Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/51

 

 

 

  Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг,

Улсын яллагч: Б.Билгүүн,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: ***,

Шүүгдэгч: ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***өд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205035422206 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

   Шүүгдэгч ***нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***” ХХК-ний түгээлтийн ажилтнаар ажиллаж байх хугацаандаа байгууллагын мөнгөн хөрөнгөнөөс 9.995.000 төгрөгийн үнэ бүхий барааг хувьдаа авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ***шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** шүүх хурадлаанд: “...Шүүгдэгч *** борлуулалт түгээлтийн ажил хийж байхдаа өөрийн хариуцсан бараа бүтээгдэхүүнээс дутааснаас болоод нийт 9.995.000 төгрөгийн хохирол учирсан. Одоо 6.094.000 төгрөгийг үлдэгдэлтэй. Үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулсан зүйл байхгүй” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний бие *** ХХК-ний хуулийн зөвлөхөөр ажилладаг бөгөөд манай компани нь эм эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Манай компанид 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр *** гэх залуу борлуулалтын түгээлтийн аижлтнаар ажилд орсон. Үндсэн үүрэг нь захиалгын дагуу витаминуудыг иргэдэд хүлээгэн өгөх ажлыг хийж байсан. Манай компани нь ***тэй хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгө бүрэн хариуцлагын гэрээ зэргийг байгуулсан. Тухайн залуу нь ажлаа хэвийн хийж байгаад 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс хойш ажилдаа ирэлгүй 9.995.000 төгрөгийн барааг хүлээлгэж өгөлгүй явж тухайн барааг хувьдаа завшсан үйлдэл гаргасан. Мөн 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр оператораар ажиллаж байсан *** гэх хүнээс салбар дэлгүүрт хувиаарилсан 43 ширхэг 5.140.000 төгрөгийн үнэ бүхий барааг Е-март салбарт хүргэж өгөх зорилгоор хүлээн авсан бөгөөд тус салбарт хүргэж өгөлгүй завшсан. Энэ талаар манай нярав мэдсэн бөгөөд *** нь найзаараа дамжуулан 6.845.000 төгрөгийн үнэ бүхий 60 ширхэг витамин хүлээлгэн өгсөн. Манай компани нь ***тэй тооцоо нийлсэн акт үйлдсэн. ...Манай компанид *** нь анх 9.995.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд үүнээс хойш 1.900.000 төгрөгийн үнэ бүхий барааг 2022 оны 12 дугаар сард авчирч өгсөн, дараа нь бас 2023 оны 4 дүгээр сард 2.000.000 төгрөг буцаан өгсөн, одоо 6.094.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх-н 22/,

Яллагдагчаар Б.***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр би *** ХХК-д борлуулагчаар ажилд орсон бөгөөд ажиллаж байх хугацаандаа 9.995.000 төгрөгийн үнэ бүхий барааг алга болгоод заримыг нь хүнд бэлэглэчихсэн юм. ...3.900.000 төгрөгний хохирол төлж барагдуулсан. ...бусдад учруулсан хохирлоо бага багаар нь төлж барагдуулна...” гэжээ /хх-н 80-81/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 15/, хөдөлмөрийн гэрээ /хх-н 38-39/, Зарлагын баримт /хх-н 45-57/, шүүгдэгч Б.***өд *** ХХК-с хариуцуулсан бүтээгдэхүүний тооцоо /хх-н 58-60/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 62-69/ зэрэг болно.    

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 Шүүгдэгч ***нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***” ХХК-ний түгээлтийн ажилтнаар ажиллаж байх хугацаандаа байгууллагын мөнгөн хөрөнгөнөөс 9.995.000 төгрөгийн үнэ бүхий барааг хувьдаа авч завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ын мэдүүлэг, хөдөлмөрийн гэрээ, тооцоо нийлсэн акт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч ***нь *** ХХК-д борлуулагчаар ажиллаж байхдаа 9.995.000 төгрөгийн үнэ бүхий барааг хувьдаа завшиж хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлттэй Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.***ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч ***нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

 

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч *** ХХК-д нийт 9.995.000 төгрөгийн хохирол учирснаас мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нь 3.900.000 төгрөгийн хохирол төлсөн ба үлдэгдэл 6.094.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч *** ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт гаргасан болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.***өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн” ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн зарим хохирлыг барагдуулаагүй, эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***ийг 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***нь шүүхээс оногдуулсан 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***өөс 6.094.000 төгрөг гаргуулж хохирогч *** ХХК-д олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.***өд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР