Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2020/02795

 

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2020/02795

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж С

Хариуцагч: Ж ХХК

Хариуцагч: А.Э

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Я.Б

Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргийн биелэлт, зардалд 824.609.231 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах нэхэмжлэл, Ж.С болон Ж ХХК-ийн захирал Н.М, А.Э нарын хооронд байгуулсан 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 0000/-000 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр буст тооцох бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Х, хариуцагч Ж ХХК-ийн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээдийн төлөөлөгч Т.Т, өмгөөлөгч Б.Б, прокурор Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч А.Х шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зээлдэгч Ж ХХК нь Ж.Сгаас 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 0000/-000 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж 800.000.000 төгрөгийг 60 сарын хугацаатай жилийн 3 хувийн хүүтэй Хүнд даацын шуудайны иж бүрэн эко үйлдвэр төслийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Я.Б, Н.М нарын өмчлөлийн эд хөрөнгийн 000000000 тоот 379,42 мкв талбайтай аялал зуучлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн хүүгийн төлбөрт 38.005.479 төгрөг төлсөн. Зээлдэгч нар зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, зээлийн хугацаа хэтэрч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээнд заасны дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдэж мэдэгдэл хүргүүлсэн боловч өндөөрийг хүртэл төлбөрөө төлөөгүй. Иймд зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Ж ХХК, А.Э нараас үндсэн зээл 800.000.000 төгрөг, зээлийн хүү 23.197.152 төгрөг, алданги 1.400.579 төгрөг, нотариатын зардал 11.500 төгрөг нийт 824.609.231 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү. Засгийн газрын 49 дүгээр тогтоол нь нийтэд илэрхий болсон эрх зүйн акт. Хариуцагч тал интернетээр орж харсан байна. Энэ тогтоолоор сангийн ажлын албыг татан буулгаж газар болгосон. Ж.С татан буугдаагүй гэв.

Хариуцагч Ж ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Зээлийн гэрээний үйлчлэлийг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөр цуцалсан хэрнээ зээлийн гэрээнд заагаагүй алданги нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Алданги нь үүргийн гүйцэтгэлийг хангах аргын нэг хэлбэр бөгөөд энэхүү арга өөрөө гэрээнд тодорхой хувь хэмжээгээр тусгадсан байж хэмээн шаардах эрх үүсдэг. Алдангийг нэмэгдүүлсэн хүү гэж ойлгож байгаа бол уг хоёр ойлголт өөр харьцангуй ойлголт юм. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үйлчлэлийг цуцалсан хэрнээ зээлийн хүүг нэмэгдүүлэн шаардаж байгаа, гэрээнд заагаагүй алданги төлөхийг шаардаж байгаа зэргийг үл хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, үндсэн нэхэмжлэлд дурдсан алданги болох 1.282.183 төгрөг зэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж ХХК-ийн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд. Өмнөх шүүх хуралдаанд хэргийн оролцогч биш хүн шүүх хуралд оролцож өөрсдийн бичиг баримтаа авч ирнэ гэсэн боловч авчираагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-т зааснаар хуулийн этгээд татан буугдсан бол гэж заасан байна. Татан буугдсан хэрнээ эрх шилжүүлсэн талаар баримтгүй байна. Засгийн газрын тогтоолын 3 дахь хэсэгт заагдсан үүрэг биелэгдсэн эсэх нь эргэлзээтэй. Өр төлбөрийн асуудлыг ямар нэгэн балансаар шилжүүлж авсан зүйл хэрэгт авагдсан нотлох баримтаар харагдахгүй байна. Ж.С нь газар болсон байгааг хоёр өөр хуулийн этгээд байна гэж хувьдаа ойлгож байна. Сан татан буугдаагүй юм бол аль нь нэхэмжлэл гаргаад байгаа юм бэ. Сангийн ажлын алба татан буугдсан, сан нь татан буугдаагүй гээд байгаа хэрнээ шүүхэд өгсөн улсын бүртгэлийн гэрчилгээнд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх газар болсон байна. Түр орлон гүйцэтгэгчийг томилоод байгаа Засгийн газрын тогтоол нь ямар ч гарын үсэггүй зөвхөн тамгатай, тогтоол дээр яамных нь сайд, ерөнхий сайд хоёр хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч А.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие тухайн үед Ж ХХК-ийн хамтран зээлдэгчээр зээлийн гэрээнд гарын үсэг зурж тус сангаас зээл авсан боловч уг зээлийг огт хэрэглээгүй. Тус компани уг зээлийг дангаараа захиран зарцуулсан ба өөрсдөө хүлээн зөвшөөрдөг төдийгүй үйл ажиллагаагаа явуулж өөрсдөө дангаараа төлбөрөө төлнө гэдэг. Иймд миний бие уг зээлийг хэрэглээгүй тул төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул надад холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Я.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч Т.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Я.Б нь Н.Мтой хамтран өмчилдөг 000000000 тоот хаягт байрлах 379.42 мкв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд тавих эрхийг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр итгэмжлэлээр Ж ХХК-нд олгосон. Гэтэл Ж.С болон Ж ХХК-ийн захирал Н.М, А.Э нарын хооронд 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 0000/-000 тоот барьцааны гэрээ үйлдэгдсэн байх бөгөөд миний зүгээс эдгээр этгээдүүдэд тухайн өдөр өөрийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө бусдад барьцаалуулах, барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах эрхийг огт олгоогүй. Өөрөөр хэлбэл үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд тавих эрхийг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Ж ХХК-нд 3 жилийн хугацаатай олгосон бөгөөд тухайн өдрөөс хойш ямар нэг барьцаанд тавих буюу хэлцэл байгуулагдаагүй. Миний бусдад олгосон итгэмжлэлийн зорилго биелэгдээгүй болохыг дурьдаж байна. Мөн А.Эт хөрөнгийг барьцаанд тавих эрхийг огт олгоогүй бөгөөд ямар үндэслэлээр Барьцааны гэрээнд гарын үсэг зурсныг ойлгохгүй байна. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ гэж заажээ. Ж ХХК-ийн захирал Н.М нь тухайн Барьцааны гэрээнд барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг хамтран өмчлөгч миний зөвшөөрлийг бичгээр авалгүйгээр намайг төлөөлж гарын үсэг зурсан байна. Барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Ж.С бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбар болон түүний төлөөлөгч А.Х шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ж.С нь Ж ХХК, А.Э нартай 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй. Хуульд барьцааны гэрээ байгуулагдсан ч гэсэн улсын бүртгэлд бүртгүүлсэн байж хүчин төгөлдөр болно гэж заасан. Тооройн манал ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Хувь нийлүүлэгчдийн хурлаар тус компаний захирал Я.Б, Х.М нарын дундын эзэмшлийн дээрх үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавих эсэх талаар хэлэлцэн зөвшөөрч тогтоол гаргасан байдаг. Я.Б нь 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр өөрийн үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавин зээл авах бүрэн эрх олгосон итгэмжлэл үйлдсэнг Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Н.М баталсан байдаг. Итгэмжлэлд зээлийн барьцаанд тавих, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, барьцаалбар үйлдэх, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх, хүлээн авах, лавлагаа авах, үүнтэй холбоотой эрх зүйн үйлдэл хийх эрхийг Ж ХХК-ийн захирал Н.Мд олгосон байдаг. Энэ итгэмжлэлээ Тооройн манал ХХК-ийн захирал биш Я.Б иргэнийхээ хувиар итгэмжлэл олгосон байна. Иймд бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Ж ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бие даасан шаардлага нь хууль зүйн хувьд үндэслэлтэй хэмээн үзэж байна. Учир нь энд зээлдэгчийн бус зээлдүүлэгчийн буруутай хариуцлагагүй үйлдэл байгаа болно гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Б тайлбарлахдаа: 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээ байгуулах үед Я.Б нь Н.Мд итгэмжлэл олгоогүй гэдэг асуудлаар хариуцагч нар маргалдаж байна. Иргэний хуулийн 68 дугаар зүйлийг тайлбарлаж дүгнэлт хэлж байна. Зээлийн гэрээ 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдах үед Я.Бгийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавих зөвшөөрөл олгоогүй байсан ч Иргэний хуулийн 68 дугаар зүйлд зааснаар зөвшөөрлийг 14 хоногийн дотор олгосон байна. Энэ нь Тооройн манал ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын тэмдэглэл, тогтоол 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гарсан байна. Гэрээ байгуулагдсанаас хойш 9 хоногийн дотор хуулийн хугацаандаа багтаж гарсан. Хүнс хөдөө аж ахуйн яамны Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санд энэ үл хөдлөх эд хөрөнгийг барьцаа хөрөнгө болгож ашиглахыг зөвшөөрөв гээд гүйцэтгэх захирал Я.Б өөрөө гарын үсэг зурж баталгаажуулсан. Дээрээс нь 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр иргэн Я.Б нь өөрийн үл хөдлөх эд хөрөнгөө зээлийн барьцаанд тавих итгэмжлэлийг Н.Мд олгосон. Үүгээр Я.Б тухайн үед энэ асуудлыг мэдэж байгаагүй гэсэн нөхцөл байдал үгүйсгэгдэж байна. Я.Б тэр байдлыг мэдэж байсан өөрөө зөвшөөрлөө хуульд заасан хугацаанд өгсөн байна гэж дүгнэх үндэслэл болж байна. Мөн Хүнс, хөдөө аж ахуйн яамны сайдын тушаалаар Жижиг, дунд үйлдвэрийн сангийн архив, ажилтнууд, өр төлбөр, авлага гээд бүх юмыг Жижиг, дунд үйлдвэрийн газар руу шилжүүлсүгэй гээд сайдын тушаал гарсан байна. Ипотекийн бүртгэл байхгүй байна гэдэг асуудал ярьж байна. Өмнө нь 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн барьцааны гэрээ нь ипотекийн бүртгэл юм. Үүнийг дахиж шинэчилж хийх шаардлагагүй. А.Э гэж хүн барьцааны гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч гэдгээрээ гарын үсэг зурсан. Ж ХХК нь хүнд даацын шуудайны Эко үйлдвэр байгуулах гэж байгаа. Үйлдвэрийн тоног төхөөрөмж авна, жижиг дунд үйлдвэрлэл явуулна гээд хөнгөлөлттэй нөхцөлөөр 800.000.000 төгрөгийн зээл авсан. Дансны хуулгыг нь харахад 800.000.000 төгрөгийг дандаа бэлнээр гаргаж зарцуулсан харагддаг. 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Төрийн банкнаас 236.000.000 төгрөгийн ажлын хөлс гарсан. Түүний дараа мөн 135.000.000 төгрөг, нийт 371.000.000 төгрөгийн ажлын хөлс ямар ч байсан энэ компани үйл ажиллагаа явуулаад авчээ. Орлого олжээ. Гэвч олсон орлогоосоо зээлийн төлбөрөө төлөх талаар огтхон ч үйлдэл хийгээгүй байгаа нь зээлийг төлөхгүй байх гэсэн субьектив санаа зорилгыг нь тодруулж харуулж байна. Угтаа энэ нь татвар төлөгчдийн мөнгө. Хөнгөлөлттэй нөхцөлөөр, зээлийн нэн таатай нөхцөлөөр олгогдож байгаа зээл. Юманд худрагатай байх ёстой. Ийм учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүрэн дэмжиж оролцож байна гэв.

Шүүх хуралдаанаар талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.С нь хариуцагч Ж ХХК, А.Э нарт холбогдох зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргийн биелэлт, зардалд 824.609.231 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах нэхэмжлэл, Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Я.Б нь нэхэмжлэгч, хариуцагч нарт холбогдуулж Ж.С болон Ж ХХК, А.Э нарын хооронд байгуулсан 00000000000000 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Ж ХХК, А.Э нар Ж.Стай 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 800.000.000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай Хүнд даацын шуудайны иж бүрэн Эко үйлдвэрийн төслийн зээлийн зориулалтаар зээлдэж, зээлийн барьцаанд Ү-0000000000 улсын бүртгэлийн дугаартай 000000000000000000 тоот 379.42 мкв талбайтай аялал зуучлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан болох нь талуудын тайлбар, дугаар 0000/-000 зээлийн гэрээ, дугаар 0000/-000 Барьцааны гэрээ төслийн зээлийн өргөдөл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Зээл болон барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна..

Нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлсэн тул хариуцагч нар гэрээнд зааснаар уг мөнгө болон хүүг буцаан төлөх үүрэгтэй байна.

Шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч нь Ж.Сгийн Ажлын албыг татан буулгаж Жижиг дунд үйлдвэрийн газрыг байгуулж чиг үүргийг нь шилжүүлсэн. Засгийн газрын 49 дүгээр тогтоолын 4.3-т Ж.Сгийн зээлийн үйл ажиллагаатай холбоотой хуримтлагдсан эх үүсвэр, өглөг авлага зэргийг шилжүүлэх ажлыг зохион байгуулах гэж заасан энэ үүрэг биелэгдсэн эсэх нь тодорхойгүй, татан буугдсан хэрнээ эрх шилжүүлсэн талаар баримт байхгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-т зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Үндсэн зээл 800.000.000 төгрөг хүү 16.340.672 төгрөгийг төлнө. Гэрээнд алдангийн заалт байхгүй, нэхэмжлэгч гэрээг цуцалсан тул хүү нэмж шаардах эрхгүй тул алданги 1.400.579 төгрөг, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хүү 6.856.480 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргасан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Төрийн удирдлагын үйл ажиллагааны чиглэлээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Жижиг дунд үйлдвэрийн газрыг шинээр байгуулж үүнтэй холбогдуулж Ж.Сгийн ажлын албыг татан буулгаж холбогдох албан чиг үүрэг орон тоо, үйл ажиллагааны зардал, цалингийн сан, эд хөрөнгийн хамт Жижиг дунд үйлдвэрийн газарт шилжүүлсэн байна.

Ж.С нь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, дэмжих үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлээр 2009 оны 03 дугаар сарын 11-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, Засгийн газрын 49 дүгээр тогтоолоор Төрийн удирдлагын үйл ажиллагааны чиглэлээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Жижиг дунд үйлдвэрийн газрыг шинээр байгуулж үүнтэй холбогдуулан Ж.Сгийн ажлын албыг татан буулгаж үйл ажиллагааг нь газарт шилжүүлсэн байх тул Ж.С нь гэрээний үүргийг хариуцагч нараас шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээгээр алданги төлөхөөр тохиролцоогүй боловч тус сан нь Тусгай сангийн тухай хуульд зааснаар хүү болон алдангиас санхүүждэг байгууллага иймд Иргэний хуульд зааснаар алданги нэхэмжилнэ хэмээн тайлбарласан боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.7-д анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй гэж заасан байх тул гэрээгээр алданги шаардах эрхгүй байна. Мөн нотариатын үйлчилгээнд төлсөн 11.500 төгрөг нь гэрээнээс учирсан хохиролд тооцогдохгүй тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх эрхтэй, нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийг 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд хандсаныг зээлийн гэрээг зээлдүүлэгчийн талаас цуцалсан гэж үзэж энэ хугацаагаар тасалж үүргийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй тул хүү нэмж шаардах эрхгүй гэсэн хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзэв.

Хариуцагч А.Э нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч зээлээс огт авч хэрэглээгүй, төлөхгүй гэсэн тайлбар ирүүлсэн боловч зээлийн гэрээний 6.2-т зааснаар зээлдэгч Ж ХХК-тай зээлийн гэрээний үүргийг хамтран гүйцэтгэх үүргийг хүлээхээр тохиролцсон, Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасан хамтран үүрэг гүйцэтгэгч байх тул түүний тайлбар үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-т зааснаар барьцааны үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах шаардлага гаргасан зохигч зээлийн гэрээний 9.2, барьцааны гэрээний 4.2.1-т зааснаар зээлийн төлбөрөө бүрэн төлөөгүй буюу гэрээ хугацаанаасаа өмнө цуцлагдсан тохиолдолд Сан нь Барьцааны гэрээгээр барьцаалагдсан эд зүйлээр хуульд заасан журмаар буюу шүүхээр шийдвэрлүүлэн шийдвэр гүйцэтгүүлэх журмаар гэрээний үүргийг бүрэн гүйцэтгүүлэх, барьцаалуулагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Санд үл маргах журмаар шилжүүлэхээр тохиролцсон байх тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд хариуцагч Ж ХХК, Д.Э нараас гэрээний үүргийн биелэлтэд 823.197.152 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Сд олгож, үлдэх 1.412.079 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үүргийн гүйцэтгэлийг Ү-0000000000 улсын бүртгэлийн дугаартай 000000000000000000 тоот 379.42 мкв талбайтай аялал зуучлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр хангаж шийдвэрлэлээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Я.Б нэхэмжлэгч, хариуцагч нарт холбогдох Ж.С болон Ж ХХК, А.Э нарын хооронд байгуулсан 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 0000/-000 тоот барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлийн үндэслэлээ 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хэлцэл байгуулах, барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийг олгосон ба тухайн өдрөөс хойш ямар нэг барьцааны гэрээ буюу хэлцэл байгуулагдаагүй гэж тайлбарласан байна.

000000000000000000 тоот 379.42 мкв талбайтай аялал зуучлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч Я.Б, Н.М нар бөгөөд Я.Б, Н.М нар өөрийн 100 хувийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн төслийн барьцаа хөрөнгө болгон ашиглахыг зөвшөөрч 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Тооройн мандал ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоолыг хүргүүлж, өмчлөгч Я.Б нь Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т зааснаар хэлцэл хийх зөвшөөрлийг 2017 оны 06 дугаар сарын 07-ны итгэмжлэлээр олгож, итгэмжлэлд дээрх хөрөнгийг зээлийн барьцаанд тавих, холбогдох гэрээ хэлцэл, барьцаалбарт гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэл хангуулах, лавлагаа авах, барьцааны гэрээг ЭХЭБГаарт бүртгүүлэхэд төлөөлөх эрхийг Ж ХХК, түүнийг төлөөлж Н.Мд олгосноор, итгэмжлэлийг үндэслэн зохигч талууд бичгээр байгуулсан Барьцааны гэрээг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр нотариатаар гэрчлүүлж, Улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хуульд нийцсэн, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Барьцааны гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх боломжгүй тул бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчээс 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Улсын бүртгэлд бүртгэгдсэн Жижиг дунд үйлдвэрийн газрын улсын бүртгэлийн гэрчилгээ, тус газраас олгосон итгэмжлэлийг баримтаар ирүүлсэн боловч Жижиг дунд үйлдвэрийн газар хариуцагч нарт холбогдуулж нэхэмжлэл гаргаагүй, Ж.С үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа, хариуцагч нартай байгуулсан гэрээний үүргээ шаардсан тул хариуцагч нараас гэрээний үүргийн биелэлтийг гаргуулж Ж.Сд олгож шийдвэрлэсэн болно.

Хариуцагч А.Эийн төлөөлөгч Б.Түвшинтөгс өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул эзгүйд нь хэргийг шийдвэрлэсэнг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь.

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.7, 227 дугаар зүйлийн 227.2-т зааснаар хариуцагч Ж ХХК, Д.Э нараас гэрээний үүргийн биелэлтэд 823.197.152 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Сд олгож, үлдэх 1.412.079 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар Я.Б, Н.М нарын өмчлөлийн Ү-0000000000 улсын бүртгэлийн дугаартай 000000000000000000 тоот 379.42 мкв талбайтай аялал зуучлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ж ХХК, А.Э нараас 4.344.136 төгрөг гаргуулж Баянгол дүүргийн Татварын хэлтсийн улсын төсвийн дансанд оруулсугай.

4. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар нэхэмжлэгч Ж.С, хариуцагч Ж ХХК, А.Э нарт холбогдох Ж.С болон Ж ХХК, А.Э нарын хооронд байгуулсан 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 0000/-000 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох Я.Бгийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийн хувийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА