Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/50

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг,

Улсын яллагч: Б.Солонго,

Хохирогч: ***, түүний өмгөөлөгч Б.Чинбаа,

Шүүгдэгч: *** өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305020192062 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

Шүүгдэгч *** согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 04 цагийн үед Баянгол дүүргийн 9 дүгээр хороооны нутаг дэвсгэрт байрлах ТҮЦ-д хохирогч ***ийг 5.000 төгрөгийн тамхи өгсөнгүй гэх шалтгаанаар түүний нүүр рүү гараараа цохиж биед нь хоншоор ясны үүдэн баруун дээд 1 дүгээр шүдний түүшингийн сэлтэрсэн хугарал, үүдэн баруун дээд 1 дүгээр шүдний булгарал, уруулд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч *** шүүх хуралдаанд: “...2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр би гэмтлийн эмнэлгийн хажууд байрлах түцэнд ажиллаж байсан. Үүрээр хаалгаа барьсан хаалттай дотроо унтаж байсан чинь энэ хүүхэд таксинаас бууж ирээд хаалга хүчтэй нүдээд манай хаалгыг дахин өшиглөсөн. Ченж эссэ авъя гэсэн 5.000 төгрөг гэж хэлсэн чинь за гээд аваад тамхиа кармандаа хийчхээд дахин тамхиа авъя гэсэн. Би кармандаа үз гэж хэлсэн чинь байхгүй байна гэж хэлээд аймар, аймар хараалын үг хэлээд загнаад байсан. Би “чи согтуу байна, дөнгөж сая тамхи аваад кармалсан” гэж хэлсэн. Лангуун дээр байсан боловсруулсан бүтээгдэхүүнийг цохиж унагаагаад, лангууны араар тойроод орж ирээд намайг цохисон миний 3, 4 шүд үүрээд унасан, гадаа чирч гаргаад 5, 6 удаа цохиж нүдсэн. Тэгээд эргээд түц рүүгээ гүйж ороод утас аваад хүүхэд рүүгээ залгах гэтэл чамайг би алчихъя гэж хэлээд буцаад ороод ирсэн. Би түцнээс гүйж гараад доор нэг цагдаа харагдахаар нь хашгартал энэ тэр чигээрээ гүйгээд явсан. Манай хоёр хүүхэд 7 минутын дотор ирсэн. Миний 1 шүд унасан, уруул сэтрээд дотор гадна 4 оёдол тавиулсан, үүдэн шүдний түүшин яс сэтэрсэн, уруул гэмтсэн. Тэрнээс хойш би 2 сар гуурсаар зутан уугаад ажилдаа явж чадахгүй байдалтай өнгөрсөн. Би түр шүд хийлгэсэн байгаа. Би 7.423.180 төгрөгийн зардал гарсныг нэхэмжилж байна. Өмнө нь нэг удаа уулзсан. Би танд 2.500.000 төгрөг өгье, шүүх хуралдааны өмнө 1.500.000 төгрөг өгье шүүх хуралдаанаар гомдолгүй гээд хэлчих дараа нь үлдэгдлийг нь өгье гэсэн. Баримт үйлдсэн байж байгаад мөнгө өгөөгүй өгнө гэж хэлээд бичиг үйлдсэн юм. Тэгээд утсаар ярьж орж ирээд боломжгүй болчихлоо гэж хэлсэн” гэв

Хохирогч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2023 оны 5 дугаар сарын 12-ны өшнө үүрээр 04:50 минутын орчимд Гэмтлийн эмнэлгийн замын хойд талын автобусны буудал дээр өөрийн ажилладаг ТҮЦ дээ унтаж байсан чинь хаалга нүдээд байхаар нь онгойлгоод өгсөн. ...тэр залуу над руу орилоод “тамхи өгөөдөх” гэхээр нь “ямар тамхи вэ” гэсэн чинь “чээнж эссэ” гэсэн тэгэхээр нь би 5.000 гэсэн. ...тэр залуу авахгүй юу тэгээд гээд картаа гаргаж ирээд шидсэн. Би картыг нь уншуулаад тамхитай нь өгөхдөө тайвширсан уу, миний дүү яасан юм бэ гэсэн чинь “чамд ямар хамаатай юм бэ” гээд харуулын үгээр намайг хараагаад байсан. ...дахиад тамхи өгөөдөх гэхээр нь би миний дүү чи сая халаасандаа хийсэн, чи халаасаа ухаад үз гэсэн чинь байхгүй байна 5.000 төгрөгийн тамхи өгчихөд яачхаад байгаа юм гээд байхаар нь би чи дахиад сайн үз, чи сая надаас тамхи авсан шүү дээ гэсэн чинь лангуун дээр зарж байсан бэлэн хуванцар савтай хоолнуудыг авч над руу шидээд шууд лангууны араар орж ирээд үгийн зөрүүгүй миний нүүр рүү угсруулаад 4-5 удаа цохисон. Тэгээд миний амнаас цус гараад тонгойж байсан чинь мөрөн дээрээс татаад чирээд гадаа гараад газар унагаагаад ар дагз руу 5-6 удаа гараараа цохиод чамайг алчихъя гээд байсан. Тэгээд миний ар толгой руу цохиж байгаад баруун тийшээ явган хүний зам дагаад алхаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 18-20/,

Шинжээчийн 6291 тоот дүгнэлтэд: “...***гийн биед хоншоор ясны үүдэн баруун дээд 1 дүгээр шүдний түүшингийн сэлтэрсэн хугарал, үүдэн баруун дээд 1 дүгээр шүдний булгарал, уруулд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Нэг шүдний булгарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тонгтонги 5% алдагдуулна...” гэжээ. /хх-н 23-24/,

Яллагдагчаар ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...би хийсэн үйлдэлдээ харамсаж, гэмшиж байна. ...эмчилгээнд зориулсан бүх зардлыг гаргахад татгалзах зүйлгүй....” гэжээ. /хх-н 40-41/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 6/, шүүгдэгчийн депозит дансны хуулга /хх-н 13/, шүүгдэгчийн хувийн байдалтай баримтууд /хх-н 47-84, 87-90/, хохирлын баримтууд /хх-н 92-100/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч *** согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 04 цагийн үед Баянгол дүүргийн 9 дүгээр хороооны нутаг дэвсгэрт байрлах ТҮЦ-д хохирогч ***ийг 5.000 төгрөгийн тамхи өгсөнгүй гэх шалтгаанаар түүний нүүр рүү гараараа удаа дараа цохиж биед нь хоншоор ясны үүдэн баруун дээд 1 дүгээр шүдний түүшингийн сэлтэрсэн хугарал, үүдэн баруун дээд 1 дүгээр шүдний булгарал, уруулд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***гийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт 6291 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ***г тамхи өгсөнгүй гэж шалтгаанаар түүнийг цохиж, зодон шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан буюу хүндэвтэр хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *** нь хохирогч ***г цохисон үйлдэлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурьдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч *** нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч ***гийн эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгчийн хохирогчийн биед халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ***гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь шүүгдэгчээс нийт 5.261.910 төгрөг нэхэмжилсэн ба шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгчээс 738.610 төгрөг гаргуулж хохирогч ***д олгохоор шийдвэрлэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас эм тариа авсан, шатахуун авсан зардлуудыг шүүгдэгчээс гаргуулсан.

Харин зарим хохирлын баримтууд нь давхардсан буюу нэг төлбөр төлсөн баримт нь карт уншуулсан посс машины баримт, и-баримттай баримт зэрэг давхардуулж хэрэгт хавсаргасан тул нэг баримтаар тооцсон. БНХАУ-н 210 юаний баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Хохирогчийн БНХАУ-д очсон, ирсэн нь дээрх баримтаар тогтоогдохгүй байх тул хохирлоос хасаж тооцсон.

Мөн шүд хийлгүүлэх 800.000 төгрөгийн нэхэмжлэхийг шүүгдэгчээс энэ шүүх хуралдаанаар гаргуулах үндэслэлгүй байна. Хохирогч нь шүд хийлгэхэд яг хэдэн төгрөгийн зардал гарах нь тодорхойгүй, тухайн хохирол бодитой учраагүй гэж шүүх дүгнэлээ.

Хавтаст хэрэгт авагдсан /хх-н 100/ хохирогч *** нь өдрийн 60.000 төгрөгийн цалинтай гэсэн гар бичмэлээр хохирогчийн олох ёстой байсан орлого буюу цалинг тодорхойлох боломжгүй.

Хохирогч тухайн ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэх, цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгал төлсөн эсэх, даатгалын байгууллагаас өвчтэй байсан хугацааны цалин хөлс авсан эсэх зэрэг баримт хавтаст хэрэгт авагдаагүй, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгөөгүй тул шүүгдэгчээс таамаглаж гаргуулах үндэслэлгүй.

Мөн хохирогчийн өмгөөлөгчийн зардал төлсөн 3.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэгүй, тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан хохиролд тооцохгүй.

Хохирогч нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгчөө сонгон, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр төлбөртэй хийгдсэн хэлцлийн төлбөрийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан хохирол, хор уршигт өмгөөлөгчийн хөлсийг тооцох боломжгүй гэж үзлээ.

 

Хохирогч нь цалин болон цаашид эмчилгээ хийлгэхтэй холбоотой нэхэмжлэл, хохирол хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, хохирогчийн өмгөөлөгч “Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэсэн эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн талаар маргаагүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчийн хохирлыг барагдуулаагүй, хохирогч гомдолтой, эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан улсын яллагчийн дүгнэлтэд заасан ял буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***оос 738.610 төгрөг гаргуулж хохирогч ***т олгосугай.
  6. Хохирогч *** нь хохирол, хор уршгийн талаархи баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР