Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2020/02756

 


2020 09 24

102/ШШ2020/02756

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Л.Г

Хариуцагч: А.Б

2.574.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Г, хариуцагч А.Б, гэрч Т.М, У.Мандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2019 оны 06 дугаар сард интернетээр А ХХК нь АНУ-д нийт 77 иргэнийг ажилд зуучилж явуулсан гэх баримт видеог үзсэн. Ингээд 06 дугаар сарын сүүлээр А ХХК-тай холбогдож менежер Н.Стэй уулзаж бүртгүүлэн үйл ажиллагааны хөлс 300 ам доллар, дараа нь гэрээ байгуулж 600 ам долларыг тус тус А ХХК-ийн ажилтан А.Бы Худалдаа хөгжлийн банкны данс руу шилжүүл гэсний дагуу шилжүүлж төлбөрийг төлсөн. Дараа дараагийн удаад утсаар холбогдож мэдээлэл авч, компаний оффис дээр очих шаардлагагүй болсон. 2019 оны 11 дүгээр сард ажлын байр ирсэн гэх мэдээллийг Н.С өгсөн. АНУ-д H&B визээр ажил хийх гэрээ байгуулаад 600 ам.доллар шилжүүлсэн. Төлбөрийг шилжүүлсний дараа гэрээ баталгаажина гэсэн. Биднийг 2020 оны 03 дугаар сарын сүүл гэхэд АНУ-д очсон байна гэж гэрээ байгуулсан боловч 2020 оны 01 дүгээр сард Ковид-19 халдвар гарч хил хаагдсан. А ХХК-ийн менежер Н.Стэй холбоо барихад ажлаасаа гарсан байсан. Миний хувьд цаашдаа АНУ явах шаардлагагүй болж тогтмол ажилтай болсон тул визэнд орсон мөнгөө эргүүлж авахаар А ХХК-ийн захирал Т.Мтай уулзахад А.Бтай учраа ол гэсэн. Иймд хариуцагч А.Баас 2.574.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч А.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай компани 2018 оны 04 дүгээр сараас эхлэн АНУ-ын H&B визэнд ажиллаж эхэлсэн. 2018 оны 04 дүгээр сараас 2019 оны 06 дугаар сар хүртэл нийт 77 хүнийг АНУ руу явуулсан. 2019 оны 06 сард компаний данс хаагдсан байсан тул удирдлагын шийдвэрээр бүх орлогыг миний дансанд төвлөрүүлж гүйлгээг хийж байхаар шийдвэрлэсэн. Иргэн Л.Г нь А ХХК-ийн менежер Н.Стэй гэрээ байгуулж, миний данс руу мөнгөө шилжүүлсэн байсан. Эдгээр орлогоор захирал Т.Мын шийдвэрээр түрээсийн төлбөр, ажилчидын цалин, тог цахилгааны мөнгө, компаний бусад үйл ажиллагааны зарлагыг хийдэг байсан. Миний дансаар мөнгийг шилжүүлсэн гэж надаас нэхэмжилж байгаа боловч компаний үйл ажиллагаанд зарцуулагдсан. 2020 оны 01 дүгээр сард ковид-19 халдвар гарсаны улмаас компаний ажил зогссон. Миний дансаар орж ирсэн бүх мөнгийг захирал Т.М шилжүүлэн авч өөрийн хэрэгцээндээ зарцуулж дуусгасан. Компаний санхүүгийн бүх асуудлыг Т.М ганцаараа шийдвэрлэдэг байсан. Ингээд би 2020 оны 04 дүгээр сард Т.Мын данс руу миний дансанд орж ирсэн үлдсэн мөнгийг шилжүүлж харилцан тохиролцож, ажлаасаа гарсан. 2020 оны 05 сараас эхлэн АНУ-ын визний мэдүүлэг өгч урьдчилгаа мөнгөө шилжүүлсэн хүмүүс залгаж надаас мөнгө нэхсэн. Гэтэл Т.М тэдгээр хүмүүст намайг бүх мөнгийг луйвардаж аваад ажлаас гарсан гэж ойлгуулсан байсан. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Г нь хариуцагч А.Бд холбогдох 2.574.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Л.Г нь А ХХК-тай 2019 оны 06 дугаар сард АНУ-д ажиллаж амьдрахад шаардлагатай мэдээлэл, сургалт, зөвлөгөөг иргэнд өгөх, виз бүрдүүлэлтэнд туслах, АНУ-ын хөдөлмөр зуучлагчтай холбоход туслах, виз гарснаар зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилготой №90 Мэдээлэл, зөвлөгөө, хамтын ажиллагааны гэрээ байгуулж, компаний ажилтан А.Бы данс руу 2.574.000 төгрөг шилжүүлсэн болох үйл баримт талуудын тайлбар, гэрээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь компанитай гэрээ байгуулсан боловч А.Бы дансанд мөнгөө шилжүүлсэн тул түүнээс нэхэмжилнэ, хариуцагч нь А ХХК-тай Л.Г гэрээ байгуулсан. 2019 оны 06 дугаар сард компаний захирал Т.Мын шийдвэрээр орлогыг миний дансанд төвлөрүүлэх болсон. Орлогын мөнгө компаний үйл ажиллаганд зарцуулагдсан тул хариуцахгүй гэж тайлбарлан маргасан байна.

А ХХК нь АНУ-д ажиллаж амьдрахад шаардлагатай мэдээлэл, сургалт зөвлөгөөг өгч виз бүрдүүлэлтэнд туслах, АНУ-ын хөдөлмөр зуучлагчтай холбоход туслах зорилгоор иргэдтэй гэрээ байгуулж, компаний удирдлагаас гэрээний төлбөрийг ажилтан А.Бы дансанд 2019 оны 06 дугаар сараас эхлэн төвлөрүүлэх шийдвэр гаргасан болох нь хариуцагчийн тайлбар, шүүх хуралдаанд оролцсон гэрч У.Мандахын А.Б компаний дотоод үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан. 2019 оны хавраас А ХХК-ийн бүх орлогыг А.Бы дансаар авч байхаар захирал Т.М шийдвэрлэсэн. Орлого нь ажилчидын цалин, оффисын түрээс, компаний ажилчидын өдрийн хоол, компаний үйл ажиллагаанд зарцуулагддаг байсан. Санхүүгийн бүх шийдвэрийг захирал Т.М гаргадаг, гэрч Т.Мын Л.Г манай компанитай гэрээ байгуулсан. А ХХК-ийн захирал нь би. Гэрээний мөнгийг А.Бы дансанд төвлөрүүлэх шийдвэрийг би гаргасан. Орлого нь ажилчдын цалин, өдөр тутмын урсгал зардалд зарцуулагддаг. Мөнгийг хэрхэн зарцуулах талаар шийдвэрийг би өөрөө гаргадаг. Нийт 155 хүний гэрээний мөнгө А.Бы дансанд орсон байсан. Компаний үйл ажиллагаа доголдсон тул энэ хүний мөнгийг буцаан өгөх боломжгүй гэсэн мэдүүлгээр тогтоогдож байгаа тул хэргийн хариуцагч нь А.Б биш байна.

Нэхэмжлэгч Л.Г А ХХК-ийн хооронд гэрээ байгуулагдаж гэрээний төлбөр компаний удирдлага Т.Мын шийдвэрээр ажилтан А.Бы дансанд төвлөрүүлж, орлого компаний үйл ажиллагаанд зарцуулагддаг байсан талаар хариуцагч, гэрч нар тайлбарласан тул гэрээний оролцогч биш А.Баас нэхэмжлэгч нь мөнгийг шаардах эрхгүй байна.

Иймд хариуцагч А.Бд холбогдох нэхэмжлэгч Л.Гийн зуучлалын төлбөрт төлсөн 2.574.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д зааснаар хариуцагч А.Бд холбогдох 2.574.000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Л.Гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56.134 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч шийдвэрийн хувийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА