Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 35

 

 

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Б.Булгантамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

Улсын яллагч Д.Ганчимэг,

Шүүгдэгч Ж.Д, түүний өмгөөлөгч Л.Цэндоо нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Дыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *********8888 дугаар хэргийг 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19** оны 5 дугаар сарын 01-ний өдөр ******** аймгийн Дархан суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл*, эхнэрийн хамт, Сонгинохайрхан дүүргийн * дугаар хороо, ***** дүгээр гудамж, *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Б овогт Ж-ын Д (РД:**********).

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт ** дугаар гудамжны ** тоотод оршин суух гэртээ Д.Ж-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний бугалган тус газарт нь 2-3 удаа гараараа цохиж, хүзүүний баруун талаар нь сандлын эрмэг мөргүүлэн унагааж, амь хохирогч Д.Ж-ын биед хүзүүний баруун хэсгийн цус хуралт, хүзүүний баруун хэсгийн өнгөц гүний булчин гүрээний артерийн салаалах түвшингийн судасны гадна хананы цус хуралт, хүзүүний 3-4-р нугалмын жийргэвчийн язрал, хамар ясны хугарал, хамрын нурууны цус хуралт, баруун бугалганы цус хуралт, баруун хацар шууны зулгарал, баруун хавирганы нум баруун тахиманы зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1257 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хэргийн үйл баримтын талаар:

            - Шүүгдэгч Ж.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 3 сарын 06-15-ныг хүртэл архи уусан. Согтуу байсан. Гэмшиж байна. Аавтайгаа хамт амьдардаг  байсан. Маш сайн харилцаатай байсан. Маш их харамсаж байна...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Д.Л-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...“...Амь хохирогч өөрийн том хүү болон бэр Энхцэцэг нартай их хол, хөндий харилцаатай цагаан сараар л хааяа нэг ирдэг. Хамт архи уудаг зүйл байхгүй. Манайд энэ хоёр хүн бараг ирдэггүй харин намайг хүү Цүлтэмжамцыг сүүлийн 2 сар эмнэлэгт асрах хойгуур том хүү Д нь эхнэр Энхцэцэгийн хамт манай гэрт хамт амьдарч байсан. Сүүлийн сар би нөхөр Жамбажамцтай уулзаагүй мөн гар утсаар ч яриагүй хүүхдийнхээ биеийг асууж нэг ч удаа эмнэлэг дээр ирээгүй өдөр болгон л архи уудаг болсон. Надад гаргах гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дахь тал),

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 12-18 дэх тал),

- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 19-24 тал),

- Гэрч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо Баянголын ам 2-1 тоотод байх гэртээ хамтран амьдарч Д, түүний аав Жамбажамц бид гурав байж байхад хадам аав Жамбажамц 10:00 цагийн үед Д бид хоёрыг дэлгүүр яваад нэг шил архи аваад ир гэхээр нь бид хоёр МТ колонкын тэнд байдаг дэлгүүр ороод 0.75 граммын хараа нэртэй архи нэг шилийг аваад гэртээ хариад аавтай бид хоёр хувааж уусан. Архи дуусаад дахиад дэлгүүрээс 2 шил хараа архи аваад аав бид гурав хувааж уусан. Тэгээд ерөнхийдөө нилээн согтсон ба аав дахиад дэлгүүр яваад нэг шил архи аваад ир гэхээр нь Д бид хоёр хамт дэлгүүр орж 0.33 граммын хараа архи авсан...тэгээд Д бид хоёр буцаад байшин луу ороод унтах гээд хэвтэхэд Д гэр лүү орлоо гээд буцаад гараад явсан. Ширээн дээр байсан үлдсэн жоохон архийг уух гээд орсон байх тэгээд удалгүй маргалдах чимээ гарахаар нь би араас нь гэр лүү ороход Д аавтайгаа заамдалцчихсан гэрийнхээ хойморт буюу зурагтынхаа урд зогсож байхаар нь би очоод боль Баяраа гэж хэлэхэд Д аавынхаа зүүн талын гар буюу булчин хэсэг рүү нь 2-3 удаа цохиход аав нь хойшоогоо бор өнгийн түшлэгтэй модон сандлын түшлэг хэсгийг нь хүзүүгээрээ мөргөөд унасан. Тэгээд нэг сонин болоод босч ирээд орон дээрээ суугаад хэвтээд унасан. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ бүх болсон явдлыг үнэн зөвөөр нь мэдүүлсэн байгаа. Би гэмт хэрэг үйлдэгдэж байгааг өөрийн нүдээр харсан юм. Би 2023 оны 03 дугаар сарын 15-ны өглөө гэртээ орж ирээд унтаж байхдаа манай хажуу талд байх хадам аавын гэрээс юм пижигнэх чимээ гарахаар нь би гайхаж аавын гэр лүү ороход манай нөхөр Ж.Д нь монгол гэрийн баруун хойд хэсэгт хадам аавыг баруун гараараа заамдаж аваад зогсож байхыг би өөрөө хараад Ж.Дт хандаж юу болж байна болиоч..." гэсэн чинь аав заамдаж байсан гараа тавиад аавын зүүн талын бугалга руу цохиж аваад цээж рүү түлхэхэд монгол гэрийн баруун талд нь байсан бор өнгийн түшлэгтэй сандал дээр хөл алдаж суухдаа хүзүүгээрээ хойшоо хүчтэй савж хүзүү нь эвгүй болоод хэсэг сандал дээрээ сууж байгаад өөрөө босч ирээд бид нартай юу ч ярихгүйгээр орон дээр хэвтээд өгсөн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 6-73 дахь тал),

              - Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ***дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэнд: Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр хүзүүний баруун хэсгийн цус хуралт, хүзүүний баруун хэсгийн өнгөц гүний булчин гүрээний артерийн салаалах "түвшингийн судасны гадна хананы цус хуралт, хүзүүний 3-4-р нугалмын жийргэвчийн язрал, хамар ясны хугарал, хамрын нурууны цус хуралт, баруун бугалганы цус хуралт, баруун хацар шууны зулгарал баруун хавирганы нум баруун тахиманы зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх хүзүүн баруун хэсгийн цус хуралт, хүзүүний баруун хэсгийн өнгөц гүний булчин, гүрээн артерийн салаалах "түвшингийн судасны гадна хананы цус хуралт, хүзүүний 3-4 нугалмын жийргэвчийн язрал, хамар ясны хугарал, хамрын нурууны цус хуралт баруун бугалганы цус хуралт, баруун хацар шууны зулгаралт гэмтэл нь нэг цаг хугацаанд нас барахаас өмнө 24 цагийн дотор үүссэн ба баруун хавирганы нум баруун тахиман зулгаралт нь нас барахаас 3-5 хоногийн өмнө үүссэн. Талийгаач нь элэгний өөхлөл ерөнхий судас хатуурах өвчтэй байх ба эдгээр нь үхлийн шалтгаанд нөлөөлөөгүй. Талийгаачийн цусанд 4,6 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломж багатай. Талийгаач нь АВ/4/ бүлгийн цустай байна. Талийгаач нь спиртийн цочмог хордлогын улмаас амьсгал зүрх судасны дарагдлаар нас баржээ" гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 78-88 дахь тал),

              - Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн *** дугаартай хэргийн материалаар нэмэлт шинжилгээ хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтэнд: "Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр тогтоогдсон хүзүүний баруун хэсгийн цус хуралт, хүзүүний баруун хэсгийн өнгөц гүний булчин гүрээний артерийн салаалах түвшний судасны гадна хананы цус хуралт хүзүүний 3-4-р нугалмын жийргэвчийн язрал нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дүгнэлтийн гадна үзлэгийн хэсэгт дурдагдсан зүүн бугалганы цус хуралт нь баруун бугалганы цус хуралт гэж дүгнэлтийн онош ба дүгнэлтийн хэсэг андуурагдаж бичигдсэн байх ба дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх зүүн бугалганы цус хуралт нь дангаараа гэмтлийн зэрэгт тогтоогдохгүй. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр тогтоогдсон хамар ясны хугарал хамрын нурууны цус хуралт баруун хацрын зулгаралт нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх бөгөөд унах үед үүсэх боломжтой гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шууны зулгаралт нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх ба дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 93-97 дахь тал),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 183 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 190 дэх тал), оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 191 дэх тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Ж.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт ** дугаар гудамжны ** тоотод оршин суух гэртээ Д.Ж-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний бугалган тус газарт нь 2-3 удаа гараараа цохиж, хүзүүний баруун талаар нь сандлын эрмэг мөргүүлэн унагааж, амь хохирогч Д.Ж-ын биед хүзүүний баруун хэсгийн цус хуралт, хүзүүний баруун хэсгийн өнгөц гүний булчин гүрээний артерийн салаалах түвшингийн судасны гадна хананы цус хуралт, хүзүүний 3-4-р нугалмын жийргэвчийн язрал, хамар ясны хугарал, хамрын нурууны цус хуралт, баруун бугалганы цус хуралт, баруун хацар шууны зулгарал, баруун хавирганы нум баруун тахиманы зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч гэрч Б.Э-, ялллагдагчаар өгсөн мэдүүлэг, шинжээчийн 857, 651 дугаартай дүгнэлт зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.

Шүүгдэгч Ж.Д нь хохирогч Д.Ж-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн ***, *** тус тус дүгнэлтээр шүүгдэгч Ж.Д2ын амь хохирогчийг цохисон үйлдэл нь үхлийн шалтгаантай холбоогүй, талийгаач нь спиртийн цочмог хордлогын улмаас амьсгал зүрх судасны дарагдлаар нас барсан тул прокуророос хэргийн үйл баримт, зүйчлэлд зөв, тохирсон дүгнэлт хийсэн.

Иймд шүүгдэгч Ж.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

           

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ж-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Д.Л нь мөрдөн шалгах ажиллагаанд гомдол саналгүй болохоо илэрхийлсэн /хавтаст хэргийн 55-56 дахь тал/ байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ж.Д нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Түүнчлэн шүүгдэгч Ж.Д-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж торгох ял оногдуулах”,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “450 нэгж торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн тус тус санал гаргасан.

Шүүгдэгч Ж.Д-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн), бусдад учруулсан хохирлын хэмжээ (хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирогч гомдол саналгүй гэсэн), эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Ж.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүхээс тогтоосон торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэв.

           

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Ж.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Ж-ын Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Ж.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-т оногдуулсан 700.000 төгрөгийн торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.Д нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Ж.Д-т сануулсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БУЛГАНТАМИР