Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2020/02241

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         

       Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

       Нэхэмжлэгч Б.Б

 

      Нэхэмжлэгч С.Б нарын нэхэмжлэлтэй

 

       Хариуцагч НШШГт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад

 

       Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

      Нэхэмжлэгч Б.Б.Б, С.С.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нар нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа:

      Миний бие шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдаж байгаа ажиллагаанд төлбөр төлөгч нарыг төлөөлж оролцож байна.

      НШШГт төлбөртэй холбоотой Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Шинэ” хотхон, Москвагийн гудамжны 2 дугаар байрны 41 тоот хаягт байрлах 42.85 метр квадрат талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжлэн, хураан авах тогтоол үйлдэж, улмаар худалдан борлуулах зорилгоор үнэлгээ хийлгэхийг шаардаж, орон сууцыг албан дуудлага худалдаагаар борлуулан, төлбөр авагч нарын төлбөрийг барагдуулах үйл ажиллагаа явуулж байна.

      Тухайн эд хөрөнгийг 128.550.000 төгрөгөөр үнэлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад болохгүй гэсэн үүднээс оролцож байтал төлбөр авагч “Тэнгэр аз инвест ББСБ” ХХК үнэлгээг зөвшөөрөөгүй гэх шалтгаанаар энэ ажиллагаанд “Виннэрвэй” ХХК-ийг шинжээчээр томилсон.

     Тус үнэлгээний компани орон сууцыг 64.654.000 төгрөгөөр үнэлсэн. Энэ үнэлгээг хэрхэн гаргасан талаар үнэлгээний тайлангаас харахад зөвхөн “Үнэгүй.мн” сайтыг ашиглан, Москва хороолол орчимд байрладаг орон сууцны үнэтэй харьцуулах байдлаар гаргасан байна. Ганц “Үнэгүй.мн” гэх сайтыг ашиглан үнэлгээ тогтоох боломжгүй гэдэг байдлаар хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

     Түүнчлэн “Виннер вэй” ХХК уг орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж, уг үнэлгээг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан дуудлага худалдаа зохион байгуулах нөхцөл бүрджээ.

      Хэрэв “Виннервэй” ХХК-ийн үнэлсэн 64.654.000 төгрөгийн үнэлгээгээр хуульд заагдсан ажиллагаа хийвэл төлбөр төлөгч нар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үндсэн өр төлбөрөө төлж чадахгүйн дээр орон гэрээ алдаж гудамжинд гарах нөхцөл байдал үүсэж байна гэжээ.

 

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

         Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШЗ2018/00494 дугаартай Шүүгчийн захирамжаар С.С.Б, Б.Б.Б нараас 45.221.654 төгрөгийг гаргуулж, “Тэнгэр аз инвест ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

         Дээрх шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэртэй өр төлбөрийг төлж барагдуулахыг мэдэгдсэн боловч төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205049714 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, “Шинэ” хотхоны 2 дугаар байрны 41 тоот хаягт байрлах 42.85 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хураасан.

        Төлбөр төлөгч нараас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал авахад 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр үл хөдлөх хөрөнгийг 128.550.000 төгрөгөөр үнэлсэн.

        Энэ үнэлгээг төлбөр авагч “Тэнгэр аз инвест ББСБ” ХХК-д танилцуулахад зөвшөөрөөгүй бөгөөд хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасан.

        Талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцоогүй тул “Виннервэй” ХХК-иар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор хуулийн хугацаанд мэдэгдэж, хуульд зааснаар гомдол гаргах болон бие даан худалдан борлуулж болохыг анхааруулж тайлбарлан өгсөн. Үүргийн гүйцэтгэлийг хангуулах үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээчний тогтоосон үнэ болох 64.654.000 төгрөгийн 70 хувь болох 45.257.800 төгрөгөөр тооцон анхны дуудлага худалдаанд 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр оруулахаар нийтэд зарласан боловч тус шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШЗ2020/09131 дугаартай Шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсэн.

       Иймээс үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

     Нэхэмжлэгч Б.Б.Б, С.С.Б нар, хариуцагч НШШГт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

       

      Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад,

    

      Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/00494 дугаартай Шүүгчийн захирамжаар, хариуцагч нарын зөвшөөрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Б.Б, С.С.Б нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 45.221.654 төгрөг 51 мөнгийг гаргуулж, нэхэмжлэгч “Тэнгэр аз инвест ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр хэвээр байна.

        

Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар битүүмжлэгдсэн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Б.Б.Б, С.С.Б нар болох нь Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205049714 дугаарт бүртгэгдсэн, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн 000252189 дугаартай, 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр олгогдсон Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр нотлогдож байна.

        

        Түүнчлэн нэхэмжлэгч нар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу төлбөрөө сайн дураараа төлөөгүй талаар маргаагүй бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангуулах үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар маргаж байна.

 

         Шүүх хариуцагч НШШГт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШЗ2019/16437 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” Шүүгчийн захирамж мөн өдрийн 1210 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудсын хамт хүргүүлэн, тус байгууллага 141 дугаартай тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.От шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг зөвшөөрч, Шийдвэр гүйцэтгэлийн 203700656 дугаартай хувийн хэргийг нээж, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай” Тогтоол гарчээ.

 

       Дээрх шийдвэрийн дагуу хариуцагч, нэхэмжлэгч нарын үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 3 дугаар сарын сарын 06-ны өдрийн 20370065/05 дугаартай Тогтоолоор битүүмжилж,

         

      2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 20370065/07 дугаартай Тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийг хурааж,   

         

      Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарт, хариуцагч 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 4/11730 дугаартай “Мэдэгдэл”-ээр 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн дотор үл хөдлөх хөрөнгийн үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгтэй хариуцагчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь нийцэж, үнийн санал дээрээ талууд харилцан тохиролцоогүй, үр дүнд хүрээгүйн улмаас НШШГ 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 4/228 дугаартай “Шинжээч томилох тухай” Тогтоолоор хөрөнгө үнэлгээний “Виннэрвэй” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчид эрх үүрэг тайлбарлан, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн байна.

 

       Иймээс Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэгт  зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу томилогдсон шинжээч 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Ш-4/29 дугаартай Хөрөнгө үнэлгээний тайлангаа ирүүлэн, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Москвагийн гудамжны “Шинэ” хотхоны 2 дугаар байрны 41 тоот, 2 өрөө, 42.85 метр квадрат талбайтай орон сууцны үнийг 64.654.000 төгрөгөөр үнэлсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйл 8.1, 8.2, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж шүүх дүгнээд, уг үнэлгээг хууль зөрчиж хийсэн үнэлгээ гэж нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн маргаж байгаа тайлбар үндэслэлгүй, тогтоогдохгүй  байна гэж үзлээ.

 

        Мөн хариуцагч дээрх үнэлгээний талаар төлбөр төлөгч нарт 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 4/16206 дугаартай “Мэдэгдэл”-ээр хүргүүлсэн нь баримтаар нотлогдож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нар тухайн үл хөдлөх хөрөнгөө 128.550.000 төгрөгөөр үнэлсэн үнээс доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагаа өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгө шинжээчийн тогтоосон үнээс илүү үнээр зарагдах байсан гэх тайлбарыг баталсан баримт хэрэгт авагдаагүй, нотлож чадаагүй мөн хариуцагч, нэхэмжлэгч нарын эрхийг зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.

       

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн     

        115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

     1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Б.Б, С.С.Б нарын нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГт холбогдох үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

     2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

  

     3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

    4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.АРИУНАА