Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2020/02796

 

 

2020 09 28

102/ШШ2020/02796

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х.Н

Хариуцагч: Б.Ц

5.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2018 оны 05 дугаар сарын 03-нд фейсбүүкийн Монголоо гэх группээс БНСУ руу газар тариалангийн ажлаар найдвартай гаргана гэсэн зарыг хараад утсаар ярьж Баянгол дүүрэг 3 дугаар хороо нарны замын 64-4 тоот хаягаар оффис дээр нь очиж уулзсан. Зарыг М.Т тавьсан байсан. Компани дээр нь очиход захирал Б.А, менежер М.Т, орчуулагч Б.Ц гэсэн хүмүүс байсан. Олон хүмүүс бүртгүүлж, зөвлөгөө авч байсан. Эхлээд 3 сараар яваад очоод 3 сар сунгана, визний урьдчилгаа 2.500.000 төгрөг болно. Байр хоол цаанаасаа, Солонгос захирал ПМГны эзэмшлийн тариалангийн талбайд ажиллана гэсэн. Би өөрөө болон төрсөн дүүгийнхээ өмнөөс бүртгүүлж гэрээ хийсэн. 06 дугаар сарын 20 гэхэд виз гараад 14 хоногийн дотор явна, компаний данс хаалттай учир орчуулагчийн дансанд мөнгөө хий гэхээр нь өөрийн данснаас 2 удаагийн гүйлгээгээр Б.Ц гэсэн дансанд 5.000.000 төгрөг шилжүүлсэн. Бүх бичиг баримтаа бүрдүүлж өгсөн. Урилга ирээгүй гэж нилээд хэд хоносон. Компаниас явах хүмүүст зориулж пост нээгээд түүнийг Б.Ц хөтөлдөг байсан. Виз гарсан гэсэн тул тийзний мөнгө 1.500.000 төгрөгийг М.Тын данс руу шилжүүлсэн. Гэтэл 9 сарын үед 20 гаран хүний виз зорилго тодорхойгүй гэж татгалзан гарч ирсэн. Хүмүүс бүгд явахаа болъё мөнгөө авъя гэж оффис дээр бөөн хэрүүл болцгоосон. Дүү бид 2 визэнд ороогүй. Хүмүүс Солонгос захиралтай уулзаж мөнгөө авъя гэхэд удахгүй өгнө гээд салцгаасан. М.Таас тийзний 1.500.000 төгрөгөө цувуулж авсан. Би мөнгөө орчуулагч Б.Цы данс руу шилжүүлсэн тул түүнээс 5.000.000 төгрөг нэхэмжилнэ. Хариуцагч М.Т, Б.А нараас татгалзана гэв.

Хариуцагч Б.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2018 оны 03 дугаар сард ПМГнтай уулзаж М.Т ерөнхий менежерээр, би орчуулагчаар ажилд орсон. Захирал ПМГн нь ХАА-н чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанитай гэрээ хийгээд ирсэн. Сар тутамд 50 хүн явуулна. Явах хүн бүртгээд анхан шатны мэдэгдэхүүн олгох сургалтанд суулгах хэрэгтэй гэсэн тул 2018 оны 03 дугаар сарын 16-наас эхэлж ажилласан. Компаний нэр М.П ХХК гэсэн нэртэй байсныг М ХХК болгон өөрчилсөн. Энэ үеэс хүмүүсийг бүртгэж шилжүүлсэн мөнгийг БНСУ руу болон захирал ПМГнд бэлнээр өгч байсан. Компаний дансыг татвараас түр хаачихсан байсан тул миний дансаар бүх гүйлгээг хийж байсан. Х.Нын мөнгөнөөс н.Уянгад 1.000.000 төгрөг, гүйцэтгэх захирал Б.А, Б.С нарын данс руу бас мөнгө шилжүүлсэн. Х.Нын мөнгөтэй холбоотой асуудлыг Б.А нь бүрэн шийдвэрлэж өгөх ёстой хүн нь мөн болно. Миний бие 2018 оны 08 дугаар сард ажлаас халагдсан. Учир нь орчуулагч хэрэггүй болсон гэсэн шалтгаанаар ажлаас халагдсан юм гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Н нь хариуцагч Б.Цд холбогдох 5.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Х.Н нь М ХХК-тай 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр БНСУ-ын урилгатай аялалын визний хоёр талын гэрээ байгуулж 5000.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, дансны дэлгэрэнгүй хуулга, бэлэн мөнгөний орлогын баримт гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь Б.Цы дансанд мөнгийг шилжүүлсэн тул түүнээс нэхэмжилнэ, хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа компаний дансыг татвараас хаасан тул миний дансаар гүйлгээ хийгдэж байсан. Гүйцэтгэх захирал Б.А энэ асуудлыг бүрэн шийдвэрлэх ёстой хүн нь гэж тайлбарлан маргасан байна.

Х.Н, Х.П нар нь М ХХК-тай гэрээ байгуулж тус бүр 2.500.000 төгрөгийг визний мөнгөний урьдчилгаанд дансаар төлснийг М ХХК бэлэн мөнгөний орлогын баримт үйлдэн хүлээн авсан байх тул М ХХК-наас нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна. Нэхэмжлэгч Х.Н нь Х.Пг төлөөлж нэхэмжлэл гаргасан боловч түүнд Х.Пгээс олгосон итгэмжлэлгүй, хэргийн хариуцагч нь Б.Ц биш байх тул нэхэмжлэгч Х.Нын нэхэмжлэлтэй Б.Цд холбогдох 5.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь хариуцагч Б.А, М.Т нараас татгалзсан бөгөөд хариуцагч Б.Ц шүүх хуралдааны товийг мэдсэн боловч хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д зааснаар хариуцагч Б.Цд холбогдох 5.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Х.Нын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь хариуцагч Б.А, М.Т нараас татгалзсанг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч шийдвэрийн хувийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА