| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2019/02435/и |
| Дугаар | 102/ШШ2020/02239 |
| Огноо | 2020-07-31 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 102/ШШ2020/02239
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Б.Нийн нэхэмжлэлтэй
Хариуцагч А.Ут холбогдох худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б.Н нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
А.А.У бид хоёр “Монгол-Бээжин” барааны дэлгүүрт 2006 оноос хамтран ажиллаж байсан. 2015 онд А.А.У хүнээс мөнгө зээлж өдрийн мөнгө тараах гэсэн юм гээд манай дэлгүүрийн хүмүүст хэлсэн бөгөөд бүгд зээл авсан.
Тэр үед би А.А.Уээс 2 удаа 3.000.000 төгрөгийг аваад буцаан төлсөн.
3 дахь удаагаа мөнгө авах үед манай хүүхэд эмнэлэгт хүнд өвчтэй, зүрхний хагалгаанд орох гээд хэвтэж байсан.
Түүнээс хойш өвлийн улирал ч болоод орлого ч муудсан. Хүүхдийн эмчилгээнд бүх мөнгөө зориулаад мөнгөгүй болоод төлж чадаагүй.
Ингээд А.А.Утэй уулзаад “одоо яах вэ? хүүг нь зогсоох боломж байна уу?” гэхэд уулзах болгондоо хүү нэмээд байсан тул би “энэ мөнгийг зээлүүлсэн хүнтэйгээ уулзуулаад өгөөч. Хүүг нь өнөөдрийн байдлаар зогсоогоод надад мөнгө төлөх боломж хугацаа олгооч гэж гуймаар байна” гэхэд “ би анхнаасаа уулзсан болохоос та уулзаагүй, энэ танд хамаагүй” гэж хэлсэн.
Аргагүйн эрхэнд манай хашаа байшин 20.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд байж байгаад 5.000.000 гаруй төгрөг үлдсэн. “Чи тэгвэл үүнийг төлөөд, зээлээс чөлөөлөөд өгчих. Тэгвэл би ямар нэгэн аргаар зээл авч энэ мөнгийг төлье” гэж бид ярилцаад, А.А.У “за тэгье” гээд зөвшөөрсөн.
“6 сар гарч байх үед үүнийг янзалъя. Би зээл хаах мөнгө оллоо” гэж над руу А.А.У утасдаад нотариатаар орж гэрээгээ батлуулахдаа үүнийг ямар нэгэн байдлаар зарж үрэхгүй гэсэн зүйл хийнэ гэж яриад явсан.
Тэгээд хариуацгчийн нэр дээр бичиг баримт шилжсэний дараа “хоёулаа иймэрхүү юм нотариатаар орж батлуулах юм байна” гээд 6 сарын хугацаатай бичиг хийж өгснөөс хойш ажилтай явсаар байгаад 7 сар гарч дахин уулзаагүй.
Сүүлд “Прогресс капитал ББСБ” ХХК-иас энэ хашаа байшинг зээлийн барьцаанд тавьсан байна. Зээлээ төлөөгүй байна гэж над руу залгасан.
Тэр үед А.А.У Тайвань улсад байсан гэсэн байх. Би сайн санахгүй байна. Намайг “зээлийн мөнгийг төлье, хашаа байшингаа авъя” гэхэд “А.А.У гэдэг хүний нэр дээр байгаа зээл учраас таньд өгөх боломж байхгүй мөн А.А.У гэдэг хүний зээлийн барьцаанд танай үл хөдлөх хөрөнгөас гадна утас, машин байгаа. Та авахаар бол бүгдийг нь чөлөөлөх ёстой” гэж хэлсэн.
2018 он гарахын өмнө А.А.Утэй дахин уулзаад энэ бүхнийг яаж ийж байгаад зохицуулъя гэж хэлэхэд А.А.У “та миний лангуу дээр суугаад цалингаасаа мөнгөө суутгаад нааш цааш болгоё” гэж хэлснийг зөвшөөрч, 2 сар ажиллахад надад цалин өгөхгүй хоорондоо муудалцах болоод дахиж А.А.Утэй холбоо бариагүй, төлбөрөө ч төлж чадаагүй.
Иймээс өөрийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр гудамжны 38-Б тоотод байрлах Улсын бүртгэлийн Г-2202008460 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаай 337 метр квадрат талбайтай газар мөн хаягт байрлах Улсын бүртгэлийн Ү-2202015119 дугаартай, 116 метр квадрат талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр намайг тогтоож, худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Б.Б.Нийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нэхэмжлэлийн шаардлагад дурдаж буй тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг Иргэний хууль болон бусад хуульд нийцүүлэн нэхэмжлэгч 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, “Газар худалдах, худалдан гэрээ”-г хариуцагч А.А.Утэй байгуулж мөн өдрөө Чингэлтэй дүүргийн 579 дугаартай тойргын нотариатчаар бүртгүүлсэн баримт хэрэгт авагдсан.
Өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй гэж харж байна. Өнөөдрийн байдлаар 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн гэрээнүүд хүчин төгөлдөр байгаа.
Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гэрээнүүдийг хүчингүй болгуулах шаардлага гарч ирээгүй. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдэх тохиолдол нь хуульчлагдсан харъяалал заасан тухайн үл хөдлөх хөрөнгийн оршин байгаа нотариатаар гэрчлэгддэг.
Нотариатын гэрчилсэн үйлдлийг өнөөдөр хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага дурдагдаагүй. 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн нотариатын гэрчилсэн энэ үйлдэлд нэхэмжлэгч маргахгүй байна гэж үзэж байна.
Нэхэмжлэгч өмнө нь А.А.Утэй худалдаа наймааны ч бай, мөнгө төгрөгийн асуудал байсныг үгүйсгэхгүй.
Б.Б.Нийн хувьд 2009 оноос хойш дээрх үл хөдлөх хөрөнгө дээр амьдарч байсан гэдэгтэй маргаагүй.
2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, “Газар худалдах, худалдан гэрээ” өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийг А.А.Ут нэхэмжлэгч шилжүүлсэн.
Хариуцагчид шилжүүлсэн энэ үйл баримт болсноос хойш өнөөдөр 4 жилийн өнгөрчээ. Энэ 4 жилийн хугацаанд өмчлөх эрх, өглөг тооцооны асуудал байсан бол энэ асуудлаар А.А.Утэй харилцаж өмчлөх эрхээ бусдаас шилжүүлэн авах эрх нь нээлттэй байсан.
Талуудын үйл баримтаар энэ хүн яагаад шүүхэд хандах болсон бэ? гэх үндэслэлийг харвал үл хөдлөх хөрөнгүүд 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс хойш А.А.Уийн өмчлөлд байж байгаад 2018 онд н.Гэрлээ гэдэг хүнд “Худалдах, худалдан авах гэрээ”-гээр шилжигдсэн.
н.Гэрлээ цаашаа шударга өмчлөгч болох бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Бд шилжүүлэн өгсөн байдаг.
Хэрэгт байгаа шийдвэр гүйцэтгэх газрын хуудаснаас харахад Б.Бын өмчлөлийн эд хөрөнгийн өр авлагын асуудлаар хуучин өмчлөгч буюу Б.Б.Н дээр очоод хашаа байшинг хураана гэдэг ойлголт ярьсан.
Ийм байдал үүсээд ирэхэд нэхэмжлэгч шүүхэд хандсан харагдаж байгаа.
Нэгэнт байгуулсан гэрээнүүд, нотариатын үйлдлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэл тогтоогдоогүй, гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгаа мөн хуулийн шаардлага хангаж, нотариатч гэрчилэн, гуравдагч шударга өмчлөгч гарч ирсэн учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү .
Мөн нотариатын гэрчилсэн үйлдэл гэрээний үнэн зөв, утга агуулга үгийг худалдагч, худалдан авагч хоёр талд ойлгуулж, үнэ төлөгдсөн эсэх, үнэ төлөгдөөгүй бол төлөгдөх болзолыг тохирсон, эрүүл саруул ухаантай үед нь хүсэл зоригийн илэрхийлэл болгож гарын үсэг зуруулж, гэрээг баталгаажуулдаг.
Өнөөдрийн хувьд нотариатын үйлдэл хүчин төгөлдөр байгаа гэж хариуцагчийн хувьд үзэж байна. Нотариатын үйлдлийг хүчингүй болгодог ганц субъект байдаг ба тэр нь шүүх. Нэхэмжлэлийн шаардлагад нотариатын үйлдлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага байхгүй гэдгийг нэмж хэлье гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би энэ үл хөдлөх хөрөнгөд амьдарч үзээгүй, очиж ч үзээгүй. 2018 онд н.Гэрлээ гэдэг хүнээс 3.000.000 төгрөгийн авлагатай байсан.
“н.Гэрлээд би 3.000.000 төгрөгөө авмаар байна аа, миний мөнгийг өгөөч” гэхэд “би энэ үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавих гэсэн чинь муу зээлдэгч болсон учраас зээл авч болохгүй байна. Энэ үл хөдлөх хөрөнгийг “Худалдах, худалдан авах гэрээ”-гээр чиний нэр дээр шилжүүлж зээл аваад авсан зээлээсээ 3.000.000 төгрөгийг чинь төлье” гэж хэлснийг зөвшөөрсөн.
Тэгээд өнөөдөр яригдаж буй үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлж аваад “Мониполо ББСБ” ХХК-иас 8.000.000 төгрөгийг зээлж аваад миний 3.000.000 төгрөгийг төлж дуусгасан.
Одоо дээрх үл хөдлөх хөрөнгүүд зээлээс чөлөөлөгдөж миний өөрийн нэр дээр ирсэн байгаа. Хэдийгээр “Худалдах, худалдан авах гэрээ”-г хийсэн ч гэсэн зээл дуусахаар шилжүүлж өгнө гэсэн тохиролцоотой байсан.
Би хүнээс дамжигдаж ирсэн гэдгийг мэдээгүй. Зөвхөн н.Гэрлээ гэдэг хүнээс авсан. Гэхдээ би худалдаж аваагүй, би мөнгөө аваад тэр хүн зээлээ төлсөн. Шүүхийн шийдвэр дээрх асуудал энд хамаагүй. Нийт 23.000.000 төгрөгийг өгөх ёстой байснаас 11.000.000 төгрөгийг төлж, 9.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсныг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас төлүүлнэ гэсэн шийдвэр гарсан учраас ийм үйл явдал болж байна.
Би худалдаж аваагүй энэ хүний хөрөнгийг ёс журмын дагуу битүүмжлэх үйл ажиллагаа явагдсан. Миний өмчлөлийн зүйл биш ч гэсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ миний нэр дээр одоог хүртэл бүртгэлтэй байгааг нотлох баримтаар гаргаж өгсөн гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б.Н, хариуцагч А.А.Ут холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээ хуулийн дагуу байгуулагдсан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.
Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлэн, нэхэмжлэгч Б.Б.Н, хариуцагч А.А.У нар Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-11 гудамжны 38-Б тоотод хаягт байрлах, 116 метр квадрат талбайтай хувийн орон сууц мөн хаягт байрлах 337 метр квадрат талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг харилцан тохиролцож, 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, “Газар худалдах, худалдан авах гэрээ”-нүүдийг байгуулсан болох нь зохигчдын тайлбар, гэрээ, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх гэрээг анх талууд байгуулсан зорилго нь нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлгийн явцад “бид хувиараа тус тусдаа безнес эрхэлдэг найзууд байсан бөгөөд мөнгөний хэрэгцээ гарч, хариуцагчаас мөнгө зээлээд түүнийгээ төлж чадахгүй нөхцөл байдалд хүрч, харилцан тохиролцоод, уг гэрээг байгуулсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, байраа зарах сонирхол байгаагүй, өрөндөө түр өгөхөөр хийсэн гэрээ, одоо байраа хураалгаад, гэр бүлээрээ орох оронгүй болоход хүрээд байгаа тул бидний хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгож өгөөч” гэх тайлбарыг гарган мэтгэлцэж байна.
Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас үзэхэд, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасанчлан маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгч нь ДЭ:65050602 регистрийн дугаартай, Тойд овогт Бархаагийн Баяржаргал болох нь Эрхийн улсын Ү-2202015119 дугаарт бүртгэгдсэн, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн 000688004, Эрхийн улсын Ү-2202008460 дугаарт бүртгэгдсэн, Газар өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн 000530071 дугаартай, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр олгогдсон гэрчилгээгээр нотлогдож байна.
Тодруулбал, нэхэмжлэгч дээрх хаягт хэдийгээр амьдардаг боловч уг үл хөдлөх хөрөнгүүд нэхэмжлэгч Б.Б.Н, хариуцагч А.А.Уийн өмчлөлд бүртгэлгүй бөгөөд зохигчид өмчлөгч эрхтэй этгээдүүд биш болох нь талуудын тайлбар, Чингэлтэй дүүргийн Бүртгэлийн хэлтсийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 11-1683160 дугаартай лавлагаа, 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 20270460/5 дугаартай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Эд хөрөнгө битүүмжлэх тухай Тогтоол, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А.А.У, Ч.Гэрлээ нарын хооронд байгуулсан “Хувийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ”, “Газар худалдах, худалдан авах гэрээ”-гээр нотлогдож байна.
Иймээс нэхэмжлэгч Б.Б.Н, хариуцагчид 2016 оноос хойш хэргийг хянан шийдвэрлэх 2020 оны 7 дугаар сарын 31-нийг өдрийг хүртэл зээлсэн мөнгөө төлөөгүй, гэрээг талууд тохиролцож байгуулсан талаар маргаагүй, бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээд хуулийн дагуу “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулан тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг өөрийн өмчлөлдөө шударгаар шилжүүлэн авсан мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.10 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл тооцох үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдэхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Б.Нийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.А.Ут холбогдох худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА