Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2020/0686

 

 

 

 

 

 

2020 оны 10 сарын 26 өдөр

           Дугаар  128/ШШ2020/0686

              Улаанбаатар хот

                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж,

Нэхэмжлэгч: “Э” ХХК

Хаяг:

Хариуцагч: Оюуны өмчийн газар,

Хариуцагч: Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч С.Г

Гуравдагч этгээд: “Э Ж Э м г” ХХК

Хаяг:

Нэхэмжлэлийн шаардлага: “...Монгол Улсын Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар тушаалын холбогдох хэсэг, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ******* тоот Улсын байцаагчийн албан шаардлага, 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Улсын байцаагчийн ******* дугаар дүгнэлтийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х, Д.О, Э.Э, хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, гуравдагч этгээдийн төлөөлөгч Э.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч “Э” ХХК-иас шүүхэд бичгээр ирүүлсэн болон нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “Э” ХХК нь 2008 онд зар сурталчилгаа, интернетийн болон компьютерын үйлчилгээ эрхлэх чиглэлээр байгуулагдаж, улмаар www.zaluu.com сайтаар үйл ажиллагаа явуулж, 2008 оноос эхлэн өнөөг хүртэл 11 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж өдрөөс өдөрт уншигчийн тоо нэмэгдсээр өдөрт давхардалгүйгээр 250,000-300,000 хүн хандаж үндэсний тэргүүлэгч сайт болж хэрэглэгчдийн уншиж заншсан топ сайтуудын нэг болсон бөгөөд өөрсдийн үйлчилгээний илэрхийлэл болсон “Z zaluu.com Үндэсний тэргүүлэгч сайт” гэсэн барааны тэмдгийг бүртгүүлж, Монгол улсын Оюуны өмчийн газрын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар тушаалаар барааны тэмдгийг эзэмших онцгой эрхийн гэрчилгээг авсан бөгөөд уг барааны тэмдгээ www.zaluu.com веб сайтандаа байршуулж бусад ижил төрлийн үйлчилгээ эрхлэгчдээс ялгагддаг.

... Гэтэл Монгол Улсын Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар тушаалаар ******* тоот “Zaluu" барааны тэмдгийн гэрчилгээ, ******* тоот "Залуу" барааны тэмдгийн гэрчилгээг тус тус “Э Ж Э м г” ХХК-нд олгож шийдвэрлэсэн байдаг.

Ингэхдээ, захиргааны байгууллага захиргааны акт гаргахын тулд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох ажиллагааны хүрээнд Оюуны өмчийн газраас “Залуу" барааны тэмдгийг бүртгэхээс өмнө Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 , 5.2 , 8 дугаар зүйлд заасан барааны тэмдэгт тавигдах шаардлага, журмыг баримтлаагүй хуульд заасан үндэслэл байхгүй байхад ******* тоот "Zaluu" барааны тэмдгийн гэрчилгээ, ******* тоот “Залуу" барааны тэмдгийн гэрчилгээг олгохоор шийдвэрлэсэн.

Улмаар, ******* тоот “Zaluu” барааны тэмдгийн гэрчилгээ, ******* тоот “Залуу” барааны тэмдгийн гэрчилгээг олгосон илт хууль бус тушаал шийдвэрийг үндэслэн Оюуны өмч улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар дүгнэлт, Оюуны өмч улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ******* дугаар шаардлага гарч  zaluu.com  сайтын үйл ажиллагааг зогсоох үндэслэлгүй, бодит байдалд хэрэгжих боломжгүй дүгнэлт, шаардлага гаргасан.

Уг Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар тушаал нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ““барааны тэмдэг” гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг”, 5 дугаар зүйлийн 5.2.5-д ““бараа, үйлчилгээний чанар, гарал үүсэл болон бусад шинж чанарын хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй", 5.2.8-д ““бараа, үйлчилгээний төрлөөс үл хамаарч нийтэд түгээмэл болсон барааны тэмдэгтэй ижил, эсхүл төсөөтэйгөөс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах, шударга бус давуу эрх эдлэх, ашиг олох, хохирол учруулах, нэр хүндийг гутаахаар” барааны тэмдгийг бүртгэхгүй гэж заасныг тус тус зөрчиж “Zaluu”, “Залуу" гэх үсгэн тэмдэглэл бүхий бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгагдах илэрхийлэлгүй дан үгийг бүртгэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”, 47.1.7-д “Түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж тус тус зааснаар илт хууль бус захиргааны акт байна.

Гуравдагч этгээд “Э Ж Э м г” ХХК-ийн Zaluu.mn сайт нь анх 2007 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “Хөдөлмөрчин залуучуудын холбоо”-ноос шинэ зуунд эрчимтэй хөгжиж байгаа мэдээллийн технологийг хөдөлмөрийн зах зээлтэй холбож, иргэдийг цаг алдахгүй, чирэгдэлгүйгээр ажил олоход туслалцаа үзүүлэх, ажил олгогчдыг хөдөлмөрийн бирж буюу хөдөлмөр зуучийн зориулалтаар нээн ажиллуулах зорилгоор нээгдсэн байдаг ч 2007 оноос хойш 2014 он хүртэл 7 жилийн хугацаанд сайтын үйл ажиллагаа огт эрхлээгүй. 2014 онд залуу/zaluu гэх нэршлийг барааны тэмдгээр бүртгүүлснээс хойш шинэлэг мэдээллийн хөтөч zaluu.mn нэршлээр манайхтай ижил төрлийн үйл ажиллагаа буюу сайтын үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Заавал залуу/zaluu гэх нэршлийг сонгон бүртгүүлэх болсон шалтгаан нь салбартаа нийтэд түгээмэл болсон zaluu.com сайтын нэршил болон сайтын агуулга, бүтцийг дуурайлган хийснээр хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулж өөртөө бизнесийн давуу байдлыг бий болгох, хялбар аргаар, ашиг хонжоо олох зорилгоор буюу шударга бус өрсөлдөөнийг бий болгох үйл ажиллагааг явуулах зорилготой байсан.

Оюуны өмчийн газар дээрх байдлыг мэдсээр байж залуу/zaluu гэх барааны тэмдгийн бүртгэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйл, 26 дугаар зүйлд заасныг зөрчиж эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээд буюу zaluu.com сайтыг эрхлэгч “Э” ХХК-д шийдвэр гаргах ажиллагааг мэдэгдээгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6 зааснаар “Э” ХХК-д сөрөг нөлөөлөлтэй захиргааны актыг гаргаж эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй байна гэж үзэж байна. Эдгээр 3 акт нэг нэгнээсээ харилцан хамаарах бүхий актууд юм.

Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар тушаалаар иргэн ******* жагсаалтын /194, 195/ бүртгэгдэж барааны тэмдгийн гэрчилгээг олгоогүй бол улсын байцаагч С.Г ******* болон ******* гэдэг холбогдох дүгнэлт шийдлийг гаргахгүй байх байсан.

Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ конвенцоор худалдаанд хамаарах Оюуны өмчийн эрхийн хэлэлцээрт холбогдох заалтууд тусгасан энэ заалтын 16.2 дахь хэсэг 1967 оны Парисын конвенцын 6 bis зүйлийг үйлчилгээнд дараах байдлаар хэрэглэнэ. Барааны тэмдгийн танил хэсгийг тодорхойлохдоо тухайн барааны тэмдгийн сурталчилгааны үр дүнд гишүүн улсад нийгмийн тодорхой хэсэгт танил болсон эсэх талаар харгалзан үзэхээр заасан. “Залуу” гэдэг барааны тэмдгийн гэрчилгээг олгохдоо олон нийтэд танил болсон эсэхийг зайлшгүй харгалзан үзэх хэрэгтэй. Өнөөдөр zaluu.com/zaluu.mn аль нь түрүүлж олон нийтэд танил болсон бэ гэдгийг харгалзаж үзэх шаардлага гарж ирнэ.

 Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах Парисын конвенцын 25.1 дэх хэсэгт зааснаар энэхүү конвенцод оролцох орон бүр өөрийн улсын Үндсэн хуулийн дагуу хэрэгжүүлээд шаардлагатай арга хэмжээг авах үүрэгтэй. Тус конвенцын 10 bis зүйлийн 1 дэх хэсэгт “холбооны оролцогч орны харьяаллыг шударга бус өрсөлдөөний эсрэг үр нөлөөтэй хамгаалалтаар хангах эрхтэй” гэж заасан. Харамсалтайн шударга бус өрсөлдөөнтэй холбоотой zaluu.com вэб сайт олон нийтийн хэрэглээнд орсон гэдгийг хүмүүс хэдийнээ мэддэг болсон.

Аж үйлдвэрийг хамгаалах тухай Парисын конвенцын 6 bis зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу адил төрлийн бүтээгдэхүүн хэргэлдэг тухайн улсад нийтэд мэддэг болсон тэмдэгтээр бусдад төөрөгдөл үүсгэж болохуйц бараа тэмдгийг дуурайлган үйлдсэн орчуулсан барааны тэмдгийг сонирхогч этгээдийн хүсэлтийн дагуу эсвэл тухай орны хууль тогтоомжоор хэрэглэхийг зөвшөөрч байвал бүртгэлийг хүчингүй болгох бүртгэхээс татгалзах үүргийг дотоодын Оюуны өмчийн байгууллага буюу оюуны өмчийг хамгаалах үүргийг хүлээж буй этгээд хэн түрүүлж олонд танигдсан бэ гэдгийг судлан үзэх ёстой.

Хавтас хэрэгт авагдсан баримтуудаар харахад Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 59 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Барааны тэмдгийн нийтэд түгээмэл болсонд тооцох” журам нь 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар тушаалаар гуравдагч этгээдэд барааны тэмдэгтийн гэрчилгээ олгохоос өмнө батлагдаад хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байдаг. Тус журмын 1.1-д зааснаар “Энэ журмын зорилго нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль (цаашид “ Хууль” гэх )-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь заалт, 32 дугаар зүйлийн 32.1.4 дэх заалт, Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенци (цаашид “Парисын конвенци” гэх)-йн 6bis зүйлийн 1 дэх заалт, Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээр (цаашид “ТРИПС-ийн хэлэлцээр” гэх)-ийн 16 дугаар зүйлийн 2, 3 дахь заалтад заасныг хэрэгжүүлэх, барааны болон үйлчилгээний тэмдэг (цаашид “барааны тэмдэг” гэх)-ийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийтэд түгээмэл болсонд тооцох хянан шийдвэрлэх, нийтэд түгээмэл болсон барааны тэмдгийн жагсаалтыг батлахад оршино” гэж заажээ.

2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар тушаалаар Оюуны өмчийн газраас барааны тэмдгийн гэрчилгээг олгохоос өмнө мөрдөгдөж байсан тус журам “Э” ХХК-ийн “zaluu.mn” барааны тэмдгийн хууль ёсны эрх ашиг сонирхолд халдаж хязгаарлаж байгаа нь хуульд заасан үндэслэл байхгүй гэж үзэж байгаа.

Иймд Монгол улсын Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар тушаалын 194, 195 дугааруудаар олгосон хэсгийг Оюуны өмчийн бүртгэлийн газрын 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Улсын байцаагчийн албан шаардлага, 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Улсын байцагчийн ******* дугаар дүгнэлтүүд нь Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх хууль, ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй”, 2014 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.17-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх захиргааны актын илт хууль бус шинжүүдийг агуулсан акт гэж үзэхээр байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд бичгээр ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2014 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ZALUU гэсэн үгэн тэмдгийг бараа үйлчилгээний 16, 35, 38, 39, 41, 42 (Вэб хуудас), 44 дүгээр ангиллуудад эрхийн хамгаалалт хийлгэхээр мэдүүлсэн байна. Мэдүүлгийг 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдөр анхдагч огноотойгоор мэдүүлгийн улсын бүртгэлийн 14961-т бүртгэсэн ба Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсад бүртгэлтэй барааны тэмдгийн хайлтын санд бүртгэгдсэн мэдүүлсэн ижил болон төсөөтэй барааны тэмдэг бүртгэгдээгүй байсан тул бүртгэх шинжээчийн шийдвэр гарч барааны гэрчилгээ олгогдсон.

“Э” ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “Z ZALUU.COM Үндэсний тэргүүлэгч сайт” гэсэн үг бүхий барааны тэмдгийг бараа, үйлчилгээний 35, 36, 42 дугаар ангиллуудад эрхийн хамгаалалт хийлгэхээр мэдүүлсэн. Мэдүүлгийг улсын бүртгэлийн 15706 дугаарт бүртгэсэн бөгөөд дээрх хуулийн заалтын дагуу хайлт, шүүлт хийж Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.7-д “Монгол Улсад бүртгэгдсэн, эсхүл бүртгүүлэхээр мэдүүлсэн төсөөтэй бараа, үйлчилгээнд хэрэглэх барааны тэмдэгтэй ижил, төсөөтэйгөөс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй” гэж заасны дагуу өмнө бүртгэгдсэн барааны тэмдэгтэй төсөөтэй байна гэж үзэн бүртгэхээс татгалзсан тухай урьдчилсан татгалзлын мэдэгдлийг 2015 оны 4 дүгээр сарын 23-нд гаргасан. Мэдүүлэг гаргагч “Э” ХХК нь шинжээчийн урьдчилсан татгалзлыг эсэргүүцэж, өмнө бүртгэгдсэн барааны тэмдгээс дүрстэй 2 үсэг бүхий “Үндэсний тэргүүлэгч сайт” гэсэн үгнүүд орсон нь ялгагдах шинж чанартай байна гэсэн эсэргүүцэл гаргасан. Шинжээчийн эсэргүүцэлд дурдсан ялгаатай байна гэж үзэж байгаа “Үндэсний тэргүүлэгч сайт” гэсэн үг нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэгт заасны дагуу үйлчилгээгээ тайлбарласан, магтаалын шинжтэй үг хэллэг учир хамгаалалт авах боломжгүй учир ялгагдах шинж чанартай үг хэллэг биш, Zaluu гэсэн үг нь өмнө бүртгэгдсэн барааны тэмдэгтэй үгийн дуудлага, утга ижил гэж үзэн дээрх үгнүүдэд эрхийн хамгаалалт хийлгүйгээр 2 үсэг бүхий дүрсэд эрхийн хамгаалалт хийсэн бөгөөд барааны тэмдгийн гэрчилгээнд энэ тухай тэмдэглэсэн болно.

Иймд Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7-д “Хэрэв хоёр буюу түүнээс дээш этгээд ижил барааны тэмдгийг ижил бараа, үйлчилгээнд ашиглаж байгаа бол хамгийн анх мэдүүлэг гаргасан этгээдийн барааны тэмдэг эзэмших эрх хамгаалагдана” гэж заасны дагуу “Э Ж Э м г” ХХК-д ******* дугаартай барааны тэмдгийн гэрчилгээ олгогдсон.

Өнөөдөр хэл зүйн шинжлэх ухаанд “залуу” гэх үгийг өргөн хэрэглээнд өдөр тутамд хэрэглэдэг. Жинхэнэ нэр буюу өргөн хэрэглээнд хосолмол байдлаар хэрэглэнэ.

Ялгагдах шинж чанар агуулаагүй. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “үсэг, тоо, геометрийн энгийн дүрс, нийтээр хэрэглэдэг тэмдэглэгээ, нэр томьёо дангаараа байвал” гэж заасан. Оюуны өмчийн газрын даргын 2011 оны 112 дугаар тушаалын хавсралт “Барааны тэмдгийг бүртгэх, улсын бүртгэл хөтлөх, тэдгээрт өөрчлөлт оруулах журам”-ын 2.5-д “Мэдүүлэг гаргагч нь өөрийн мэдүүлж буй барааны тэмдэг Хуулийн тавдугаар зүйлд заагдсан барааны тэмдэгт тавигдах шаардлагыг хангаж буй эсэхийг нягтлан үзэж мэдүүлгээ ирүүлнэ. Ялангуяа дараах зүйлүүдийг барааны тэмдгээр мэдүүлэхээс зайлсхийвэл зохино”,  2.5.1-д “ ямарваа график гүйцэтгэл агуулаагүй стандарт шрифтээр бичигдсэн үсэг, тоо” гэж заасан буюу “залуу” гэх үгэнд орсон үсэг нь тус журмын 2.5.3-д “шинжлэх ухаан, техникийн аливаа салбарын тэмдэглэгээ, нэр томьёо” гэж заасны дагуу барааны тэмдгийн дийлэнх хэсгийг буюу бүхэлд нь бүрдүүлж байгаа учир тухайн үгийг хамгаалалтад авахгүйгээр барааны тэмдгийг үүргийг гүйцэтгэх чадваргүй бүртгэж болно гэж хуульчилсан байна.

Барааны тэмдгийг бүртгүүлснээр барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх үүсдэг бөгөөд Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-д “барааны тэмдгийг албан бичиг, танилцуулга, бусад баримт, интернет, сурталчилгаанд ашигласан бол”, 34 дугаар зүйлийн 34.2-т “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 Монгол үгсийн сан дахь үгийг ашиглах, хэрэглэх эрхийг хязгаарлах ноцтой үр дагаварт хүргэж байна. Учир нь Монгол хэлний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “монгол хэл, бичиг үсгээ сурч судлах, өвлөх, өвлүүлэх, монгол хэлээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар санаачилга гаргах” гэж заасны дагуу Монгол хэлний үгсийн сан дахь бүх үгийг чөлөөтэй ашиглах эрхтэй төдийгүй бүх баримт бичиг интернет орчинд боловсруулагдаж буй өнөөгийн мэдээлэл, технологийн эрин зуунд барааны тэмдгийн бүртгүүлсэн ангилалд “залуу” гэх үгийг хүн бүхэн ашиглах нь тодорхой учир барааны тэмдгийн эрхийн зөрчилтэй нүүр тулгарах нь тодорхой байна.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-д “”нийтэд түгээмэл болсон барааны тэмдэг” гэж бүртгэгдсэн эсэхээс үл хамааран Монгол Улсын тухайн салбарт нийтэд танил болсон барааны тэмдгийг” гэж заасны дагуу бүртгэгдсэн эсэхээс үл хамааран тухайн салбарт нийтэд танил болсон барааны тэмдгийг, нийтэд танигдсан байхыг шаарддаг.  2008 оноос хойш 12 жилийн хугацаанд Монгол Улсад болсон бүхий л баримт нийтэд ил түгээмэл бий болсон. Монгол Улс Оюуны өмч зохиогчийн эрхийг бүртгэлээр үүсгэдэг тогтолцоотой. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-д “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө”, 6 дугаар зүйлийн 6.7-д “Хэрэв хоёр буюу түүнээс дээш этгээд ижил барааны тэмдгийг ижил бараа, үйлчилгээнд ашиглаж байгаа бол хамгийн анх мэдүүлэг гаргасан этгээдийн барааны тэмдэг эзэмших эрх хамгаалагдана” гэж заасан.

 Худалдаанд хамаарах oюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээрийн 16 дугаар зүйлд “Бүртгэгдсэн барааны тэмдгийн эзэмшигч нь бүртгэгдсэн бараа буюу үйлчилгээтэй ижил буюу төсөөтэй бараа буюу үйлчилгээнд ижил буюу төсөөтэй тэмдэг хэрэглэх төөрөгдөлд хүргэж болзошгүй тул бүх гуравдагч талууд эзэмшигчийн зөвшөөрөлгүй бараа болон үйлчилгээг хэрэглэхээс сэрэмжилж түүнийг урьдчилан зогсоох онцгой эрхтэй. Ижил бараа буюу үйлчилгээнд ижил тэмдэг хэрэглэх тохиолдолд төөрөгдөлд хүргэж болохуйц гэж үзнэ. Дээр дурдсан эрх нь өмнө oлгoсoн эрхийг хөндөхгүй бөгөөд хэрэглээг үндэслэн эрх олж авах боломжид  нөлөөлөхгүй” гэж заасан.

Ижил бараа үйлчилгээнд ижил тэмдэг хэрэглэх тохиолдолд төөрөгдөлд хүргэж болохуйц гэж үзнэ. Zaluu.mn гэх нэр ашигласнаар Zaluu.com төөрөгдүүлсэн гэж дүгнэж байгаа” гэв.

Гуравдагч этгээд “Э Ж Э м г” ХХК-ийн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 болон 5.2 дахь хэсэг нь барааны тэмдгийн бүртгэлийн татгалзал болон бүртгэлийн маргааны “үндсэн" 2 заалт бөгөөд тухайн барааны тэмдгийн бараа, үйлчилгээний жагсаалтаас хамаарч утга, "үг бүрээр” задаргаа бүхий тусгайлсан тайлбар шаарддаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 болон 5.2 дахь хэсгийн заалт тус бүрийн жагсаалт тус бүрээр нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаагүй мөн баримтаар нотлоогүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 болон Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан нөхцөлийг хангасангүй

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль нь маргаж буй захиргааны акт гарсны дараа хүчин төгөлдөр болсон. 2016 оны 7 дугаар сарын 01- ний өдрөөс хүчин төгөлдөр болсон Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7 дахь заалтыг 2014 онд хүчин төгөлдөр болсон захиргааны актыг илт хууль мөн эсэхийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэх үндэслэлгүй.

Аж үйлдвэрийг хамгаалах тухай Парисын конвенц 6 bis, Барааны тэмдэг бүртгэх, улсын бүртгэл хөтлөх тэдгээрт өөрчлөлт оруулах журмын 2.5.1, 2.5.2,  Trip-н 16, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5.1.1-д зааснаар барааны тэмдэг гэж иргэн хуулийн этгээд өөрийн бараа үйлчилгээг бусад этгээдийн бараа үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай. Өнөөдөр дэлхий нийтэд барааны тэмдэг буюу оюуны өмчлөл 2 үндсэн хэлбэртэй зохиогчийн эрх болон, аж үйлдвэрийн өмч, аж үйлдвэрийн өмч дотор барааны тэмдэг хамаардаг.

Аж үйлдвэрийн өмч албан ёсоор хайлт шүүлт хийгдэж бүртгэгдсэнээр  өмчлөх эрх үүснэ. Ингэснээр тухайн этгээдэд шаардах эрх үүссэн зохиогчийн эрхээс ялгагдана.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т ““барааны тэмдэг” гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг” гэж заасан бөгөөд тус хуулийн 5 дугаар зүйлд заасан барааны тэмдэгт тавих шаардлагыг хангасан тохиолдолд эрх бүхий этгээд хайгуулын үйл ажиллагаа хийгээд бүртгэх шийдвэр гаргаснаар нөгөө этгээд барааны тэмдгийн өмчлөгчийн эрхийг хөндөж хуульд зааснаар шаардах эрх үүснэ.

Манай үндэсний хууль тогтоомжоор Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 59 дугаар тушаалаар “Барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсныг тооцох журам”-ын 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлийн 3453 дугаарт бүртгэгдсэн байгаа. Well known марк буюу нийтэд түгээмэл болсон барааны тэмдгийг шаардах гэж байгаа бол энэ журмын дагуу бүртгүүлж байж давуу өргөн хүрээний эрхийг олж авна.

Дэлхийн Оюуны өмчийн байгууллагаас гаргаж байгаа мэдээлэл нь барааны боломжийг улам өргөн болгох ойлголт гэж тодорхойлдог. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д ““барааны тэмдэг” гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг”, 5.2.5-д “бараа, үйлчилгээний чанар, гарал үүсэл болон бусад шинж чанарын хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй” гэж заасан нь дэлхийн бүх улсын хуульд тусгагдсан байдаг стандартын хамрах хүрээг зааж бараа, үйлчилгээний чанар, гарал үүсэл болон бусад шинж чанарын хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй, тасал шинж чанарыг хамруулдаг ойлголт байна.

Олон улсад бараа үйлчилгээний 45 ангилал байгаа дунджаар 1 ангилалд 300 бараа бий. Тэр болгон тусдаа шаардах эрхтэй нөхцөл байдал хоорондоо өөр юм. Барааны тэмдэг бүртгэх улсын бүртгэл хөтлөх тэдгээрт өөрчлөлт оруулах  журмын 2.5.1, 2.5.2 дугаар заалтыг дурдсан байна. Үсэг тоо дангаараа энгийн шрифтээрээ бичсэн бол 2.5.1-д хамаарна.

Хэл шинэчлэлээр яривал яагаад үг үсэг гээд тусдаа яригдаж байна үг биш үсэг дангаараа гэдэг асуудал. Харин энгийн онцгой шинж чанаргүй өнгө, цагираг, гурвалжин гэвэл тус журмын 2.5.2-д зааснаар хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл энд ерөөсөө дүрсний асуудал яригдахгүй энгийн шрифтээр бичигдсэн үгний асуудал яригдана.

“Залуу” буюу латинаар крилл үг нь тоо, үсэг биш геометрийн дүрс биш тэгэхээр энэ зүйлийн заалтууд хамаарахгүй. Домэйн нэрийн тухайд 2007 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Zaluu.mn анх домэйнээр бүртгэгдсэн талууд энэ тал дээр маргаагүй байгаа. Цаг хугацааны хувьд түрүүлж бүртгэгдсэн байна. Zaluu.com мэдээллийн үйл ажиллагаа явуулдаг вэб сайт хэмээн харилцаа холбоо зохицуулах хороонд бүртгэлгүй гэдгийг харилцаа холбооны лавлагаанаас харж болно.

Албан тушаалтны хүсэл зоригийг тухай захиргааны акт бүрэн гүйцэд нийцүүлж илэрхийлэгдээгүй актын заалтууд нь хоорондоо зөрчилдсөнөөр агуулга нь хоёрдмол утгатай байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасан бөгөөд энэ зарчмыг үндэслэнэ. Хууль хэрэглээний маргаан нь захиргааны актад илт хууль бус тооцох алдаанд хамаарахгүй. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж шаардаж байгаа 3 захиргааны акт бие даасан шинжтэй. Нэхэмжлэгч тал илт хууль бус талд тооцуулах гээд яваад байгаа хөөн хэлэлцэх хугацаатай хамааруулж ойлгож байна.

“Залуу” гэсэн үгэн кирилл латин үгэн илэрхийлэл бүхий барааны тэмдгийг Улсын бүртгэлд бүртгэх тухай Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар тушаал гарч, Барааны тэмдэг газар зүйн тухай хуулийн 3.1.14-т ““албан ёсны тогтмол хэвлэл” гэж энэ хуульд заасан барааны тэмдэг, газар зүйн заалтын бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг нийтийн хүртээл болгох зорилгоор Парисын конвенцын 12.2-т заасны дагуу оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас эрхлэн гаргах хэвлэл болон веб хуудас, цахим мэдээллийг” гэж заасан. Албан ёсны тогтмол тэмдэг хэвлэгдээд жил болсон. Энэ хугацаанд гомдол гаргаагүй гаргах эрх нь бүрэн нээлттэй байсан ч энэ хугацаагаа алдсан

 “Э” ХХК-ийн Zaluu.com үг зөрсний хосолмол тэмдгээр бүртгүүлэх гэж Оюуны өмчийн газар хандсан байгаа тэр хандсан бүртгэх мэдүүлэг нь бүртгэхээс татгалзсан урьдчилсан шийдвэр гарсан бүртгэх мэдүүлгээ барааны тэмдгийн талаарх харьцааны Монголын анхдагч мэргэшсэн байгууллага бол Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх патент барааны тэмдгийн нэгжээр төлөөлүүлж мэргэжлийн үйлчилгээ газраас авсан байгаа юм. “Э” ХХК хууль ёсны төлөөлөгч нь тухайн тэмдэгтийг бүртгэхээс татгалзсан урьдчилсан болон эцсийн шийдвэрт ямар нэгэн гомдол гаргаагүй. Энэхүү шийдвэр баталгаажсанаас хойш жилийн хугацаанд гаргаагүй. Хууль тогтоомжид заасны дагуу мэтгэлцэх боломж нь бүрэн байсан.

Залуу гэх үгийг бүртгэхгүй байх буюу Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар тушаалын дагуу “залуу” гэх барааны үгийн илэрхийлэл бүхий крилл үсэгт барааны онцгой эрх олгосон шийдвэр нь хуульд нийцсэн” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч “Э” ХХК-иас анх тус шүүхэд хандан “Оюуны өмчийн газрын ******* тоот “zaluu” барааны тэмдгийн гэрчилгээ, ******* тоот “Залуу” барааны тэмдгийн гэрчилгээ нь хууль зөрчиж олгогдсон, илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, “Монгол Улсын Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн  ******* дугаар тушаалын холбогдох хэсэг, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын /хуучин нэрээр/ 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ******* тоот Улсын байцаагчийн албан шаардлага, 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Улсын байцаагчийн ******* дугаар дүгнэлтийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” хэмээн эцэслэн тодорхойлсон.

Шүүх нэхэмжлэгчийн эцэслэн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт болон үзлэгийн тэмдэглэл зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.    Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн

шаардлагын үндэслэлээ “манай компани 2008 оноос зар сурталчилгаа интернетийн zaluu.com сайтын үйл ажиллагааг эрхлэн явуулж, zaluu/залуу брэндийг олон нийтэд таниулсан. Гэтэл “Э Ж Э м г” ХХК нь манай залуу брэндийг хуулбарласан байхад Оюуны өмчийн газар Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай 5 дугаар зүйлийн 5.2.5, 5.2.8 -д заасныг зөрчин зохих журмын дагуу шүүлт хийж, давхцал байгаа эсэхийг шалгалгүйгээр тус компанид барааны тэмдгийн гэрчилгээ олгосон, улмаар албан шаардлага, дүгнэлт гаргаснаар олонд танигдсан манай сайтын үйл ажиллагааг зогсоох үндэслэл болж, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” хэмээн тайлбарлан маргаж байна.

2. 2002 онд батлагдсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Захиргааны байгууллага, албан тушаалтан дараахь тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана:

9.1.1.захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай;

9.1.2.бичгийн хэлбэрээр гаргасан захиргааны актыг батлан гаргасан байгууллага, албан тушаалтан нь тодорхойгүй;

9.1.3.захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан;

9.1.4.захиргааны актыг гүйцэтгэх субъект тодорхой бус;

9.1.5.хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан;

9.1.6.нийтийн ёс зүйн хэм хэмжээг илт зөрчсөн;

9.1.7.захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;

9.1.8.захиргааны акт гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн;

9.1.9.захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” хэмээн, 2015 онд батлагдсан Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:

            47.1.1.утга агуулгын илэрхий алдаатай;

            47.1.2.бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй;

            47.1.3.тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан;

            47.1.4.захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус;

            47.1.5.хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан;

            47.1.6.иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй;

47.1.7.түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” хэмээн  тус тус заасан бөгөөд Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу барааны тэмдгийн мэдүүлгийн бүрдлийг хянаж, анхдагч огноог тогтоосны дараа тухайн барааны тэмдэг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхэд шүүлт хийж, дүгнэлт гаргана”, 8.5-д “Мэдүүлэг гаргагч нь энэ хуулийн 8.4-т заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг хүлээж авснаас хойш гурван сарын дотор үндэслэл бүхий хариуг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ”, 29 дүгээр зүйлийн 29.1.5-д “барааны тэмдэг, газар зүйн заалтын мэдүүлгийг хүлээн авч, хянах”, 29.1.12-т “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн биелэлтэд тавих улсын хяналтыг хэрэгжүүлэх, оюуны өмчийн улсын байцаагч ажиллуулах” хэмээн хуульчилсан.

3. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт болон хариуцагчийн архив, бичиг хэрэгт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр:

Иргэн *******гээс 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Оюуны өмчийн газарт хандан “zaluu” болон “залуу” гэсэн үгэн тэмдгийг 1957 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Ниццийн хэлэлцээрээр баталсан “Бараа, үйлчилгээний олон улсын ангилал”-ын 16, 35, 38, 39, 41, 42 болон 44 дүгээр ангиллуудад эрхийн хамгаалалт хийлгэхээр мэдүүлснийг хариуцагч Оюуны өмчийн газар мэдүүлгийн улсын бүртгэлийн 14961, 14962 дугаар бүртгэж, Бараан тэмдэгт, газар зүйн заалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан журмын дагуу шүүлтийн ажиллагааг хийж, шинжээчээс мэдүүлгийг хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан хэмээн үзэж, бүртгэх тухай дүгнэлт гаргасныг үндэслэн Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар тушаалаар барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгэж, ******* болон ******* дугаар Барааны тэмдгийн гэрчилгээг олгосон. Энэ хугацаанд мэдүүлэг гаргагч *******гээс өөрийн нэрээр мэдүүлсэн “барааны тэмдгийн нэрийн эрхийг “Э Ж Э м г” ХХК-нд шилжүүлэн өгөх” хүсэлтийг 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Оюуны өмчийн газарт бичгээр гаргасан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан  2014 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн огноо бүхий 14961, 14962 дугаар Барааны тэмдэг, газар зүйн заалт бүртгүүлэх тухай өргөдөл, 9-5-2014-0003457, 9-5-2014-0003458 дугаар шинжээчийн дүгнэлт, Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар тушаалын хуулбар болон холбогдох бусад баримтаар,

нэхэмжлэгч “Э” ХХК-иас Оюуны өмчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Патент, барааны тэмдэг, газар зүйн заалтын хэлтсээр дамжуулан 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “Z Zaluu.com Үндэсний тэргүүлэгч сайт” гэсэн үгэн тэмдэгтийг 1957 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Ниццийн хэлэлцээрээр баталсан “Бараа, үйлчилгээний олон улсын ангилал”-ын 35, 36, 42 дугаар ангилалуудад эрхийн хамгаалалт хийлгэхээр мэдүүлснийг хариуцагч Оюуны өмчийн газар мэдүүлгийн улсын бүртгэлийн 15706 дугаар бүртгэж, Барааны тэмдэгт, газар зүйн заалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан журмын дагуу шүүлтийн ажиллагааг хийж, шинжээчээс мэдүүлгийг хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй хэмээн үзэж, бүртгэхээс татгалзах тухай дүгнэлтийг 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр гаргаж, 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр “Э” ХХК-ийн төлөөлөгчид гардуулсан. Улмаар “Э” ХХК-иас гаргасан гомдлын үндсэн дээр “...Zaluu гэсэн үг нь өмнө бүртгэгдсэн барааны тэмдэгтэй үгийн дуудлага, утга ижил” гэх үндэслэлээр дээрх үгэнд эрхийн хамгаалалт хийлгүйгээр дан “Z” үсэг бүхий дүрсэд эрхийн хамгаалалт хийх дүгнэлт гаргасныг үндэслэн Оюуны өмчийн газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар тушаалаар барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгэж, 201600150 Барааны тэмдгийн гэрчилгээг олгосон болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 15706 Барааны тэмдэг, газар зүйн заалт бүртгүүлэх тухай өргөдөл, 9-5-2015-0001334 дугаар бүртгэхээс татгалзах урьдчилсан шийдвэр, 9-5-2015-0003558 дугаар Барааны тэмдгийн шүүлтийн тайлан болон холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байна.

4. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ******* тоот Улсын байцаагчийн албан шаардлага, 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Улсын байцаагчийн ******* дугаар дүгнэлтийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт болон хариуцагчийн архив, бичиг хэрэгт хийсэн шүүхийн үзлэгээр, “Э Ж Э м г” ХХК-иас  2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн огноо бүхий 017/080 дугаар албан бичгээр өөрийн эрхийн хамгаалалт хийгдсэн барааны тэмдгийн асуудлаар Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт хандаж өргөдөл гаргаснийг хариуцагч Оюуны өмчийн хяналтын улсын байцаагчаас Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.12, 30 дугаар зүйлийн 30.4-т тус тус заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Улмаар хяналт шалгалтын хүрээнд илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ******* дүгээр албан шаардлагыг зөрчил гаргагч “Э” ХХК-нд, 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн ******* дүгээр улсын байцаагчийн дүгнэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд тус тус хүргүүлсэн болох нь тус тус тогтоогдож байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүх, хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд, хуульд заасан журмын дагуу холбогдох ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр гаргасан хариуцагч Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар тушаал болон Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ******* тоот Улсын байцаагчийн албан шаардлага, 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Улсын байцаагчийн ******* дугаар дүгнэлтийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.17, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт хэмээн үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 29 дүгээр зүйлийн 29.1.12, 30 дугаар зүйлийн 30.4-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Э” ХХК-иас Оюуны өмчийн газар, Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч С.Г-т тус тус холбогдуулан гаргасан “Монгол Улсын Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн  ******* дугаар тушаалын холбогдох хэсэг, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ******* тоот Улсын байцаагчийн албан шаардлага, 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Улсын байцаагчийн ******* дугаар дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.М