| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Одмаа |
| Хэргийн индекс | 115/2025/0031/З |
| Дугаар | 221/МА2026/0559 |
| Огноо | 2026-08-06 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2026/0559
Б.Э-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 115/ШШ2026/0019 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Зоригтбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэгч шүүгч Ц.Одмаа
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Б.Э
Хариуцагч: Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Б.Э
Хариуцагчийн төлөөлөгч Б.З
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул
Хэргийн индекс: 115/2025/0031/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 115/ШШ2026/0019 дүгээр шийдвэрээр “...Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 5.1.4, 13 дугаар зүйлийн 13.1, 13.6, 13.7, 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.2.5, 20.2.6-д заасныг тус тус баримтлан Б.Э-ээс Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газарт холбогдуулан гаргасан Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 24/06-35 дугаар актын өөрт холбогдох 1,699,483 төгрөгийг нөхөн төлүүлэхээр тогтоосон хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:
2.1. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна, хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг бүрэн гүйцэт бүрдүүлж, хэргийг тал бүрээс нь бодиттойгоор үнэлж дүгнэсэнгүй. Мөн анхан шатны шүүх дүгнэхдээ нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна гэж дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч миний бие 2 удаа 4,0 сая төгрөгийн зарлагыг анхан шатны баримтад үндэслэн гаргасан. Уг зарлагыг гаргахдаа шатахууны талон худалдан авахаар зарлага гаргахдаа Ш ХХК-ийн баталгаажсан цахим төлбөрийн баримтаар 4,0 сая, 4,0 сая төгрөгөөр зарлага гаргасан. Тус талоныг зарлагадахдаа 2024 оны 7 сарын 19-ны өдрийн 4,0 сая төгрөгийн талоныг жолоочийн замын хуудас болон ажил гүйцэтгэх гэрээгээр зарлагаа хаасан. Дараагийн 4,0 сая төгрөгийн зарлага нь 2024 оны 11 сарын 29-ний өдрийн байгууллагын даргын тушаалтайгаар зарлага гарснаар анхан шатны баримт бүрдсэн зарлага байхад энэ зарлагын баримт дээр н.Эын гэрчийн мэдүүлэгт авснаа мэдүүлсэн байхад энэхүү зарлага дээр зөрүү үүсэх боломжгүй юм.
Харин Ажил гүйцэтгэх гэрээ нь байгууллагын даргын гарын үсэг тамгатай, н.Эын гарын үсэгтэй байсныг үндэслэн зарлагыг хаасан нь анх гарсан 4,0 сая төгрөгийн зарлага. Уг ажил гүйцэтгэх гэрээг байгууллагын дарга Ш.Бгийн хийсэн гэрээний дагуу нярав Т.С-ийн зарлагын падааныг замын хуудас, ажил гүйцэтгэх гэрээг үндэслээд хаасан. Энэ нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудыг шалгаж аваад хаасанд орно. Би замын хуудсан дээрээ дарга Ш.Бгаас шалгаж асууж байгаад "2.500.000 төгрөгийг ажлын хөлсөнд хаав" гэж бичиж тэмдэглээд гарын үсэг зурсан. Мөн нярваас зарлагадсан зарлагын баримт дээр н.Э болон нярав, нягтлангийн гарын үсгүүд зурагдсан байгаа ч гэсэн анхан шатны баримт болно. Гэвч эдгээр анхан шатны баримтуудыг үнэлж дүгнэлгүйгээр анхан шатны баримтыг бүрдүүлж нягталж, шалгасангүй гэж өрөөсгөл дүгнэлтийг хийсэнд гомдолтой байна. Байгууллагын дарга Ш.Бгаас гэрчийн мэдүүлэг авч н.Этай “Ажил гүйцэтгэх гэрээ хийснийг" тодруулах шаардлагатай байтал уг ажиллагааг хийсэнгүй.
Гэрээг хэн хийсэн, нярваас орж ирсэн орлого, зарлагын падааныг нярав хэнд үйлдэж зурсныг тодруулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, бараа материалын орлого, зарлагыг нярав хариуцдаг учир талоноо хэнд өгч, зарлагын баримтаа хэнээр зуруулсан нь илэрч гарч ирнэ. Би зөвхөн шатахууныг авах гүйлгээг цахимаар төлбөрийн даалгавраар шилжүүлсэн. Няраваас зарлагадсан зарлагын падан болон анхан шатны баримтад үндэслээд буцааж зарлагаа хаасан. Ажил гүйцэтгэх гэрээн дээр н.Эын гарын үсгийг хэн зурсныг шүүх шинжилгээгээр тодруулан дүгнүүлэхэд л энэ бүх будлианыг үүсгэж, над руу хуурамч баримт бүрдүүлж өгсөн эзэн нь ч тодорхой илрэх боломжтой байсан юм. Миний хувьд байгууллагын дарга Ш.Б нь "Ажил гүйцэтгэх гэрээ"-г байгуулахдаа гэрээний нөгөө талтай хамт байж байгаад гэрээнд гарын үсэг зурагдах ёстой байтал гэрээний нөгөө талын хуурамч гарын үсгийг хэнээр зуруулсныг Ш.Бгаас асууж тодруулах бүрэн боломжтой байсан гэж үзэж байна.
Анхан шатны баримтыг бүрдүүлж байгаа нярав Т.С нь зарлагын баримтуудыг хуурамч гарын үсэгтэй оруулж ирж надад өгч байгааг би өөрөө илрүүлэн шалгах боломжгүй учир үүнийг нярав Т.Сгаас асууж тодруулах боломжтой байсан. Эсвэл гарын үсгийн үнэн зөв болон гэрээнд хэн гарын үсэг зурсныг тусгай мэдлэг бүхий шинжээчээр дүгнүүлж байж л энэ бүх үйлдлүүд тодорхой болохоор байгаа юм. Гэрч н.Э ч “ажил гүйцэтгэх гэрээ"-н дээр гарын үсэг зураагүй гэдгээ мэдүүлсэн бөгөөд хуурамч баримтыг дарга Ш.Б надад оруулж ирж өгсөн нь илэрхий болсоор байхад үүнийг үнэлж дүгнэлгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.
н.Э нь ажлын хөлсөө дарга Ш.Бгаас авч байсан гэж тодорхой хэлж мэдүүлж байсан ба Ш.Б дарга ямар ч баримт дээр гарын үсэг н.Эаар зуруулж байгаагүй гэж мэдүүлсэн. Тэгэхээр баримт болон гэрээн дээр хэнээр гарын үсэг зуруулсныг Ш.Б бүрэн мэдэх боломжтой байгаа юм. Тухайлбал, анхан шатны баримтуудыг би шалгаж нягтлаад бүрдүүлсэн боловч надад хуурамч гарын үсэгтэй баримтыг оруулж ирж өгснийг би шууд хараад мэдэх боломжгүй, 35 дугаартай акт тавигдсан нь надаас шалтгаалаагүй гэж үзэж байна. Би зарлага гаргаж, анхан шатны баримт бүрдүүлэн хааснаар төлбөрт орж акт тавигдаж байгаа нь үндэслэлгүй байна. Миний хувьд Ш.Б дарга энэ бүх будлианыг үүсгэж намайг өр төлбөрт оруулсан энэ талаарх тайлбараа ч шүүхэд гаргасан.
Гэрч н.Э нь миний зарлагадсаны дагуу төлбөрийг аваагүй гээд байгаа ба үүнээс үүссэн зөрүүг хэн авч шамшигдуулсныг хэрэгт ач холбогдолтой баримтуудыг цуглуулан бүрдүүлэх шаардлагатай байсан гэж үзэж байна. Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 7 сарын 7-ны өдрийн 24/06-35 дугаартай актын хавсралт дээр 2.500.000 төгрөгийн “Шатахууны талоныг хэн авсан нь тодорхойгүй гэж бичигдсэн байдаг. Гэвч уг зөрүү болох өөрт холбогдох буюу 1.699.483 төгрөгийг нөхөн төлүүлэхээр тогтоосон хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан ба нийт зөрүү болох дүнгүүдийг хэн авч шамшигдуулсныг тодорхой болгох шаардлагатай байгаа юм. Уг асуудлыг Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа гэж хариуцагч тал тайлбар гаргасан боловч тухайн асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэтэл хэргийг түр түдгэлзүүлж байгаад учрыг тодорхой болгон шийдвэрлүүлэх боломжтой байсан. Шатахууны талоныг нярав орлогодож авч, зарлагаддаг учир зөрүү үүсээд байгаа шалтгааныг нярав Т.С хэнд хүлээлгэж өгснөө бүрэн мэдэж байгаа тул хэрэгт нярав Т.Сгаас ч энэ бүгдийг тодруулах боломжтой байсан.
Бараа материалын зөрүүгээс үүссэн 1.100.000 төгрөгийн талоныг нярав Т.С нь байгууллагын дарга Ш.Бд өгсөн гэсэн боловч зарлага нь н.Э дээр гарсан байдаг. Гэсэн хэдий ч уг зарлага нь юунд зарцуулсан нь тодорхойгүй байсан учир уг баримт дээр би хуурамч байж болзошгүй гээд гарын үсэг зураагүй учир би 1.100.000 төгрөгийн үнийн дүнгийн өөрт хамаарах хэсгийг зөвшөөрөхгүй. Зарлагадах зөвшөөрлийг дарга Байгалмаа няравт зөвшөөрсөн байсан тул бараа материалын зарлагаас би хасч тайлагнасан юм. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.Эээс Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Шатахууны үнэ төлүүлэх тухай” 24/06-35 дугаар актын өөрт холбогдох хэсэг буюу 1,699,483 төгрөгийг нөхөн төлүүлэхээр тогтоосон хэсгийг хүчингүй болгуулахаар маргасан.
3. Маргаан бүхий актаар “...2025 оны 4 дүгээр сард Шамбал, хийд, Хайрханы 00-д нөөцийн савны 3 нүх ухуулах ажилд 1,100,000 (нэг сая нэг зуун мянга) төгрөгийн шатахууны талон олгосон боловч хэнд олгосон нь тодорхойгүй, ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, хийсэн ажлын тайлангүй, 2024 онд 4,001,550 төгрөгийг талон буюу 1191,1 литр түлшинд замын хуудас бичиж, 3,998,450 төгрөгийн талоныг “ажлын хөлсөнд хаав" гэж бичиж зарлагдсан, 2025 онд 1,100,000 (нэг сая нэг зуун мянга) төгрөгийн талоны нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтгүй байхад шууд зарлагадаж, эд хариуцагч тайлан хийсэн, нягтлан бодогч шалгаагүй орхигдуулсан зөрчил илэрсэн гэж үзэж, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтгүй, хэнд олгосон нь тодорхойгүй, үндэслэлгүйгээр шууд зарлагдсан шатахууны талоны үнэ болох 5 098 450 төгрөгөөс нэхэмжлэгч Б.Эээр 1 699 483 төгрөгийг нөхөн төлүүлж, төсвийн орлого болгохоор акт тогтоожээ.
4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Хамарын хийдийн тусгай хамгаалалттай газрын захиргааны зүгээс гэрч Т.Этай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байх бөгөөд холбогдох санхүүгийн анхан шатны баримтыг бүрдүүлсэн боловч анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх ажил, гүйлгээ бодитоор хийгдээгүй байж болзошгүй талаарх баримтууд хэрэгт цугларчээ.
4.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, 31.2-т “Нотлох баримт нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл, цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн бүрдүүлж, эргэлзээгүй талаас үнэлж хэргийг шийдвэрлэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн зарчимд нийцнэ.
4.2. Гэтэл маргаан бүхий зөрчлүүдийн талаар анхан шатны шүүх “...гэрчийн мэдүүлгээс дүгнэхэд...зарлагын баримт болон жолоочийн тооцооны хуудаст тус тус Т.Э зураагүй нь тогтоогдож байна...” гэж дүгнэсэн байх бөгөөд үүнийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д “Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна” гэж заасны дагуу зөвхөн нягтлан бодогчийн албан тушаалын чиг үүрэгт хамааруулан төлбөр хариуцуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.
4.3. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд тухайн зарлагын баримт болон жолоочийн тооцооны хуудсыг үйлдсэн, зөвшөөрсөнтэй холбоотой шалган тогтоох ажиллагааг хариуцагчийн зүгээс хийж гүйцэтгэх боломжтой байх бөгөөд энэ нь шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байна.
5. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 24 дүгээр зүйлийн 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно, 27 дугаар зүйлийн 27.5-д Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна гэж заасан, хэрэв хяналт шалгалтын үед нэхэмжлэгчийг холбогдох нотлох баримт гаргах, хүсэлт тайлбар гаргах эрхээр хангасан бол хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөх байсан болох нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан “...анхан шатны шүүх хуралдааны үед эвлэрэн хэлэлцэх талаар тохиролцож байсан” гэх тайлбараар тогтоогдож байна.
6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэж заасан, энэ тохиолдолд шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байна.
7. Иймээс нэхэмжлэгчийн зөрчилд нотлох баримт гаргаж өгөх, бусад этгээдээс /нярав Т.С/ тодруулах, шаардлагатай тохиолдолд Т.Эын гарын үсгийн шинжилгээг хийлгэх талаар ажиллагааг хийж захиргааны байгууллага хэргийн нөхцөл байдлыг шалгаж тогтоох үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй тул уг зөрчлөө арилгаж, дахин шинэ акт гаргах шаардлагатай.
8. Ийнхүү дахин шийдвэр гаргахдаа холбогдох санхүүгийн баримтыг хянан үзэж, эрх хэмжээнийхээ хүрээнд акт үйлдэх замаар шүүхийн шийдвэр биелэгдэх ба хэрэв дахин шинэ акт гаргахгүй бол маргаан бүхий актууд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана гэж зааснаар хүчингүй болох үр дагавартай.
9. Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт маргаан бүхий актын биелэлтийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн өөрчлөлт оруулж, эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 115/ШШ2026/0019 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Шатахууны үнэ төлүүлэх тухай” 24/06-35 дугаар актыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж, Тогтоох хэсэгт “2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч шийдвэр гаргахдаа энэхүү магадлалын хянавал хэсгийн 7-д заасан ажиллагааг хийх шаардлагатай болохыг дурдсугай., 3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагч шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Шатахууны үнэ төлүүлэх тухай” 24/06-35 дугаар акт хүчингүй болохыг дурдсугай.” гэсэн 2, 3 дахь заалтыг нэмж, 2 дахь заалтын дугаарыг 4 гэж өөрчилж, нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Ц.ОДМАА