Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/54

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг,

Улсын яллагч: Ч.Батбаатар /томилолтоор/,

Хохирогч ***,

Шүүгдэгч ***өөрөө өөрийгөө өмгөөлж тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2303006810532 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

Шүүгдэгч ***нь 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 22 цаг 38 минутын орчимд Баянгол дүүргийн 23 дугаар хороо “Миний дэлгүүр” худалдааны төвийн урд талын замд ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлт “Тоёота Приус-20” маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5. “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдлөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/ тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх”, мөн дүрмийн 3.4. “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 1.1. “Ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх”, 3.1. “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ дор дурдсан хэмжээнээс бага болсон буюу үйлдвэрээс тогтоосон элэгдлийн тэмдэглэгээний хязгаарт хүрсэн”, мөн дүриймн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас ертөнцийн зүгээр хойноос урагшаа зам хөндлөн гар явсан явган зорчигч ***ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, улмаар ухаан алдсан ***ыг зорчих хэсгийн хөвөө рүү чирч холдуулан хэргийн газрыг зориуд орхин зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ***шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч *** шүүх хуралдаанд: “...Би ажлаа тараад 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ТБД андууд дээр явж байсан чинь багын найз таараад пабад нь орж 100 грамм архи, пивотой уусан юм. Тэгээд 25-р эмийн сангийн автобусны буудлаас Зурагт, Баянхошуу гэсэн автобусанд суугаад явсан. Миний утас унтарсан байсан өөрийнхөө буудал дээр буугаад гарцгүй газраар зам гарсан юм. Гэрэл гялбаад явсан гэмтлийн эмнэлэг дээр очсон байсан. Хөл хугарсан хавдар буухгүй байсан, хавдар татах эмчилгээ хийлгээд хагалгаанд орсон. 10 дугаар сарын 15-ны өдөр эмнэлгээс гарсан. Тэгээд хагалгаанаас гараад гэмтлийн эмнэлэгт 14, 15 хоног хэвтсэн. Цалингүй 4 сар болж байна, сэтгэл санааны хохирлыг нэхэмжилнэ. Би сард 1.260.000 төгрөгийн цалин авдаг нэхэмжилж байна” гэв.

Хохирогч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр баасан гаригт ажлаасаа 16 цаг 30 минутад тараад 25 дугаар эмийн сан хүртэл автобусаар яваад 25 дугаар эмийн сангийн урд талын пабад орж хүний гурван пиво, нэг, нэг 100 грамм архи уучхаад тэндээсээ 19 цаг өнгөрч байхад бид хоёр салж явсан. Би 25 дугаар эмийн сангийн автобусны буудлаас зурагт, Яармаг, Баянхошуу гэсэн чиглэлийн автобусанд суугаад буурал ээж дэлгүүрийн зүүн талын автобусны буудал дээр буугаад явган хүний гарцаар гарах гэтэл арай хол санагдаад байхаар нь гарцгүй газраар зам хөндлөн баруун тал руу гарах үед Баянхошуу талаасаа зурагт тал руу нэг машины гэрэл ирж байх шиг байсан, намайг мөргөснийг мэдээгүй нэг мэдсэн гэмтэл дээр сэрсэн. Би сэрэхэд миний баруун хөл өвчин ихтэй мэдээгүй болсон байх шиг байсан. 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр баруун хөлийн шилбэний хагалгаанд орсон. 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр эмнэлгээс гарч гэртээ эмчилгээ хийлгэж байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 28-29/,

Гэрч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...***дугаартай машин нь манай хадам ах ***ын нэр дээр зээлээр Жэй Транс Кредит ББСБ-н нэр эзэмшилтэй машин байгаа юм. Би уг машиныг хадам ах ***аас банк бусын урьдчилгааг төлөөд өрөө төлөх боломж байхгүй болчихлоо гэхээр нь би ажилдаа унахаар төлөлтийг нь төлөөд ажилдаа унадаг юм. 2023 оны 9 дүгээр сарын 30-нд би хамт ажилладаг Өсөхбаяр гээд хүүхдэд Дархан явах ажилтай байна гэхээр нь өгч явуулаад 2023 оны 10 дугаар сарын 06-ны өглөө *** Дарханд манай хадланд яваад ирж байсан болохоор нь миний машиныг унаад хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд 10 дугаар сарын 06-ны өглөө машиныг Дарханаас *** аваад манай ажил дээр буюу Өмнөговь аймгийн Цогтцэций сум дээр 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 14:00 цагийн орчим унаж авчирч өгсөн. ...Урд салхины шил хагарсан байсан тэрийг Өсөхөө унаж байхдаа байрны гадаа тавьсан байсан, хагарсан байна лээ гэж байсан. Өөрөөр эвдэрсэн гэмтсэн зүйл байгаагүй санагдаж байна. Уг машин ажилд унадаг учраас ер нь сэв суулга ихтэй машин байгаа юм. Тийм учраас нэг их анзаараагүй. ...Надад ямар нэгэн осол аваарын талаар хэлсэн ярьсан зүйл байхгүй. Өчигдөр цагдаагаас 10 дугаар сарын 06-ны өдөр хэн унаж явсан талаар асуухад нь ***аас асуухад хүн мөргөсөн талаараа хэлсэн. Тухайн үед айж сандраад хүнтэй ярьж чадалгүй мөргөсөн хүнээ орхиод явчихсан юмаа гэж өчигдөр надад хэлсэн. Тэгээд би ***ыг дагуулаад Өмнөговиос хот руу гарсан. Ээжтэйгээ хамт амьдардаг өөр хэлж ярих хүн байхгүй. Над руу залгаж хэлэх гэж байгаад миний машиныг унаж яваад хүн мөргөчихсөн учраас айгаад хэлж чадаагүй гэсэн. ...*** ээжийн хамт түрээсийн байранд амьдардаг. Надтай хамт амьдраад 3 жил орчим болж байна. Ер нь ажил төрөлдөө сайн нэг их ууж идээд байдаггүй, тамхи татдаг. Ажилдаа маш сайн учраас би хамт нэг бригад болж ажилладаг юм. Хариуцуулж өгсөн ажлын маш сайн хийдэг итгэл даадаг залуу байгаа юм. Жолооч болоод удаагүй байх ноднин л жолооны үнэмлэхээ авсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 37-38/,

Шинжээчийн 12900 тоот дүгнэлтэд: “...***ын биед баруун шаант, тахилзуур ясны зөрүүтэй далд хугарал, баруун хоншоор, хацар, нүдний ухархайн дотор, доод ханын цөмөрсөн нийлмэл хугарал, зүүн хоншоор, эрүү ясны зөрүүтэй хугарал, тархины хоёр тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, баруун зовхи, зулайн хуйханд няцарсан шарх, баруун дээд, доод зовхи, хоншоор, шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун дээд 3-р шүдний сулрал, зүүн дээд 2-р шүдний булгарал, буйланд цус хуралт, дух, баруун шанаа, шуу, сарвуунд зулгаралт гэмтэл отгоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн дээд 2-р шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна. Бусад гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн соол гарсан гэх хугацаанд үүссэн байх болможтой...” гэжээ. /хх-н 44-45/,

Мөрдөгчийн 1173 тоот магадлагаанд: “...Жолооч ***нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байраанс нь хөдөлгөхгүй байх б/осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/ тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх мөн дүрмийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах: 4 дүгээр хавсралт: 1.1. “Ажлын тоормосны идэвхжил нь MNS4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх, 3.1. “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ доор дурдсан хэмжээнээс бага болсон буюу үйлдвэрээс тогтоосон элэгдлийг тэмдэглэгээний хязгаарт хүрсэн:” 5.3. “...гэрэл нь ...бүдэг асдаг болсон, мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн нь осол гарах шалтгаан нөхцөл байх үндэслэлтэй байна. Явган зорчигч *** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.6. Явган зорчигч нь явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна...” гэсэн заалтыг зөрчсөн байна...” гэжээ. /хх-н 62-63/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5/, хохирогчийн өргөдөл /хх-н 6/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-н 8-11/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 12-13/, мөрдөн шалгах ажиллагаа хүчинтэй тооцох тухай прокурорын тогтоол /хх-н 17-21/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 22-25/, техникийн шинжээчийн дүгнэлт /хх-н 52-57/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 66-80, 86, 106/, хохирлын баримтууд /хх-н 83-85, 147/, хохирогчийн өвчний түүх /хх-н 131-145/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 148-149/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч ***нь 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 22 цаг 38 минутын орчимд Баянгол дүүргийн 23 дугаар хороо “Миний дэлгүүр” худалдааны төвийн урд талын замд ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлт “Тоёота Приус-20” маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5. “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдлөхгүй байх, б/осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/ тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх”, мөн дүрмийн 3.4. “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 1.1. “Ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх”, 3.1. “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ дор дурдсан хэмжээнээс бага болсон буюу үйлдвэрээс тогтоосон элэгдлийн тэмдэглэгээний хязгаарт хүрсэн”, мөн дүриймн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас ертөнцийн зүгээр хойноос урагшаа зам хөндлөн гарч явсан явган зорчигч ***ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,

Мөн ухаан алдсан ***ыг зорчих хэсгийн хөвөө рүү чирч холдуулан хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Онөболдын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч С.***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан”,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргүүдийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч С.***ын хохирогчийг тээврийн хэрэгслээрээ мөргөсөн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, харин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч ***нь хохирогч ***ыг мөргөж, хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч ***нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч ***ын эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгчийн хохирогчийг тээврийн хэрэгслээрээ мөргөсөн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ***ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

 

Хүний сэтгэцэд учирсан хор уршигийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд заасны дагуу хүндэвтэр хохирол нь гуравдугаар зэрэглэлд хамаарах ба Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг тооцож, 550.000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7.150.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй.

Сэтгэцэд учирсан хор уршгийг шүүгдэгч болон хохирогч хүлээн зөвшөөрсөн ба сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу заавал шинжээч томилох шаардлагагүй болно.

Тухайн гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл буюу “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гарцгүй газраар зам хөндлөн гарсан, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тул сэтгэцэд учирсан хохирлыг 3 зэрэглэлийн доод хэмжээгээр тооцсон болно.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах ялын дүгнэлт гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч С.***ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч С.***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн баримттай хохирлыг төлсөн, хохирогчийн хохирол төлөх боломжоор хангах зэргийг харгалзан улсын яллагчийн ялын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтооно.” 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял онодуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.”, гэж тус тус хуульчилжээ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох тогтоов.

Улсын яллагч шүүхэд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулах талаар санал гаргаагүй тул шүүх нэмэгдэл ял хэрэглээгүй болно.

Хохирогч нь тухайн гэмтлийн улмаас эрүүл мэндийн байгууллагаас тусламж үйлчилгээ авсан нь хавтаст хэрэгт авагдсан төлбөрийн мэдээллээр нотлогдож байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ:, 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж тус тус хуульчилжээ.

Иймд хохирогчийн эмчилгээ, үйлчилгээ авсан зардал 486.000 төгрөгийг гэм буруутай этгээд болох шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020020 дансанд оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэв.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- “Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.***ыг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
  2. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг бичлэг бүхий сидийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1.280.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг тус тус дурдсугай.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.***аас 468.000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дансанд оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигийг арилгах нөхөн төлбөрт шүүгдэгч С.***аас хөдөлмөрийн хөлсөний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7.150.000 төгрөг гаргуулж хохирогч ***од олгосугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.***д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР