Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/82

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг,

Иргэдийн төлөөлөгч: Э.Наранхүү,

Улсын яллагч: Б.Билгүүн,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***,

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Т.Хонгор, Б.Баттөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2305000001672 тоот эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 07 цаг 30 минутын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах *** нэртэй баарны гадна амь хохирогч Э.***тэй маргалдан улмаар түүний нүүр, толгойн тус газар гараар хэд хэдэн удаа цохих хөлөөр өшиглөх зэргээр зодож амь насыг хохироож “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Тухайн өдөр 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өглөө би ажлаасаа 05 цагийн үед хаагаад, таньдаг хүнээсээ мөнгө авахаар ахуй үйлчилгээ очсон.  Мөнгөө авчхаад машинд нь сууж байхдаа нэг лааз пиво байсныг уусан. Тэр үед би бухимдалтай явж байсан эхнэртэйгээ муудаад хүүхдүүдтэй уулзаагүй 1 сар болж байсан. Ажлынхаа гадна зогсоол дээр машинаа тавьсан байсан машин дээрээ очсон. Тэгээд гадаа агаар амьсгалаад сууж байсан чинь нэг мэдсэн чинь миний утсыг авах шиг болсон. Нэг хүнээс утсаа нэхээд зогсоод байсан. Урдаас юм хэлээд байх шиг л байсан. Юу хийснээ санахгүй байна, гэв гэнэт ухаан ороод толгой руу нь нэг өшиглөсөн. Миний урд талд явган сууж байсан, гэнэт ухаан ороод хулгай хийсэн хүмүүсийг ажлын хашаанаас гаргасан нь дээр юм байна гэж бодоод бүгдийг нь хөөж гаргаснаа санаж байна. Маргааш нь цагдаа нар мэдүүлэг авсан юу болсон чи мэдэж байгаа биз дээ, камерын бичлэгтэй шүү худлаа хэлж болохгүй шүү гэсэн. Чи угаасаа цохисон байна гэж хэлсэн. Би өшиглөсөн гэж хэлсэн. Гурав хоногийн дараа өмгөөлөгч Наранцэцэг 461-р анги дээр байцаалт авахаас өмнө надтай уулзсан, би юу ч санахгүй байна гэж хэлсэн. Чи цохисон гэдгээ хэлэхгүй юу камерын бичлэгтэй юм чинь, хүн амины хэрэгт орсон гэсэн. Тухайн үед Эрдэнэдалай гэдэг байцаагч мэдүүлэг авсан...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** шүүх хуралдаанд: “...*** нь миний хүү, би урьд өмнө хүнтэй суугаад салсан. Айлын том хүүхэд байсан. Баянгол дүүргийн цагдаагийн газрын Эрдэнэдалай гэдэг байцаагч над руу утсаар яриад хүү чинь өнгөрсөн байна гэхэд би мэдсэн. Манай хүү, миний ээж дээр өссөн өнгөрөөд 10 жил болж байна. Тэрнээс хойш хүнтэй суусан 2 охинтой гэдгийг нь мэднэ, бусад юмыг нь мэдэхгүй. Бид нар хоорондоо таарч уулзаж чаддаггүй байсан. 9 дүгээр сарын 08-ны өдөр ингэсэн гэхэд гайхсан 8 дугаар сарын 14-ний өдөр надтай хамгийн сүүлд яриад ээж би хот руу яваад ажил хиймээр байна гэсэн. Би мал дээр хэцүү байгаа бол ажил хийж хэдэн төгрөгтэй болог гэж зөвшөөрөл өгсөн. 8 дугаар сарын 15-ны өдөр төрсөн өдөр нь байсан надтай төрсөн өдрийнхөө өмнөх өдөр болгон утсаар ярьдаг. Байцаагч аль нэг сард ийм юм болсон гэж хэлсэн хэзээ хойно нь би мэдсэн. Нэг сард хотод байхдаа архи дарс уудаг болсон юм байна. Надад өөр хэлэх юм байхгүй. ***гийн дүү *** нь надад 3.000.000 төгрөг өгсөн. Миний хувьд нэхэмжлэх зүйл байхгүй. Манай хүүхдхийн буруутай үйлдлээс энэ асуудал болсон гэдгийг ойлгож байгаа” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний талийгаач хүү Э.*** нь 1993 оны 8 дугаар сарын 15-ны өдөр тухайн үед хамт амьдарч байсан миний нөхөр *** бид хоёрын том хүү болон Дорнод аймагт төрсөн бөгөөд хүүг маань нэг нас гарантаа байхад нөхөр *** маань архи ууж намайг зоддог байсан тул би хүү ***ийг аваад ***аас салж Улаанбаатар хотод ирж амьдрах болсон. ...Би *** гэх хүнтэй гэр бүл болж хүү ***ийг өөрийн ээж болох ***д үлдээгээд ***тай хамт Увс аймаг руу амьдрахаар явсан. Тухайн үеэс хойш би хүү ***тэй харилцаа холбоо холдож, хаана юу хийж байгаа эсэх нь тодорхойгүй болсон бөгөөд 2014 он хавьцаа ***ийг өсгөж хүмүүжүүлсэн миний ээж *** нас барсан үеэс хойш *** надтай ямар ч харилцаа холбоогүй болж жилдээ нэг удаа утсаар холбогддог байсан. Би талийгаач хүү ***ийн нас барсан үхлийн шалтгаан тогтоосон шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Надад уг дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 47/,

Гэрч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Надад үзүүлж буй дүрс бичлэг нь Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах миний менежерээр ажилладаг *** нэртэй баарны ертөнцийн зүгээр хойд талын авто зогсоолын хяналтын камерын бичлэг байна. Уг бичлэг дээр гарч байгаа хүмүүсээс миний таньж байгаагаар *** хар өнгийн савхин хүрэм, хар өнгийн өмд өмссөн явж байгаад үл таних эрэгтэй хүнийг *** баарны хойд талын хаалган дээр аваачиж байгаад газар унагаагаад өшиглөж зодож байгаа дүрс бичлэг бичигдсэн байна. Уг дүрс бичлэг дээр *** нь хүн зодож байгаа болох нь маш тодорхой биеийн гадаад дүр төрхөөрөө харагдаж байгаа учир би *** мөн гэдгийг хараад таньж байна. Харин ***д зодуулж байгаа болон өөр хажууд нь байгаа хүмүүсийг би танихгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 50/,

Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...***ын *** бид хоёр 2023 оны эхээр цуг архи ууж байгаад танилцаж, үерхэх болсон. ...2023 оны 9 дүгээр сарын 06-ны орой /цагийг нь санахгүй байна/ *** бид хоёр Өргөөгийн хойно байдаг *** нэртэй баарны ойролцоо явж байгаад *** ахтай таарсан. *** ах *** бид хоёрыг “ахдаа хоол архи олоод өгөөч” гэхээр нь бид гурав хамтдаа “***” баарны хашаа руу ортол баарны үүднээс тал шил виски олоод тухайн вискигээ аваад бид гурав Эх нялхсын хойно байдаг *** бид хоёрын хааяадаа очиж хоноглодог зоорины балгасанд очоод олсон тал вискигээ хувааж ууцгаагаад унтсан. Тэгээд үүрээр бид гурав сэрээд шараа тайлъя гээд архи олж уухаар *** баарны хашаа руу ортол тухайн баарны ойр орчимнд нээх хүн байхгүй байсан бөгөөд баарны хажууд нэг согтуу бололтой залуу бага зэргийн гуйваад утсаараа оролдоод явж байтал *** нь *** ахад хандаж “Би энэ залуугийн утсыг булаагаад зугтлаа, та хоёр хол байж байгаарай” гэж хэлээд согтуу залуу руу явж очоод утсыг нь булаагаад зугтаасан чинь нөгөө залуу ***ийн араас очоод “Чи яахаараа миний утсыг булаадаг юм” гээд ***ийн толгой руу гараа цохиж газар унагаагаад унасан хойно нь толгой гэдэс рүү нь гар, хөлөөрөө маш олон удаа өшиглөж цохиод байхаар нь би явж очоод ***ийг зодож байсан залууд хандаж “Чи хүн аллаа шүү дээ, би цагдаа дуулаа шүү” гэхэд тухайн залуу “Чамайг ална шүү” гэж хэлсэн. Тэр үед *** ах бид нар дээр ирээд тухайн залууг “болиоч” гэхэд *** ахыг цохиж унагаасан. Тэгээд *** ах бид хоёр ***ийг газраас босгоод түшээд явж байтал ***ийг зодсон залуу дахиад ***ийг хөлөөрөө өшиглөж цохичхоод байр руугаа яваад орчихоор нь *** ах бид хоёр ***ийг түшээд *** баарны хашаанаас гартал *** надад “миний толгой маш хүчтэй өвдөөд, толгойгооо даахгүй юм шиг байна” гээд хэсэг зам дагуу зогсож байгаад бид гурав ногоон зоорийн балгас руу алхаж очсон. Очих замдаа бид гурав өөр хэн нэгэнтэй зодолдож, маргалдсан зүйл байхгүй. Бид гурав зоорийн балгасанд очоод байж байхад *** ах бид хоёрыг үлдээгээд явсан бөгөөд *** нь газар хэвтээд байхаар нь би толгойг нь хөлөө дэрлүүлээд хэсэг сууж байтал *** нь амьсгалахгүй байх шиг болохоор нь дуудаж сэрээх гэхэд сэрэхгүй байхаар нь нас барчихлаа гэж бодоод эмнэлэг дуудахаар зоориноос гараад зам дагуу таарсан хүмүүсээс утсаараа яриулаач гэхэд ...утсаараа яриулахгүй байхаар нь би *** дээр эргэж очилгүй тэр чигээрээ яваад өгсөн. ...Тухайн үед би ***ийг зодсон эрэгтэйг урьд өмнө нь харж байсан. *** бид хоёрын хувьд *** баарны гадна талаар шил лааз байнга түүдэг бөгөөд тухайн залуу нь бид хоёрыг шил лааз түүгээд явж байхад *** баарны хойд хаалгаар байнга орж гарч байхыг нь харсан болохоор уг баарны ажилчин гэж бодож байна. ...Тэр залуу ***ийг зодсоныхоо дараа ч гэсэн *** баар руу явж орсон. Би ***ийг зодсон залууг цариа төрхөөр нь сайн танина. Би ***ийг тухайн залуу зодож байхыг эхнээс нь дуустал нилээн ойр зайнаас харсан. ...***, *** ах бид гурав болон ***ийг зодсон залуу бид нар бүгд хар бараан өнгийн хувцастай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 52-53/,

Шинжээчийн 2393 тоот дүгнэлтэд: “...Талийгаачийн цогцост гавал тархины битүү гэмтэл: Их тархины зүүн зулай, чамархай хэсгийг хамарсан /16х12см/ цусан хураа, тархи дарагдал, их тархины баруун зулай, дух хэсгийн аалзан хальсны цус харвалт, хуйханд цус хуралт, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун эгэм, цээж, баруун шуунд цус хуралт, баруун, зүүн тохой, зүүн даланд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгджээ. Талийгаач нь гавал тархины битүү гэмтэл, их тархины зүүн зулай, чамархай хэсгийг хамарсан /16х12 см/ цусан хураа, тархи дарагдал, их тархины баруун зулай, дух хэсгийн аалзан хальсны цус харвалт гэмтлийн улмаас нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. Харин баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун эгэм, цээж, баруун шуунд цус хуралт, баруун, зүүн тохой, зүүн даланд зулгаралт гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заагдсанаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаач нь гавал тархиын битүү гэмтэл, их тархины зүүн зулай, чамархай хэсгийг хамарсан /16х12 см/ цусан хураа, тархи дарагдал, их тархины баруун зулай, дух хэсгийн аалзан хальсны цус харвалт гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нь их тархины зүүн зулай, чамархай хэсгийг хамарсан /16х12см/ цусан хураа, тархи дарагдал, их тархины баруун зулай, дух хэсгийн аалзан хальсны цус харвалт гэмтлийг авсанаас хойш цусан хураа нь аажим нэмэгдэж тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судас зогсох хүртэл хугацаанд амьд байх, тодорхой нэгэн үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Талийгаач нь 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 17 цаг 05 минутанд цогцост хийсэн үзлэгээр нас бараад 9-11 цаг орчим болсон байна. Талийгаачид үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй...” гэжээ. /хх-н 99-100/,

Шинжээч эмч Н.Туяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Амь хохирогч Э.*** нь гавал тархины битүү гэмтэл бусад их тархины зүүн зулай, чамархай хэсгийн аалзан хальсны цус харвалт гэмтлийн улмаас нас барсан байх бөгөөд дээрх гэмтэл нь толгойн зүүн чамархай хэсэгт мохоо зүйлээр цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...амь хохирогч Э.*** нь нас барах шалтгаан болсон гавал тархины гэмтлийг авснаас хойш идэватэй үйлдэл хөдөлгөөн хийх, ойр зуурын үг яриа хэлэх, мөн 2 км зайд өөрөөрөө алхах үйлдэл хийх боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх-н 108/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 800 тоот дүгнэлтэд: “...*** урьд өмнө сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна....өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож удирдан жолоодох чадвартай байна. ...өөрийн үйлдлийг ухамсарлан удирдах чадвартай байна. ...сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна....сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэжээ. /хх-н 137-138/,

Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 07 цаг 31 минутад хэргийн холбодогч *** нь амь хохирогч Э.***ийг хананд тулган нүүр хэсэг рүү гараараа цохиж байгаа ...31 минут 34 секундэнд хэргийн холбогдогч *** нь амь хохирогч Э.***ийг цохиж газарт унагааж цохиж байгаа ...32 минут 25 секундэнд хэргийн холбогдогч *** нь амь хохирогч Э.***тэй маргалдаж цохиж ...32 минут 37 секунтэд ...*** ...хохирогч Э.***тэй маргалдаж нүүрэн хэсэгт гараараа цохиж газарт унаж байгаа ...32 минут 47 секунтэд ...*** ...Э.***ийг газарт унагаан нүүрэн хэсэгт хөлөөрөө өшиглөж байгаа ...33 минут 03 секунтэд ...*** нь амь хохирогч Э.***ийг босгон ардаас нь хөлөөрөө өшиглөж байгаа ...*** нь газар хэвтэж байх амь хохирогч Э.***ийг холбогдогч *** нүүр хэсэг рүү нь гараараа цохин унагааж буй байдлыг зургаар харуулав...” гэжээ. /хх-н 18-37/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 1/, дуудлагын лавлагааны хуудас /хх-н 2/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 4-10/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 11-15/, сиди бүхий камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 41-43/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-н 55-64/, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /хх-н 65-71/, шинжээчийн 4350 тоот дүгнэлт /хх-н 118-120/, шинжээчийн 01/126 тоот дүгнэлт /хх-н 128-133/, шүүгдэгч ***гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 180-212/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч *** нь 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 07 цаг 30 минутын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах *** нэртэй баарны гадна амь хохирогч Э.***тэй гар утсыг нь булаан авснаас маргалдан улмаар түүний нүүр, толгойн тус газар гараар хэд хэдэн удаа цохих хөлөөр өшиглөх зэргээр зодож амь насыг хохироож “Хүнийг алах” гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч ***, *** нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд, шинжээч эмчийн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж *** гэх хүнээс гэрчээр мэдүүлэг авах, гэрч ***аас дахин мэдүүлэг авах, хэрэгт бүрэлдэхүүнтэй шинжээч томилох, сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан талаар шинжээч томилох гэх хүсэлтүүдийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Тухайн хэрэг болох үед хохирогчтой цуг явж байсан *** гэх хүнийг мөрдөн байцаалтын шатанд олж тогтоох талаар бүхий л ажиллагааг хийсэн ба гэрчээр *** гэх хүнээс мэдүүлэг авахгүйгээр хэргийг шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт хэрэгт цугларсан гэж үзлээ.

Гэрч ***аас мөрдөн байцаалтын шатанд хууль сануулж мэдүүлэг авсан, дээрх мэдүүлгийг зөрүүтэй худал мэдээлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нь гэрч ***ын мэдүүлгээс зарим нь үнэн, зарим хэсгийг эргэлзээтэй, зарим зүйлийг нь худлаа гэсэн санал нь үндэслэлгүй байна. Гэрчээр хууль сануулж мэдүүлэг авсан ба түүний мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулсан ба уг ажиллагаанд прокурор оролцсон байна.

Газар дээр нь шалгаж ажиллагаа явуулсан үйл баримт нь камерын бичлэгээр давхар  нотлогджээ.

Сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан эсэх нь хууль зүйн ойлголт ба шүүх тухайн нөхцөл байдалд дүгнэлт хийнэ.

Шүүгдэгч *** нь хэрэг болох үед санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй.

Хэрэгт цугларсан баримтууд болон камерын бичлгээр шүүгдэгч нь өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож удирдах чадвартай байсан нь тогтоогдсон байна.  Энэ талаар шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Хэрэгт цугларсан гэрч нарын мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тухайн хэргийн үйл баримтыг нотолсон камерийн бичлэг зэргээс дүгнэхэд хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас шүүгдэгч *** амь хохирогчтой  маргалдаж, улмаар түүнийг цохиж, зодсон. Тухайн цохиж, зодсон үйлдлийн улмаас амь хохирогч шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл авч нас барсан нь нотлогдон тогтоодлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хэдийгээр гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалсан боловч энэ нь шүүгдэгчийг үйлдэлийг зөвтгөх үндэслэл болохгүй.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад үнэлт дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой ба дахин хэрэгт нэмэлт ажиллагаа хийх шаардлагагүй тул шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч ***  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч Э.***ийг утас авч зугтаалаа гэх шалтгаанаар цохиж, зодож, амь насыг нь хохироосон нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч ***гын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч ***г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан болно.

 

    1. Хохирол, хор уршиг

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүх хуралдаанд шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй ба шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 3.000.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хор уршгийн талаарх хохирол нэхэмжлэх шаардлагатай бол шүүгдэгчээс нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жил, 6 сар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч нар доод хэмжээгээр хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт тус тус гаргасан болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй зэргийг харгалзсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 09 жил хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын доод хэмжээгээр хорих ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Хэдийгээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй бага ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан боловч Эрүүгийн хариуцалга нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх зорилготой ба тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

Дээрх гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон ба дээрх хохирлыг арилгах боломжгүй, нөхөн төлөх боломжгүй хор уршигтай тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авахаас татгалзлав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн урьд цагдан хоригдсон 141 хоногийг эдлэх ялд оруулан тооцов.

2.3. Бусад асуудал

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг бичлэг бүхий сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***г “Хүнийг алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***г 9 жил хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 3.000.000 төгрөг төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***гийн урьд цагдан хоригдсон 141 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин *** болтол шүүгдэгч ***д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.ОТГОНБАЯР

                                            ШҮҮГЧ                                Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                 ШҮҮГЧ                                Л.ОДОНЧИМЭГ