Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/93

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг,

Улсын яллагч: Г.Намжил,

Шүүгдэгч/хохирогч: ***, түүний өмгөөлөгч Ө.Болормаа,

Шүүгдэгч/хохирогч: ***, түүний өмгөөлөгч Д.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***, ***т нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305000002034 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  ***, *** тоот регистртэй,

Шүүгдэгч ***, *** нар нь 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 04 цагийн орчимд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” зочид буудалд харилцан зодолдож, нэг нэгнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч/хохирогч *** шүүх хуралдаанд: “...Миний хувьд ***т учруулсан хохиролдоо гэмшээд 310.000 төгрөгийн хохирлын мөнгийг авч ирсэн байгаа. Хэлэх зүйлгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүгдэгч/хохирогч *** шүүх хуралдаанд: “Би цохиогүй гэдгээ эхнээсээ болсон явдлыг хэлсэн. Урт буйдан дээр хэвтэж байхад тас гээд л цохисон. Цагдаагийн байгууллагаас дуудхад яваад очсон. Би гарын үсэг зурсан яагаад гэвэл шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан байна харилцан зодоон хийсэн байна гэсэн. Би хуулийн мэдлэггүй, өмгөөлөгчгүй явж байгаад шүүх хуралдааны өмнө өмгөөлөгч аваад асуусан чинь наадах чинь ял болж гарч ирнэ, цаашдын ажил хөдөлмөр эрхлэхэд ялтай гэж гарч ирнэ гэж хэлсэн. Тэр нь надад эвгүй санагдсан. 310.000 төгрөгөөс өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Хохирогчоор *** мөрдөн байцаалтад: “...Би 2023 оны 10 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө өөрийн багийн найз болох ***, ***, *** нарын хамтаар Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй зочид буудалд орцгоосон. Тухайн буудалд бид дөрөв 10 дугаар сарынхаа 06-ны орой 18 цагийн үед ороод буцаад 23 цагийн үед Эргэн дурсахуй бааранд ороод ...0.75 мл архи хувааж уугаад шөнийн 03 цагийн үед буудалдаа ороод Елцэн нэртэй хоёр 700 мл архи авч ороод мөн хувааж уусан, тэгээд манай 2 найз болох ***, ***, *** нь надаас таньдаг эмэгтэй хүнийхээ утасны дугаарыг өг гэж хэлсэн. Би гайхаад юу билээ гэж асууж байхад *** нь миний толгойн тус газарт уусан архиныхаа шилийг цохиж хагалаад мөн тухайн буудлын ширээн дээр байсан аягийг мөн миний толгой дээр цохиж хагалсан. Тэгээд миний нүүрэн тус газарт гараараа 4-5 удаа цохисон. Миний толгойноос цус гараад би буудлаасаа гараад гэмтлийн эмнэлэг явж үзүүлэхэд миний толгой хагарч оёдол тавьсан, мөн миний хөмсөг сэтэрч оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 70-71/,

Хохирогч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө өөрийн багийн найз ***, ***, *** нарын хамтаар 06-ны өдрийн 18 цагийн үед орсон. ...тэндээ архи хувааж уугаад ...гараад Эргэн дурсахуй бааранд орж бүжиглэсэн. ...шөнийн 03 цагийн үед буудалдаа орж ирээд ...***, *** нар өрөөндөө ороод унтаад өгсөн. ***ын таньдаг эмэгтэй тааралдаад нэг ширээнд суусан. Тэр эмэгтэйг ***аас асуухад хэлэхгүй уурлаад яах гээд байгаа п... вэ гээд миний нүүр рүү гараараа 3 удаа заамдаж байгаад цохисон. Би зөрүүлээд ...уусан архины хоосон шил гарт тааралдсан тэр шилээр ***ын толгойн тус газарт нэг удаа цохисон. Толгойноос нь цус гараад бид 2 зодолдохоо больсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 77-78/,

Гэрч Р.***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...өглөө нь босоод ирсэн чинь ***, *** хоёр хоорондоо зодолдсон байдалтай байсан. Ширээн дээр байсан ус ундааг асгасан байдалтай байсан. Намайг унтаж байх үед хоорондоо маргалдаж зодолдсон юм шиг байна лээ...” гэсэн мэдүүлэг /хх-н 81-82/,

Гэрч Н.***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...*** унталгын өрөөнд ороод тасраад, унтаад өгсөн ...***, *** хоёр зочны өрөөнд юм яриад үлдсэн. Тэгээд өглөө 8 цагийн үед сэрэхэд ***, *** хоёр хоорондоо муудалцаж зодолдсон байсан. Тэгээд тэр 2 түрүүлээд гараад явсан. Тэгээд тэр цагаас хойш юу болсон гэдгийг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 85-86/,

Шинжээчийн 12884 тоот дүгнэлтэд: “...***ын биед дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал, доод уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулайн хуйх, дух, хамрын нуруу, дээд уруул, баруун хөмсөг, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл шинэ гэмтэл байна.

Шинжээчийн 12959 тоот дүгнэлтэд: “...***ын биед дээд зүүн 1, доод зүүн 2-р шүдний сулрал, зүүн мөрөнд цус хуралт, баруун сарвууны алганд няцарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги адагдуулахгүй...” гэжээ. /хх-н 93-94/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 1/, хохирлын баримтууд /хх-н 5/, шүүгдэгч/хохирогч ***ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 7-13, 121/, шүүгдэгч/хохирогч ***ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 60-63, 122/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч ***, *** нар нь 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 04 цагийн орчимд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” зочид буудалд харилцан зодолдож, нэг нэгнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч ***, *** нарын хохирогчоор өгсөн мэдүүлгүүд, гэрч Р.***, Н.*** нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч/хохирогч Х.Наранбатаарын өмгөөлөгчийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай тогтоогдохгүй бол шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх боломж байгаа. Миний үйлчлүүлэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэх нотолгоо хангалттай биш байна. Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдохгүй байна...” гэсэн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч нар нь хоорондоо маргалдаж хэн хэнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдон тогтоогдсон байна.

Хэрэгт хийгдэх ажиллагаа бүрэн хийгдсэн. Өмгөөлөгчийн гаргасан хэргийн газарт нөхөн гүйцэтгэх ажиллагаа хийх боломжгүй, тухайн өрөөнд камер байгаагүй, мөн тухайн буудлын ажилтныг гэрчээр асуух шаардалгагүй, тухайн хэргийн үйл баримтыг буудлын ажилтан хараагүй тул гэрчээр асуух шаардлагагүй гэж шүүх дүгнэлээ.

Тухайн хэрэг буюу үйл баримт болох үед шүүгдэгч/хохирогч нар болсон нөхцөл байдлыг мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор мэдүүлсэн, дээрх мэдүүлэг нь шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдож байна.

Шүүгдэгч *** нь хэдийгээр хохирогч ***ыг цохиогүй гэх боловч хохирогч *** нь энэ талаар мэдүүлсэн, түүний мэдүүлгийг үндэслэн шинжээч томилсон байх ба шинжээчийн дүгнэлтээр хохирогчид хөнгөн хохирол учирсан болох нь давхар нотлогдсон.

Хохирогч ***т учирсан гэмтэл нь шүдний аппарат зүүдэг байсантай холбоотой гэж маргаж байх боловч дүгнэлтээр тухайн шүдэнд учирсан гэмтэл нь шүдний аппарат зүүдэг байсантай холбоотой бус тухайн гэмт хэрэг гарах цаг хугацаанд үүссэн, гадны хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл болох нь тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч ***, *** нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдаж, харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон буюу хөнгөн хохирол тус тус учруулсан нь өөрсдийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***, *** нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч ***, *** нарын үйлдлийн улмаас хохирогч ***, *** нарт шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч *** болон түүний өмгөөөлгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч *** нь хохирогч ***ын хохиролд 310.000 төгрөг төлсөн, хохирогч *** нь хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарт 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч/хохирогч ***ын өмгөөлөгч Ө.Болормаа 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч/хохирогч ***ын өмгөөлөгч Д.Болормаа улсын яллагчийн оногдуулсан торгох ялыг багасгаж өгнө үү” гэсэн эрүүгийн хариуцлагын дүгнэлт тус тус гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***, *** нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***, *** нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан доод хэмжээгээр буюу 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***, *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** нарыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нар нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг тус тус мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***, *** нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР