Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 202/МА2018/00026

 

2018            07              24                                           202/МА2018/00026

 

Ж.С-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 136/ШШ2018/00239 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: 1967 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 50 настай, эмэгтэй, Дорноговь аймаг, Сайншанд сум, 3 дугаар баг, .........тоотод оршин суух, Зогсоо овогт Жигжидийн С /РД: ЕЮ6702902/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргад холбогдох

Ажилгүй байсан хугацааны олговор 10294077 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хүрэлмаагийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ууганцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хүрэлмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2017 оны Б/03 дугаар захирамжаар ажлаас халагдсан бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар шүүхэд хандсан. Миний нэхэмжлэлийг шүүхээс хангаж шийдвэрлэсэн бөгөөд хяналтын шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Гэхдээ миний бие анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаагаар цалинг гаргуулах шүүхийн шийдвэр гарсан бөгөөд 3 шатны шүүхийн ажиллагаа дуусч, ажилдаа эргүүлэн тогтоолгох хүртэл үеийн нийт цалин 11 579 141 төгрөг болж байгаа юм. Үүнээс 1 285 064 төгрөг нь олгогдсон болно. Иймд 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэл буюу ажилгүй байсан хугацааны цалин 10 294 077 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Одбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: ... Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь заалтын дагуу сумын Засаг даргын 2018 оны Б/20 дугаартай Ж.Сг ажил, албан тушаалд нь эгүүлэн авах тухай захирамжаар сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн нягтлан бодогчоор томилж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 1 285 064 төгрөгийг олгосон. Иймд нэхэмжлэгч Ж.Сд дахин нөхөн олговор олгох боломжгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан бөгөөд Улсын дээд шүүхийн 001/ХТ2017/00998 дугаар тогтоол 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гарсан байна. Нэхэмжлэгч Ж.С нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хүрэлмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Засаг даргын 2018 оны Б/20 дугаартай Ж.Сг ажил, албан тушаалд нь эгүүлэн авах тухай захирамжаар сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн нягтлан бодогчоор томилж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 1 285 064 төгрөгийг олгосон. Иймд нэхэмжлэгч Ж.Сд дахин нөхөн олговор олгох боломжгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан бөгөөд Улсын дээд шүүхийн 001/ХТ2017/00998 дугаар тогтоол 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гарсан байна . Мөн Иргэний хуульд заасан хугацаа ч бас өнгөрсөн, энэ хүнд1 285 064 төгрөгийг олгосон тул дахин олговор олгох ёсгүй.Нэхэмжлэл гаргах хугацаагаа хэтрүүлсэн тэл нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргаас ажилгүй ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 8 201 732 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Сд олгож, үлдэх 2 092 345 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179 655 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргаас 146 177 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Сд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсөн төлөөлөгч Х.Хүрэлмаа давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.С нь Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн нягтлан бологчдийн ажил эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны мөнгийг олгуулах, тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд тус шүүхийн 2018.03.23-ны өдрийн 105 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ж.Сгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаны 1285064 төгрөгийг гаргуулахаар” шийдвэрлэсэн.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.05.03-ны өдрийн 202/МА2017/00012 магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын Дээд шүүхийн 001/ХТ2017/00998 тогтоолоор давж заалдах шатны шатны шүүхийн магадлалыг хэвээр үлээж шийдвэрлэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь заалтын дагуу сумын Засаг даргын 2018 оны Ж.Сг ажил, албан тушаалд нь эгүүлэн авах тухай Б/20 дугаар захирамжаар сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн нягтлан бодогчоор томилж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор болох 1285064 төгрөгийг олгосон. Иймд нэхэмжлэгч Ж.Сд дахин нөхөн олговор олгох боломжгүй. Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2 дахь хэсэгт заа снаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан бөгөөд Улсын Дээд шүүхийн 001/ХТ2017/00998 дугаар тогтоол 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гарсан байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.4 дэх хэсэгт хугацаа тоолох, тодорхойлоход Иргэний хуульд заасан журмыг хэрэглэнэ гэж хуульчилсан бөгөөд Монгол Улсын Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж тодорхойлсон бөгөөд Ж.Сгийн хувьд нэхэмжлэлээ 2018.05.11-ний өдөр буюу шаардах эрх нь үүссэнээс хойш 8 сарын дараа гаргасан нь холбогдох хууль, тогтоомжийг зөрчиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ууганцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэлгүй байна гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан шаардлага гаргах, хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг болоод мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Яагаад ингэж үзэж байна вэ гэхээр нэхэмжлэгч 2017.01.07-ны өдрөөс эхлээд ажлаасаа үндэслэлгүй чөлөөлөгдсөн байдаг. Үүн дээр гурван шатны шүүхийн тогтоол гаргаад шүүхийн хүчин төгөлдөр болсон маргаан. Сайншанд сумын захирамжаар 2018.03.16-ны өдөр ажилд нь эгүүлэн тогтоосон байдаг. Ингэж тогтоогдох хүртэл түүний цалин хөлс авах эрх зөрчигдөж явж байгаа. Хэдийгээр ажилд нь эгүүлэн томилсон ч гэсэн түүний зөрчигдсөн эрхийг шүүх сэргээх учраас Хөдөлмөрийн хуулийн 69 дүгээр зүйлийн агуулга тийм зохицуулалтаар байгаа. Өөрөөр хэлбэл ажилд нь тогтоогдох хүртэлх хугцаааны цалин гаргуулах ёстой. Харин хөөн хэлэлцэх хугацааны тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан хугацааны бүх олговрыг нэгэнт ажилд нь тогтоосон бол ажил олгогч гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл ажил олгогчийн зүгээс цалин хөлсийг олгоогүй учраас яг энэ зөрчигдсөн эрхийг мэдсэн хугацаа бол 2018.03.16-ны өдөр гэж үзэх нь зүйтэй. Энэ хугацаанаас 3 сарынхаа хугацааг тоолохоор хөөн хэлэлцэх хугацааны дотор буюу гомдлын шаардлага гаргах хугацаандаа гомдлоо гаргасан байгаа. Тийм учраас хариуцагч талаас 2017.09.21-ний өдөр гэж үзэж байгааг ойлгохгүй байна. 2017.09.21-ний өдөр тогтоол гарсан боловч түүнийг ажилд нь эгүүлэн тогтоогоогүй. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэрэг Дээд шүүхийн хяналтын шатны шүүх дээр явж байсан. Энэ утгаар хуулийг зөв тайлбарлаж, хэрэглэх нь зүйтэй гэж үзэж байна. Тийм учраас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

            Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл  анхан шатны шүүх нь Хөдөлмөрийн хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагад нийцсэн гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Ж.С нь  хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргад холбогдуулан ажлаас буруу халагдсан үеийн олговорт 10 294 077 төгрөг, нэхэмжилж, нэхэмжлэлээ ажилд эргүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрүүдэд үндэслэж, ажил олгогчоос ажилд эргүүлэн авсан хугацаагаар тооцож нэхэмжилжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ж.С нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн нягтлан бодогчоор ажиллаж байгаад тус сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/03 дугаар захирамжаар ажлаас халагдсаныг Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 202/МА2017/00012 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн тогтоолоор тус тус буруу болохыг тогтоож, ажилд нь эргүүлэн тогтоож, улмаар Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн б/20 дугаар захирамжаар Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн нягтлан бодогчийн ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны олговорт шүүхийн шийдвэрээр тогтоосон хэмжээгээр буюу 1285064 төгрөгийг олгосон тухай үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.

Харин хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийг  ажилгүй байсан хугацааны олговор нэхэмжилэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан 3 сарын хугацааг буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргаж, хугацааг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн тогтоол гарсан өдрөөс тоолж, мөн энэхүү үндэслэлээр давж заалдсан гомдол гаргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээний талууд ... эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан асуудлаар буюу буруу халсан үеийн олговор буюу ажилгүй байсан хугацааны цалингийн талаарх маргааныг шүүх харъяалан шийдвэрлэхээр заасан байна.

Энэхүү хуулийн агуулгаас үзэхэд болон Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох ба ажил олгогч буюу хариуцагч нь ажилтан буюу нэхэмжлэгч Ж.Сг 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр урд эрхэлж байсан ажилд нь эргүүлэн томилсон тул нэхэмжлэгчийн хувьд ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлэх шаардах эрх нь энэ өдрөөс эхлэн үүсэх бөгөөд энэ үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолох нь дээрх хуулиудад нийцнэ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн б/20 дугаар захирамжаар Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн нягтлан бодогчийн ажилд эргүүлэн томилогдож, улмаар шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу шүүхээс олгоогүй хугацааны цалинг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэлээ 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв болжээ.

Нэхэмжлэгч Ж.С нь ажилгүй байсан хугацааны олговрыг 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс буюу ажлаас халагдсан өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр буюу ажилд эргүүлэн томилогдсон өдөр хүртэл хугацаагаар тооцож нэхэмжилсэн нь буруу байх ба түүний ажилгүй байсан хугацааны олговорт Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 202/МА2017/00012 дугаар магадлалаар 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан хугацаа буюу 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийт 34 хоногийн цалинг нөхөн олгохоор шийдвэрлэж, уг олговор 1285064 төгрөгийг ажил олгогч олгосон нь зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

Улмаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг анхан шатны шүүхийн шийдвэр гарсан хугацаа буюу 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс ажилд эргүүлэн томилогдсон хугацаа буюу 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд тооцож гаргуулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйийн 69.1-д нийцэх юм.

Гэтэл анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш хугацаагаар тооцож тооцооны алдаа гаргасан байх боловч энэ талаар нэхэмжлэгч давж заалдсан гомдол гаргаагүй, нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд анхан шатны шүүхээс гаргасан тооцооллыг хүлээн зөвшөөрсөн тул талуудын зарчмыг үндэслэн энэхүү үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэв.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмлэгдсэн төлөөлөгч Х.Хүрэлмаагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Дорноговь аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 136/ШШ2018/00239 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хүрэлмаагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.     

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Н.БОЛОРМАА

                                ШҮҮГЧИД                                     А.САЙНТӨГС

                                                                                      Н.БАТЧИМЭГ