгрөг нийт 7.246.200 төгрөг шилжүүлэн авч залилсан,

- Баянгол дүүргийн 4 дүгээр хороо “Төгс ялгуун” гоо сайхны газарт ажилладаг ***т “спорт валют арилжаа хийж мөнгийг чинь өсгөж өгнө, хөрөнгө оруулалтын мөнгө хэрэгтэй байна” гэж итгэл төрүүлэн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, гэрээгээр халхавчлан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2023 оны 02 дугаар сарын 06, 08-ны өдрүүдэд өөрийн Хаан банкны *** дугаарын дансаар 15.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилж нийт бусдад 36.618.200 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, Ү.***, *** нарын мэдүүлэг, депозит дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь хохирогч нарыг “Крипто арилжаа эрхэлдэг, хөрөнгө оруулах юм бол 30 орчим хувийн ашиг олох боломжтой, валют арилжаа хийж мөнгийг чинь өсгөж өгнө” гэж хуурч нийт 36.618.200 төгрөгийг залилаж, хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч ***ий үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийн шилжүүлэн авсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *** нь шүүх хуралдаанд хохирогчийг залилсан гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

 

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч *** нь хохирогч нарын хохирлыг барагдуулаагүй, шүүх хуралдаанд нөхөн төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгчээс нийт 36.618.200 төгрөг гаргуулж хохирогч ***д 14.372.000 төгрөг, хохирогч Д.***т 15.000.000 төгрөг, хохирогч Ү.***д 7.246.200 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 01 жил, 6 сар хорих ял оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт гаргасан болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***ий үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг” ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 01 жилийн хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах  ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын зорилт нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэхээс гадна гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхэд оршино.

Иймд шүүгдэгч ***д ял оногдуулахдаа дээрх эрүүгийн хариуцлагын зорилт хохирогч нарын хохирлыг төлж барагдуулах боломжоор хангах, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх зэргийг харгалзан улсын яллагчийн хорих ял оногдуулах саналыг хүлээн авахаас татгалзаж зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхээс оногдуулсан ял эдлүүлэхэд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийн шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 01 жилийн хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ээс  36.618.200 төгрөг гаргуулж хохирогч ***д 14.372.000 төгрөг, хохирогч Д.***т 15.000.000 төгрөг, хохирогч Ү.***д 7.246.200 төгрөг тус тус олгосугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, хорих ял эдэлж дуусах хүртэл хугацаанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР